| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/01378/и |
| Дугаар | 182/ШШ2017/01525 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2017/01525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М ХХК-д холбогдох
Түрээсийн үлдэгдэл төлбөр, алданги 31,329,870 төгрөг гаргуулах, албан өрөө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд болон төлөөлөгч А.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 18/1 байрлах оффис үйлчилгээний зориулалттай барилгаас 50 м.кв талбайтай албан өрөө, 364 м.кв талбайтай авто зогсоолын хэсгийг М ХХК-д 2 жилийн хугацаатай, сарын 2,700,000 төгрөгийн төлбөртэйгээр 2014 оны 01 сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Талууд түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2015 оны 10 сарын 01-ний өдөр түрээслэгч талын хүсэлтээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, түрээсийн төлбөрийг 2,200,000 төгрөг болгож бууруулсан. М ХХК нь 2016 оны 02 сарын 05-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөхгүй саатуулах болсон ба дээрхи хугацаанаас хойш 11,066,300 төгрөг төлсөн. Төлбөрийг бүгдийг барагдуулна, намайг битгий эндээс хөөгөөч гэж гуйж, санал тавьж 2-р давхрын 65 м.кв талбай бүхий өрөөг цоожлоод өдийг хүрсэн байдаг. 2017 оны 01 сарын 27-ны өдөр гадна талбайд давхар түрээсээр байсан компанийн автомашинуудыг гаргаж гадна талбайгаа суллаж авсан. 2017 оны 04 сарын 01-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй түрээсийн төлбөр, зардал 17,994,091 төгрөг, НӨАТ 1,799,409 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс Түрээсийн гэрээний 4.4-т заасан алданги хоногийн 0.3 хувиар тооцон 11,536,370 төгрөг нийт 31,329,870 төгрөг болоод байна. М ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан, түрээслэгч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, цаашид биелүүлж чадахгүй нь тодорхой байх тул түрээсийн төлөгдөөгүй төлбөр, зардал 17,994,091 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварт 1,799,409 төгрөг, алдангид 11,536,370 төгрөг, нийт 31,329, 870 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ багасгаж түрээсийн төлбөрт 17,400,000 төгрөг, алданги 8,500,000 нийт 25,900,000 төгрөгийг М ХХК-иас гаргуулж, байр албадан чөлөөлүүлэх, 5,429,870 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Б.Алтантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Б ХХК-ийн зогсоол болон оффисын өрөө түрээсэлж байх 6 жилийн хугацаанд 200.000.000 төгрөгийн түрээс төлж үйл ажиллагаа явуулж ирсэн. 2016 оны 06 сараас тус компанийн санхүүгийн үйл ажиллагаа доголдож цаашид түрээсийн төлбөр төлөх боломжгүй болсон. Тухайн үед түрээсийн төлбөр хоцорч төлөх болсон. Манай компанийн байдлаар шалтаглан түрээсийн гэрээг цуцлах саналыг хүлээн аваагүй байсаар өдий хүрсэн. Би оффисын өрөөг суллаж талбайг чөлөөлж түрээсийн төлбөрийг зогсоох хүсэлт тавихад өмнөх тооцоонуудаа барагдуулж дараа нь өрөөг суллах, талбайг чөлөөлүүлэх шаардлага тавьж товчхондоо манай оффисын тавилга хогшил, зогсоолд байгаа бусдын автомашинуудыг барьцаалж байсан. Энэ тухай хүсэлтээ би Б ХХК захирал А.Х-т албан бичгээр тухай бүрт мэдэгдэж байсан. А.Х- захирлаас өөрийн энэ байдлаа албан бичгээр мэдэгдэхийг хүсэхэд чамд би тайлбар бичих албагүй гэж хэлдэг байсан. Тус компаниас ТЕГ-т тайлан засварлаж зөв болгох тухай хүсэлт гаргаж байгаа бөгөөд М ХХК нь өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад хандаж туслалцаа авах шаардлагатай байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М ХХК-нд холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр, алданги 31,329,870 төгрөг гаргуулах, албан өрөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед албан өрөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 5,429,870 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Хариуцагч М ХХК нь түрээсийн гэрээг цуцлах саналыг хүлээн аваагүй тул төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2.Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 хороолол, Их тойруу 18/1, Баянбогд плазад байрлах давхарт байрлах 50 м.кв ажлын өрөө, 364 м.кв талбай бүхий авто зогсоол үйлчилгээний зориулалтаар 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар, сарын түрээсийн төлбөр 2,700,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцож түрээсийн гэрээ байгуулж, талууд түрээсийн гэрээг 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сунгаж сарын түрээсийн төлбөрийг 2.200.000 төгрөг болгон буруулж гэрээний хугацааг сунгаж нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 5-6 талд/-гээр тогтоогдож байна.
Түрээслэгч М ХХК нь ажлын байрны зориулалтаар ашиглахаар түрээсийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж зохицуулсан байна.
Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж зааснаар түрээслэгчээс 2016 оны 2 дугаар сар, 3 дугаар сар, 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх 7 сарын түрээсийн төлбөрийг 2.200.000 төгрөгөөр тооцож 15,400.000 төгрөг, 50 м.кв ажлын өрөөний 2 сарын түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг нийт 17,400,000 төгрөг гаргуулах үндэстэй.
Талууд түрээсийн гэрээний 4.4.түрээсийн төлбөрийг 4.3-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэхэмжилсэн үнийг дүнгээс хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр гэрээнд заасан байна.
Түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 8,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч тал түрээсийн гэрээг цуцлах саналыг хүлээн аваагүй гэж маргаж байгаа боловч үүнийгээ нотлох баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Б.Алтантулгад шүүх хуралдааны товыг шүүхийн “Мэдэгдэх хуудас”-аар болон өөрт нь гар утсаар тус тус мэдэгдсэн боловч хариуцагч, түүний төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Б.Алтантулгын өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох хүсэлтийн хангаж шүүх хуралдаан 4 удаа хойшилсон бөгөөд нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Тус шүүхийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 182/ШЗ2017/04529 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,800 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч энэ мөнгөн шилжүүлгийн баримтыг хавсарган ирүүлснийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нөхөн гаргуулж Төрийн санд олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 25,900,000 /хорин таван сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,429,870 төгрөгт холбогдох хэсгийг, албан өрөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 384,800 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн санд олгож, хариуцагч М ХХК-иас 287,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ