| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0050/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/54 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Ч.Билгүүн, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Билгүүнд холбогдох эрүүгийн 2215000000027 дугаартай, 163/2022/0050/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Чинбатын Билгүүн, Булган аймгийн Булганд суманд 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, ... тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 31 настай, эрэгтэй,
1. Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,
2. 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн,
3. 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,
4. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн,
5. 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, РД: ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Билгүүн нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Шаравжамцын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхины дотор булан, зүүн нүдний алимны салст, хамар нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000027 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.Билгүүн нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Халиун булаг хоолны газарт өөрийн найз М.Шаравжамцтай хооллож архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба буцах замдаа Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг Өсөх сагсай хүнсний дэлгүүрийн үүдэнд таарсан Н.Амартүвшинтэй М.Шаравжамцыг маргалдаж, хоорондоо барьцалдах үед М.Шаравжамцыг өөрөөсөө ах хүнтэй маргалаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхины дотор булан, зүүн нүдний алимны салст, хамар, нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Билгүүний өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Шаравжамцын өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд байдаг Халиун булаг гэх газарт найз Билгүүний хамтаар орж нэг шил архи авч уусан. Тэгээд тэндээс оройн 20 цагийн орчимд гараад дэлгүүр орох гэж явж байгаад замдаа Амартүвшин гэх ахтай таараад Өсөх сагсай гэх дэлгүүр рүү явсан. Дэлгүүрийн гадаа очоод Билгүүн дэлгүүр рүү орсон. Харин Амартүвшин ах бид хоёр дэлгүүрийн гадаа үлдсэн. Тэгээд Амартүвшин нь намайг өөрийнхөө дүүтэй хамт архи уусан. Манай дүүг уруу татсан гэх мэт зүйл ярьж улмаар маргалдсан. Тэгээд Амартүвшинтэй нэг нэгнийхээ хоолой хэсгээр цамцаар нь бариад зогсож байх үед дэлгүүрээс Билгүүн гарч ирсэн. Тэгээд Билгүүн ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд миний нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгээд би нүүрээ дараад суутал Билгүүн, Амартүвшин нар яваад өгсөн. Миний хувьд гомдол санал болон нэхэмжпэх зүйл байхгүй. Манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Түүнээс бол би дуудлага өгөхгүй байх байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
2. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай: М.Шаравжамцын биед баруун дээд, доод зовхи, зовхины дотор булан, зүүн нүдний алимны салст, хамар, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.Билгүүний гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр найз Шаравжамцтай Булган аймгийн Булган сумын төвд байрлах Халиун булаг гэх газарт орж хоол идэж нэг шил архи уусан. Тэгээд тэндээс 21 цагийн орчимд гараад Өсөх сагсай гэх дэлгүүр орох гээд явж байтал замдаа Амартүвшин ахтай таарсан. Тэгээд Амартүвшин ахын хамтаар Сагсай дэлгүүр рүү хамт явсан ба би дэлгүүр рүү ороод харин тэр хоёр дэлгүүрийн гадаа үлдсэн. Би дэлгүүрээс архи, ундаа зэргийг аваад гараад иртэл дэлгүүрийн гадна талд Шаравжамц, Амартүвшин нар хоорондоо муудалцаад нэг нэгнээ заамдаад бариад авчихсан байхаар нь би Шаравжамцыг өөрөөсөө ах хүнтэй маргалаа, нааш ир гэж байгаад нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Шаравжамцын хамарнаас цус гараад тонгойхоор нь би Амартүвшин ахтай цаашаа явсан. Харин Шаравжамц тухайн газартаа үлдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Шаравжамцын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.Билгүүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Ч.Билгүүн нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг Өсөх сагсай хүнсний дэлгүүрийн үүдэнд маргалдаж, хоорондоо барьцалдаж байсан Н.Амартүвшин, М.Шаравжамц нарын дундуур орж М.Шаравжамцыг өөрөөсөө ах хүнтэй маргалаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхины дотор булан, зүүн нүдний алимны салст, хамар, нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр М.Шаравжамцын биед мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үед учирсан баруун дээд, доод зовхины дотор булан, зүүн нүдний алимны салст, хамар, нуруунд цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Ч.Билгүүний цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ч.Билгүүний бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч.Билгүүний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч М.Шаравжамц мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Билгүүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Билгүүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Билгүүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн 34-53 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.Билгүүн нь ам бүл 2, ээжийн хамтаар Булган аймаг, Булган сумын 5 дугаар багийн Барилгын 36-08 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд таван удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.Билгүүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгож, нэг сарын хугацаагаар оршин суугаа газар болох Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Билгүүн нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Билгүүн нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чинбатын Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Билгүүнийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Билгүүнийг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг нэг сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Билгүүнд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Билгүүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ч.Билгүүн нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД