| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/01679/и |
| Дугаар | 182/ШШ2017/01536 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2017/01536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О газар орон нутгийн өмчит ААТҮГ-т холбогдох
О-ын даргын 2017 оны 05 сарын 03-ны өдрийн Б/606 тоот тушаалыг хүчингүй болгох, ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 7 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны удаан жилийн нэмэгдэл хөлс, үр дүнгийн шагнал гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Н.Баярсайхан, хариуцагчийн төлөөлөгч П.Ананд, Д.Гансүх, гэрч Т.Мөнгөнцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Улаанбаатар- хотын О газарт 1984 оноос хойш ажилласан. 2015 оны 10 сарын 26-ны өдрөөс бүтцийн өөрчлөлтөөр О-ын ХҮТ 3-т ажиллаж байтал байгууллагын дарга Батсайхан 2017 оны 05 сарын 03-ны өдрийн Б/606 тушаалаар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ийн даргаар ажиллаж байсан намайг ажлаас чөлөөлсөн. О дүрмийн 8.8 дахь заалт, Удирдах газрын дүрмийн 8.3, 8.3.1, 8.8 гэсэн зүйлийг үндэслэн намайг ажлаас халсан. Хариуцсан салбарын орлогын төлөвлөгөөг бууруулсан, хариуцсан салбарын удирдуулж байсан ажилчдаас гомдол ирсэн гэсэн нь үндэслэлгүй. 2017 он гарсаар надтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Ажилчин, албан хаагчид гомдол ирүүлсэн гэх боловч ямар гомдлыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Төлөвлөгөөний биелэлт бол зөвхөн даргын үйл ажиллагаанаас гадна байцаагч, борлуулалтын байцаагч нараас хамаардаг. Миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаж байгаагүй, өөр ажил албан тушаалд очих өргөдөл Батсайхан даргад өгөөгүй, харилцан тохиролцож өргөдөл гаргасан зүйл байхгүй тул Б/606 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, удаан жилийн нэмэгдэл гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үр дүнгийн шагнал гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч О газар /ОНӨААТҮГ/-ын төлөөлөгч П.Ананд, Д.Гансүх нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3”-ийн даргын ажил үүргийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон байгаа. 2017 оны 03 сарын 25-ны өдөр Д.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 1.12.2-т ажилтны үр дүн шаардлага хариуцлагыг харгалзан ажлын байрыг өөрчилж шилжүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтын дагуу талууд харилцан тохиролцно. Мөн 2.1.7-д ажилд зайлшгүй шаардлагыг харгалзан шилжүүлэн ажиллуулах талаар заасан. Ажилтны эрх, үүргийг 2.2.6-д ажлын зайлшгүй шалтгаанаар шилжин ажиллах үүрэгтэй гэж зааж өгсөн. О бол хуулиар зохицуулаагүй харилцааг дүрмээр зохицуулдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор О-ын дүрмийг шинэчлэн баталсан байдаг. Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 05 сарын 03-ны өдрийн Б/606 тоот тушаалаар дуусгавар болгож, өөртэй нь зөвшилцөж цалинг буруулахгүйгээр 2017 оны 05 сарын 04-ний өдрийн Б/615 тоот тушаалаар Д.Б-ыг Ахлах оператораар шилжүүлэн томилсон бөгөөд 850,000 төгрөгийн цалинтай ажилд шилжүүлсэн. Нийслэлийн засаг даргын 2013 оны 452 дугаартай захирамжаар бүх захирамжийн баримтууд цахим системд шилжсэнтэй холбоотой тус тусад нь тушаал гаргасан. 2016 оны 11 сараас ажил доголдоод 2017 оны 03 сард төлөвлөгөө биелэлт хамгийн доод түвшиндээ орсон ажилчид нь гомдол гаргах болсон. Хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр өөр ажилд шилжүүлэх асуудал яригдаж өөр ажилд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэв.
Нэхэмжлэгч П.Б- О газарт /ОНӨ ААТҮГ/ холбогдуулан О-ын даргын 2017 оны 05 сарын 03-ны өдрийн Б/606 тоот тушаалыг хүчингүй болгох, ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 7 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны удаан жилийн нэмэгдэл хөлс, үр дүнгийн шагнал гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, цалинг буруулахгүй өөр ажилд шилжүүлсэн тушаал үндэстэй гэж маргажээ.
Ажил олгогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “О газар” /ОНӨААТҮГ/-ын дүрмийн 8.3.1, 8.8 дахь заалтыг үндэслэн Даваацэрэнгийн Б-ыг хариуцсан салбарын орлогын төлөвлөгөөний биелэлтийг буруулсан, тус төвийн борлуулалтын байцаагч Ө.Жаргалмаа, Э.Анхзаяа, Т.Мөнгөнцацрал, Д.А-, Ж.Жавзан нарын борлуулалтын байцаагчдын ирүүлсэн өргөдөл гомдол зэргээс хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн учир хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1 дэх заалтын дагуу 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс дуусгавар болгож, 2017 оны 05 сарын 04-ний өдрийн Б/615 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг үндэслэн тус газрын дуудлага хүлээн авах төвийн ахлах оператораар Д.Б-ыг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч Д.Б- болон түүний өмгөөлөгч нар Б/615 тоот тушаалын үндэслэлийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүхэд гаргасан О-ын даргын 2017 оны 05 сарын 03-ны өдрийн Б/606 тоот тушаалыг хүчингүй болгох, ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 7 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны удаан жилийн нэмэгдэл хөлс, үр дүнгийн шагнал гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа хэмжээнд хэргийг шийдвэрлүүлнэ гэж тайлбарлаж байна.
Ажилтан Д.Б-, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан “Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж ажилтнуудад сургалт зохион байгуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргээр идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах, дотоод удирдлага зохион байгуулалтын ажилд хяналт тавих” Ажлын байрны үндсэн зорилгоо биелүүлээгүйгээс борлуулалтын байцаагч нартай үл ойлголцол үүсгэж, 2017 оны 1 дүгээр сарын төлөвлөгөөний биелэлт 85,85 хувь, 2 дугаар сарын төлөвлөгөөний биелэлт 80,02 хувь, 3 дугаар сарын төлөвлөгөөний биелэлт 79,59 хувь болтол буурсан болох нь зохигчдын тайлбар, орлогын төлөвлөгөөний биелэлтийн тайлан /хх-ийн 48 талд/, гэрч Т.М-ын “Ямар нэгэн шалтгаанаар л ажлын байрны дарамт үүсгэж, цалин хасаж ажиллах боломжгүй болсон тул Удирдах газар өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг, гэрч Д.А-ын “2016 оны 11 сард байцаагч нар Удирдах газарт гомдол гаргасан. Удирдах газраас ажилтнуудад 40 хувийн урамшуулал олгодог. Үүнээс үндэслэл муутай хассан” гэх мэдүүлэг, Д.Б-ын 2017 оны 05 сарын 01-ний өдөр Удирдах газрын дарга Ж.Батсайханд хүргүүлсэн 98 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Орон сууц ийтийн аж ахуйн удирдах газар” /ОНӨААТҮГ/-ын дүрмийн 8.3.1.Батлагдсан бүтэц орон тоо болон хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга холбогдох бусад ажилтнуудыг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах, 8.8.Газрын дарга ажлын зүйлшгүй шаардлагыг харгалзан Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн даргыг тухайн байгууллагын удирдлага зохион байгуулалт үйл ажиллагааг сайжруулах зорилгоор сэлгүүлэн ажилуулж болно” гэж зааснаар Д.Б-ыг тус газрын дуудлага хүлээн авах төвийн ахлах оператораар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын /ОНӨ ААТҮГ/ даргын 2017 оны 05 сарын 03-ны өдрийн Б/606, Б/615 тоот тушаал үндэслэлтэй байна.
Иймд Б/606 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох, урьд эрхэлж байсан “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3”-ийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,700,000 төгрөг, 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 сарын 03-ны өдөр хүртэлх удаан жилийн нэмэгдэл хөлс 510,000 төгрөг, үр дүнгийн шагнал 1,153,832 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Хариуцагч талаас шүүхэд шинээр ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын өгнө” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,600 төгрөгийг Төрийн сангаас буцаан олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч О газарт /ОНӨ ААТҮГ/ холбогдох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2017 оны 05 сарын 03-ны өдрийн Б/606 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох, урьд эрхэлж байсан “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3”-ийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,700,000 төгрөг, 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 сарын 03-ны өдөр хүртэлх удаан жилийн нэмэгдэл хөлс 510,000 төгрөг, үр дүнгийн шагнал 1,153,832 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,600 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ