Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт З Ат холбогдох эрүүгийн 2117001040011 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч М Улсын иргэн, М овогт З А /РД:............/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1970 оны 03 дугаар сарын 17ы өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, ............ гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.А нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Зараагийн ханан гэх газарт Б.Отай өвөлжөөн дээрээс нүүсэнгүй гэх шалтгаанаар маргалдан түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж толгой руу гараараа цохих, алгадах зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, тогойн оройн хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч З.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: О нь манай өвөлжөөн дээр ирж буугаад нэг жил хаваржуулсан. Манайх энэ өвөл хаваржаан дээрээ өвөлжсөн. Бичиг баримттай учраас шүүхэд хандаад манайх ялсан. Тэднийх ямар ч бичиг баримт байхгүй. Өвлийн хүйтэн болчихлоо өвөлжөөн дээрээ бууя гэж олон удаа хэлсэн. Явахгүй болохоор нь хөөх гээд очоод өвөлжөөн дээрээ бууя гэхэд хэл амаар доромжлоод байсан. Огийн биед тархи доргилт, толгойн оройн хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй. Багаасаа морь унадаг хүүхэд байсан. Мориноос унаад ухаан алдаж унаж байсан. Би гэмт хэрэг үйлдээгүй. Толгойны орой хэсэг рүү цохисон гээд хүн гүтгээд байна. Би нэг л удаа алгадсан. Нэг удаа алгадахад тархи доргилт байдаг гэсэн тэгээд доргисон байх. О нь биеэр бол жижиг хүн, би гэдсээрээ таргалсан юм байх гэж бодсон. Өөрийнхөө гаргасан үйлдэлд харамсаж байгаа. Шүүхээр газрын асуудлаа шийдүүлдэг байж гэж бодож байна гэв.

2. Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 5 дугаар Зараагийн ханан гэх газарт байрлах өвөлжөөн дээрээ гэртээ байж байтал 17 цагийн орчим Б гэх хүн эхнэр А хамт гэрт орж ирээд мэндий зөрүүгүй гичий минь нүүгээч гэж хэлэхээр нь би юу гэж өөрийнхөө хороон дээрээс нүүдэг юм бэ гэхэд А нь энэ чинь манай хороо яагаад давраад байгаа юм бэ гээд шууд миний толгойн оройн зүүн хэсэгт гараа атгаж байгаад нилээд хүчтэй 1 удаа цохиод хуруугаараа толгой руу чичлээд  байсан. Би та одоо болиоч гэтэл А, Б нар гэрээс гараад манай гэрийг буулгана гээд гэрийн бүслүүр тайлаад эхэлэхээр нь манай нөхөр А бид хоёр гэрээс гартал гэрийн зүүн талын бүслүүрийг хоёулаа тайлж байхаар нь манай нөхөр А Б гэдэг хүний гараас нь барьж аваад та болиоч гэж хэлтэл Б пиздаанууд минь нүү гэж хэлээд Агийн дээлний энгэрээс нь заамдаадг газарт унагаасан. Тэгээд Б, А нар манай нөхрийг цагдаа руу авч явна гээд машин руугаа чирээд байхаар нь би очиод та нар болиоч гэтэл нөгөө хоёр хүн хоёулаа нийлээд намайг янз бүрийн үгээр доромжлоод А миний зүүн хацар луу гараараа нилээд чанга нэг удаа алгадаад дахин алгадах гэхээр нь би гарыг нь хамгаалсан чинь Б миний зүүн гарын булчин хэсэгт нэг удаа зөөлөн цохисон. Би тухайн үед 5-н сартай жирэмсэн байсан. Тухайн асуудлаас болж ойр ойрхон шээгээд, дотор муухайраад, толгой өвдөөд бие хямраад байхаар нь эмнэлэгт дуудлага дуудаж эмч ирж үзээд Чойрын эмнэлэг дээр очиж ЭХО-д харуулаад эм, тариа бичиж өгсөн. Өвөлжөөнөөс болоод хэрүүл маргаан болсон. Гэр орондоо байж байхад гэрт ирж хэл амаар доромжилж, миний биед халдсан явдалд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29, 31 хуудас/

3. Гэрч Ю.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим манай гэрт Б гэх хүн эхнэр Аийн хамт орж ирээд мэндийн зөрүүгүй гичий минь нүүгээч гэсэн. О би юу гэж өөрийнхөө хороон дээрээс нүүдэг юм бэ, та чинь мэндийн зөрүүгүй гичий, нохойгоор дуудлаа гэж хэлтэл А шууд манай эхнэрийг зуухны өмнө сууж байхад толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадсан. Манай эхнэр тухайн үед 5-н сартай жирэмсэн байсан бөгөөд тухайн асуудлаас болоод цавь руу хатгаад явж болохгүй байна гээд бие нь хямраад байхаар нь эмнэлэг дуудаж эмч ирж үзээд Чойрын эмнэлэг дээр ирээд үзүүлээд эм тариа бичиж өгсөн. Тухайн үед Б эхнэртэйгээ манай эхнэрийг гэрийн баруун урд талын хаяа руу шахаад 2 талд нь зогсчихсон байсан. А манай эхнэр Онгийн толгой, нүүр лүү нь алгадаж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-34, 48 хуудас/

4. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Огийн гэрт бөөнөөрөө байж байтал 17 цагийн орчим үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд мэндийн зөрүүгүй та нүүх болоогүй юу, гичийнүүд минь гээд орилж хашгирахад нь О би өөрийнхөө хороон дээрээс юу гэж нүүдэг юм бэ гэсэн. Нөгөө үл таних эмэгтэй Ог зуухны өмнө сууж байхад хүрч очоод толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохиод гараа атгаж байгаад толгой руу 2-3 удаа чичлээд байсан. Тэгтэл нөгөө үл таних эрэгтэй гэрийг чинь буулгана гэж хэлээд гэрээс гараад бүслүүрийг тайлаад эхлэхээр нь А гэрээс гараад нөгөө эрэгтэйг болиулах гээд байгаа сонсогдсон. Нөгөө хүн Аг цагдаа руу авч явна гэж хэлээд эхнэртэйгээ хамт машин руугаа чирээд байсан. Тэгээд буцаж гэрийн баруун талд ирээд үл таних эмэгтэй Ог ууттай аргал руу шахаж мөр хэсэг рүү гараараа нудрах гэх юм уу, түлхэх гэх юм уу хөдөлгөөн хийхэд О ууттай аргал түшээд уначих гээд байсан. Хэсэг хэрүүл маргаан хийж байгаад тухайн хоёр хүн машиндаа суугаад яваад өгсөн. Удалгүй Огийн бие хямраад, царай нь барайхаар нь эмнэлэгт дуудлага дуудаж эмч ирж үзээд Чойрын эмнэлэг рүү аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/

 

5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үдээс хойш 16 цагийн орчим А гэдэг айлд өвөлжөөнөөс нүүлгэх санаатай эхнэр Аийн хамт очиод гэрт нь ороод би танайх хэзээ нүүх гэж байна, нүүхгүй юм уу гэж хэлтэл А, О нар нүүхгүй ээ гээд байхаар нь би танайхыг нүүхгүй бол гэрийг чинь буулгана даа гэж хэлээд гэрээс нь гартал миний араас А гэх залуу гарч ирээд миний өмнө хааж зогсож байгаад миний өмсөж явсан хувцасны энгэрээс заамдаж аваад чаддаг юм бол намайг цохичих гээд дайраад байсан. Би зөрүүлээд хувцасных нь энгэрээс заамдаад цагдаагийн байгууллагад хүргэнэ гээд машин руугаа чирээд явсан. О нөхрийгөө явуулахгүй гээд чангаагаад байхаар нь манай эхнэр нүүгээрэй чи гэж хэлээд Огийн зүүн шанаа орчим нэг удаа алгадахаар нь би эхнэрийгээ явъя гээд машиндаа суугаад явсан. Манай эхнэр Ог гэрт нь байхад нь ерөөсөө биед нь халдаагүй. Биднийг явахад Оюунтяагийн биеийн байдал зүгээр үлдсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42-43, 52 хуудас/

 

6. Гэрч Ю.Бадамханд мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17-18 цагийн орчим үл таних эрэгтэй, эмэгтэй гэрт дахин ирээд эрэгтэй нь мэндийн зөрүүгүй хухай гичийнүүд минь нүүх болоогүй юу гэж хэлэхэд О манайх яахаараа нүүх ёстой юм бэ, энэ чинь манай ээж, аавын газар шүү дээ гэж хэлтэл нөгөө үл таних эмэгтэй Ог зуухны өмнө сууж байхад хүрч очоод толгой хэсэг рүү 2 хуруугаараа 2-3 удаа чичлээд цохисон. Тэгтэл нөгөө үл таних эрэгтэй нь гэрийг чинь буулгана гэж хэлээд гэрээс гараад бүслүүрийг тайлаад эхлэхээр нь А нөгөө эрэгтэй хүнд хандан та болиоч гэж хэлэхэд тайлсан бүслүүрийг буцаагаад уятал нөгөө эрэгтэй хүн Агийн өмсөж байсан дээлийнх нь захаар боогоод газар унагаагаад түүний нүүр орчим гараараа нэг удаа цохиод цагдаа руу авч явна гээд эхнэртэйгээ хамт машин руугаа чирсэн. О хойноос нь очоод Аг салгаж авсан. Гэрийн хажууд хураасан байсан 3-н шуудаатай аргал руу шахчихсан 2 талаас нь гараараа Огийн толгой хэсэг рүү нудраад байх шиг харагдсан. Тэгээд хэсэг хэрүүл маргаан хийж байгаад тухайн 2 хүн машиндаа суугаад яваад өгсөн. Удаагүй манай бэрийн бие хямраад доошоогоо юм гараад байна гэж хэлэхээр нь эмнэлэгт дуудлага өгөхөд эмч ирж үзээд Ог Чойрын эмнэлэг рүү аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45-46 хуудас/

 

7. Гэрч Д.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Зараагийн ханан газарт дуудлагаар Болдбаатар эмчийн хамт очсон бөгөөд биднийг очих үед О гэх эмэгтэй бусдад зодуулсан гээд толгой өвдсөн гэх өгүүлэмжтэй байсан. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирж хийсэн үзлэгээр Огийн биед тархи доргилтын үндсэн шинж болох нүдний алимны чичирхийлэл, хурууны үзүүрийн чичирхийлэл зэрэг шинжүүд илэрч байхаар нь би тухайн иргэнд тархи доргилтын онош тавиад эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд уух эм, барих дэглэмийг нь зааж өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 54 хуудас/

 

8. Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Зараагийн ханан гэх газар дуудлагаар Н эмчийн хамт очсон. Тухайн үед О гэх эмэгтэй 5-6 сартай жирэмсэн гэхээр нь би зодуулсан бол нарийн үзлэг хийе гэж бодоод Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр авч ирж ургийг нь эхо-д харахад ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн байсан тул зөвлөгөө өгөөд явуулсан. О гэх эмэгтэй толгой руугаа цохиулсан гэж байсан бөгөөд түүнээсээ болоод дотор муухай оргиж, толгой нь өвдөж байна гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 56 хуудас/

 

9. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Огийн биед учирсан тархи доргилт, толгой оройн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Огийн биед толгойн оройд зөөлөн эдийн няцрал эмзэглэлтэй байсан. Толгойн орой руу цохилт ирсэн байх боломжтой. Ер нь хацар руу хүчтэй алгадах үед тархи доргилт үүсэх боломжтой. Огийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, толгойн оройн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 61-62 хуудас/

 

10. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 347 дугаар дүгнэлтэд: Б.Огийн биед тархи доргилт, толгойн оройн хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 68-69 хуудас/

 

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 96 хуудас/

 

12. Яаралтай тусламжийн хуудас, хохирогч Б.Огийн үзэг оношлогоо хийлгэсэн баримт,  жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /х.х-ийн 66-67, 110, 112-125 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч З.А нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Зараагийн ханан гэх газарт өвөлжөөн дээрээс нүүсэнгүй гэх шалтгаанаар Б.Отай маргалдан түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж толгой руу гараараа цохих, алгадах зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, тогойн оронйн хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч З.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч З.А нь өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд би нүүр лүү нь нэг удаа алгадсан, толгой руу нь цохиогүй, гэдсээрээ таргалсан байна гэж бодсон, жирэмсэн болохыг нь мэдээгүй тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч З.А нь дээрх гэмт хэргийг гэм буруутай болох нь хохирогч Б.О, гэрч Ю.А, Г.Э, Г.Б, Ю.Б, Д.Н, Ж.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 347 дугаар дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Мөн хохирогч Б.О нь 5 сартай жирэмсэн байсан болох нь гэрч Ж.Болдбаатарын мэдүүлгээр нотлогдсон ба шүүгдэгч З.А нь шүүх хуралдаанд хохирогч нь жижиг туранхай биетэй, тухайн үед гэдсээрээ бүдүүн байсныг нь хараад таргалсан юм байх гэж бодсон гэсэн мэдүүлгийг харгалзан үзэж жирэмсэн болохыг нь мэдэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.А нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөлийн тухайд газрын маргаанаас үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч З.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Ш.Батсүхээс шүүгдэгч З.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

шүүгдэгч З.А нь ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэжээ.

 

Шүүгдэгч З.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч З.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан торгох ял шийтгэл оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Б.Од учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: шүүгдэгч З.Аийн хохирогч Б.Од халдсан үйлдлийн улмаас бие махбодид тархи доргилт, тогойн оронйн хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

 

Шүүгдэгч З.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт З Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ат оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ат оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА