Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/254

 

         2022          03          01                                    2022/ШЦТ/254

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: О.Жавхлан,

улсын яллагч: Ж.Сувданчимэг,

шинжээч эмч Ө.С,

өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Н, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж *******т холбогдох эрүүгийн 2108017100000 тоот хэргийг 2022.02.09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, оюутан, “Ш” МСҮТ сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл-6, эцэг, эх, өвөө, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Монел 00-000а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Бага шарнууд овогт О-гийн Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр “О” хороололд насанд хүрээгүй хохирогч Х.Мг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас буюу найзыгаа өмөөрч зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Насанд хүрээгүй хохирогч Х.Мгийн “2021 оны 7 дугаар сарын 24-ний 20 цагийн үед Одкотой уулзах гээд очсон. Намайг Улаанаа гэх хүүхэд зодож гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-11-12, 15-16/,

- Насанд хүрээгүй гэрч Ц.Оын “миний зүүн талд сууж байсан Улаанаа гэх найз маань Шагайг цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-21-22/,

- Насанд хүрээгүй гэрч А.Тгийн “Улаанаа Шагайгийн толгой руу цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-28-29/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.07.30-ны өдрийн 6787 дугаартай “Х.Мгийн биед тархи доргилт, зүүн шанаанд цус хуралт болон зулгаралт, хүзүүний зүүн талд зулгаралт, баруун чихний угалзанд зулгаралт, баруун өвдөгт зулгаралтууд, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-32-33/,

- *******ын насыг тоолсон “2021.07.24-ний өдөр 16 нас 5 сар 23 хоногтой” гэх тэмдэглэл /хх-36-37/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, өсвөр насны шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр “Очир” хороололд насанд хүрээгүй хохирогч Х.Мг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас буюу найзыгаа өмөөрч зодсоны улмаас бие махбодид нь “тархи доргилт, зүүн шанаанд цус хуралт болон зулгаралт, хүзүүний зүүн талд зулгаралт, баруун чихний угалзанд зулгаралт, баруун өвдгөнд зулгаралтууд, баруун шилбэнд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Х.М, гэрч Ц.О, А.Т нарын мэдүүлэг, шүүх эмнэлгчийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 6787 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь найзыгаа өмөөрч гэнэт үүссэн шинжтэй, шууд санаатай үйлдэл байх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх ба ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 5 сар 23 хоногтой байсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын гэм буруутай хууль бус санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа болно.

Насанд хүрээгүй хохирогч Х.М нь “надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Санал гомдол байхгүй” хэмээн мэдүүлсэн /хх15-16/, түүний хууль ёсны төлөөлөгч М.Лхагважав иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдлээ.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-38/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Х.Мн зүй бус үйлдлээс /олон нийтийн газарт Ц.О нартай түрүүлж хэрүүл маргаан үүсгэсэн/ шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон *******ын хувийн байдал, прокурорын шатанд хэрэг хянагдаж байхаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай” саналын хүрээнд тухайн ялыг оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр чөлөөлж, засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бага шарнууд овогт О-гийн Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бага шарнууд овогт От-гийн Чт 2 /хоёр/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Бага шарнууд овогт О-гийн Чт шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ялаас чөлөөлсүгэй.

4. Өсвөр насны шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.СЭРЖМЯДАГ