Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/259

 

2022          03          01                                   2022/ШЦТ/259

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: О.Жавхлан,

улсын яллагч: Ч.Батбаатар,

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Х нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 2103004000000 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Чандманийн уурхайд 1986.11.17-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “М” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчний 00-00а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Зая овогт Г-ын Б нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, мөн энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилтын зам 000 дугаар сургуулийн зүүн урд замд “Toyota Corolla” загварын 00- УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Ц.Лг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-14/,

- Жолоочийн согтуурлын байдлыг /1.93%/ шалгасан тухай тэмдэглэл /хх-15/,

- Хохирогч Ц.Лгийн “Би осол гарах өдрийн өмнө гэртээ найзын хамтаар 2 цаг хүртэл архи ууж байгаад унтсан.  Маргааш нь ...найз Баяраатай утсаар ярихад “найз нь тахилтын 2-р буудлын тэнд байж байна. Чи хүрээд ир” гэхээр нь гараад зам дагуу алхаад явж байсан. Нэг сэртэл би гэмтлийн эмнэлэгт сэрээд цагдаа нар ирчихсэн байсан. Би өглөө босоод архи уусан зүйл байхгүй. Өмнөх өдрийн архи гараагүй байсан. Би хамгийн сүүлд замын хажуу талын боржур дээр зогсож байснаа санаж байна. Би алхаж яваагүй байсан. Ослын улмаас тархинд гэмтэл авсан. Баруун нүд одоогоор юм харахгүй байгаа. Мөн баруун талын аарцаг гэмтсэн.” гэх мэдүүлэг /хх-22/,

- Гэрч Н.Оын “Ойрын 6 сар гаран найз Г.Бтай уулзаагүй учраас хоёр шил архи аваад уулан дээр гараад нэг шил архийг нь хувааж уучихаад тамхигүй болчихоор нь тамхи авах гээд Тахилт руу уруудаад дэлгүүр явж байхад Замын хажуу талд нэг хүн явж байхаар зүүн тал руугаа дарахад эсрэг урсгалд машин явж байхаар нь буцаагаад дарахад зам дээр явж байсан явган зорчигчийг мөргөөд зогссон” гэх мэдүүлэг /хх-58/,

  •  Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.12.09-ний өдрийн 12099 дугаартай “Ц.Лгийн биед баруун талд дух, зулай, ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун зулай, дух 2 талын этмойд, гайморын хөндий рүү цөмөрч сэлтэрхий үүссэн хугарал, хамрын ясны үйрч бяцарсан хугарал, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, баруун дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, аалзан хальсны доорх тархмал цус харвалт, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.12 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-67-68/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Г.Бын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

 

Жолооч Г.Б нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь №00000 тоот жолоочийн үнэмлэх, жолоодох эрхийн лавлагаагаар /хх-126/ тогтоогдож байх бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ” гэх заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын “а”-д  “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” заалт, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-т  “Жолооч аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтууд болон мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 92 дугаартай магадлагаа /хх-89-90/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бын энэхүү үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Бын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ц.Лгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн 2021.12.09-ний өдрийн 12099 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Г.Б нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ц.Л нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Г.Баас шаардах эрхтэй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч Ц.Лгээс эмчилгээний зардалд нийт 3002291 төгрөг нэхэмжилж, баримт гаргаж өгсөн /хх-40-48, 104-114/ шүүгдэгч Г.Б нь нийт 4650000 төгрөгийг шүүхээс өмнөх шатанд төлж барагдуулсан, өнөөдрийн байдлаар Г.Б нь бусдад төлбөргүй болсон байна.

Хохирогч Ц.Л хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлт байхгүй” гэж /хх-140/ мэдүүлсэн, мөн шүүхэд “Ц.Л миний бие жолооч Г.Баас эмчилгээний зардал болох 3 сая 150 мянган төгрөг, мөн хор хохирол болох 1 сая 500 мянган төгрөг, нийт 4 сая 650 мянган төгрөгийг хүлээж авлаа Цаашид миний бие жолоочийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь үнэн. Иймд миний бие шүүх хуралд оролцохгүй болно” гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч Ц.Лгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь баримтаар нотлогдсон тул цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-127/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Бын гаргасан зам тээврийн ослоос учирсан хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэхэд хохирогч Ц.Л нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 “явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуй зам, эсхүл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна” гэх заалт, мөн зүйлийн 5.6 “явган зорчигч нь явган хүний гарч буюу гармаар зам хөндлөн гарна” заалт, 5.8-д “...зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино” заалтыг тус тус зөрчсөн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Лгийн мэдүүлэг /хх-22/, гэрч Н.Оын мэдүүлэг /хх-58/, мөрдөгчийн магадлагаа /хх-89-90/ баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хохирогч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эдгээр нөхцөл байдал болон хохирогч “санал хүсэлтгүй”, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, бусдад төлбөргүй болсон  зэргийг харгалзан прокурортой тохиролцож орж ирсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай тохиролцооны дагуу Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зая овогт Г-ын Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан Зая овогт Г-ын Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, хот хооронд зорчих тохиолдолд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар  Зая овогт Г-ын Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид 4650000 төгрөг төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ц.Лгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Г.Бын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялд бичигдсэн гүйцэтгэх хуудсанд Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 000000 дугаартай В ангиллын үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ