Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/40

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                        Н.Энхнаран

Прокурор                                              Б.Догмиддорж

                     Шүүгдэгчийн өмгөөлөгч                       З.Нямсүрэн нар оролцов.                                  

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 1821002510175 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Х овогт Б.Б, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1967 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг эх, ах нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Өгөөмөрийн тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн  Малчины 1-1 тоотод иргэн Б.З-н толгойн тус газар хоёр удаа тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шарнууд овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн 1821002510175 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн хохиролд нэхэмжилсэн 2000000 /хоёр сая/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Б.Зт мэдэгдэж, …шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж 500000 төгрөгөө хохиролд төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Харин би өөрийн буруугаас хохиролд төлсөн баримтаа шүүхэд авчирч өгөөгүй, гэртээ орхисон гэж шүүх хурал дээр үнэнээ хэлсэн. Миний хохирол төлсөн байдал, мөн баримттай хохирол байвал төлнө гэдгээ шүүхэд мэдэгдсэн, ар гэрт өндөр настай ээж, аав мөн тэд маань бие муутай зэргийг харгалзан мөн хохирогч гомдолгүй 500000 төгрөг төлсөн зэрэг баримтыг үндэслэн доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөгийн хохирол төлсөн боловч анхан шатны шүүх хуралдаан дээр баримтаа эгчийндээ орхисон талаар хэлж байсан. Гэвч шүүх хорих ялын доод хэмжээг оногдуулсан. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтойг харгалзан доош нь татаж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь анхан шатны шүүх хурал дээр хохирол төлсөн гэсэн боловч баримт нь байгаагүй. Иймд шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Малчины 1-1 тоотод иргэн Б.Зын толгойн тус газар хоёр удаа тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нь тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн биед хүнд хохирол учирсан талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.З, гэрч Д.А, Н.А нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судласны үндсэн дээр Б.Бын үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.З нь гэм хорын хохиролд 2000000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг хэрэгт хавсаргаагүй, түүнчлэн шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба мөнгө хүлээлгэж өгсөн тухай баримт хавтас хэргийн 106 дугаар талд авагджээ.

Иймээс шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хорын хохирлыг төлсөн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүхээс оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолын:

-тогтоох хэсгийн 2 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

-тогтоох хэсгийн 3 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                        ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                            Ж.ДОЛГОРМАА