Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/283

 

2022         03           07                                     2022/ШЦТ/283

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч *******атаа, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Г.Э,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2108020000000 дугаартай хэргийг 2022.02.11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “М” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Баруунтуруу Энгэр 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Бэсүд овогт Б-ын Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин 00-00а тоотод үйл ажиллагаа явуулдаг “О” караоке дотор найз С.Оыг өмөөрч, иргэн Г.Иын толгойн тус газарт 0.5 литрийн хэмжээтэй хар Экспорт нэртэй шилтэй архиар цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан, улмаар Г.И нь Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Толгойт 000-00 тоотод байрлах гэртээ 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-8-13/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-14-17/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн ”2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19:20:20 секундэд ширээн дээрээс архи аваад босож байгаа, 19:20:26 секундэд хохирогчийг архины шилээр цохиж байгаа” тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-243-250/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аын “Манай том хүү Г.И нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 18:30 цагт намайг ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Толгойт 102-02 тоотод гэртээ байж байхад хүү Г.И 20:10 цагийн үед гаднаас энд тэнд гишгээд жаахан архи үнэртүүлчихсэн орж ирээд буйдан дээр шургаж унахаар нь би газраар гудас дэвсээд хэвтүүлсэн. Тэгээд би даралтыг нь үзэхэд 100, 90 болсон байсан мөн зовхийг нь татаж үзэхэд хүүхэн хараа өргөсчихсөн ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь 103 дуудаж үзүүлэхэд 103-ын эмч ухаангүй байна, шууд Гэмтэл согог Судлалын Үндэсний Төвд аваачиж үзүүлэх гэж авч явсан. Очоод гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд компьютер графикт харахад зүүн тархи тэр чигээрээ цусан хураа, тархины суурь яс гэмтэлтэй гэж гарсан.” гэх мэдүүлэг, /1 хх-29-31/,

- Гэрч Ц.Б-ын “Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад миний эзэмшлийн 8800-0000 дугаарт 8000-0000 гэсэн дугаараас багын найз Г.И 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 19 цаг 20 минутад залгаад “хөгшөөн хүрээд ир би Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О кунд цохиулчихлаа” гэсэн. Худалдааны төвийн караокед 19 цаг 40 минутад ороход Г.И үүдний ширээн дээр толгойгоо барьсан сууж байсан. Тухайн үед үйлчлэгч надад хандан “наад чинь архины шилээр толгой руугаа цохиулсан, толгой нь хагараагүй маргааш өглөө эмнэлэгт үзүүлээрэй” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Г.Иыг аваад гарч үүднээс нь такси барьж амьдардаг хаяг дээр нь буулган хашаанд нь оруулаад барьж явж байсан таксиндаа суугаад явсан.” гэх мэдүүлэг /1хх-39/,

- Гэрч С.Оы “Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О захын караокед 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед ороход тэкэн дээр Г.И урдаас “өө миний найз чи надад үнсүүлдэггүй, чи надад тэврүүлдэггүй хэн бэ гээд миний хацар дээр нэг удаа үнссэн" тэр үед нь “за чи байж бай” гээд хойгуур нь тойроод лангууны урд зогстол Г.И нь намайг зүгээр байлгахгүй татаж чангаагаад баруун зүүн гар болон хөл рүү нэг бус удаа өвдөглөөд байсан. Г.Ит хандан “чи намайг дарамталдаг хүн биш шүү” гэж хэлсэн. Тэр үед ******* ах ширээн дээр тавьсан байсан 0.5 литр хар X нэртэй архиар Г.Иын толгой орой буюу зүүн хэсэгт нэг удаа цохиход тухайн цохисон хар X нэртэй архи болон архины шил хагараагүй. Тухайн үед нь үйлчлүүлж байсан хүмүүс салгаад Г.И караокены үүдэнд байх ширээн дээр толгойгоо бариад 20-30 минут сууж байхад нь Г.Иыг найз нь бололтой эрэгтэй хүн орж ирээд аваад гарсан.” гэх мэдүүлэг /1 хх-42-43/,

- Гэрч *******-гийн “Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчин 00-00а тоотод үйл ажиллагаа явуулдаг О караокег ажиллуулж байхад урьд нь манай байгууллагаар үйлчлүүлж байсан И гэх залуу 19 цаг өнгөрч байхад халамцуу ганцаараа орж ирээд тэкний урд байж байтал гаднаас С.О гэх залуу орж ирээд надтай мэндлээд С.О ширээн дээрээ очиход И зууралдаад салахгүй цаашаа явсан. Тэгээд би өөр ширээнд үйлчилж байхад С.Оыг хүлээж байсан залуу нэг мэдэхэд тэкний ойролцоо Иг архитай шилээр толгойн тус газар нь нэг удаа цохиод авсан. Уг залууг болиулаад салгаад би Иг “эмнэлэг орох уу, 103 дуудах уу” гэж асуухад “үгүй ээ би зүгээр би найзыгаа дуудаж гэртээ харилаа” гэж хэлээд сандал дээр сууж байхаар нь би Игээс “бие нь яаж байна” гэж хэлээд хүйтэн жин толгойд нь тавьж өгөөд байж байхад гаднаас нь найз нь орж ирсэн. Уг эрэгтэй халамцуу орж ирсэн. Тэгээд 0.5 литрийн Хараа нэртэй архи авч уусан юм.” гэх мэдүүлэг /1 хх-45/,

- Гэрч Н.Бийн “С.О архины даруулга авч ирнэ гээд караокены тэк рүү явсан тэгсэн чинь нэг том шар залуу С.Оыг хүзүүдэж аваад гуя хэсэг рүү нь өшиглөөд байсан. Уг том шар залуу “чамд ямар хамаатай юм хөгшин төгцөг минь” гэж хэлээд миний баруун талын мөрөн нь дээрээс татаад хавсарч намайг шалан дээр унагаасан тэгэхэд ******* сууж байгаад босож ирээд уг залууд “боль” гэж хэлэхэд уг залуу урдаас нь “чамд хамаагүй хөгшин төгцөг минь” гэж хэлэхэд  ******* араас нь очоод толгой хэсэгт нь архитай шилээр нэг удаа цохисон. Тэгээд караокены эмэгтэй ирээд “боль” гэж хэлээд бүгд тарахад уг том шар залуу толгойгоо барьсан.” гэх мэдүүлэг /1 хх-56/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10167 дугаартай “Г.Иын биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайд дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /1 хх-130-133/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай “Г.Иын биед зүүн зулай чамархай ясны хугарал, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна. Зүүн зулай чамархай ясны хугарал, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийн улмаас зүүн зулайн чамархайн хатуу хальсны идээт үрэвсэл, их, бага тархины хальсны тархмал идээт үрэвсэл хоёр хажуугийн ховдол, их тархины хөл хэсгийн идээт үрэвслээр хүндэрч нас баржээ.” гэх дүгнэлт /1 хх-137-143/,

- Яллагдагч *******ийн “талийгаач С.Оыг хүзүүдэж аваад гуя хэсэгт нь өвдөг хэсгээрээ 2-3 удаа цохиод авсан тэгээд салаад С.О, Н.Б бид хоёрын сууж байсан ширээн дээр ирээд авсан архийг тавьчхаад архины даруулга аваад ирье гээд тек рүү буцаад явахад нь талийгаач замаас нь С.Оыг хүзүүдэж аваад гуя хэсэгт нь дахин өвдөг хэсгээрээ 2-3 удаа цохисон. Тэгэхэд С.О салгах гээд гараараа талийгаачийг хүчтэй савтал нь түлхсэн. Тэгээд надтай хамт сууж байсан Н.Б очиж салгах гэтэл талийгаач Н.Бг “хөгшин банди минь зайл” гээд уг караокены шалан дээр хөлийг нь хавсарч унагаасан юм. Тэгээд би хараад сууж байгаад уур хүрээд очиж талийгаачид хандаж “яагаад байгаа юм бэ ахын дүү” гэж хэлэхэд миний урдаас “хөгшин төгцөг минь зайл” гэж хэлэхээр нь миний уур их хүрээд С.Оы авч ирж ширээн дээр байсан задлаагүй нэртэй архийг аваад “төгцөг ийм байдаг юм” гэж хэлээд талийгаачийг цохих гээд архитай шил аваад далайгаад цохих гэхэд талийгаач бултаад цохигдоогүй. Тэгээд цаашаа яваад тэкний хажууд очоод эргээд харахад нь араас нь гүйж очоод барьж байсан архитай шилээр нэг удаа толгойн тус газар нь цохисон” гэх мэдүүлэг /1 хх-237/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч ******* хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Дээрх баримтууд болон ГССҮТөвийн өвчний түүх /1-р х.х-70-128/ зэрэг баримтаар хохирогч Г.И нь *******д архитай шилээр толгойн тус газарт цохиулсныхаа дараа гэртээ очиж, тэндээсээ ГССҮТөвд хүргэгдэн яаралтай журмаар, амь насны заалтаар зүүн зулай чамархай хэсгийн хатуу халсан дээрх  цусан хурааг авахуулах мэс засалд орсон ба эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад эмчилгээний 31 дэх хоногт шарх идээлэн яаралтай журмаар шарх угаах мэс засал хийгдэн ИВЛ эмчилгээг үргэлжлүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр харьяа дүүргийн мэдрэлийн эмчийн хяналт доор ар гэрийн асаргаа сувилгаанд гаргасан ба ухаан орохгүй байсаар зүүн зулайн чамархайн хатуу хальсны идээт үрэвсэл, их, бага тархины хальсны тархмал идээт үрэвсэл хоёр хажуугийн ховдол, их тархины хөл хэсгийн идээт үрэвслээр хүндэрч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин 00-00а тоотод үйл ажиллагаа явуулдаг “О” караоке дотор найз С.Оыг өмөөрч, хохирогч Г.Иын толгойн тус газарт 0.5 литрийн хэмжээтэй хар Экспорт /Ехрогt/ нэртэй шилтэй архиар цохиж, түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь тухайн цаг үед гэнэт үүссэн шинжтэй, шууд санаатай үйлдэл байх боловч Г.Иыг алъя гэсэн ямар нэг санаагүйгээр түүний толгойн тус газарт нь цохиж хүнд гэмтэл учруулснаас хохирогч зүүн чамархай хатуу хальсны идээт үрэвсэл, их, бага тархины хальсны тархмал идээт үрэвсэл хоёр хажуугийн ховдол, их тархины хөл хэсгийн идээт үрэвслээр хүндэрч нас барсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, дээр дурьдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******н хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Иын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан ба хохирогч уг гэмтлийг авснаас хойш 2 сар 5 хоногийн турш эмчилгээ хийлгэж байгаад нас барсан болох нь шинжээчийн 2021.10.27-ны өдрийн 10167 дугаартай дүгнэлт /1-р х.х-130-133/, шинжээчийн 2022.01.10-ны өдрийн 125 дугаартай дүгнэлт /1-р х.х-137-143/, өвчний түүх /1-р х.х-70-128/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А нь өөрийн хүүгийн эмчилгээтэй холбогдон гарсан болон оршуулахтай холбоотой гарсан төлбөр зардлыг төлөхийг *******эс шаардах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн зардлын баримтууд хэргийн 1-р хавтасны 171-225 дугаар хуудсанд хавсаргагдан ирсэн, хохирогч  мөнгөн дүнгээр 16485200 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч маргаагүй ба мөрдөн байцаалтын шатанд 16200000 төгрөг, шүүхийн шатанд 285200 төгрөгийг шилжүүлэн өгснийг Ц.А хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн болно. Иймд өнөөдрийн байдлаар шүүгдэгч ******* нь бусдад төлбөргүй болсон байна.

 

Амь хохирогч Г.И нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 1, 2 дугаар ангийн 2 хүүхэдтэй байсан болох нь түүний эх Ц.Аын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогч нас барсан гэм хор учруулсны төлбөрийг жич нэхэмжлэх эрхтэйг энэхүү шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан зардлыг бүрэн нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн /амь хохирогч Г.И нь бусдыг өдөн хоргоосон, хэрүүл маргаан үүсгэж, зүй бус харьцсан/ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нөхцөл байдал болон иргэдийн төлөөлөгчөөс “гэм буруутай” гэх дүгнэлт гаргасан, *******ийн хувийн байдал, хүний амь нас хохирсноос учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь төрсөн эх Ж.Дрын асран хамгаалагчаар хамт амьдардаг болох нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын 2021.11.11-ний өдрийн 869 тоот албан бичгээр /1-р х.х-170/ тогтоогдож байх тул тухайн иргэний асран хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн Засаг даргад даалгахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Бын Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Бэсүд овогт Бын Бд 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******ийн хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөнгөн дүнгээр нийт 16485200 төгрөг хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн өв залгамжлагч нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******эс нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7. Шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэж, баримтыг *******д холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Камерын хяналтын бичлэг бүхий нэг ширхэг дискийг *******д холбогдох эрүүгийн 2108026700000 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган  үлдээсүгэй.

10. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүгийн 00 дугаар хороо Баруунтурууны 0 дугаар гудамжны 9 тоот хаягт оршин суух өндөр настан Ж овогтой Дын асран хамгаалагчтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ

 

                                  ШҮҮГЧИД                                  *******АТАА

 

                                                                                     Г.АЛТАНЦЭЦЭГ