Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

   

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Ө.Д, түүний өмгөөлөгч Ц.Оргил,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

улсын яллагч Д.Ундармаа нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөндий овогт Өлзийсайханы Дид холбогдох эрүүгийн 2111 00316 1198 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хөндий овогт Өлзийсайханы Д /РД: /,

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “Баярсголд” ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун 107-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Д нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тавин-Ус” ХХК-ийн борлуулалтын ажилтнаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 52,464,517 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 774 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ө.Д.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн хэмжээг багасгаж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ө.Д нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тавин-Ус” ХХК-ийн борлуулалтын ажилтнаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 52,464,517 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Д.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2017 онд Өлзийсайханы Д гэдэг залуу манай компанид анх жолоочоор ажиллах хүсэлт гаргаж, тухайн үедээ шалгалтад тэнцээд манай жолоочоор ажиллаж эхэлсэн юм...Тэрээр тухайн үеэс хойш борлуулагчаар ажиллаж Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт манай байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулан ажиллах болсон юм. 2019 оны 01 сараас 07 cap хүртэл хугацаанд борлуулсан барааныхаа ихэнх хувийг нь ойролцоогоор 50-60 хувийг хөдөө орон нутагт байрлах эмийн сангуудад зээлээр өгчихсөн гэж падаан дээрээ тэмдэглэсэн байсан. Ингээд түүний борлуулж байгаа барааны бэлэн мөнгөөр орж ирэх орлого эрс багассан учраас хяналт тавих чиг үүрэг бүхий нягтлан бодогч нараар уг асуудлыг шалгуулж, тэр барааг зээлээр авсан гэх байгууллагууд руу холбогдуулхад зарлагын падаан дээр зээлээр өгсөн гэх боловч цаад газар нь бэлэн мөнгөөр өгч авсан, ямар нэгэн зээлийн тооцоо байхгүй гэсэн юм. Ингээд түүний тодорхой хэмжээний орлогын мөнгийг хувьдаа завшсан байна гэж мэдээд бүх падааныг нь нэг бүрчлэн шалгуулахад тэрээр нийт 54,275,191 төгрөгийн үнэ бүхий барааг борлуулж падаан дээр зээлээр өгсөн гэж тэмдэглэн, тус орлогын мөнгийг байгууллагын орлогод өгөхгүй хувьдаа завшиж ашигласан болох нь тогтоогдсон...” гэх /хавтаст хэргийн 1-р хавтасны 23-25, 216-217-р тал/,

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт ... тус байгууллага байгуулагдаад 25 дахь жилдээ ажиллаж байгаа. 2017 оноос эхлээд шүүгдэгч Ө.Д нь ажилд орсон. Жолоочийн ажил болон түгээлтийн ажил хийдэг байсан. Дараа нь бид нар албан ёсны гэрээ байгуулаад борлуулагчийн албанд томилсон. 2019 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл хугацаанд борлуулалтын орлогоос 54,000,000 төгрөг завшсан нь тооллогоор илэрсэн. Бид нар энэ талаар ярилцаж харж үзэж 2 удаа байгууллагын зүгээс өөрөөс нь мэдүүлэг авсан байдаг. Тэгэхэд хүн зодоод хохирол төлбөрт нь өгчихсөн гэж хэлсэн байдаг бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад худал хэдэг нь илэрсэн байдаг. Бид нар хохирол төлбөр төлүүлэх зорилгоор Ө.Дийг эргүүлэн ажиллуулж эхэлсэн. 1 жил гаруй хугацаанд Ө.Дээс хохирол төлбөрт цалингаас нь сар болгон 60 хувийг нь авч хохирол төлбөрт тооцож байсан. Шүүгдэгч 1,000,000-1,600,000 төгрөгийн цалингаар ажиллаж байсан бөгөөд үүнийгээ нугалах боломжтой байсан боловч гэнэт алга болсон байдаг. Сүүлд нь сонсоход уул уурхайн компанид ажилд орсон сурагтай байсан бөгөөд хохирол төлбөр төлж барагдуулна гэж утсаар хэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл олигтой хохирол төлбөр төлсөн зүйлгүй байна. Манай байгууллага тухайн 50,000,000 орчим төгрөгийн хүүг банкинд тухай бүрд нь төлж байсан. Өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд бид нар 10,000,000 төгрөгийг банкны хүүд өгч байгаа. Өчигдөр Ө.Д 8,000,000 төгрөг миний дансанд хийсэн. Ө.Д хөдөлмөрийн чадвартай. Байгууллагын хохирлыг барагдуулах боломжтой хүн. Ө.Дийн дүү нь эмийн санд ажилладаг. Ар гэр нь батлан даагаад тухайн хохирол төлбөрийг төлөх бүрэн боломжтой. Гэтэл хохирол төлбөр төлөхгүй цагдаагийн байгууллагаар их явсан. Энэ компанийн нэр хүндийг харлуулж байгаад гомдолтой байна. Одоогийн байдлаар хохирол төлбөрийн хувьд 37,000.000 орчим төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд үүнийг нэхэмжилж байна гэх    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 84 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 27-33 дугаар тал/

Шүүгдэгч Ө.Дийн ажлын байрны тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 41- 44-р тал/,

Тавин ус ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 7-р тал/,

Шүүгдэгч Ө.Дийн Тавин -Ус ХХК-нд гаргасан өргөдөл /1-р хавтаст хэргийн 15-р тал/,

Тавин-Ус ХХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №05/17 дугаартай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р хавтаст хэргийн 48-51-р тал/,

Тавин-Ус ХХК-нд ажиллах боловсон хүчинтэй хийх хөдөлмөрийн гэрээ /1-р хавтаст хэргийн 239-241-р тал/,

Тавин-Ус ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1543/21 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

Шүүгдэгч Ө.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эрүүгийн 2111003161198 дугаартай прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт гэвэл би өмнө нь болсон асуудлын талаар мэдүүлэгтээ дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа, би энэ байгууллагаас 54,464,517 төгрөгний барааг дутагдуулж, завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийгээ ч илэрхийлээд хохиролоо барагдуулаад явж байгаа, одоогийн байдлаар миний мэдэж байгаагаар 10 сая гаран төгрөгний хохиролыг төлчихсөн байгаа. Би Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, авлагаар бүртгэгдсэн 2 дугаар хавсралтын жагсаалтанд багтсан “Энэрэлийн” тэнгэр эмийн сангаас 1,813,650 төгрөг, “Хишиг буухий” эмийн сангаас 737,740 төгрөг, “Оюу манал” эмийн сангаас 472,900 төгрөг, “Эрдэнэбүрэн” эмийн сангаас 1,542,615 төгрөгний төлбөрийг тус тус аваагүй. Энэ байгууллагууд одоог хүртэл энэ төлбөрөө төлөөгүй байгаа юм. Энэ төлбөрүүд миний завшсан гэх хохиролд орохгүй, би энэ байгууллагуудад эмийг зээлээр өгсөн нь үнэн, төлбөрөө л авч чадаагүй байгаа юм. Бусад жагсаалтанд орсон байгууллагуудын дүнг хүлээн зөвшөөрч байгаа, би барааг нь хүргэж өгөөд, бэлнээр мөнгийг нь аваад хувьдаа ашигласан. Тэгээд мөнгийг нь аваагүй мэтээр падаан дээр “зээлээр өгсөн” гэж бичээд нягтландаа өгчихдөг байсан. Би дээрх 4 байгууллагаас бусад байгууллагын өгсөн мөнгийг Тавин-Ус ХХК-нд төлөлгүй хувьдаа завшсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, мөн учруулсан хохиролоо бүрэн нөхөн төлж Тавин-Ус ХХК-ийг хохиролгүй болгоно. Үүнийгээ илэрхийлээд 10 сая гаран төгрөгийг төлөөд явж байгаа юм...” гэх /1-р хавтаст хэргийн 208-р тал/

шүүгдэгч Ө.Д шүүхийн хэлэлцүүлэгт, 50,000,000 орчим төгрөг гэдэг нь би зарим эмийн сангаас мөнгө аваагүй. Миний аваагүй мөнгө үүнд орчихсон байна. Би нийт 4,000,000 төгрөг эмийн сангуудаас аваагүй. Үлдсэнийг нь хүлээн зөвшөөрч байна гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч Д.Ганхуягын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас бусдад 52,464,517 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ө.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Ө.Д нь хохирогч Д.Ганхуягт учруулсан хохиролоо завсарлага авч төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, завсарлага авч хохирогчид хохирол төлсөн, Баярсголд ХХК-д менежер ажил эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж дүгнэн шүүгдэгч Ө.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Ө.Д нь хохирол төлбөрөө барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж,

Хохирогч Д.Ганхуяг гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өлзийсайханы Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Өлзийсайханы Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хохирогч Д.Ганхуяг гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            П.АРИУНБОЛД