| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00343/И |
| Дугаар | 130/ШШ2017/00429 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2017/00429
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 130/ШШ2017/00429 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Х****** овогт М.Сын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургууль /захирал Х.Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.З, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл ажилгүй байсан 7 сарын хугацааны нөхөн олговор 2407874 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай.
Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.С миний бие Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит 4-р бүрэн дунд сургуульд 2015 оноос эхлэн хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр үйлчлэгч орон тоонд ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9-р сарын 15-ны өдрийн тус сургуулийн захирлын 73 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан Лаззатын оронд "үйлчлэгчийн" байнгын ажлын байранд томилогдсон юм. Гэтэл захирал Х.Х нь тухайн ажлын байранд 2016 оны 11-р сарын 01-нээс эхлэн захирлын 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн 107-тоот тушаал гаргаж Лаззатыг давхар томилон ажиллуулсныг миний бие эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017.01.16-ны өдрийн 29 тоот "Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох" тухай захирамж гаргаснаар М.С миний гомдлын шаардлага хангагдсан боловч, хариуцагч 2016.01.16-ны өдрийн шүүгчийн 29 тоот захирамжийг 2017 оны 4-р сарын 17-ны өдрийн Сургуулийн захирлын 41 тоот тушаал гаргаж, 2017.05.03-ны өдрөөс эхлэн биелүүлэхээр болсноор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон юм. М.С надад 2016 оны 10-р сараас эхэлж 2017 оны 4-р сар дуустал ажлаа гүйцэтгүүлээгүй ба бүтэн 7 сар цалин хөлс аваагүй хохирсон юм. Мөн хариуцагч захирал Х.Х нь намайг ажлаас чөлөөлсөн тухай эрхийн акт гаргаагүй байгаа билээ. М.С миний бие энэхүү ажилгүй байгаа хугацааны олговрыг нэхэмжлэхдээ "Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар байсан дундаж цалин хөлс тодорхойлох" журмын 7 А-д заасны дагуу сүүлийн 3 сарын цалингийн дундаж 343982 төгрөгийг ажилгүй байсан 7 сараар тооцоход 2407874 төгрөг гарч байна. /343982х7сар/= 2407874 төгрөг.
Иймд шүүхээс хүсэх нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1-д зааснаар М.С миний ажилгүй байсан 2016 оны 10-р сараас 2017 оны 04-р сарыг дуустал 7 сарын хугацаанд сарын дундаж цалин 343982 төгрөгөөр тооцож бүгд 2407874 / хоёр сая дөрвөн зуун долоон мянган найман зуун далан дөрвөн/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит 4-р бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулах.
2. 2016 оны 10-р сараас 2017 оны 4-р сарыг дуустал М.С миний Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4-р бүрэн дунд сургуулийн захирал Х.Хад даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийг тус сургуулийн захирал удирдаж байгаа учир 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг тус сургуулийн захирлаас гаргуулж өгөх, мөн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багийн иргэн М.С нь ЕБ-ын 4 дүгээр бүрэн дунд сургуульд үйлчлэгчээр 2016 оны 09-р сарын 15-нд захирал асан Майрагийн 73 тоот тушаалаар М.Лаззатын оронд томилогдсон байна. Миний бие Х.Х нь 2016 оны 10-р сарын 24-нд Аймгийн Засаг даргын захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдож 10-р сарын 26-нд ажлаа хүлээн авсан юм. Тэрээр тус сургуулийн үйлчлэгч ажилтай М.Лаззат болон М.С нар нь давхар ажиллаж байсан бөгөөд "М.Сад үйлчлэгч М.Лаззат нь өндөр насны тэтгэвэрт гараагүй байгаа аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна, шүүхийн шүүгчийн шийдвэр гартал таныг ажиллуулах боломжгүй" гэж 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн 108 тоот тушаалаар чөлөөлснийг мэдэгдэж, тушаалын хувийг өөрт нь өгсөн юм. Сургуулийн үйлчлэгч М.Лаззат нь сургуулийн захиргаанд 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг 2016 оны 11-р сарын 01-ний хүртэл бүрэн гүйцэд аваагүй байсан юм. Түүнээс гадна үйлчлэгч М.Лаззат аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09-р сарын 15-нд гомдол гаргаж 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн 647 тоот аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар үйлчлэгчийн орон тоонд М.Лаззат томилогдож 2017 оны 04-р сарын 06-ны хүртэл ажилласан. Тэрээр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө сургуулийн захиргаанд гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтаар ээлжийн амралт олгож 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс эхлэн үйлчлэгч М.Лаззатыг ажлаас нь чөлөөлж оронд нь үйлчлэгчээр М.Сыг томилсон юм. Миний бие захирал Х.Х нь шүүхийн шүүгчийн 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн 647 тоот захирамжийг биелүүлж, М.Лаззатыг томилон ажиллуулсан болохоос дур мэдэн иргэн М.Сыг хэлмэгдүүлээгүй, тэрээр үргэлжлүүлэн ажлаа гүйцэтгүүлэх боломжгүй болсон юм. Тухайн үед үйлчлэгч М.Сыг ажлаас чөлөөлсөн тушаалыг нөхөрт нь болон М.Сад өгсөн. Нотолгооны баримт нь шүүхэд өгсөн нэхэмжлэлд хавсаргасан материалуудын 4 дэх дугаарт байгаа болно. Үйлчлэгч М.С 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ямар ч гомдолгүй гэсэн гарын үсэгтэй бичиг өгсөн болно. Иймд үйлчлэгч М.Сад 2016 оны 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн 05-р сарын 03-ны хүртэлх хугацааны цалин хөлс болох 2407874 төгрөгийг төлөх боломжгүй болно гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн иргэн М.С нь Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд үйлчлэгчээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр захирал асан Майрагийн 73 тоот тушаалаар М.Лаззатын оронд томилогдсон байна. Миний бие 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдож 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хүлээж авсан. Тэрээр тус сургуулийн үйлчлэгч ажилтай М.Лаззат болон М.С нар нь давхар ажиллаж байсан бөгөөд М.Сад үйлчлэгч М.Лаззат нь өндөр насны тэтгэвэрт гараагүй байгаа аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна, шүүхийн шүүгчийн захирамж гартал таныг ажиллуулах боломжгүй гэж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 108 тоот тушаалаар чөлөөлснийг мэдэгдэж, тушаалыг хувийг өөрт нь өгсөн.
Сургуулийн үйлчлэгч М.Лаззат нь сургуулийн захиргаанд 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бүрэн гүйцэд аваагүй байсан. Түүнээс гадна үйлчлэгч М.Лаззат нь аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 647 тоот аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар үйлчлэгчийн орон тоонд М.Лаззат томилогдож 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилласан. Тэрээр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө сургуулийн захиргаанд гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтаар ээлжийн амралт олгож 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн үйлчлэгч М.Лаззатыг ажлаас нь чөлөөлж оронд нь үйлчлэгчээр М.Сыг томилсон юм.
Миний бие шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 647 дугаар захирамжийг биелүүлж М.Лаззатыг томилон ажиллуулсан болохоос дур мэдэн иргэн М.Сыг хэлмэгдүүлээгүй, тэрээр үргэлжлүүлэн ажлаа гүйцэтгүүлэх боломжгүй болсон. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 647 дугаар захирамжаар М.Лаззатыг ажилд нь эгүүлэн тогтоосон. М.С нь дахиж шүүхэд гомдол гаргаж тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би энэ шийдвэрийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр М.Сыг ажилд томилсон. Нэхэмжлэгч М.С нь одоо тус сургуульд ажиллаж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл ажилгүй байсан 7 сарын хугацааны нөхөн олговор 2407874 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 73 дугаартай Ажилд томилох тухай тушаал-аар нэг: үйлчлэгчийн орон тоо гарсан учир /М.С/-ыг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үйлчлэгчийн ажилд томилон ажиллуулж, мөн сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 108 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэг: Үйлчлэгч М.Сын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн байна.
Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаартай Д.Жанар, М.Лаззат нарыг үйлчлэгч, өлгүүрчнээр томилон ажиллуулах тухай тушаалаар тус сургуулийн үйлчлэгч, өлгүүрчний ажилд эгүүлэн томилогдсон М.Лаззат өндөр насны тэтгэвэрт гарч, тэтгэмжийн мөнгөө 100 % авсны дараа түүний оронд нэхэмжлэгч М.Сыг томилон ажиллуулахаар болж, ажилтан ажил олгогч нар хоорондоо харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч М.Сын Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн үйлчлэгчийн ажилд томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба уг шүүгчийн захирамж нь өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр байна.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х нь тус сургуулийн үйлчлэгч М.Лаззат нь өндөр насны тэтгэвэрт гарах тэтгэмжээ бүрэн 100% авч хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа нэхэмжлэгч М.Сыг түүний оронд нь үйлчлэгчээр томилж ажиллуулахаар болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар нэг: Үйлчлэгч ажилтай М.Лаззатыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн сургуулийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар ...нэг: М.Сыг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр томилон ажиллуулсугай гэж тушаал гаргаж М.Сыг ажилд томилон, ажиллуулж байгаа болох нь зохигч нарын шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар бүрэн нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ.
Нэхэмжлэгч М.Сын өөрийнхөө шүүхэд гаргасан тайлбараар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 7 сар ажил үүрэг гүйцэтгээгүй ба энэ нь ажил олгогчийн буруугаас ажилгүй байсан гэж дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч М.Сын Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд холбогдуулан гаргасан үйлчлэгчийн ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэлд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Хын ...Үйлчлэгч М.Лаззат оны сүүлчээр өндөр насны тэтгэвэрт гарах тэтгэмжээ бүрэн 100% авч, хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа М.Сыг оронд нь томилж ажиллуулахыг болно гэсэн тайлбарыг нэхэмжлэгч М.С өөрөө хүлээн зөвшөөрч, уг хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгч байсан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч М.Сын Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл ажилгүй байсан 7 сарын хугацааны нөхөн олговор 2407874 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213000 төгрөгөөс 53476 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 159524 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Сын хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл ажилгүй байсан 7 сарын хугацааны нөхөн олговор 2407874 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгахтухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213000 төгрөгөөс 53476 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 159524 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН