Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

   

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Б.М,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,  

улсын яллагч П.Итгэл нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлгэр Баян овогт Болдбаатарын Мт холбогдох эрүүгийн 2211 00000 0069 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дэлгэр Баян овогтой Болдбаатарын М, /РД: /,

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 хороо Сурагчийн 42-496 тоотод оршин суух,

урьд нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 1 жил 6 capын хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 491 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Отгонбаттай маргалдан улмаар түүний толгойд архины шилээр болон нүүрэнд нь гараараа цохиж биед нь зулайн хуйханд шарх, зулгаралт, дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.М нь

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.М нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Отгонбаттай маргалдан улмаар түүний толгойд архины шил болон нүүрэнд нь гараараа цохиж биед нь зулайн хуйханд шарх, зулгаралт, дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Отгонбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим өөрийн найз Одбаяр болон түүний найз нар болох М, Тайгаа нарын хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороо микроны эцэс гэдэг газрын орчим нэг гудамжинд Одбаярын машин дотор 2 том пиво, 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тайгаа гэх залуу нь машин барьж байсан болохоор архи огт уугаагүй. Одбаяр, М жаахан согтоод хоорондоо бага сага маргалдаад байсан. Би тэр хоёрыг жаахан эвлэрүүлэх санаатай та хоёр одоо болиоч гэх мэт зүйл хэлчхээд машинаас бууж тамхи татаад бие засчхаад эргээд машины жолоочийн эсрэг талын арын суудал буюу баруун хойд суудал суутал миний хажууд сууж байсан М ууж байсан архитай шилээр миний толгой орчим 1-2 удаа цохисон. Эхний нэг цохилтоор шил нь хагараагүй бөгөөд 2 дахь цохилтоор шил нь хагарч архи нь асгарсан. Энэ үед жолоочийн суудал дээр Тайгаа, хажууд Одбаяр нар сууж байсан. Тэгээд М нь миний нүүр орчим гараараа олон удаа цохиж нүдсэн. Би түүний эсрэг гар хүрч цохиогүй, түүнийг өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Хамт байсан Тайгаа, Одбаяр нар салгаагүй хараад байж байсан. Удалгүй Мын ах гэх залуу ирээд Мыг аваад явсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ах дүү нарт хэлээд цагдаад мэдэгдсэн....” гэх /хавтаст хэргийн 11-14-р тал/,

Гэрч М.Одбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчим найз Отгонбатын гэрт очоод уулзаад сууж байтал М залгаад будаг шингэлэгч аваад ирээд би машиндаа юм хийж байна гэхээр нь Отгонбат бид хоёр машинаар будаг шингэлэгч авахдаа нэг том пиво аваад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 42-496 тоотод Мын гэрт очоод будаг шингэлэгчээ өгөөд хашааных нь үүдэнд машин дотроо нөгөө пиво аваад бид гурав хувааж уугаад байж байтал манай найз миний машиныг авч ирсэн тэгээд тэр найзаараа машинаа бариулаад дэлгүүр ороод Отгонбат “экс” нэртэй 0,75 л савлагаатай архи авсан тэр архи бид гурав тэндээ задлаад ууж байгаад Мын гэрлүү явж байтал М, Отгонбат хоёр хоорондоо маргалдаад байсан тэгээд Чингэлтэй 17 дугаар хороо Микроны эцсийн буудал дээр очоод Отгонбат М хоёр машинаас буугаад хоорондоо ноцолдоод хэрэлдээд байсан тэгтэл Отгонбат Мыг хавирч унгаагаад дээр нь гараад суучихсан байсан би салгаад болиулаад зүгээр болсон машиндаа суугаад хөдлөх гэж байтал тэр хоёр дахиад ноцолдоод эхлэхээр нь за болио гээд эргээд хартал Отгонбатын толгойноос цус гарч байсан тэгээд бууцгаа гээд уурлаад машинаас буулгатал тэр хоёр дахиад зодолдоод байсан би буугаад салгаад болиулаад байж байтал Мын ах нь сүүлд ирээд аваад явсан...’’ гэх /хавтаст хэргийн 19-20- р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Баасанжавын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 791 дугаартай дүгнэлтэд:

Б.Отгонбатын биед зулайн хуйханд шарх, зулгаралт, дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 27-28-р тал/,

шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй  гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч Б.Отгонбатын мэдүүлэг дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэлийн улмаас хохирогч Б.Отгонбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Отгонбатад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Б.М нь хохирол төлбөрөө барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Болдбаатарын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×              П.АРИУНБОЛД