Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00430

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00430

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, тус газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвд тус тус холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: А байрны 110 м2 талбайтай 3 өрөө ангийг албадан чөлөөлүүлэхийг шаарджээ.

Нэхэмжлэгч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуультай Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хамтын ажиллагааны санамж бичиг амаар харилцан тохиролцож байгуулан өнөөдрийг хүртэл ямар ч төлбөргүйгээр эзэмшиж тус сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байна.

Одоогоор тус төв нь 110 м2 талбайтай 3 өрөө анги танхимд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү хугацаанд 2014, 2015, 2016 онуудад манай байгууллагын зүгээс ямар нэгэн төлбөр түрээс авахгүйгээр Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн хэрэглэсэн халаалт болон цахилгааны зардлыг дааж ирсэн. Тус сургууль нь 2015 оноос эхлэн цахилгаан, дулааны өртэй гарах болсон. Энэ тухайгаа Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн захиргаанд удаа дараа мэдэгдэж түрээсний гэрээ байгуулах санал гаргаж, түрээсний гэрээ байгуулахгүй бол байрыг чөлөөлж өгөхийг амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариу өгөхгүй өдий хүрсэн.

Тус сургууль нь энэ жилээс эхлэн сургуулийн үйл ажиллагааг өргөтгөн харьяа лицей сургууль байгуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаад байгаа ба тус газраас лиценз олгох гол шалгуур нь сурагчдыг нэг ээлжээр хичээллүүлэх, сургууль өөрийн гэсэн байртай байх гэсэн шалгуур зааж байгаа. Тус шалгуурыг хангахын тулд тус сургууль нь зургаан ангийг шинээр ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлагатай болсон.

 

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг дээд шатны байгууллагаас удаа дараа мэдэгдэж байгаа ба тус хуулийг хэрэгжүүлэх шаардлагын дагуу байрыг үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй болж байгаа.

Иймд Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн хууль бус эзэмшилд байгаа Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн А байрны 110 м2 талбайтай 3 өрөө ангийг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Халибек шүүхэд гаргасан хүсэлтэд: Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн хууль бус эзэмшилд байгаа Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн А байрны 110 м2 талбайтай 3 өрөө ангийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан билээ.

Талууд дээрх хэрэг маргааныг эв зүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хариуцагч байгууллагын зүгээс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн А байрны 110 м2 талбайтай 3 өрөө ангийг чөлөөлж өгсөн болно. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан татах хүсэлтийг үүгээр хүргүүлж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, тус газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвд тус тус холбогдох тус сургуулийн А байрны 110 м2 талбайтай 3 өрөө ангийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, тус газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв нь тус тус Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн А байрны 110 м2 талбайтай 3 өрөө ангийг чөлөөлж өгсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал биелүүлсэн талаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Халибек шүүхэд бичгээр тайлбараа өгсөн байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, тус газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв нь тус тус нэхэмжлэгч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, тус газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв нь тус тус нэхэмжлэгч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн А байрны 110 м2 талбайтай 3 өрөө ангийг чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК