Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

   

 

2022        03         01                               

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Н.Т,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Д.Ундармаа нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар Тугт овогт Нямхүүгийн Тд холбогдох эрүүгийн 2211 00000 0133 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хар тугт овогт Нямхүүгийн Т /,

Монгол улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 4 дүгээр гудамжны 424 тоотод оршин суух хаягтай, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Наран мандал” ХХК-ид уул уурхайн нэвтрэгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “миний эхнэртэй явлаа” гэх шалтгааны улмаас Э.Баярцогтын толгойн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр Э.Баярцогтын биед нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, зулайн хуйх, зүүн нүдний алим, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Т.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Т нь 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “миний эхнэртэй явлаа” гэх шалтгааны улмаас Э.Баярцогтын толгойн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр Э.Баярцогтын биед нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, зулайн хуйх, зүүн нүдний алим, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Э.Баярцогт мөрдөн шалгах ажиллгаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 4886 тоотод байрлах нийтийн байрны 2 давхар 215 тоотод ирсэн...Ингээд би Мөнхдэлгэрийн гэрт ороод бид хоёр нэг нэг лааз пиво задлаад юм яриад сууж байтал шөнийн 00 цаг өнгөрч байхад гэнэт гаднаас нэг эрэгтэй хүн Мөнх-Дэлгэрийн нэрээр дуудаад орилтол Мөнхдэлгэр надад “миний найз одоо чи яв” гэж хэлэхээр нь би за гэж хэлээд Мөнхдэлгэрийн гэрээс ганцаараа гарч нийтийн байрны ариун цэврийн өрөө орж бие засчихаад нийтийн байрнаас гарах гээд үүдэн дээр нь явж байтал нэг үл таних эрэгтэй хүн намайг чи наанаа зогсож бай гэж хэлэхээр нь би зогсож байтал тухайн үл таних эрэгтэй хүн ирээд намайг нэг удаа миний толгой руу мөргөөд гараа атгаж байгаад миний нүүрлүү хэд хэдэн удаа цохихоор нь би “чи байж байлдаа хоёулаа ярилцая чи андуураад байна” гэж хэлтэл тухайн залуу намайг сонсохгүй “чи миний эхнэртэй явдаг ямар овоо гар вэ” гэж хэлээд миний толгой руу нэг удаа өшиглөөд миний нүүр лүү өвдөглөөд намайг үсдэж чирээд нийтийн байрны хашаанаас гарахаар нь би тухайн залуугаас зугтаад гадаа гудманд таарсан хүний утсаар Цагдаа дуудсан...Тэр залуу намайг цохисноос болж миний шүд эмтэрсэн, нүд хавдсан, уруул язарсан зэрэг шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлүүд учирсан...Би 3,4-р хороололд байрлах “Индранил дентал” шүдний эмнэлэгт үзүүлсэн ба эмчилгээний зардал гээд 155,000 төгрөг, үүн дээр шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, ажилдаа яваагүй 10 хоногийн цалин 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний мөнгийг өгчихвөл тэр залууд гомдол, санал байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” /хавтаст хэргийн 9-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 922 дугаартай

Э.Баярцогтын биед нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, зулайн хуйх, зүүн нүдний алим, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна гэх шинжээч эмчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 17-18-р тал/,

Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сард Мөнхдэлгэртэй танилцаад улмаар цугтаа 2021 оны 09 дүгээр сараас хойш хамтдаа амьдарч эхэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамт “Наран мандал” ХХК-нд ажилладаг ахын байрны найр болоод тэнд очоод найр дээр ажлынхаа хүмүүстэйгээ жаахан архи уугаад эргээд Мөнхдэлгэртэй хамт амьдардаг нийтийн байрандаа ирээд бие засах өрөө рүү явж байтал танил нэг царай хажуугаар зөрөөд гүйхээр нь тухайн үедээ анзаараагүй. Тэгээд би дээшээгээ хоёр давхар руугаа гараад гэр лүүгээ ортол манай найз охин надтай зөрж гарсан ба гэр дотор пиво уусан байдалтай, газраар нэг хөглөрсөн байсан. Улмаар найз охиныхоо араас гартал нөгөө надтай зөрсөн залуутай уулзаад зогсож байсан. Тэгэхээр нь уурласан ба өмнө нь уулзсан байсныг мэдээд дахиж уулзахгүй байх гэж бодоод итгээд байсан чинь уулзаад байхаар нь уурлаад уурандаа тэр залууг толгойгоороо нүүр лүү нь нэг удаа мөргөсөн, 1-2 удаа гараараа нүүр лүү нь цохисон. Харин ямар нэгэн байдлаар хөлөөрөө өшиглөж цохиогүй. Хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна. Би одоо найз охиноо салсан. Манай найз охин Мөнхдэлгэр тэр хоёр клаб хаусаар танилцаад хоорондоо яриад уулзаад байдаг байсныг мэдсэн. Миний бие тэр залуугаас маргааш нь уг нь уучлалт гуйсан, нүүр ам чинь зүгээр үү гэж хэлсэн тэгтэл “би чамд яаж ийж байгаад гай болно, чамайг чадах болно” гэж хэл амаар доромжилсон. Би Наран мандал ХХК-нд 2021 оны 03 дугаар сараас хойш ажиллаж байгаа ба одоо ч ажлаа хийж байна. Тэр залуугийн баримтаар гаргаж өгсөн 163,000 төгрөгийг Хас банкнаасаа төлчихсөн. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна гэх хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-р тал/ шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”, гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч Э.Баярцогтын мэдүүлэг дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас Э.Баярцогтын толгойн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр Э.Баярцогтын биед нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, зулайн хуйх, зүүн нүдний алим, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Н.Т нь хохирогч Э.Баярцогтод учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн, “Наран мандал” ХХК-ийн уул уурхайн нэвтрэгч ажил хийж байгаа гэх ажил эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Т хохирол төлбөр барагдуулсан байх тул цаашид бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар тугт овогт Нямхүүгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан эмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                    П.АРИУНБОЛД