Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2017/01551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.М-гийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.Н-д холбогдох

 

Өмгөөллийн хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Э, хариуцагч Г.Н-, гэрч Д.Г, Ө.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Э.М- шүүхэд болон төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Э.М- 2015 оны 08 сарын 25-ны орой 22.00 цагийн орчимд БГД-ийн нутаг дэвсгэрт явж байгаад гэмт хэргийн хохирогч болсон. Ингээд Цагдаагийн байгууллагад хохирогчоор тогтоогдсон юм. Энэ үед би хууль дүрэм мэдэхгүй учир тусламж хүсэж өмгөөлөгч Г.Н-тай “Хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж 1,000,000 төгрөгийн хөлс төлсөн. Гэтэл уг өмгөөлөгч миний охинд тусламж үзүүлээгүй байцаагч Одончимэг удаа дараа дуудаад байхад ирэхгүй байсан ба бөөн хэл ам болж байгаад нэг удаа ирж байцаалтанд суусан өөр огт ажил хийгээгүй юмаа. Мөрдөн байцаалтын явцад дахин 2-3-н удаа хохирогчоор байцаалт авсан охин маань гэмт хэргийн улмаас сэтгэл санааны гүнзгий хямралд орж яах учраа олохгүй үед тусламж хүсэж гэрээ хийж төлбөрөө төлсөн боловч туслаагүй, хэргийн материалтай танилцаагүй мөн, шүүх хурлуудад өмгөөлөгч Н- огт оролцоогүй. Энэ өмгөөлөгч миний охинд хүуль эрхзүйн туслалцаа үзүүлээгүй гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Би 2015 оны сүүлчээр 2016 оны дундуур хоёр удаа очиж өмгөөлөгч Н-тай үүлзаж өгсөн мөнгө нэхэж гэрээг цүцлахыг хүсэхэд уг өмгөөлөгч намайг доромжлон чаддаг юм бол шүүхээрээ заргалдаад төлбөрөө ав би өгөхгүй гэж хэлсэн. Иймд 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

  Хариуцагч Г.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 сарын 30-ны өдөр  Э.М- болон түүний ээж Ш.Э нарын хүсэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хохирогч Э.М-гийн өмгөөлөгчөөр ажиллаж, түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр 8 тоот гэрээ байгуулж, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийг бэлнээр авч, өмгөөллийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1 дэх хэсэгт үйлчлүүлэгч нь хэрэг маргаантай холбоотой мэдээ сэлт, баримт материал, тайлбарыг өмгөөлөгчид үнэн вөвөөр гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үйлчлүүлэгч Э.М- нь дээрхи үүргээ зөрчсөнөөс бидний дунд маргаан гарч гэрээг цуцлах болсон. Ш.Э миний ажлын байранд ирж үйлчлүүлэгчдийн дэргэд элдвийн үгээр гутаан доромжилж, орилж хашгичиж, улмаар Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч намайг илт гүтгэсэн, худал мэдээлэл бүхий гомдол гаргаж мэргэжлийн нэр хүндийг унагасанд би маш их гомдолтой байдаг. Миний бие гэрээнд заасан үүргийнхээ дагуу хоёр удаагийн байцаалтанд сууж, гэмт хэргийн холбогдогч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн хамт уулзалт зохион байгуулж, өөрийн үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар тууштай ажиллаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч Г.Н-д холбогдуулан өмгөөллийн хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 09 сарын 30-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Уг гэрээний 1.1. Хэрэг маргааныг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, 1.2 дах хэсэгт Эрүүгийн хууль, ЭБШХ-д заасан хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн туслалцаа үзүүлэх гэж гэрээний агуулгыг тодорхойлсон байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна. Талууд гэрээний гол нөхцөл болох гүйцэтгэх ажил үүрэг, төлөх хөлс, урамшуулалын хэмжээг тохиролцож гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хариуцагч Г.Н- 2015 оны 10 сарын 08-ны өдөр хохирогч Э.М-г  2 дахь удаагаа байцаасан байцаалтанд 15 цаг 05 минутаас 16 цаг 01 минут хүртэл хугацаанд оролцож, шинжээчийн дүгнэлттэй танилцаж, 2015 оны 10 сарын 02-ны өдөр гэрч Ш.Эыг байцаасан байцаалтанд 16 цаг 27 минутаас 16 цаг 41 минут хүртэл хугацаанд оролцсон болох нь гэрч, хохирогчоос авсан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримтаар /хх-ийн 58-66 талд/ тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч “Мөрдөн байцаагч Ж.Одончимэг өмгөөлөгч Г.Н-ыг 2-3 удаа байцаалтанд дуудахад ирээгүй, хохирогч Э.М-г загнасан гэж маргаж байгааг хариуцагч Г.Н- “Хэргийн холбогдогч нараас хохирлоо төлүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулж түүний дараа байцаалтанд оролцох байсан. Хохирогч Э.М-г зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж зэмэлсэн  гэж тайлбарлаж байна.

 

Үйлчлүүлэгч Ш.Э нь өмгөөлөгч 2-3 удаа байцаалтанд ирээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан байх ба 2016 оны 5 сарын 04-ны өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Н- оролцоогүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Н- нэг удаагийн байцаалтанд 150,000 төгрөгийн хөлс авч оролцдог гэж жишиг баримтыг шүүхэд ирүүлжээ. Иймд 2 удаагийн байцаалтанд оролцсон хөлс 300,000 төгрөгийг хасч тооцож, шүүхийн шатанд үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул 700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.М-д олгох үндэстэй.

 

Хариуцагч Г.Н- хэргийн холбогдогч нараас хохирлоо төлүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулах ажиллагаа явуулсан гэх боловч үүнийгээ нотлох баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Н-аас 700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-аас 21,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.М-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.НАРАНГЭРЭЛ