Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж, ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

иргэдийн төлөөлөгч Г.Ганчимэг,

шинжээч эмч Г.Ханхүү /онлайнаар/,

шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Т.Анхцэцэг, Б.Цэцэнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналын прокуророос О.Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.У /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч О.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Бичил орон сууцны хорооллын урд байрлах автобусны буудлын орчимд “данснаас мөнгө авсан хүний нэрийг хэлээгүй” гэх шалтгаанаар амь хохирогч Ш.Сийг онц харгис хэрцгийгээр,  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний цээж, хэвлий тус газарт нь олон удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, дэвсэж биед нь “элэгний баруун дэлбэнгийн 4, 5-р сегментийн задрал, дэлүүний язрал, өвчүү ясны хөндлөн хугарал, дух, зүүн өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчилган зовоож зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У мэдүүлэхдээ “2021 оны 10 дугаар сарын 20-ны өглөө гэрээсээ гараад 2 залуутай таарч дэлгүүрээс 1 шил архи аваад байрны голд уусан. Архиа ууж дуусаад хохирогчийн найзад картаа өгч явуулахад миний картаас 1.200.000 төгрөгийг авсан. Хохирогчоос найзынх нь нэрийг асуухад мэдэхгүй гэж зугтаагаад байхаар нь автобусны буудал дээр зодсон. Маргалдаж, зодолдоод хохирогч босож цаашаа зугтаахаар нь араас нь очоод зодсон. Хохирогч босоод явахаар нь би зүгээр байна гэж бодсон. Надад алах санаа зорилго байгаагүй. Айлгаж найзынх нь нэрийг мэдэх гэж байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Ханхүү мэдүүлэхдээ “Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг цогцост гадна үзлэг хийсэн эмч тогтоодог ба 18 цаг 40 минутын байдлаар нас бараад 6-7 цаг болсон байсан буюу ойролцоогоор 11-12 цагийн хооронд нас барсан байна. ...Хэвлий болон цээжний хөндийн битүү гэмтлүүдийг гаднаас нь хараад оношлох, дүгнэх боломжгүй. Элэгний баруун дэлбэнгийн сегмент задарсан гэмтэл авсан хүний хувьд хүчтэй өвдөлт мэдэрдэг. ...Талийгаачийн хэвлийн хөндийгөөс 2200 миллилитр буюу 2.2 литр цус алдсан. Алдаж байгаа цусны хэмжээ нь гэмтсэн судасны хэмжээтэй шууд хамааралтай ба элэг задарч, няцарсан байдлыг харвал харьцангуй богино хугацаанд буюу 1-2 цагийн хугацаанд 2.2 литр цусыг алдах боломжтой байна. ...Хүний биеийн нийт цусны 30 хувь буюу түүнээс дээш хэмжээтэй цус алдахад амь нас бүрэн эрсдэх боломжтой. Тэгэхээр талийгаач 2.2 литр цусыг ойролцоогоор 1-2 цагийн хугацаанд алдсан гэж үзвэл амь насыг бүрэн аврах боломжгүй. Амь хохирогчийн амьд явах боломжтой хугацааг нарийвчлан хэлэх боломжгүй ба ойролцоогоор 1-2 цаг хэвийн үйлдэл, хөдөлгөөн хийж явах боломжтой” гэв.

Шүүгдэгч О.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Бичил орон сууцны хорооллын урд байрлах автобусны буудлын орчимд “данснаас мөнгө авсан хүний нэрийг хэлээгүй” гэх шалтгаанаар амь хохирогч Ш.Сийн цээж, хэвлийн тус газарт нь олон удаагийн үйлдэл давтамжтайгаар удаан хугацаанд цохиж зодон, улмаар эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн 4,5-р сегментийн задрал, дэлүүний язрал, өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн 3,4,5 баруун 4,5,6,7-р хавиргануудын шууд бус хугарал, дух, зүүн өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт ирж хоночхоод өглөө эрт гараад явсан ба тэр үед биеийн байдал хэвийн байсан. Би дүүгээ нас барсан хойно нь Бичил хорооллоор хүмүүстэй уулзаж болсон асуудлын талаар асуухад О гэх хүн “такси Амраа гэх хүн Сийг дэвсэж, зодож байхыг харсан” гэж надад ярьсан ба буу Гантулга зодож байхад нь салгаад шатаар дээш нь гаргасан гэж ярьж байсан. Тэгээд тэндээсээ алхаад манай хуучин амьдарч байсан 5Б байрны 2 дугаар орцны үүдэнд өнгөрсөн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 112-113 дугаар хуудас/,

Гэрч С.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5Б байрны 3 дугаар орцонд айлуудаар СӨХ-ийн төлбөрөө төл гэх утгатай мэдэгдэл тараагаад явж байгаад 2 дугаар орц руу 11 цаг өнгөрч байхад ороход орцны үүдний хэсэгт шатны доор хэсэгт эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь согтуу хүн хэвтэж байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд яваад өгсөн. Тэгтэл эргээд над руу цагдаагийн байгууллагаас залгаад “нас барсан хүн байна” гэдгийг хэлсэн. ...Амьсгалж байсан эсэхийг нь анзаарч хараагүй, ойртож хүрээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 67-68 дугаар хуудас/,

         Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Сийг танина бид хоёр гэр бүл байсан юм. 2005 онд анх танилцаад 2006 оны 02 дугаар сард гэрлэлтээ батлуулаад 2014 онд шүүхээр орж гэрлэлтээ салгаад одоо 7 жил болж байна, шалтгаан нь гэвэл С архинд орсоноос болж салсан, тэрнээс хойш уулзаагүй хааяа хүүхдүүдтэйгээ уулздаг байсан огт холбоо байхгүй тасраад 3 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй том охин одоо 15 настай, бага хүү 9 настай. Нэгдүгээр хорооллын хойд дэнж дээр Э гэх төрсөн ахынхаа гэрт амьдардаг байсан. Би гэхдээ сайн хэлж мэдэхгүй байна, сүүлийн жилүүдэд уулзаагүй. Эцэг, эх нь хоёулаа өнгөрсөн. Ах, эгч, дүүтэйгээ дөрвүүлээ байдаг. 2013 оноос хойш архинд донтох өвчтэй болсон. ....Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би Сээс салаад удсан болохоор надад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хуудас 75, 76 дугаар хуудас/,

   Гэрч Ц.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг 30 минутын үед орцонд хоночхоод тэндээсээ гарч Бичлийн аркны автобусны түцэнд ороод цай уугаад сууж байсан чинь С гаднаас орж ирээд “тамхи байна уу” гэж асуухад У эгч “урьд нь зээлсэн зээлээ өг, ахиж нэмж зээлэхгүй” гэж хэлсэн. Тэгээд С гараад буудал дээр зогсож байсан чинь араас нь нэг залуу /такси Амраа/ гүйж ирээд “миний картанд байсан мөнгийг чи авсан” гээд Сийг Бичлийн аркны автобусны буудал дээр баруун гараараа 2-3 удаа цохиж элэгдэхэд газар суусан. Тэгээд нэмээд цээж рүү нь хэд хэдэн удаа цохиод байсан чинь уначихсан ба газарт хэвтэж байхад нь “би чамайг ална” гээд дээрээс нь цээж хэсэгт нь хөлөөрөө олон удаа дэвсээд байсан. Ер нь л дандаа элэг хэвлий орчмоор нь гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би “болиоч ээ, үнэхээр  юмаа алдсан юм бол цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгэхэд “та нарыг бүгдийг чинь ална шүү, миний картнаас 6.000.000 төгрөг авсан байна” гээд байсан. 6.000.000 төгрөгөөс болж хүн алах нь уу гэхэд “намайг такси Амраа гэдэг чамайг бас ална шүү” гээд Сийг дахин энгэр, цээж хэсэг рүү нь өшиглөөд байсан. Тэр үед буудал дээр байсан хүмүүс боль гээд салгахад С босоод Говийн наран цайны газрын тийшээ зугтахад нөгөө хар залуу араас нь хөөж очоод зодоод байсан. Сийг босоод зугтах үед нүүр, ам нь хөхөрч хавдсан, цус гарсан зүйл байгаагүй. Тэгээд би тоолгүй түцэнд ороод хоол идээд суусан. 1 цаг орчмын дараа цагдаа намайг дуудаад хүн таниулах гээд аваад явсан ба 5 дугаар байрны голын орцонд намайг аваачаад “энэ хүнийг таних уу  гэхэд С нас барсан байдалтай хэвтэж байсан. ...Би такси Амраа гэх залууг харж байгаагүй. Тухайн үед цэнхэр куртик, саравчтай малгайтай, хар бор царайтай, бага зэрэг гүзээтэй залуу байсан. Өөр ямар нэгэн хүн Сийн биед нь гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 79-80 дугаар хуудас/,

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 19-ний орой 17-18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5А, Б байрны орчим таарсан бөгөөд С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үл таних 2 хүнтэй явж байсан ба биед нь ямар нэгэн шарх сорви, ил харагдах гэмтэл шарх байхгүй хэвийн явж байсан. Тэр 2 үл таних 40 орчим насны эрэгтэйн нэг нь хар өнгийн куртиктэй, 185 см орчим өндөртэй залуу, нөгөөх нь нэг бараан өнгийн хувцастай, 170 см орчим өндөртэй байсан. Тэр 2 үл таних залуу бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан. Тэрнээс хойш дахиж тааралдаагүй ба өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз О, Сийн дүү Ө нараас Сийг нас барсан талаар мэдсэн. О надад хэлэхдээ “Сийг цэнхэр куртиктэй, 40 орчим насны шар үстэй залуу 6.000.000 төгрөг нэхээд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 5А байрны орчим гадаа зодож байсан” гэж хэлсэн. Би Сийг хэнтэй зодолдсоныг хараагүй бөгөөд энэ талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 91 дүгээр хуудас/,

Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 09 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таац” дэлгүүрийн гадна би Бтай хамт явж байхад С ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан ба биед нь ил харагдах шинэ шарх байхгүй, хэвийн явж байсан бөгөөд С, Б бид 3 тэндээсээ Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичлийн хойд талын автобусны буудал дээр байрлах ногоон дэлгүүр лүү явж байтал үл таних цэнхэр куртик, ногоон эрээн десант өмдтэй, 30 гаран насны, 180 см орчим өндөртэй залуу бид 3 дээр хүрч ирээд “хамт архи уух уу” гээд тэр залуу дэлгүүрээс 0.75 литртэй “Их Монгол” нэртэй архи аваад ирсэн. Тэгээд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичлийн хойд талын автобусны буудал дээр бид 4 хувааж ууж байхад тэр үл таних залуутай С “архи бага хийж өглөө” гэх шалтгаанаас болоод маргалдаад байсан. Тэгээд би тасраад унтаад өгсөн бөгөөд нэг сэрээд хартал тэр үл таних куртиктэй залуу Сийг “чамайг ална шүү” гэж хэлээд дайраад байх шиг харагдсан бөгөөд тэр хоёр хөөцөлдөөд Бичлийн арктай байрнууд руу яваад өгсөн. Тухайн үед Б хаана байсан талаар сайн мэдэхгүй байна. Тэрнээс хойш Стэй таараагүй. ...Сийн цээж хэсэг рүү цээж хэсэг рүү тэр цэнхэр куртиктэй залуу цохиж байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 100-102 дугаар хуудас/,

Гэрч Д.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын аркны автобусны ард байрлах түцэнд сууж байх үед манай энэ хавиар архи уудаг О орж ирээд бид 2 хамт сууж байсан. Тэгэхэд түцний урд найз С, цэнхэр куртик, ногоон эрээн десант өмдтэй залуутай хамт архи уугаад байсан ба удаагүй хоорондоо маргалдаад нөгөө залуу Сийг зодоод байсан. Цээж гэдэс рүү нь л маш олон удаа өшиглөөд байсан. Тэгээд би “Отгоог очиж салга, зодоод алчих вий” гэхэд О очсоноо “У эгчээ та хүрээд ирээч” гэхээр нь би очоод “болиоч, хүн аллаа” гэхэд цэнхэр куртиктэй залуу намайг ална шүү гэхээр нь би орхиод түцэндээ ороод суусан. Тэгээд тэр залуу 30 орчим минут Сайнааг зодсон ба “миний карт алга болсон” гээд зодоод байсан. Ингээд байж байхад буу Гантулга гэж дууддаг залуу ирээд Сайнааг салгаж аваад шатаар дээш нь гаргаад цааш нь ганцааранг нь явуулсан байсан. Тэгээд тэр зодоод байсан залууг Гантулга “чи цаашаа яв” гээд явуулсан. ...Тэгээд С хуучин амьдарч байсан байрныхаа орцонд дөнгөж ороод нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 105-106 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 1 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 5б байрны 2 дугаар орцны 1 давхрын дээш өгсөх шатны хэсгийн зүүн талд шалан дээр дээш харсан байдалтай, 45 орчим насны цогцос байв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 3-6 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн “...Өвчүүний голд 4х3, 3х2, 4х3, 3х2 см 1х1 см 3 ширхэг бүдэг хүрэн бор өнгийн цус хуралттай...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 9-11 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9 цаг 40 минутад хэрэг үйлдсэн гэх этгээд нь “Минжгоо” гэх дэлгүүрээс архи, ундаа авч гарч байв. Уг этгээд нь 175-180 см өндөртэй, ногоон өнгийн саравчтай малгайтай, малгайн дээр цагаан бичиглэлтэй, баруун чихэндээ тамхи хавчуулсан, хар өнгийн үстэй, ногоон өнгийн куртиктай, ногоон эрээн өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай явж байв. ...11 цаг 20 минутад “Хур” зочид буудлын урд автобусны буудлын ард явган хүний зам дээр амь хохирогч Ш.С бусдад зодуулж байгаа нь бичигдсэн байв. Тухайн бичлэгт “Минжгоо” гэх дэлгүүрээс архи ундаа авсан гэх эрэгтэй амь хохирогчийн толгой дээр гишгэх, толгойн хэсэгт өшиглөх, цээж хэвлий хэсэгт нь баруун гараараа олон удаагийн давтамжтайгаар цохиж байгаа харагдав. ...11 цаг 31 минут 51 секундэд Бичил хорооллын 5б байрны 2 дугаар орцны үүдэнд ирээд орцны хаалга онгойлгох гэж байгаад унаад босож байгаа нь харагдав. 11 цаг 32 минут 10 секундэд хаалга налан унаж байгааг, 11 цаг 32 минут 59 секундэд орц руу орж байгааг харуулав” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 12-16 дугаар хавтас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “Танигч гэрч Н.О: ...Бичлийн аркны хойд талын автобусны буудал дээр Ш.Сийг зодож байсан гэх хүн 3 дугаараар тэмдэглэсэн О.У мөн байна гэж заав” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 17-21 дүгээр хавтас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 22-27 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...12:16:44 саарал өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн куртик, ногоон өнгийн өмдтэй, бараан өнгийн гуталтай эрэгтэй /О.У/ гараараа хэд хэдэн удаа буюу 12 цаг 21 минут 48 секунд хүртэл цохиж байгаа харагдах ба хажуугаас нь хар бараан өнгийн хувцастай эрэгтэй О.Уыг салгахад дахин хохирогч руу очиж газар суусан байхад нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, хохирогч газар хэвтсэн байгаа харагдав. Газар унасан байхад нь О.У хохирогчийг татаж буцаан газар хаяж хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж дээшээ харуулан дээрээс нь дэвсэлж байгаад татан босгон суулгаад хөлөөрөө цээж хэсэг рүү нь хэд хэд өшиглөөд газар унагааж өшиглөж, дэвсэж байгаад О.У нь татаж босгож суулгахад буцаж газар унан газар хэвтэж, газар суусан байдалтай байж байгаад зам хөндлөн урагшаа гарч байв. ...О.У Ш.Сийн куртикнээс татаж барьсан байдалтай замын урдаас дагуулан буцаж автобусны буудал дээр ирэн газар суулгаж хажууд нь зогсож байгаад татаж дээшээ харуулан хэвтүүлээд дээрээс нь хэд хэдэн удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байхад нь хажуугаас бор өнгийн куртиктэй эрэгтэй түлхэн салгахад О.У дахин цохиж, өшиглөж байгаа. ...О.У дэлгүүр лүү ороод буцаж гараад бараан өнгийн хувцастай эрэгтэйтэй цаана зогсож байсан автомашинд сууж явав...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 28-35 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9 цаг 39 минут 39 секундэд цэнхэр өнгийн куртиктэй, саарал саравчтай малгайтай, ногоон эрээн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй дэлгүүрт орж ирэн нэг шил архи, нэг ундааны хамт худалдан авав...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 36-39 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...С гарч ирэхээр нь би “карт авч явсан нөхрийн нэр хэн бэ” гэж асуухад мэдэхгүй гээд надаас зугтаад байсан. Тэгэхээр нь би Бичлийн автобусны буудлын хажууд барьж аваад баруун гараараа гэдэс рүү цохиход С суугаагаараа буюу бөгсөн биеэрээ газарт унасан. Тэгэхээр нь би нэмээд баруун хөлөөрөө гэдэс, хэвлий хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн ба тэгэхэд С доошоо тонгойсон. Тэгээд би Өргөө тал руу уруудаад явж байхад манай найз Л машинтайгаа явж таараад би суугаад явсан. Машины цонхоор харахад С босоод цаашаа алхаад явж байсан...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 40-51 дүгээр хуудас/,

Эрх бүхий албан тушаалтны “...103-н түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн ба 13 цаг 04 минутад 103-н эмч Б.Билгүүн ирж уг иргэний биеийн байдлыг үзэхэд “амьсгал зүрх судас бүрэн зогссон” гэх онош тогтоосон...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар хуудас/

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 856 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

  1. О.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
  2. О.У нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байна.
  3. О.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. О.У нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. О.У нь өөрийнхөө үйлдлийг удирдан мэдэн чадаж байсан байна.
  5. О.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.У нь өөрийн үйлдсэн хэргийн талаар тусган авах, мэдүүлэг өгөх чадвартай байна. О.У нь хэрэг хариуцах чадвартай байна.
  6. О.Ут эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 124-125 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №2253 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Талийгаач Ш.Сийн цогцост элэгний баруун дэлбэнгийн 4,5-р сегментийн задрал, дэлүүний язрал, өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн 3,4,5 баруун 4,5,6,7-р хавиргануудын шууд бус хугарал, дух, зүүн өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

2. Цогцост учирсан элэгний баруун дэлбэнгийн 4,5-р сегментийн задрал, дэлүүний  язрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн 3,4,5 баруун 4,5,6,7-р хавиргануудын шууд бус хугарал гэмтлүүд нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Дух, зүүн өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Талийгаачийн цусанд 3.7 промилли, ходоодны шингэнд 6.0 промилли, шээсэнд 3.3 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

 

5. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь элэгний задралын улмаас цус алдаж, цус алдалтын шокд орж нас баржээ.

7. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ.

8. Талийгаач нь 2021.10.20-ны өдрийн 18 цаг 40 минутын байдлаар” гэх дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 129-138 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 06 цагт би Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 13-158Б тоот гэрээсээ архи уух зорилгоор гарсан ба “Таац” дэлгүүрийн ойролцоо 2 эрэгтэй, 1 эмэгтэй нартай таарсан ба би тэдгээр хүмүүсийг танихгүй, тэр өдөр л анх таарсан. Тэгээд таягтай эрэгтэйд нь бэлэн мөнгө өгч явуулаад дэлгүүрээс нэг том ундаа 0.75 литрийн архи авхуулсан ба тэрийгээ Бичлийн байрны голд ууж дуусгаад дахиад таягтай нөхөрт том хүү Сүхбатын картыг өгч явуулаад “нэг шил архи, нэг ундаа аваад ир” гээд өгсөн боловч эргэж ирээгүй 30 орчим минут болсон. ...С гараад ирэхээр нь би “карт авч явсан нөхрийн нэр хэн бэ” гэж асуухад мэдэхгүй гээд зугтаад байсан. Тэгэхээр нь би Бичлийн автобусны буудлын хажууд барьж аваад баруун гараараа гэдэс рүү нь цохиход С бөгсөн биеэрээ газар унасан. Тэгэхээр нь би нэмээд баруун хөлөөрөө гэдэс, хэвлий хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөсөн ба тэгэхэд С доошоо тонгойсон. Тэгээд би Өргөө тал руу уруудаад явж байхад манай найз Л машинтайгаа явж таараад би машинд нь суугаад цонхоор нь хойшоо харахад С босоод цаашаа алхаад явж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 165-166 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 174 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 187-191 дүгээр хуудас/, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 30-41 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч О.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Бичил орон сууцны хорооллын урд байрлах автобусны буудлын орчимд “данснаас мөнгө авсан хүний нэрийг хэлээгүй” гэх шалтгаанаар амь хохирогч Ш.Сийн цээж, хэвлийн тус газарт нь олон удаагийн үйлдэл давтамжтайгаар удаан хугацааны турш цохиж зодон, улмаар эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн 4,5-р сегментийн задрал, дэлүүний язрал, өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн 3,4,5 баруун 4,5,6,7-р хавиргануудын шууд бус хугарал, дух, зүүн өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь  гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Харин хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тодруулбал, “Онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан зэрэг аргыг, “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэж гэмт этгээд хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож алсныг тус тус ойлгоно.

Биеэ хамгаалж чадахгүй хүн” гэдэгт өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг хүн хамаарна.

Өөрөөр хэлбэл, онц харгис хэрцгий шинжид дээр дурдсан нөхцөл байдлыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.У нь амь хохирогчийн цээж, хэвлий тус газарт нь олон удаагийн үйлдэл давтамжтайгаар удаан хугацааны турш /20-25 минут/ цохиж зодсон ба шинжээчийн дүгнэлтээр түүний биед олон тооны шарх гэмтэл учирсан болохыг тогтоосноос дүгнэвэл амь хохирогч нь элэгний задралын улмаас цус алдаж, цус алдалтын шокд орж өвдөн шаналж нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Мөн түүнчлэн амь хохирогчийн цусанд 3.7 промилли, ходоодны шингэнд 6.0 промилли, шээсэнд 3.3 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба хүнд хэлбэрийн согтолттой хүн орчиндоо болон цаг хугацааны баримжаа алдагдах, ухаан орон гаран болох, унтаа байдалд орох, хөдөлгөөний эвсэл, тэнцвэр эрс алдагдах зэрэг шинжүүд илэрдэг болохыг анагаах ухааны ойлголтоор тайлбарласан байдаг. Иймд амь хохирогч Ш.С нь шүүгдэгч О.Ут зодуулах үедээ хүчтэй согтуурсны улмаас идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй буюу сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан гэж дүгнэхээр байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.У нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу амь хохирогчийг удаан хугацаанд зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...амь хохирогчийн нас барсан цаг хугацааг тогтоогоогүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээс үзэхэд амь хохирогч Бичил хорооллын 5б байрны 2 дугаар орц руу 11 цаг 32 минут 59 секундэд орсон бөгөөд яаралтай түргэн тусламжийн төвийн эмч 13 цаг 04 минутад ирж түүний биед үзлэг хийгээд нас барсан тухай онош тавьжээ. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн нас барсан цаг хугацааг  2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 32 минутаас 13 цаг 04 минутын хооронд нас барсан гэж тогтоох үндэслэлтэй байна. Харин амь хохирогчийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй талаар шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугларсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Нөгөөтэйгүүр хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй бөгөөд гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцнэ.

         Тиймээс шүүгдэгч О.Уыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно. 

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Ш.Сийн эхнэр Э.Э “...Би Сээс салаад удсан болохоор надад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна” гэж мэдүүлсэн, мөн түүнчлэн амь хохирогчийн төрсөн эцэг, эх нь нас барсан байх тул төрсөн ах Ш.Эийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нийт 8.800.896 төгрөгийн баримт /хэргийн 1 дүгээр хавтас 220-245 дугаар хуудас/ хэрэгт авагдсан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10.000.000 төгрөг, амь хохирогчийн хоёр хүүхдэд 2.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Бидэнд учирсан хохиролд 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, дахин нэхэмжлэх зүйл байхгүй, ар гэр бидний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

   Шүүгдэгч О.Уын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

   Шүүхээс шүүгдэгч О.Уыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, ар гэрийн хүндрэлтэй байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.Ут 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Уын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 110 /нэг зуун арав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Уыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Уыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 110 /нэг зуун арав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЗОЛБОО

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                             ШҮҮГЧ                             С.БОЛОРТУЯА