Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Мад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Н.М /РД:***/, 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Н.М нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн урд талд байх автозам дээр “оршуулгын цуваа тасалсан” гэх шалтгаанаар хохирогч А.Бгийн жолоодож явсан ***улсын дугаартай “Тоёота Кроун 210” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд гэрэл буюу эд ангийг гараараа санаатай цохиж гэмтээсний улмаас түүний эд хөрөнгөд нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “Буяны ажилд явж байхад миний урд цуваанд явж байсан машиныг хажуугаас нь нэг машин шахаад урдуур нь ороод гэрлэн дохион дээр зогссон ба манай дүү бууж очоод тухайн шахаж орсон машин дээр очиж цонхыг нь тогшоод хэрэлдээд байхаар нь би бууж очоод хажууд нь зогссон. Тэгээд ногоон гэрэл асахаар нь тухайн машины гэрлийг нь цохиод машиндаа суугаад явсан. Сарын дараа цагдаагийн байгууллагаас дуудсан. Би гэрэл хагалснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн урд талд байх автозам дээр “оршуулгын цуваа тасалсан” гэх шалтгаанаар хохирогч А.Бгийн жолоодож явсан ***улсын дугаартай “Тоёота Кроун 210” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын гэрлийг гараараа цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:    

Хохирогч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн урд талын гэрлэн дохион дээр өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай саарал өнгийн “Тоёота Кроун 210” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ урагшаа эргэх гээд зогсож байтал ард зогсож байсан “Тоёота Акуа” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 30 гаран насны 170 см орчим өндөртэй, бага зэрэг махлаг эрэгтэй болон дахиад нэг эрэгтэй хүн бууж ирээд намайг “гараад ир, чамайг ална” гээд байсан бөгөөд би машиныхаа хаалгыг онгойлгоогүй. Тэр 2 үл таних 2 эрэгтэй хүн машины хаалга татаж, цонх цохиж байгаад машины жолооч талын хойд гэрэл рүү нэг эрэгтэй нь, түүний дараа миний машины крыло хэсэг рүү нөгөө эрэгтэй нь нэг нэг удаа цохиод машиндаа суугаад яваад өгсөн. ...Тэр өдрийн орой 19 цагийн үед машинаа угаалгаж байгаад жолооч талын хойд гэрэл хагарч, крыло хэсэг хонхойсон байхаар нь мэдсэн. ...Би 3  дугаар эгнээнээс 4 дүгээр эгнээ рүү орох үедээ тухайн “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг бага зэрэг шахаад орсон ба тэрнээс болж тухайн тээврийн хэрэгслийн жолооч уурлаад араас ирээд хэрүүл маргаан хийгээд дээрх асуудал үүссэн. ...Миний машины жолооч талын хойд гэрлийг бараан өнгийн хувцастай эрэгтэй нь гараараа нэг удаа цохиж хагалсан, харин крылог цайвар өнгийн гадуур хувцастай эрэгтэй хүн гараараа нэг удаа цохиж хонхойлгосон...” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн урдуур явж байтал манай оршуулах ёслолын цуваан дундуур саарал өнгийн ***улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгсэл шахаад ороод ирсэн. Би тухайн машиныг урдуураа оруулахгүй гэж зөндөө анхааруулж сигналдсан боловч шахсаар байгаад оршуулгын цувааг тасалсан. Тухайн машин гэрлэн дохион дээр зогсохоор нь араас нь очоод машинаасаа буугаад тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын цонхыг нь тогшоод “яагаад урдуур орж байгаа юм бэ, бид ажил явдалтай явж байна” гэхэд “чи оруулахгүй яасан юм бэ, сүртэй юм бэ” гээд хараагаад байсан. Тэр үед М ах бас машинаасаа бууж ирээд хажууд зогсож байсан ба ногоон гэрэл ассан тул М ах тухайн тээврийн хэрэгслийн баруун хойд гэрэл хэсэг рүү гараараа нэг удаа цохиод машиндаа суусан. Би М ахын араас машины баруун ард талын крыло хэсэг рүү гараараа нэг удаа цохиод машиндаа суугаад явсан. Би цагаан алаг өнгийн малгайтай цамцтай, М ах тухайн үед хар өнгийн куртик бараан өнгийн өмдтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...бараан өнгийн гадуур хувцастай эрэгтэй тухайн саарал өнгийн “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын гэрэл хэсэг рүү баруун гараа савж байгаад нэг удаа цохиод явах ба түүний араас цайвар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүн тухайн тээврийн хэрэгслийн баруун хойд хэсэг рүү баруун гараа савж байгаад нэг удаа цохиод машиндаа сууж байв...” гэх тэмдэглэл /хэргийн 9-13 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ1-21-452 дугаартай “Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд гэрэл-850.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 37-40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Оршуулгын цуваанд явж байхад урд явж байсан дүү Бын машины урдуур Саарал өнгийн “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгсэл шахаад орсон ба гэрлэн дохион дээр зогсохоор нь араас нь очтол тухайн тээврийн хэрэгслийн жолооч гарч ирэхгүй байхаар нь би бухимдаад тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын баруун хойд гэрэл рүү нэг удаа гараараа цохичхоод машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 54 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 55 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 56 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хэргийн 57 дугаар хуудас/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 61 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дугаар хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 75-76 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Н.М нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн урд талд байх автозам дээр “оршуулгын цуваа тасалсан” гэх шалтгаанаар хохирогч А.Бгийн жолоодож явсан ***улсын дугаартай “Тоёота Кроун 210” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын гэрлийг гараараа цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эд хөрөнгө гэмтээсэн” гэж бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.М нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

         Шүүгдэгч Н.М нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч Н.М гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Бд 850.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байна.    

   Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Маас 850.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

             Шүүгдэгч Н.Мын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Мыг Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Мад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Мыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Маас 850.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Бд олгосугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО