Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Ч.Р, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналын прокуророос Ч.Рт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Ч.Р /РД:***/.  

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Р нь 2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, хохирогч Б.Оын хоолойг боож, хохирогч Б.Бийн гар руу чулуу шидэж гэмтээх зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн,

Мөн цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй хүч хэрэглэн халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Бийн гар руу чулуу шидэж эрүүл мэндэд нь баруун сарвууны 5-р хурууны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

           Хохирогч Б.Оын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, багажны хаалга, дээд орой, “Самсунг Икс Ковер-4” маркийн гар утсыг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 745.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Р мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.  

Шүүгдэгч Ч.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцэж, хохирогч Б.Оын хоолойг боож, хохирогч Б.Бийн гар руу чулуу шидэх зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, улмаар хохирогч Б.Бийн эрүүл мэндэд нь баруун сарвууны 5-р хурууны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөнх хохирогч Б.Оын эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, багажны хаалга, дээд орой, “Самсунг Икс Ковер-4” маркийн гар утас зэргийг устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.279.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:    

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цаг 30 минутын үед Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс дээр үүрэг гүйцэтгэхээр очсон ба 00 цагийн үед цагдаагийн дэд ахлагч Оын утас руу залгахад “үүрэг гүйцэтгэж байхад нэг согтуу залуу агсам тавиад байхаар нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журам дуудаад өгчихлөө” гэхээр нь би очих уу гэхэд “зүгээр зүгээр” гэж хэлсэн. Тэгээд би Оын үүрэг гүйцэтгэж байсан Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хойд талын зам дээр очсон ба тухайн чиглэлд О, Т нар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд хамт тээврийн хэрэгсэл шалгаж байхад замын хажуу талд байсан Оын эзэмшлийн “Кроун” маркийн тээврийн хэрэгслийг чулуу онохоор нь эргэж хартал дахин чулуу миний толгой хэсэг рүү чиглээд ирэхээр нь би баруун гараараа хаахад баруун гарын сарвуу хэсэг рүү оносон. Энэ үед О “түрүүн эрхийн үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэх залуугийн ард сууж байсан согтуу залуу байна” гэж хэлээд тухайн залуу дээр очиж чулуу шидэх үйлдлийг нь таслан зогсоож гарыг нь ард нь гавлаж 102 утсанд дуудлага өгсөн. ...Удалгүй 15 орчим минутын дараа гэнэт ертөнцийн зүгээр хойд талаас чулуу нүүлгээд эхэлсэн. Би эргээд хартал түрүүний өгч явуулсан гэх залуу буцаад ирчихсэн чулуу шидэж байсан. Би баруун гартаа байсан дохиураар хаахад чулуу миний гарын сарвууны ард хэсэгт оносон. Тэгээд тухайн Р гэх залууг О, Т хоёр очиж гавлаж хөдөлгөөнийг нь хорьсон. Рийн ар гэрээс эмчилгээний зардалд 500.000 төгрөг хүлээн авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18, 19-20, 21 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хойд талын зам дээр үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 40 минутын орчимд саарал өнгийн *** улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгслийг шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч болох Батсүх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учир тээврийн хэрэгслийг саатуулах арга хэмжээ авах талаар тайлбарлан өгч ачлагын машин дуудсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь зам голлож зогссон байсан учир зам чөлөөлөх арга хэмжээ авч би жолооны хүрд дээр сууж замаас гарах гэхэд ард сууж байсан Р гэх залуу араас хоолой боож “чи яахаараа миний тээврийн хэрэгслийг журамладаг юм бэ” гэж орилоод байсан. Энэ үед Т ирж Рийг салгасан. Тэгээд би машинаас буугаад багажаа асаахад Р миний гарт байсан багажийг булаан авч “чи ямар их хүн шалгадаг юм” гэж хэлээд багажийг газарт савж шидсэн. Тэгээд Т бид хоёр луу дайрсан ба бид хоёр тухайн залуугийн хөдөлгөөнийг саатуулах зорилгоор ард нь гавлаад 102 дугаарт дуудлага өгч хэв журмын эргүүл Рийг авч явсан. Т бид хоёрыг зам дээр үүрэг гүйцэтгэж байхад ахлах ахлагч Бь ирж хамт ажиллаж байхад замын хажуу талд байсан миний эзэмшлийн “Кроун” маркийн тээврийн хэрэгслийг чулуу онохоор нь эргэж хартал Р гартаа чулуу барьчихаад бид нар луу шидээд байсан. Т бид хоёр дахиад Рийг барьж гавлаад 102 утсанд дахин дуудлага өгсөн. ...“Чи наад багажаараа яасан их хүн шалгадаг юм бэ” гэж хэлээд над руу дайрахаар нь би хойшоо ухраад Рийн гараас бариад өчих мэх хийж доош нь дараад ноцолдож байхад шалгах багаж хувцаснаас унасан ба Р гараа өчүүлэхгүй гэж эсэргүүцэж байхдаа миний газар унасан утсыг аваад газар саваад дэлгэцийг нь хагалаад эвдэлсэн. Гарыг нь гавлаж байхад толгойгоороо газар мөргөж гараа савчуулж эсэргүүцэл үзүүлж болж өгвөл бид хоёрыг цохичих гээд газар малтаж самардаад байсан. ...Хохиролд нийт 1.321.000 төгрөг хүлээн авсан. Одоо гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 26-27, 28-29, 30 дугаар хуудас/,

Гэрч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Оын хамт үүрэг гүйцэтгэж байхдаа 23 цаг 40 минутын орчимд О нь саарал өнгийн *** улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгслийг шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Батсүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учир тухайн тээврийн хэрэгслийг саатуулах арга хэмжээ авах талаар тайлбарлан өгч ачлагын машин дуудсан. Тухайн тээврийн хэрэгсэл зам голлож зогссон байсан учир О жолооны хүрд дээр сууж замаас гарах гэхэд ард нь сууж байсан Р араас нь хоолойг нь боохоор нь би очиж салгасан. Тэгээд Р О луу дайрах үед түүний багаж унахад Р хөлөөрөө зам руу өшиглөсөн. О бид хоёр Рийн хөдөлгөөнийг саатуулах зорилгоор ард нь гавлаад 102 утсанд дуудлага өгч хэв журмын эргүүлд өгч явуулсан. ...Замын хажуу талд байсан Оын “Кроун” маркийн тээврийн хэрэгслийг чулуу онохоор нь харахад Р чулуу шидэж байсан. Тэгээд О бид хоёр Рийг гавлаад дахин 102 утсанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч О.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Бугат 10-аас Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу очиход Р гэх залуу шаардлага эсэргүүцсэн гээд хоёр гарыг нь ард нь гавлачихсан зогсоож байсан. Тухайн залуу согтуу байдалтай түүний хамраас бага зэрэг цус гарчихсан, нэг нүднийх нь зовхи хэсэг бага зэрэг шалбарсан харагдсан. Цагдаагийн алба хаагч нараас юу болсон талаар асуухад “энэ залуу машин шалгаж байхад араас боохоор нь машинаас буулгаад гавлах гэж ноцолдсон” гэх өгүүлэмжтэй байсан. Мөн тухайн залуу 2-3 удаа зугтах үйлдэл хийсэн гэж хэлсэн. Тэгээд Рийн гавыг тайлуулаад машины ард тусгаарлаад саатуулахаар авч явсан ба саатуулах байр хүн авахгүй байсан тул Бугат-10-т мэдэгдээд гэр нь ойрхон гэхээр нь Дүүхээ төвийн урд буулгаад үлдээсэн. Тэгээд явж байтал Бугат 10-аас “нөгөө согтуу залуу ирээд чулуугаар машины цонх хагалчихлаа” гээд дахин дуудлага ирэхээр нь Гэмтлийн эмнэлгийн эсрэг талд очсон ба машиныг нь харахад хойд салхины шил хагараад багаж болон дээврийн хэсэг нь чулуунд цохигдсон, Р гэх залууг мөн гавлачихсан байхаар нь суулгаж аваад Бэгэр 120-т саатуулсан. Эхний дуудлагад очиход “Р гэх залуу багажийг шүүрч аваад газар шидчихлээ” гэж хэлж байсан. Багажийг харахад дэлгэц нь хагараад эвдэрсэн харагдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 69-70 дугаар хуудас/,

Гэрч Ш.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн түр саатуулах журмын хашаа буюу ТС-11 дээр жолооч Шийн хамт ажиллаж байсан ба Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байх “Стандарт” дэлгүүрийн уулзвар дээр Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн цагдаа нарын хамт үүрэг гүйцэтгэж байхад О “Королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооны ард суугаад ирэхэд тухайн машинд сууж байсан залуу Оын хойноос хоолойг нь боосон. ...Оыг салгахад тэр залуу бууж ирээд цагдаагийн алба хаагчийг өшиглөөд байсан. О шаардлага тавиад гавлах гэхэд Отай ноцолдож байгаад газар унасан ба Оын ажлын багажийг тэр согтуу залуу барьж аваад газар цементэн дээр саваад эвдэлсэн. ...Дараагийн дуудлагад явчихаад дахиад дуудахаар нь яваад очтол нөгөө согтуу залуу эргээд ирчихсэн байсан ба О “миний машины дээвэр багаж болон ард талын салхины шил рүү чулуу шидчихлээ” гэсэн.  Тэр согтуу залуугийн хамраас нь цус гарчихсан байсан. Энэ үед бас өөр танихгүй цагдаа ирчихсэн миний гар луу чулуу шидсэн гээд юм атгаж чадахгүй хавдсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 72-73 дугаар хуудас/,

Гэрч Э.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ачлагын машинтай үүрэг гүйцэтгэж байхад “Гэмтлийн эмнэлгийн хойд талд машин ачуулна” гэж дуудсан. Королла маркийн тээврийн хэрэгслийг О унаад манай машины ард ирж зогссон ба би голын толиндоо хараад сууж байхад Оыг хойд талд нь сууж байсан хүн шууд хоолойгоор нь боосон. О гавлах гээд ноцолдож байгаад тэр хоёр газар унасан ба тэр хоёрыг ноцолдож байхад Оын ажлын багаж нь унахаар нь би багажийг авах гэхэд нөгөө согтуу залуу барьж аваад газар саваад эвдчихсэн. Тэгээд гавлаад босгож ирэхэд тэр залуугийн нүүр нь шалбараад цус гарчихсан харагдсан. ...Дахиад цагдаа нар дуудахаар нь нөгөө газар очиход нөгөө согтуу залуу гавтай байж байсан ба хэв журмын цагдаа нь авч яваад буцаад тавиад явуулсан байна гэсэн. Сая энэ залуу ирж агсам тавиад Оын “Кроун” маркийн машины салхины шилийг хагалчихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 76 дугаар хуудас/,

Гэрч Ч.Рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...өмнө 2 билүү 3 удаа цагдаад шалгагдаж байсан. Энэ удаагийнх нийлээд 4 болж байгаа байх.. Ихэвчлэн цагдаагийн албан хаагчтай маргалдаж зодолдсон гэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 60 дугаар хуудас/,

Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цагдаагийн алба хаагчдын эрүүл мэндэд халдсан гэх асуудлаар 2021 оны 02 дугаар сард шалгагдаж байгаад 2021 оны 3 дугаар сард Архангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийн арга хэмжээ авхуулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 67 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-6 дугаар хуудас/,

Гар утасны камераар хийсэн бичлэгт үзлэг хийсэн “...Рийн хоёр гарыг цагдаагийн алба хаагч ард нь гавласан байх ба ...хажуудаа байгаа хар өнгийн куртиктэй хүний хөл рүү өшиглөж байв...” гэх тэмдэглэл /хэргийн 10-12 дугаар хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11284 дугаартай:

“1. Б.Бийн биед баруун сарвууны 5-р хурууны далд хугарал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 78-79 дүгээр хуудас/,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11314 дугаартай:

“1. Б.Оын биед баруун чихний дэлбэн, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

...4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хэргийн 82-83 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №1082 дугаартай “...Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 700.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 86-87 дугаар хуудас/,

Эд хариуцагчийн карт дахь “...Шалгах багаж /Xcover4/-579.043.3 төгрөг гэх” үнэлгээ /хэргийн 140 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3408 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн SM-G390F загварын IMEI 359108/09/453399/7, S/N:R58K924478J цувралын дугаартай ухаалаг гар утас нь асахгүй, ажиллахгүй, ямар нэгэн мэдээлэл гарахгүй байх тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэх дүгнэлт /хэргийн 149-152 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №БГ2-21-1252 дугаартай “...Самсунг Икс Ковер-4 маркийн гар утас – 100.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 155-156 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Рийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. /Гэрчээр өгсөн/ ...Нэг мэдэхэд цагдаа ирсэн машин шалгаад журамлана гээд байхаар нь “би эзэн нь байна, та нар хэн юм” гээд нэг цагдаа миний машины руль хэсэгт суусан байхаар нь би араас нь түүний хоолойг боосон. Тэгэхэд миний тээврийн хэрэгслийг ачиж байсан 2 залуу хаалга онгойлгож, намайг чирч гарган гарыг ард гавлуулсан. Энэ үед газар гар утас унахаар нь би өөрийн утас байна гэж бодоод өшиглөсөн. Тэд нартай маргалдаж байхад алаг тэрэг ирээд намайг суулгаж аваад 2 буудал орчим яваад “одоо ингээд хариарай” гээд буулгасан. Би эргэн өөрийн тээврийн хэрэгсэл рүүгээ алхахад зам дээр миний машиныг журамлана гээд байсан цагдаа зогсож байхаар нь газраас чулуу авч шидсэн. Миний шидсэн чулуу “Кроун” маркийн машиныг оносон. Тэгээд тухайн цагдаа дээр очиж дахин маргалдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 122 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 160-169 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 144 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 134-139 дүгээр хуудас/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хэргийн 182 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Ч.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцэж, хохирогч Б.Оын хоолойг боож, хохирогч Б.Бийн гар руу чулуу шидэх зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, улмаар хохирогч Б.Бийн эрүүл мэндэд нь баруун сарвууны 5-р хурууны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

           Мөн хохирогч Б.Оын эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, багажны хаалга, дээд орой, “Самсунг Икс Ковер-4” маркийн гар утас зэргийг устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.279.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч хууль сахиулагчийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхтэй үйлдэл байдаг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг,

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх”  гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

 “Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг, “Албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн биед халдсаныг тус тус ойлгоно.

“Эд хөрөнгийг гэмтээсэн” гэж бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг, “Эд хөрөнгийг устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болгосныг тус тус ойлгоно.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Ч.Рийн тээврийн хэрэгслийн салхины шил, багажны хаалга, дээд орой руу чулуу шидэж байгаа үйлдлийг эд хөрөнгө гэмтээсэн, харин  шинжээчийн дүгнэлтэд “Самсунг Икс Ковер-4” маркийн гар утас нь “асахгүй, ажиллахгүй байна” гэсэн байх тул тус гар утсыг авч шидэж байгаа үйлдлийг эд хөрөнгө устгасан гэж үзнэ.

Хууль зүйн хувьд  шүүгдэгч Ч.Р нь хууль сахиулагчийг эсэргүүцэн, улмаар хүч хэрэглэх үедээ түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан бол хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох” бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрх, нийтийн албаны хэв журам сахиулах хэвийн үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ч.Р нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ч.Р болон түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Ч.Рийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.От 1.279.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.Р нь хохирогч Б.Бьд 500.000 төгрөг, хохирогч Б.От 1.321.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний цагдан хоригдсон 94 хоногийг хасаж, түүний биечлэн эдлэх нийт ялыг 11 сар 28 хоногийн хугацаагаар тогтоох дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргал “...гэмт хэрэг тус бүрд нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

          Шүүгдэгч Ч.Рийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

  Шүүхээс шүүгдэгч Ч.Рийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул дээрх зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ч.Рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ...оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасныг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар мөн хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Рийн 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл баривчлагдаж, цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Р нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Р нь оногдуулсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд тус тус анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрч гэмтсэн “Самсунг Икс Ковер-4” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэст буцаан олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Рт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Рийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Рт 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Рийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх  нийт эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Рт мөн хугацаагаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Рийн 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл баривчлагдаж, цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг,

           Мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Р нь оногдуулсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд тус тус анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрч гэмтсэн “Самсунг Икс Ковер-4” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэст буцаан олгосугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Рт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО