Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00433

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00433

Баян-Өлгий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, Штөлек овогт С.Хн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, М****** овогт К.Жт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өөрийн өмчлөлийн газарт К.Жийн барьсан байшинг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3763 метр квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчилдөг юм. Уг газрыг 1998 онд барилга болон эзэмшлийн газрын хамт дуудлагын худалдаагаар худалдаж авсан ба түүнээс хойших хугацаанд ашиглан эзэмшиж ирсэн. Газар эзэмшиж байх явцад буюу 2006 оны үед миний хашааны баруун талд хил залгаа газар миний баз хүргэн болох К.Ж нь нүүж ирээд уг газрыг эзэмшихээр болсон ба тухайн үед би түүнд өөрийн эзэмшлийн газарт түр барилга буюу амбаар барихыг түр хугацаагаар зөвшөөрсөн ба сүүлд хүүхдүүд байшин барилга барихаар болж газраа өөрөө ашиглах шаардлага гарахаар нь амбаарыг буулгаж газрыг минь чөлөөлж өгөхийг хүсэж, удаа дараа шаардсан боловч газар чөлөөлж өгөхөөс татгалзсаар ирсэн болно. Би К.Ж нь төрөл садангийн хүн болохоор нь тухайн үед би газраа түр ашиглуулахаар сайн санааны үүднээс өгсөн болохоос биш бүрмөсөн түүнд шилжүүлж өгсөн асуудал байхгүй болно. Одоо урин дулаан цаг эхэлж, миний хүүхдүүд хашаан дотроо шинээр байшин барихаар төлөвлөн ажлаа эхлэх гэхээр айлын амбаар нь саад болж байгаа тул яаралтай буулгах шаардлага гарч байна. Иймд миний өмчлөлийн газарт иргэн К.Жийн барьсан түр байрыг албадан нүүлгэж, газрыг минь чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 1998 онд бүх барилга, обьект эзэнгүй үлдэж дуудлага худалдаанд оруулж байсан. Тухайн үед би 2-р яслиг газрын хамт дуудлага худалдаагаар худалдаж авсан байсан. Тэр үед 4-р цэцэрлэг, 2-р яслиг Асан бид хоёр дуудлага худалдаанд оруулж худалдаж авсан. Тухайн үед аймгийн төвүүдэд айл өрх байрлахыг зөвшөөрдөггүй байсан. Тэгэхэд Асан бид хоёроос өөр айл байгаагүй. Би худалдаж авсан тус барилгын зөвхөн өөрийнхөө амьдардаг орон сууц болгож ашигласан. Женис гэдэг хүн манай бааз байсан. Би тухайн үед өөрийнхөө таньдаг төрөл садангийн хүмүүст та нар энд нүүж ирээч гээд зөндөө дууддаг байсан боловч ирээгүй. Харин ойролцоогоор 2000 оноос хойш аймгийн төвд айл өрхүүд оршин суухыг зөвшөөрсөн. Хариуцагч Женис шүүхэд ирүүлсэн тайлбартаа би 1998 онд нүүж очсон гэж бичсэн байна, энэ бол худлаа. 1998 онд Асан бид хоёроос өөр айл байгаагүй. Миний санаж байгаагаар 2000 эсхүл 2001 онд К.Ж нүүж ирээд миний баруун талд буусан. Тухайн үед надад миний газар арай л бага байна, би байшин барилгаа барьж авах хүртэл түр хугацаагаар амьдрах байшин бариад энд амьдаръя гэж хэлэхэд би тэгээрэй, яваандаа чөлөөлж өгнө биз гээд газраа өгсөн. К.Ж шүүхэд гаргасан тайлбартаа тухайн үед намайг газраа хэмжиж өгсөн гэж бичсэн байна. Тухайн үед би ямар нэгэн метр барьж газар хэмжсэн асуудал байхгүй. Хүүхдүүд маань том болоод яваандаа газрын хэрэгцээ гарвал буцааж авна гэж өгч байсан. К.Ж улмаар ойролцоогоор 16х5 метрийн хэмжээтэй амбаарыг миний хашаан дотор оруулаад барьсан. Өөрөөр хэлбэл талыг нь миний газарт, талыг нь өөрийнхөн газарт оруулаад амбаар барьсан. Миний газар бол их том хэмжээний шулуун шугамаар татсан газар байгаа. Миний газрын ар талд дулааны шугам байсан учир тухайн газраас ямар нэгэн эвдрэл гэмтэл гарвал аюултай, барьсан байшин, татсан хашааг нь ухах эрсдэлтэй гэж үзээд дулааны шугамаас нэг метрийн зай үлдээгээд хашаа татсан. К.Ж миний хашаан дотор оруулаад түр барилга барьсан. Тухайн үед би хааяа түүнд газрын хэрэгцээ гарвал буцааж авна шүү гэж хэлдэг байсан бөгөөд К.Ж бас тэгээрэй гэдэг байсан. 2011 онд К.Ж надад чиний газар чинь том шүү дээ, энэ газраа надад өгөөрэй гээд хэл ам гаргаад байхаар нь би шүүхэд хандсан. Гэтэл К.Ж шүүхэд гаргасан тайлбартаа 2016 он хүртэл газар авна гээд нэг ч үг дуугараагүй гэж бичсэн байна. Энэ бол тийм биш. 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 174 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. Уг захирамжид эхний ээлжид энэ маргааныг газрын алба шийдвэрлэнэ, дараа нь эс зөвшөөрвөл шүүх шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Харин газрын албанд очиход энэ маргааныг манайх шийдвэрлэж өгөхгүй, бид нар зөвхөн газрын зураг гаргаж өглөө, энэ маргааныг шүүх шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Тэгээд би тус шүүгчийн захирамжийг аваад К.Жт очиход газрыг чинь өгнө шүү дээ, амьсгаагаа дараад байж бай гэж хэлсэн. Тэгээд манай хүүхдүүд ч гэсэн хөрш байж яах гэсэн юм бэ, яваандаа хэрэгцээ гарвал авна биз гэхээр нь тэр чигтээ орхисон. Гэтэл одоо газрын хэрэгцээ гараад миний газрыг чөлөөлж өгөөрэй гэхэд та битгий гомдоорой гэж хэлсэн. Битгий гомдоорой гэдэг нь битгий горьд гэсэн үг. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа би 1998 онд нүүж ирсэн гэж бичсэн байна. Мөн намайг тухайн газрыг зөвхөн түр эзэмшихийг зөвшөөрсөн байсан гэдэг нь үндэслэлгүй гэж бичсэн байна. Хэрвээ үндэслэлгүй юм бол 20-иод хэдэн жил байхад нэр дээрээ буулгаж авахгүй яасан юм бэ, газрын зураг дээрээ буулгаж авахгүй яасан юм бэ. Би тухайн үед зөвшөөрөөгүй болоод өнөөдөр хүртэл миний нэр дээр байгаа шүү дээ. К.Ж надад газрын мөнгийг өгье гэж хэлсэн. Надад газар зарах ямар нэгэн санаа зорилго байхгүй. Тухайн газарт хүүхдүүдийн хамт амьдрах зорилготой гэдгийг хэлээд мөнгийг нь аваагүй. Мөн К.Жээс удаан жил ашиглуулсны төлбөр ч гэсэн аваагүй. К.Ж шүүхэд гаргасан тайлбартаа би тухайн газарт 19 жил амьдарсан, энэ хугацаанд С.Х газрыг буцаан авах талаар шаардаж байгаа учир С.Х тухайн газрыг буцаан авахыг шаардах эрхгүй гэж бичсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулиар зааж өгсөн миний эрхийг К.Ж хэмжиж өгөх юм уу. Намайг эрхтэй, эрхгүй гэдгийг К.Ж шийдвэрлэхгүй. 19 жилийн хугацаанд би К.Жээс авах гэж шаардах байтугай шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл эцэс сүүлд намайг эрхгүй болгох гээд заль хэрэглэсэн байна. Газар бол 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл миний нэр дээр, миний газрын зураг дээр байгаа. Бүх татварыг ч гэсэн би өөрөө төлж байгаа. К.Ж баахан газрын гэрчилгээний дугаар бичсэн боловч энэ нь миний газартай ямар нэгэн холбогдолгүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөн газрын гэрчилгээ, захирамжийн дугаар байх. К.Ж шүүхэд тайлбар гаргасны дараа би түүнд чи тэгвэл кадастрын зургийг аваад ирж гэж хэлсэн. Би шүүхэд өөрийнхөө газрын кадастрын зургийг гаргаж өгсөн. Үүнээс харвал миний хашаан дотор оруулж барьсан 16 метрийн амбаар байгаа. К.Ж тэрбум төгрөгийн үнэтэй, хүнд механизм хэрэгтэй байшин барилга барьсан мэтээр бичсэн байна. Хэрвээ үнэхээр тийм юм бол тухайн байшин барилгын гэрчилгээ нь байх ёстой. Тэр бол зөвхөн илүү дутуу юмаа тавьдаг амбаар. Уг байшинд улсаас өгсөн ямар нээн гэрчилгээ байхгүй, газрын зураг дээр нь бас байхгүй. Тийм учраас газрыг маань чөлөөлж, хариуцагч К.Жийн 16х5 хэмжээтэй амбаарыг буулгаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч К.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн К.Ж би иргэн С.Хн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. С.Хн 2006 оны үед миний хашааны баруун талд хил залгаа газар нүүж ирсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд худал ярьж байна. Миний бие тухайн газарт 1998 онд нүүж ирж тухайн газрыг эзэмших болсон ба газар эзэмших шийдвэр 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарч байсан. 1998 онд тухайн газарт хашаа татаж амбаар, байшин зэргийг барьж эхэлж 1999 онд дуусгаад дараа нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч байсан. Эдгээр нь Өлгий сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн "Газар олгох тухай" 28 дугаартай захирамж, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон 030103266 дугаартай газар эзэмших гэрчилгээ, Баян-Өлгий аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр олгосон 0035588 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 2000 оны 11 дүгээр сарын 14-ний байгуулсан иргэний газар эзэмших гэрээ зэрэг бичиг баримтуудаар нотлогдоно. С.Х бид хоёр айлын эгч дүүстэй суусан базууд болдог. Би 1998 онд нүүж ирж хашаа татаж амбаар барих болоход С.Х нь өөрийн эзэмшил газарт барьж ав гээд зөвшөөрсөн. Тэгэхдээ тухайн газрын чамд олгож байгаа гэж хэлсэн учир би бүр олгосон гэж ойлгоод тухайн газарт амбаар барьсан. С.Х надад анх газрыг олгохдоо өөрөө хэмжиж өгч байсан. Түүний түр хугацаагаар эзэмшихийг зөвшөөрсөн гэдэг нь огт үндэслэлгүй. Би тухайн амбаарыг барьж ашиглаад 19 жил болж байна. Энэ хугацаанд С.Х нь тухайн газрын буцааж авна гэж надад огт хэлж байгаагүй. Зөвхөн 2016 оны намраас тухайн газрыг буцааж авна гэдгийг хэлсэн. Би нэгэнт тухайн газар амбаар бариад 19 жил болсон, олон жил ашигласан, энэ хугацаанд С.Х нь буцааж авах талаар ямар нэгэн санал гаргаж байгаагүй учир хүлээн зөвшөөрөөгүй. Харин С.Хд болохгүй бол шаардагдах мөнгийг өгье гэхэд мөнгө авахгүй гэсэн. Би амбаарыг хоёр давхар үнсэн блокоор барьж дээвэрт нь бетон хавтан тавьсан. Дахин буулгахад үнэхээр хүндрэлтэй. Хүнд машин механизм, авто кран шаардагдана. Хэрэв тухайн үед С.Х тухайн газрыг надад өгсөн гэж хэлээгүй бол би тухайн газарт амбаар барихгүй байсан ба бүр нүүж ирэхгүй байх байсан. Яагаад гэвэл хашааны зай бага, бас газар доогуур нэгдсэн халаалт, цэвэр усны шугам байдаг учир түүний дээгүүр байшин барилга барьж болдоггүй.Энэ байдлыг С.Х харгалзан үзээд надад амбаар барих газрыг өгсөн юм. Нэгэнт тухайн үйл явдал болсноос хойш 19 жил өнгөрсөн, энэ хугацаанд С.Х тухайн газрыг буцааж авах талаар надад огт хэлж байгаагүй учир С.Х нь тухайн газрыг буцаан авахыг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Х нь өөрийн өмчлөлийн газарт К.Жийн барьсан амбаар /байшинг/ албадан нүүлгэж /буулгаж/, газраа чөлөөлүүлэхийг хүсжээ.

Нэхэмжлэгч С.Хн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 000077346 дугаартай гэрчилгээнд: ШТөлек овогт С.Х /БЮ43021814/ нэг хүний өмч Баян-Өлгий аймаг Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 031301530 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3500 м.кв /га/ газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213001097 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэжээ.

Нэхэмжлэгч С.Хгийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 000077346 дугаартай гэрчилгээ болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нэгж талбарын дугаар 8312001499, ашиглалтын төрөл өмчлөх, хуулийн этгээдийн нэр С.Х, регистрийн дугаар БЮ*******, талбайн хэмжээ 3763 квадрат метр хэвлэсэн огноо: 2017-03-20 гэх кадастрын зургаар тус тус нэхэмжлэгч С.Х нь маргаан бүхий газрын өмчлөгч болох нь нотлогдож байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно гэж зааснаар иргэн С.Х нь хуулийн дагуу уг газрын хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авснаар мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д тус тус зааснаар газар зохион байгуулалт хийж газрыг иргэний өмчид хүлээлгэн өгч, иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэсэн байна.

Нэхэмжлэгч С.Х нь газар өмчлөгчийн эрх, үүргийн дагуу Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-т зааснаар ... хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг К.Жт ашиглах эрхийг олгож байсан байх ба хариуцагч К.Жийн шүүхэд гаргасан ... Би 1998 онд нүүж ирж хашаа татаж амбаар барих болоход С.Х нь өөрийн эзэмшил газарт барьж ав гээд зөвшөөрсөн, тухайн газрыг чамд олгож байгаа гэж хэлсэн учир би олгосон гэж ойлгоод тухайн газарт амбаар барьсан. Би нэгэнт тухайн газар амбаарыг барьж ашиглаад 19 жил болж байна гэсэн тайлбараар нэхэмжлэгч С.Х нь уг газрыг ашиглаж байсан нь нотлогдож байна.

Хариуцагч К.Жийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Өлгий сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар олгох тухай 28 дугаартай захирамж, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон 030103266 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 2012 оны 08 дугаар сарын 05-ны өдөр олгосон 000160254 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Иргэний газар эзэмших гэрээ зэрэг нотлох баримтуудаар маргаан бүхий газрын өмчлөгч нь К.Ж мөн болох нь нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эртэй гэжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар С.Х нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс болон өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа зөрчлийг арилгуулахыг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч С.Хн өмчлөлийн 3500 м.кв газраас К.Жийн барьсан амбаарыг /байшин/ албадан нүүлгэж /буулгаж/, газрыг чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Х нь 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд Эзэмшил газар мөн болохыг тогтоож, К.Жийг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсныг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 174 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар буцааж байсан байна.

Хариуцагч К.Жт 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагт болох шүүх хуралдааны товыг 2017 оны 06 дугаар сарын 15-ний өдөр /баримт №9/ мэдэгдэж, хариуцагч К.Ж нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч С.Х нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Жээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар С.Хгийн өмчлөлийн 3500 м.кв газраас К.Жийн барьсан амбаарыг албадан нүүлгэж /буулгаж/, газрыг чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Хн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Жээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Хд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН