Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Д.Эрдэнэбилэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Цоодол

            Нарийн бичгийн дарга М.Лхагвасүрэн нарыг оролцуулан хийж,           

 

Дундговь аймаг дахь сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтны өмгөөлөгч Д.Цоодолын давж заалдах гомдлоор Д.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 201712000051 тоот хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1971 оны 4 дүгээр сарын 21-нд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг тааруухан мэддэг гэх,  малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 5-р баг Тавингийн 4-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овогт Д.Э /регистрийн дугаар /РД:ЗА71042115/   

Шүүгдэгч Д.Э нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: 

Шүүгдэгч  Д.Э бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Д.Э Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар Д.Э оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчийн эмчилгээний зардал, хувцасны төлбөрт 869.475.4 төгрөг төлсөн болохыг дурьдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 292 дугаар зүйлийн 292.2-т заасныг баримтлан хохирогчоос ажилгүй байсан хугацааны зардал 4 сая төгрөг, замын зардал 234750 төгрөг, боолтны зардал 5800 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ө.Н нь иргэний нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Д.Э нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Д.Э эзэмшлийн 5 тооны эм хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутга, хохирогчийн эзэмшлийн майк, футболка, дээлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг 201712000051 тоот хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Э урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг учрал болох үед хохирогч эрүүл байсан, шүүгдэгчийг хулгайчаа гэж хэл амаар доромжилж маргааныг анх үүсгэж согтуу хүнтэй зүй бусаар харьцаж түүний нүүрэн тус газарт цохьсоноос болж эсэргүүцэж, хохирогчийн биед хүнд гэмтэл учирхад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байхад шүүх бодитой дүгнэлт хийгээгүй.  Шүүгдэгч Д.Э нь өөрийнхөө гэм бурууг ойлгож хохирогчийн эмчилгээнд шаардлагатай эм тариа болон бусад зардалд гарсан хохирол болох 869.475 төгрөгийг мөн хохирогчийн тухайн үед  өмсөж явсан дээл, хувцасны үнэ 120.000 төгрөг, бүгд 989.475 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн  юм. Д.Э нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдож  гэм буруугаа ойлгон гэмшиж  байгаа болно.

Шүүгдэгчийн ар гэрийн амьдрал  маш хүнд,  эхнэр Ө нь 5 настай хүүгийнхээ хамт зүрх цоорхой, эмчийн хяналтад байнга эмчлэгдэж яаралтай мэс засалд орох шаардлагатай байгаа байдлыг харгалзан үзэж,  эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ялыг хөнгөрүүлэн хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгөхийг хүссэн өмгөөлөгч миний саналыг хүлээн авах боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэнд гомдолтой байна.  Хохирогч Ө.Н  биед хүнд гэмтэл учирсан ч энэ нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн байна.  Нөгөө талаар хохирогч анх  3 дугаар сарын 14-нд эмнэлгээс гарснаас хойш өнөөг хүртэл ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн гэх зүйл гарсангүй.

Хохирогч Ө.Н нь  шүүхийн хэлэлцүүлэгт 7  хуудас баримт гаргаж өгсөн. Баримтаар  нааш цааш ирж очсон гэх  замын зардалд 234.750 төгрөгийг бензин тосны үнэ гэж нэхэмжилсэн баримтууд нь албан ёсны нотлох баримтгүй ч гэсэн замын зардлыг нь давж заалдах шатны хугацаанд төлж барагдуулсан байна.  Иймээс өмгөөлөгч миний хүсэлтүүдийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Э хэрэгтээ гэмшиж буй байдал, хэргийг анх удаа үйлдсэн, гэм  хорын хохирол бүрэн төлөгдсөн, ар гэрийн ахуй амьдралын байдлыг харгалзан  үзэж оногдох ялыг доош татаж хөнгөрүүлж өгөхийг  хүсч  давж заалдах гомдлоо гаргав гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Баянмөнх дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Э үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Э 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн үед Дундговь аймгийн Адаацаг сумын төвд байрлах “Буян-Аривжих” дэлгүүрийн гадна иргэн Ө.Н цээжин тус газарт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ө.Н /хх-41/, гэрч О.Н /хх-44/,Г.Ц /хх-46/,С.Э /хх-48/, Х.М /хх-50/,Л.О /хх-52/, М. /хх-54/, Т.Ш/хх-55/, Ж.Г /хх-56/, Б.Н /хх-57/, Л.П /хх-58/, А.Ө /хх-59/, Д.Б /хх-60/, Ц.А /хх-62/ нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, хувцсанд гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-24/,шинжээчийн дүгнэлт /хх-64/, мэс заслын тэмдэглэл /хх-76/, өвчний түүх /хх-89/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-ыг бүрэн шалгаж тогтоосон,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчөөгүй байна.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодолын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянахад Д.Э холбогдох хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг  буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв. 

             Анхан шатны шүүх Д.Э 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний буюу  5 жил 1 сарын хорих ял оногдуулсан бөгөөд энэ зүйл хэсэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон хуульчлагдсан бөгөөд бусдын биед хүнд гэмтэл учруулах  гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 2 жил  болж, хорих ялын доод хэмжээ хасагдсан  байх тул Д.Э үйлдсэн гэмт хэрэгт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзээд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 тоот шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

1.1 Шийтгэх тогтоолын 1дүгээр заалтыг шүүгдэгч Тайжууд овогт Д.Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

1.2 Шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “Тайжууд овогт Д.Э 2015 оны  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

1.3.Шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч Д.Эрдэнэбилэгт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй “ гэж   тус тус өөрчилсүгэй

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Эрдэнэбилэг нь 2017 оны  6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 313 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан эсхүл  хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор , дээд шатны прокурор эсэргүүцэл  гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                        Т.БЯМБАЖАВ

       ШҮҮГЧИД                          Г.ТЭГШСУУРЬ

                                               Х.ГЭРЭЛМАА