Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 54

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 08 сарын 30 өдөр               Дугаар 54                                          Баруун- Урт

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Д.Энх-Амар,

Хохирогч М.Батхүү,

Иргэний нэхэмжлэгч С.Гансүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, 

           Шүүгдэгч Г.Мөнгөнсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Мөнгөнсүхэд холбогдох 201617000216 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн харьяат, 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Хангайн 01-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, /рд:ЛН90072815/ Боржигон овгийн Гансүхийн Мөнгөнсүх.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Мөнгөнсүх нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “ Цагаан дух “ гэх газар Тоёото приус-10 маркын 43-21 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т зааснаар “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж, осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн М.Батхүүгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч Г.Мөнгөнсүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 07 сарын 01-ний орой Мөнххаан суманд аавындаа ирсэн. 07 сарын 02-ны орой мориндоо ажил хийчихээд айл руу махны машинд явж байгаад осол гарсан. Ослын улмаас Батхүүгийн биед гэмтэл учирсан. Ойролцоогоор 60 км цагийн хурдтай явж байтал машины дугуй хагараад замаас гарсан. Хохирогч Батхүү бид хоёр найз нөхдийн холбоотой. Би Батхүүд эмчилгээний зардал гэж 3.000.000 төгрөг өгсөн. Би 2014 онд жолооч болсон, тухайн үед архи уугаагүй байсан. Эхнэр маань жирэмсэн одоо 10 сард төрнө. Энхэртэйгээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Осолд орсон тээврийн хэрэгсэл нь манай аав Гансүхийн эзэмшлийнх юм гэв. 

 

- Хохирогч М.Батхүү мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдардаг. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “Богд-Уул” гэх газар хөдөө гэртээ ирсэн. Манай найз Г.Мөнгөнсүх орой 21 цагийн үед манайд ногоон саарал өнгийн Приус 10 маркын машинтай ганцаараа ирсэн. Бид морь малаа хооллочихоод түүний машинтай айлруу махны машинд явахад би урд нь суугаад хөдөлсөн. Бид манай гэрээс чанх хойшоо 2.3 км орчим газар явж байтал замын эргэлтэн дээр гуядаад баруун гар талруугаа хажуулдсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие өдрөөс өдөрт дээрдэж байгаа. Надад Мөнгөнсүхээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

 

- Иргэний нэхэмжлэгч С.Гансүх мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү Г.Мөнгөнсүх нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хувиараа ажил хийдэг. Хүү маань 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мөнххаан сумын 5 дугаар баг Цагаан дух гэх газар байх хөдөө гэртээ  ирсэн. Би ногоон өнгийн приус 10 маркын автомашинтай бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой уяж байгаа морины гэдэс хийх гээд хүү Г.Мөнгөнсүхийг айлруу махны машинд явуулсан юм. Энэ үед түүний найз М.Батхүү хамт явсан. Тэгээд хэдхэн минутын дараа “ хүү чинь машинтайгаа ойчсон байна “ гэж ойр байдаг айлын хүн дуулгахаар очиход Батхүү нь хөл эвгүй байна гэж байсан. Харин Мөнгөнсүх гар хөл нь шалбарснаас биш бусдаар гайгүй байсан. Би Хэнтий аймгийн Чимэддорж гэх хүнээс 2016 оны 06 дугаар сарын сүүлээр 4 сая төгрөгөөр авсан. Тэгээд аваад удаагүй байж байгаад осол болсон болохоор 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Авах үедээ гэрээ хийх гэсэн боловч амжихгүй явсаар байгаад сүүлд хийлгэсэн. Бид хоёрын дунд ямар нэгэн өр төлбөр байхгүй. Уг автомашиныг хүү Мөнгөнсүх бид хоёр унадаг болохоор Мөнгөнсүхээс нэхэмжлэх зүйл байхгүй, 43-21 ХЭҮ дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм гэв.

 

- Гэрч Д.Чимэддоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Уг машиныг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн С.Гансүх гэх хүнд 4 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед бичиг баримтаа шилжүүлээгүй болохоор нотариатаар тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг машин нь одоо миний эзэмшлийнх биш юм. С.Гансүх гэх хүний эзэмшлийнх тул эвдэрч, гэмтсэн зүйл надад хамаагүй... гэх мэдүүлэг, /хх-13/

 

- Гэрч Г.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Г.Мөнгөнсүх нь эхээс 6-уулаа бөгөөд айлын 2 дахь хүүхэд, 4 дүүтэй юм. Мөнгөнсүх нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эхнэрийнхээ хамт амьдардаг. Уурхайд ковш жолооддог байсан. Бага насаа ээж аавынхаа гар дээр өссөн. Мөнгөнсүх нь бүрэн бус дунд боловсролтой. Хичээл сурлагандаа сайн хүүхэд байсан. Хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, морь уях сонирхолтой. Бөхийн спортоор хичээллэдэг байсан, архи уугаад байдаггүй... гэх мэдүүлэг, /хх-14/

 

- Гэрч А.Батзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Г.Мөнгөнсүхтэй 2015 онд гэр бүл болсон. Бид одоогийн байдлаар хүүхэдгүй байгаа миний бие жирэмсэн. Мөнгөнсүх нь ар гэр амьдралаа сайн авч явдаг. Хурц зан байхгүй даруу дөлгөөхөн хүн юм. Хүнтэй маргаж муудаад байдаггүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, баяр ёслолын үед хааяа найз нөхдийнхөө дунд зохистой хэрэглэдэг. Хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ажлаа тасалдаггүй цаг сайн барьдаг юм. Найз нөхөд болон хамт олныхоо дунд нэр хүнд сайн элдэв муу зуршил байхгүй ... гэх мэдүүлэг /хх-15/

 

- Шинжээчийн 36 тоот дүгнэлт: 1. Г.Мөнгөнсүх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. 2 дах асуултанд хариулагдсан болно.4. Замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...гэжээ 2016.07.09./хх-19/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 312 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1. М.Батхүүгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжний баруун талд цус хуралт, цээжний зүүн хажууд шарх, хэвлийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, аарцаг ясны олон хэсгийн зөрөөтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. М.Батхүүгийн биед нүдний зовхинд цус хуралт, цээжний баруун талд цус хуралт, цээжний зүүн хажууд шарх гэмтэлүүд нь хөнгөн зэрэгт, хэвлийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, аарцаг ясны олон хэсгийн зөрөөтэй хугарал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-15-т зааснаар эрүүл мэнд, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилээ эдгэрэлтээс хамаарна...гэжээ, /хх-22/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 311 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1. Г.Мөнгөнсүхийн биед баруун гарын шуу, сарвуу, зүүн гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..гэжээ. /хх-24/

 

           - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл.2016.07.03. /хх-5/

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл фото зургийн үзүүлэлт. /хх-6-8/

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 9/

-  Тээврийн хэрэгслийн гэрчилгээ. № 00887995 / хх-66/ 

 

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт. /хх- 33/

 

- Г.Мөнгөнсүхийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/

 

- Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-35/ 

 

- “ Ашид билгүүн “ ХХК-ны 2016.07.29-ний өдрийн 1097 дугаартай Автомашин, техникийн үнэлгээний тайлан /хх-42/

 

- Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн 2016.07.29-ний өдрийн 90 дугаартай албан бичиг/хх-43/

 

-  Г.Мөнгөнсүхийн № 968985 дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар, Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт: 2016.07.28 /хх-45/ 

 

-  Г.Мөнгөнсүхийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Мөнгөнсүх нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “ Цагаан дух “ гэх газар Тоёото приус-10 маркын 43-21 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчин осол гарган, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн М.Батхүүгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Мөнгөнсүх болон хохирогч М.Батхүү, иргэний нэхэмжлэгч С.Гансүх нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 312 тоот шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 36 тоот дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг үндэслэвэл, Г.Мөнгөнсүх нь машины дугуй шарвахад зогсоох арга хэмжээ авалгүй, хурд сааруулалгүйгээр замын зүүн, баруун гар тал руу ээлжлэн дарж хөдөлгөөнийг үргэлжлүүлснээс машин онхолдож осол гарсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ талаар гарсан Шинжээчийн 36 тоот дүгнэлт болон шинжээч Ч.Уранборын “ хэргийн газрын үзлэгээс харахад дугуй хагарсан гэх ул мөр байгаагүй. Дугуй нь шарвалт өгсөнөөс хий нь гарсан байх магадлалтай. Тухайн нөхцөл байдалд хурд тохируулаагүйгээс осол болсон гэж үзэж акт тавьсан“ гэх мэдүүлгийг  /хх-20/ үндэслэлтэй гэж үзнэ.

 

Г.Мөнгөнсүх нь машины дугуй шарвахад осол гарах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон хөнгөмсөгөөр найдаж, хөдөлгөөнөө үргэлжүүлснээр гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлджээ.

 

           Шүүгдэгч Г.Мөнгөнсүхэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл зөв, хэрэг нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон бичиг баримт хураагдаагүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол, нэхэмжлэл гаргаагүй болно. 

 

Шүүгдэгч Г.Мөнгөнсүхийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т тус тус заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Г.Мөнгөнсүх нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, тухайн хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирол эмчилгээний зардлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, хохирогчын бие махбодид хүнд гэмтэл учирсан боловч эдгэрсэн, хохирогч нь М.Батхүүтэй найз нөхдийн холбоотой, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, тэнсэж хянан харгалзахаар тогтоолоо.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Гансүхийн Мөнгөнсүхийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Г.Мөнгөнсүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 / нэг/ жилийн хугацаагаар хасч, 01/ нэг/ 03/ гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т заасныг журамлан ялтан Г.Мөнгөнсүхэд оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ялтан Г.Мөнгөнсүхэд оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Мөнгөнсүхэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 

 

6. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Батхүүд учирсан 3.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч С.Гансүх гомдол, нэхэмжлэл гаргаагүй бөгөөд ялтан Г.Мөнгөнсүх энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлс, хураагдсан бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Мөнгөнсүхэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН