| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00358/И |
| Дугаар | 130/ШШ2017/00434 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2017/00434
| 2017 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2017/00434 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын ** дугаар баг, Өмнөгол гэдэг газарт оршин суух, утас 9*********, РД:БЕ********* Төвд шигшээ овогт Б.Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ** дугаар багт оршин суух, утас 9********, 9********, РД:БЗ******** И****** овогт Х.Бд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Эксел маркийн автомашины үнээс үлдсэн мөнгө 740000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй учир амьдралаа залгуулахаар Улаанбаатар хотоос суудлын автомашин авчирч хүмүүст худалдан борлуулагдаг. 2017 оны 01дүгээр сард Улаанбаатар хотоос иргэн М.Маас Солонгос улсад үйлдвэрлэсэн Эксел маркийн 3102 УНС улсын дугаартай цагаан өнгийн, хөдөлгүүрийн дугаар 017230, аралын дугаар 859599 бүхий суудлын автомашиныг худалдан авчирсан. Тус машиныг худалдах гээд явж байхад Ногооннуур сумын иргэн Х.Б гэгч ирж миний машиныг сонирхож үзээд 1,6 сая төгрөгөөр авахаар болж тохирсон 1 сая төгрөгийг Ногооннуур сумаас авч өгч, үлдсэн 600000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөрт багтаан өгөхөөр болж тохирсон. Би худалдах машинаа хүргэж түүнтэй хамт Ногооннуур сум орсон. Х.Б нь 1,0 сая төгрөг өгнө гээд очсон боловч мөнгө нь хүрээгүй учир 860000 төгрөг бэлэн өгсөн. Үлдсэн мөнгийг дээрх хугацаанд өгөхөөр болж тохиролцоод бид хоёр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Ногооннуур сумын нотариатаар батлуулсан. Тухайн үед машины бичиг баримтыг түүний өөрт нь өгсөн ба үлдсэн мөнгийг төлсний дараа түүний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч Х.Б нь заасан хугацаанд үлдэгдэл мөнгийг өгөхгүй намайг хохироож байна. Би машиныг түүнд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бичиг баримт нь бүрэн зөрчилгүй машин байсан. Иймд иргэн Х.Баас гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс үүссэн төлбөр 740000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би машинаа зах дээр гаргаад зарах гээд байж байхад Бауыржан ээжтэйгээ цуг ирээд машиныг чинь 1,6 сая төгрөгөөр авна гэсэн. Гэр нь Ногооннуур суманд байдаг болохоор маргааш тэнд очоод банкнаас мөнгийг чинь гаргаж өгөөд явуулна гэсэн. Тэгээд очиход мөнгө төгрөг бүтэхгүй байна гээд 1 сая төгрөгийг өгөөд 600000 төгрөгийг 14 хоногийн дараа өгөхөөр болж нотариатаар бичиг хийж өгнө гэсэн. Ээж нь бас тэгж гуйгаад байсан. Ингээд бид хоёр Ногооннуур сумын нотариат дээр очоод гэрээ байгуулсан. Гэрт 1 сая төгрөг бэлэн байгаа гэсэн боловч нотариат хийлгээд гэрт нь очиход 1 сая төгрөг хүрэхгүй байна 860000 төгрөг л байна гээд 860000 төгрөг гаргаж өгсөн. Үлдсэн 140000 төгрөгийг 2 хоногийн дараа араас чинь хийгээд өгчихнө гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа нөгөө 140000 төгрөгийг хийсэн үү гээд ярихад хийгээгүй, 600000 төгрөгтэй хамт өгнө гээд явсаар байсан. Мөнгө, төгрөгөө өгөөч, би хот руу явах гээд байна гэхэд ер нь мөнгө болохгүй байна, бүтэхгүй байна гээд өгөөгүй, сүүлд нь утсаа таслаад байдаг болсон. Бауыржан ээжтэйгээ хамт машины мөнгийг 2 хоногоос хийнэ гэсэн болохоор 140000 төгрөгт ямар нэгэн баримт аваагүй, дараа нь үлдсэн 600000 төгрөгийн хамт хийнэ гэсэн болохоор итгэсэн. Машины бичиг баримт нь Бауыржан дээр байгаа. Гэхдээ нэр дээр нь буулгаж өгөөгүй. Анхнаасаа мөнгө төгрөг нь дууссаны дараа нэр дээр нь буулгаж өгөхөөр тохирсон байсан. Одоо машиныг Бауыржан унаж хэрэглэж байгаа тул Эксел маркийн автомашины үнээс үлдсэн мөнгө 740000 төгрөгийг Х.Баас гаргуулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Х.Бд гардуулсан ба хариуцагч Х.Б нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг утсаар хариуцагч Х.Бд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Мягмардорж нь Солонгос улсад үйлдвэрлэсэн Эксел маркийн 3102 УНС улсын дугаартай цагаан өнгийн, хөдөлгүүрийн дугаар 017230, аралын дугаар 859599 бүхий суудлын автомашиныг хариуцагч Х.Бд худалдсан болох нь зохигчдын хооронд байгуулан нотариатаар гэрчлүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-гээр нотлогдож байна. Энэхүү гэрээний 3-д тээврийн хэрэгслийн худалдах үнэ 1600000 төгрөг гэж тохиролцож, үлдэгдэл 600000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөрт багтааж хариуцагч Х.Б нь төлж өгөхөөр үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч Х.Б худалдан авсан Эксел машины үнээс үлдсэн 600000 төгрөгийн өглөгтэй болох нь дээрх гэрээгээр нотлогдож байгаа ба нэхэмжлэгч Б.Мийн илүү 140000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт байхгүй байна.
Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагч Х.Баас 600000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 140000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22750 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 18650 төгрөгийг хариуцагч Х.Баас гаргуулан нэхэмжлэгч Б.Мид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч И****** овогт Х.Баас Эксел маркийн автомашины үнээс үлдсэн мөнгө 600000 (зургаан зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төвд шигшээ овогт Б.Мид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 140000 (нэг зуун дөчин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч Б.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22750 (хорин хоёр мянган долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Баас 18650 (арван найман мянга зургаан зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК