| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00369/И |
| Дугаар | 130/ШШ2017/00435 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2017/00435
| 2017 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2017/00435 | Баян-Өлгий аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, 307-401 тоот, утас 9*******, РД:ЕЮ******** А******* овогт Б.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркитийн 6-26 тоотод оршин суух, утас 9********, РД:ЕП******** Б******* овогт А.Б т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М нар (Улаанбаатар хотоос онлайнаар), хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой 4258335 төгрөгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр А.Бтэй байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр 1998 оны Нуundai Mighty маркийн 9045 УНЧ улсын дугаартай, цагаан өнгийн машиныг 9350000 төгрөгөөр худалдсан. Энэ гэрээний дагуу урьдчилгаа болох 6 сая төгрөгөөс 5700000 төгрөгийг миний дансанд шилжүүлснээс хойш надад ямар ч мөнгө өгөөгүй байна. Тиймээс үлдэгдэл 3350000 төгрөг, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 300000 төгрөг, мөн хугацаа хэтрүүлсний алданги болох 608335 төгрөг, нийт 4258335 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Б.Боос 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийж, Нуundai Mighty маркийн 9045 УНЧ улсын дугаартай, цагаан өнгийн машиныг 9350000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 5700000 төгрөгийг бэлэн өгсөн ба үлдсэн мөнгийг 5 дугаар сарын 10-ны үед төлөхөөр болсон билээ. Гэтэл уг машиныг Улаанбаатараас ирэх замд мотор нь эвдэрч 3 дугуй нь буудаж, чирч ирсэн бөгөөд энэ засварт нь 1300000 төгрөг зарлагдсан. Гэхдээ уг машиныг худалдан авсан гэрээний дагуу үлдсэн 3650000 төгрөгөөс 100000 төгрөгийг хасаж үлдсэн 3550000 төгрөгийг бэлэн ирэх 8 дугаар сард төлж өгөх болно гэжээ.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн тухай саналдаа: Би өчигдөр нэхэмжлэгчтэй утсаар яриад эвлэрсэн байгаа. 3550000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь үнэн. Машин аваад наашаа ирж явж байхад 1,3 сая төгрөгийн зардал гарсан гэдгийг өөрт нь хэлсэн. Ядахдаа 100000 төгрөгийг хасаад хүү, алданги гэхгүйгээр 3550000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл төлж өгье гэж ярьсан. Тэгэхээр 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө 3550000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүрэн төлж өгөх болно гэв.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлдээ 4258335 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч А.Б нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 3550000 төгрөгийг бэлэн төлж дуусгана гэсэн тул эвлэрлийн саналыг хүлээн авч байна. Анх 4258335 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж 83090 төгрөг төлсөн байгаа. Одоо хариуцагч А.Б нь заасан хугацаанд 3550000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж өгвөл боллоо. Үлдсэн мөнгө нэхэмжлэхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Бт холбогдох тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой 4258335 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө, хариуцагч А.Бийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч эвлэрэх тухай саналыг нэхэмжлэгч Б.Б хүлээн авч доорх байдлаар эвлэрсэн болно. Үүнд:
Хариуцагч А.Б нь 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний худалдах худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч Б.Бахытбекээс Нуundai Mighty маркийн 9045 УНЧ улсын дугаартай, цагаан өнгийн машиныг 9350000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 5700000 төгрөгийг бэлэн өгсөн үйл баримтад талууд маргаагүй болно.
Энэ гэрээний дагуу машины үнээс үлдсэн 3650000 төгрөгөөс 100000 төгрөгийг хасаж үлдсэн 3550000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 71750 төгрөгийг хамт хариуцагч А.Б 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч Б.Б энэ саналыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн мөнгийг нэхэмжлэхгүй болж хоорондоо эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Батзригийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83090 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагч А.Бээс 71750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч А.Б нь машины үнээс үлдсэн 3550000 (гурван сая таван зуун тавин мянган) төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч Б.Бт төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн мөнгийг нэхэмжлэхгүй болж зохигч хоорондоо эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн 83090 (наян гурван мянга ерэн) төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Бээс 71750 (далан нэгэн мянга долоон зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК