| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00372/И |
| Дугаар | 130/ШШ2017/00436 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2017/00436
| 2017 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2017/00436 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын *** дүгээр багт оршин суух, утас 8***** РД:БВ******* Х****** байм овогт Х.Ж ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багт оршин суух, утас 8******, РД:БВ******* Е******** овогт К.Е д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ж, хариуцагч К.Е, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Дөнөн насны шар (үхэр)-ын үнэ 550000 төгрөг гаргуулах гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 7 дугаар сарын 15-ны үед К.Еаас 4 насны шарыг худалдан авсан. Гэтэл уг шарыг өөрийн малд нийлүүлэн тавьсан боловч, ижилд зугтаж очоод К.Еы өөрийн малын ижилд байсан. Дараа нь 2016 оны 11 сард миний өмчлөлийн уг шарыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд аваачин борлуулж, нэг адуу болгож авч ирж өгнө гэж авч яваад тэр чигээрээ алга болгосон юм. Нэгэнт К.Е нь надад худалдаж, үнэ өртгийг бүрэн авчхаад надад худалдсан 4 насны шарыг өөрөө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд худалдан ашигласан учраас тухайн 4 насны шарын үнэ болох 550000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд К.Еаас 4 насны шар буюу үнэ 550000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Миний бие 5 настай шарыг 600000 төгрөгөөр үнэлж К.Ед худалдсан. Үүний оронд К.Е нэг даага 2 насны, нэг гунан шар 2 насны өгсөн. Тус бүрийг нь 300000 төгрөгөөр үнэлж өгсөн. Энэ гунан шар манайхаас зугтаагаад болохгүй болохоор нь К.Ед борлуулж өгөөрэй гээд буцааж өгсөн. Тэгэхэд оронд нь адуу олж өгье, нэг бол борлуулж өгье гэсэн. Ингээд 11, 12 дугаар сард асуухад борлогдоогүй гэсэн. Дараа нь 3 дугаар сарын 01-ний өдөр үхчихсэн гэсэн. Үхсэн бол цэгийг нь үзье гэхэд үзүүлж чадаагүй. Гунан шарыг 300000 төгрөгөөр үнэлэн авсныг эхнэр маань мэдэж байгаа. Миний бие К.Ед 250000 төгрөгийн өглөгтэй байсан бол гарын баримтаа гаргаж ирэх ёстой. Надад ч гэсэн бичүүлж авсан гарын баримт байхгүй. Би нэг мал өгөөд оронд нь хоёр мал авсан. Нэгэнт үнэ тогтоох комисс нь 4 насны шарыг 550000 төгрөгөөр үнэлсэн тул шарын үнийг 550000 төгрөгөөр нэхэмжилж байна гэв.
Хариуцагч К.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн бол зөв хэлж байна. Гэхдээ 4 насны шар гэдэг нь худлаа. 2-3 настай гунан шар байсан. 5 настай шарын оронд хоёр настай гүү өгсөн. Мөн 2 настай шарыг тусад нь 250000 төгрөгөөр зарсан боловч мөнгийг нь өгөөгүй. 2,3 хоногийн дараа зугтаагаад манайд эргээд ирсэн. Өөрөө ирж аваагүй. Би Дэлүүн суманд идэшний үеэр мал аваачиж худалдсан. Тэгэхэд борлуулъя гэж бодсон боловч борлогдоогүй. Дараа нь буцаагаад аваад ирсэн. Энэ бол миний өөрийн мал байгаа. Өөрийнхөө малын үнийг юу гэж өөрөө төлж байдаг юм бэ?. Надад шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж авсны дараа 14 хоногийн дараа тайлбараа авч ирж өг гэсэн. Миний тайлбар бол энэ байгаа юм. Энэ хүн нэг шар өгөөд хоёр мал авсан гэж тайлбарлаж байна. Энэ худлаа бид амаар тохиролцоод 2 насны гунан шарыг Х.Жад 250000 төгрөгөөр тусдаа үнэлж худалдсан. Дараа нь энэ шар зугтаагаад над дээр ирсэн учраас миний бие мөнгийг аваагүй. Би шүүхэд ирэхдээ өөрийнхөө малын үнийг би өөрөө яагаад төлөх ёстой юм бэ гэж гайхаж байсан. Гэтэл энэ хүн 6 настай шарын оронд гунан шар болон 2 настай гүү хоёрыг авна гэж бодсон юм шиг байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч Х.Ж нь 6 настай шар (үхэр)-ыг хариуцагч К.Ед худалдаж оронд нэг насны гүү (дага) болон нэг насны гунан шар (үхэр) авсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Гэхдээ нэхэмжлэгч Х.Ж нь 5 настай шар (үхэр)-ыг тухайн үед 600000 төгрөгөөр үнэлж хариуцагч К.Ед худалдаж оронд нэг настай гүү (дага)-г 300000 төгрөгөөр, мөн нэг насны гунан шарыг 300000 төгрөгөөр тус тус үнэлж авсан гэх боловч хариуцагч К.Е нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй 5 настай шар (үхэр)-ыг 250000 төгрөгөөр үнэлж оронд нь хоёр насны гүү өгсөн гэж маргаж байгаа боловч талууд тухайн үед хэдэн насны шар (үхэр)-ыг хэдэн төгрөгөөр үнэлж, оронд нь хэдэн насны гүү (дага) болон гунан шарыг хэдэн төгрөгөөр үнэлж авсан эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй, нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй болно.
Мөн хариуцагч К.Е нь 2 настай гунан шар (үхэр)-ыг 250000 төгрөгөөр тусдаа худалдсан гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан Эд зүйлд үнэлгээ тогтоох үнэ ханшны тодорхойлолтоор 4 настай гунан шар (үхэр)-ыг 550000 төгрөгөөр үнэлсэн байх тул нэхэмжлэгч Х.Жын хоёр настай гүүг 300000 төгрөгөөр үнэлж авсныг хасаж, үлдсэн гунан шар (үхэр)-ын үнэ 250000 төгрөгийг хариуцагч К.Еаас гаргуулан нэхэмжлэгч Х.Жад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17150 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 8150 төгрөгийг хариуцагч К.Еаас гаргуулан нэхэмжлэгч Х.Жад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч РД:БВ******* Есагасы овогт К.Еаас дөнөн насны шар (үхэр)-ын үнэ 250000 (хоёр зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РД:БВ******* Харахас байм овогт Х.Жад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 300000 (гурван зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч Х.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17150 (арван долоон мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.Еаас 8150 (найман мянга нэг зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Жолболатад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК