Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч В.Батдэлгэр,

хохирогч Л.Г, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналын прокуророос Г.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Г.Д /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

             Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй-2” худалдааны төвд Л.Гтай “муудсан мах зарсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт мөргөж, цохисны улмаас биед нь хамар ясны баруун, зүүн хажуу хана, таславчийн нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамар, зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “Г манай эхнэрт мах зарсан байсан. Манай эхнэр өмнө нь зарсан мах чинь муудсан байна гэж хэлэхэд хүлээж аваагүй учраас би дараа нь уулзаад зарсан мах чинь муудсан байна гэж хэлсэн. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагад өгөх гэж байснаа болиод “Сандей” худалдааны төвд эрүүл ахуйн эмчид тухайн махыг өгч “Тухайн хүмүүст хэлээд өгөөч, бид нар хэлсэн ч нэмэр болохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 25-ны өдөр эмч дээр очоод “Шинжилгээнд өгсөн махны хариу яаж гарсан бэ” гэж асуухад “доор хөргөгчинд хийсэн очоод аваад ирье” гэхэд хохирогч Л.Г хөргөгчинд нь хийсэн байсан махыг гаргаад хаячихсан байсан. Би “яагаад шинжилгээнд өгөх гэж байсан махыг өгөөгүй вэ, аль аль нь буруутай байна” гэж шаардлага тавьснаар маргаан үүссэн. Би эхлээд ахын дүү нөгөө махаа солиод өгчих гэж хэлэхэд “сольж өгөхгүй” гэж хэлсэн. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Г мэдүүлэхдээ: “Би Сандей худалдааны төвд махны лангуу ажиллуулдаг. 10 дугаар сарын 30-ны өдөр манай ахаас шинжилгээний бичигтэй хоёр адуу ирсэн. Тухайн махнаас нэг гуяыг нь Зулаа эгч авъя гэхээр нь шулж янзлаад гуяыг 4 хэсэг болгосон ба Зулаа тухайн махыг үнэрлэж үзээд маргааш авна гэсэн боловч 5-6 хоног хөргөгчид байлгасан. Намайг хөдөө явсны дараа махаа ирээд авсан байсан. Тэгээд 40-50 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 17-ны өдөр мах муудсан талаар надад хэлсэн. 12 дугаар сарын 22-ны өдөр дахин хэл ам хийж, намайг ална гэж хэл амаар доромжлоод явсан. 12 дугаар сарын 25-ны өдөр дахин маргалдсан. Тэгээд би тамхины лангуу руу Бэ эгчтэй цуг очоод “Та махаа аваад ир таны махыг төлөөд өгье” гэсэн чинь “үгүй би махыг чинь шинжилгээнд өгч чамайг хоолгүй болгоно” гэж хэлсэн. Тухайн махыг манай хөргөгчид хийсэн байсан ба шинэ мах ирэхээр нь цэвэрлэх гээд үлдсэн жижиг махаа гаргаад хаячихдаг учраас нөгөө хийсэн байсан махыг гаргаад хаячихсан. ...Намайг заамдаж аваад цохиход миний хамар мурийсан. Би одоог хүртэл лангуу дээрээ тогтвортой сууж ажиллаагүй. Ажил дээр “надад 7.000.000 төгрөг өгсөн, намайг шүүхэд өгсөн” гэж яриад байгаа учраас ажиллахад хэцүү, стресстэй байна. Эмчилгээний зардал 3.484.000 төгрөгийн хохирол болсон. Эмчилгээний төлбөрөө гаргуулж авбал гомдолгүй гэсэн чинь Г.Д төлөхгүй гэж хэлсэн. Миний 8 сарын дансны хуулганы дундаж нь 19.236.000 төгрөг болсон. Уг мөнгийг гаргуулахыг хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй-2” худалдааны төвд хохирогч Л.Гтай “муудсан мах зарсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны баруун, зүүн хажуу хана, таславчийн нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамар, зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие “Сандэй-2” худалдааны төвд махны ченж хийдэг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хамт ажилладаг Зулаа гэх эмэгтэй адууны гуяны мах авъя гэсэн. Тэгээд маргааш авъя гэсэн боловч авахгүй хөргөгчид 7-8 хоног хадгалуулсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зулаа ирээд “муудаж, үнэр орсон мах байна, буцаагаад ав” гэхээр нь би авахгүй чамд хөдөөнөөс ирсэн шинэ мах өгсөн, чи махаа авахгүй олон хоног хонуулсан, түүнээс хойш сар гаран болсон байна, одоо юу боллоо гэж чамаас би муудсан мах авах юм гэж хэлээд Зулаа бид 2 маргалдсан. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Зулаагийн нөхөр Д ирээд хэрүүл маргаан хийсэн. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим Д ирээд дахин хэрүүл маргаан хийгээд миний цамцнаас татаж хамар хэсэг рүү 1 удаа мөргөж, гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед тамхины лангуу ажиллуулдаг Доо гэх залуу Г дээр ирээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би салгах гэж очсон. ...Тэгтэл Доо Гыг өөр лүүгээ татаж хамар хэсэг рүү нь мөргөсөн. Тухайн үед Г Дийн биед халдсан гэхээр зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед Архангай аймгийн Хайрхан суманд байсан ба 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр Г хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Уг маргаанаас болж манай нөхөр Г нь 2 удаа татаж унасан байсан. ...Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хийж байхад махны ченж Г, тамхины лангуу ажиллуулдаг Д 2 маргалдаад зогсож байсан. ...Тухайн үед Г, Д ах 2 нэг нэгнийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад Г тухайн махыг 4 хувааж хүнсний скочоор боочихоод махыг 2021 оны 11-р сарын 7-ны өдөр Гын хөргөгчнөөс авсан. Намайг мах авахад хөлдөөсөн байсан болохоор авч гэрийнхээ хөргөгчинд хийсэн. 2021 оны 12-р сарын 17-ны өдөр тухайн махаар хоол хийх гэж задалж үзэхэд мах нь өмхийрсөн байхаар нь энэ талаар нөхөр Дид хэлсэн. Маргааш нь би Гд тухайн махны хэсгээс аваачаад үзүүлэхэд Г би махыг нь сольж өгч чадахгүй та өөрөө муутгасан байна гэж хэлсэн.  ...Тухайн үед яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг Д дээр очиход Гтай маргалдаж зодоон хийсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №1029 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Л.Гын биед хамар ясны баруун, зүүн хажуу хана, таславчийн нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамар, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хэргийн 42-43 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Г Д хоёр маргалдаж байгаад Д Гыг өөр лүүгээ татах гэж байгаад мөргөх үйлдэл гаргаж байгаа харагдав...” гэх тэмдэглэл /хэргийн 57-58 дугаар хуудас/,

“Мед Траума” эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Дүрс оношилгоо шинжилгээний “...Хамрын хянга ясны баруун хажуу хананд ялимгүй зөрүүтэй, зүүн хажуу хананд зөрүү ихтэй, хамрын таславч өмнөд хэсгээр бага зэрэг зөрүүтэй нийлмэл хугарлуудтай, эргэн тойрны зөөлөн эдэд хавантай. Хамрын таславч зүүн тийш мурийлттай...” гэх хариу /хэргийн 63 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Гтай маргалдаад “би чамайг хачин болгон шүү” гэх мэтээр дайрч эхлэхээр нь би 1 удаа цохисон. Мөн хоолой боож байх үед Дөлгөөн салгах гэж оролдох үед гар сулрахаар нь хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. ...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 54-56 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 72, 73 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 80 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 81 дүгээр хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 82-126 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 157-161 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй-2” худалдааны төвд хохирогч Л.Гтай “муудсан мах зарсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны баруун, зүүн хажуу хана, таславчийн нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамар, зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Д нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч Г.Д болон түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч Г.Дийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд зарцуулсан буюу гэмт хэргийн хор уршигтай холбоотой 3.598.894 төгрөгийн баримт хэрэгт авагдсанаас /хэргийн 64-70 дугаар хуудас/ 705.980 төгрөгийн баримт хэрэгт давхардсан байх ба шүүгдэгч Г.Д нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид эмчилгээний зардал төлбөр төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Доос хохирогчийн эрүүл мэндэд зарцуулсан эмчилгээний зардал буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох 2.892.914 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Гд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Харин хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хохирогчийн ажилгүй байсан үеийн олох ёстой байсан орлогын болон түүнд холбогдох бусад баримтыг гарган өгч шүүгдэгчээс 19.236.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцон нэхэмжилснийг шүүх энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.  

             Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заасан тул хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.   

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

   Шүүгдэгч Г.Дийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

   Шүүхээс шүүгдэгч Г.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Дид 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Доос гэмт хэргийн хор уршигт 2.892.914 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Гд олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО