Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

Хохирогч: С.Б,

Шүүгдэгч: З.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хр овогт З-н Т-д холбогдох эрүүгийн 2205000000019 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл ..., ... хамт, ........ тоотод оршин суух, /РД:/ урьд ял шийтгэлгүй, Х овогт З-н Тн.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн орчим хохирогч С.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан түүний цээж хэсэгт гараараа цохих, хөл хэсэгт өшиглөх, гарыг өчих зэргээр биед нь зүүн сарвууны 4, 5 дугаар хурууны далд хугарал, хүзүүнд цус хуралт, баруун сарвуу, шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч З.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

2. Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд Барс захын хойд талын замын нэгдүгээр эгнээний орчимд 00-00 УБУ улсын дугаартай саарал өнгийн Ниссан Вингроүд маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой замын хөдөлгөөний дүрмээр явсангүй, шахлаа гэж хоорондоо маргалдахад намайг заамдахаар нь би зууралдаад би тэр залууг доороо хийгээд газар унасан. Би дээр нь байх үед хажуугаар явж байсан хүмүүс ирээд бид хоёрыг салгаад би эргээд машин руу суух гэхэд миний баруун талын шилбэ рүү өшиглөөд зүүн талын цээжний хэсэг рүү гараараа цохихоор нь би тухайн залуугийн хөлийг нь барьж аваад унагаагаад дахин зууралдсан. Энэ үед миний зүүн гарын ядам болон чигчий хуруу дээд хоёр хуруугаа даваад эргэчихсэн байхаар нь би хуруугаа хугарсан гэдгийг мэдсэн. Би хэзээ хугарсан талаар мэдэхгүй байгаа бөгөөд зууралдах үед гэмтсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүгдэгч надад 2 сая төгрөг өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 207 дугаартай “...С.Б-н биед зүүн сарвууны 4, 5 дугаар хурууны далд хугарал, хүзүүнд цус хуралт, баруун сарвуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 225 дугаартай “...З.Т-нн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 тал/,

 

5. 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Д-н “...ойр орчимд холбогдох хяналтын камер байгаа эсэхийг шалгахад ач холбогдол бүхий хяналтын камер байхгүй байв. Замын урд талын аж ахуй нэгжүүдийн хяналтын камерт ач холбогдолгүй, тухайн хэрэг учрал болсон гэх газар луу тусгалгүй байсныг тус тус мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл /хх-ийн 49 тал/,

 

6. Хохирогч С.Б-н Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “...2.000.000 төгрөг барагдуулсан тул цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх бичиг /хх-ийн 69 тал/,

 

7. Шүүгдэгч З.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би 15 цаг 40 минутын орчим Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урд талын зам дээр гэрлэн дохиогоор эргэж байхад хажуугаас Приүстэй залуу шахаад намайг машинтай маань эсрэг талын урсгал руу оруулсан. Тэгээд би араас нь очоод хажууд нь зэрэгцэж зогсож байгаад аятайхан яваач, аваар осол гаргалаа гэсэн чинь өөдөөс хараалын үгээр хараасан, тэгэхээр нь би машинаас бууж очоод тэр залуутай маргалдсан. Би эргээд машиндаа суугаад явж байсан чинь Барс захын харалдаа нөгөө залуу чинь машинтай миний урдуур шахаж орж ирж зогсоод машинаасаа бууж ирээд намайг буугаад ир гэсэн. Буугаад очсон чинь тэр залуу над руу дайраад бид 2 барьцалдаж авсан. Би тэр залууг түлхсэн чинь тэр залуу миний хоёр хөлийг гараараа хамж аваад намайг газар унагаасан, тэгээд дээр гарч цээжин дээр дарж суугаад хоолой гараараа боох үйлдэл хийсэн. Тэгээд би бачуураад гартай нь ноцолдоод ереесөө босгож чадаагүй, тэгсэн чинь замаар явж байсан машинтай хүн бууж ирээд болиоч ээ чи хүн аллаа гээд тэр залууг миний дээрээс салгасан. Тэгээд би босоод куртик, цамцаа тайлаад сэгсэрч байхдаа нөгөө залууд хандаад чи куртик цамц урчихлаа гэсэн чинь тэр залуу дахиж хүрж ирээд миний хоёр хөлийг хамж унагаагаад дахиж дээр гарж суугаад хоолой боосон, тэгээд би амьсгалж чадахгүй хоолой боогдоод, бачуураад тэр залуугийн гарыг тавиулах гээд гартай нь тэмцэлдэж гарыг нь хоолойноосоо холдуулаад түлхээд тэгээд би боссон. Тэгээд цагдаа дуудсан чинь цагдаа ирэхгүй удаад байхаар нь би хүүхдээ сургуулиас нь авах гээд яараад яваад өгсөн. Цагдаагаас удалгүй дуудсан. ...Хохирогчид учруулсан гэмтлийг би л учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 2 сая төгрөг өгсөн. ...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Т-н хувийн байдалтай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 тал/,иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 41 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 42 тал/, хөдөлмөр халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 43 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 44 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 45 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч З.Т- гээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 10-11 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч З.Т- , хохирогч С.Б нар нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн орчимд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм баримталж явсангүй гэх шалтгаанаар хоорондоо маргалдан, улмаар харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд зүүн сарвууны 4, 5 дугаар хурууны далд хугарал, хүзүүнд цус хуралт, баруун сарвуу, шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хохирогч С.Б-н биед учирсан зүүн сарвууны 4, 5 дугаар хурууны далд хугарал, хүзүүнд цус хуралт, баруун сарвуу, шилбэнд зулгаралт” бүхий гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь хэргийн 23-24 дэх талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 207 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байх бөгөөд шүүгдэгч  шүүгдэгч З.Т- гийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор учирсан байна.

Шүүгдэгч З.Т- нь камерын бичлэг шалгуулах тухай хүсэлтийг гаргаж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ талаарх ажиллагаа хийсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болох нь 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Д-н “...ойр орчимд холбогдох хяналтын камер байгаа эсэхийг шалгахад ач холбогдол бүхий хяналтын камер байхгүй байв. Замын урд талын аж ахуй нэгжүүдийн хяналтын камерт ач холбогдолгүй, тухайн хэрэг учрал болсон гэх газар луу тусгалгүй байсныг тус тус мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэлээр нотлогдсон.

Иймээс шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т- гийн гэм буруутай идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч С.Б-д хохирол хор уршиг учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч З.Т- г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч З.Т- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүхээс шүүгдэгч З.Т- д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч З.Т- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч З.Т- д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

 

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ны эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 207 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас хэргийн 69 дэх талд “...2.000.000 төгрөг барагдуулсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэжээ.

 

Иймд энэ тогтоолоор шүүгдэгч З.Т- гээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч З.Т- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Т- д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт З-н Т- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т- д 1200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т- д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Т- д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч З.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Б-д 2.000.000 /хоёр сая/-н төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Т- д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА