Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

Хохирогч: А.К- ,

Шүүгдэгч: Н.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч У овогт Н.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105024590038 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ... эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл ..., нөхөр, ... хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД:/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, У овогт Н.О.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.О- нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ... дүүргийн ... хороо ... тоот нийтийн байранд хохирогч А.К- г зодож, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Н.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

  1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

2. Хохирогч А.К- гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ гарцаараа 4 шил 0.5 литр хэмжээ бүхий пиво ууж байгаад Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод амьдардаг найз Б-дочих үед Б  ганцаараа байсан. ...13 цагийн үед Б ын найз Ба  ирсэн. Би тасраад унтсан нэг ухаан орсон чинь миний нүднээс цус гарч байсан. Тэгээд Гэмтэл Согог судлалын үндэсний төвд очоод боолт хийлгэсэн. Би Гэмтэл Согог судлалын үндэсний төв дээр оёдол хийлгэж гарч ирээд Б аас юу болсон талаар асуусан чинь “манай найз Ба ийн эхнэр О  хүрч ирээд чиний толгой хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн” гэж хэлсэн. Би өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаа, гоо сайхнаараа хохирсон учирсан энэ хүнээс би 5 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 25-26 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэртээ 4 шил пиво уусан. Шалтгаан нь би нөхөртэйгөө муудалцсан байсан. Дараа нь Б тай яриад нийтийн байранд найзындаа очсон. Очиход Б  ганцаараа байсан. Бид хоёр дахиад нэг шил архи хувааж уусан. Би тасарсан байсан. Намайг тасраад унасны дараа Н.О гийн нөхөр болох Ба  ирсэн байсан. Би Ба ийг танихгүй. Урьд өмнө харж байгаагүй. Намайг тасраад унаснаас хойш Б тай нэг шил архи хувааж уусан. Намайг биеэ хянах чадваргүй болохыг мэдсээр байж миний хувцсыг тайлаад нүцгэлсэн байсан. Тэгээд байж байтал Н.О- орж ирээд намайг өшиглөсөн. Тухайн үед би зодуулсан болон хэн ирж зодсоныг ч мэдээгүй. Би 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

3. Гэрч Т.Ба ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байх үед эхнэр О  ажил руугаа явсан. Би 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... гудамжны ... тоот гэртээ байж байсан чинь найз Б над руу залгаад Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамжны ... тоот гэртээ байна машинаа асаах гэсэн чинь асахгүй байна чи хүрээд ирээч гэж хэлэхээр нь би гэртээ хэвтэж байна, хүүхдүүддээ хоол хийж өгчхөөд яваад очно гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн ... дүгээр хороо ...  дүгээр гудамжны ... тоот хаяг дээр очсон чинь Б, К- , Б-н найз үл таних залуу тэр гурав 0.75 литрийн хэмжээ бүхий Хараа нэртэй архи ууцгаагаад сууж байсан. Би гараад машиныг нь асааж өгчхөөд явах гэж байсан чинь Баяраа надад хандаж “чи манай гэрт ороод гар” гэхээр нь ороод цай уугаад гарах гэсэн чинь Баяраа, К-  хоёр надад хандаж нэг тат гэхээр нь үгүй гэтэл гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. ...2021 оны 11 дүгээр сарын 21-ний шөнийн 23 цагийн үед Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамжны ... тоотод К-  бид хоёр юм яриад нэг оронд хэвтэж байсан чинь К-  надад хандаж “ганц бавалзах уу” гэхээр нь тийм юм гэж юу байх уу гэсэн чинь дугараагүй. К-  бид хоёр юм яриад тэврэлдээд хэвтэж байсан чинь дуг хийсэн. Удалгүй эхнэр О  орж ирээд ширээн дээр байх зүйлүүдийг над руу шидээд хүрч ирээд намайг өшиглөх үед би босоод хувцсаа өмсөж байсан чинь над руу юм аваад шидсэн. Тэр зүйл К- гийн нүүр хэсэгт оносон. К-  босоогүй хэвтэж байсан чинь эхнэр О  түүний нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

 

4. Гэрч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо Горькийн ... тоот гэртээ ганцаараа байж байсан чинь өглөө хажуу айлын Б орж ирээд машин холбоод асаагаад өгөх найз байна уу гэж асуухаар нь байгаа хүлээж бай гэж хэлээд гаргасан. Би найз Ба ийн ... гэсэн дугаар руу залгаад хаана байгаа талаар асуухад гэртээ амарч байна гэсэн. Ирээд нэг машин холбоод асаагаад өгөөч гэж хэлсэн чинь найз нь байж байгаад яваад очье гэж хэлсэн. ...Тэгээд Ба , К-  бид гурав архи уугаад сууж байсан чинь манай найз Батцэрэн ирээд архинаас уусан. Миний авсан нэг шил архийг бид дөрөв ууж дуусгаад байж байсан чинь Ба  дэлгүүр ороод нэг шил 0.75 литийн хэмжээ бүхий архи аваад тус архийг бид дөрөв хувааж уусан. Би өөрт байсан мөнгөөр архи аваад орж ирсэн чинь Ба , К-  хоёр нэг оронд ороод хэвтсэн байсан. Хаалга чангаар цохихоор нь би хаалга онгойлгосон чинь Ба ийн эхнэр О  байсан. О  Ба  дээр очоод түүнийг өшиглөөд нэг оронд хэвтэж байсан К- гийн нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд Ба , К-  хоёрын хөнжлийг сөхсөн чинь Ба  нүцгэн, К-  хөхний даруулга, дотоожтой байсан. Би О г болиулсан чинь шил аваад шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11722 дугаартай “...А.К- гийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гар хөлөөр цохих үед үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 тал/,

 

6. Шүүгдэгч Н.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 8 цаг өнгөрч байх үед ... дүүргийн ... дугаар гудамжны ... тоот гэрээсээ гараад ажил руугаа явсан. Ажил дээрээ очоод ажлаа хийгээд байж байгаад өдрийн 13 цагийн үед нөхөр Ба ийн ... дугаар руу залгаад хаана байгаа талаар асуусан чинь би найз нартайгаа архи уугаад сууж байна гэж хэлээд утсаа салгасан, дахин залгах үед утсаа аваагүй. ...... дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжинд байдаг юмаа гэхээр нь залгаад тус хаяг дээр очсон чинь хашааны гадна манай нөхрийн машин байсан. Би хашаагаар ороход нэг давхар нийтийн байхаар нь яваад орсон чинь мухарт байх цагаан өнгийн хаалгатай өрөөнд хүмүүс шуугиад байсан. Би очоод хаалгыг нь тогшиход Б-н найз гэх үл таних залуу хаалга тайлахаар нь дотогшоо орсон чинь өрөөний паарны өмнө манай нөхөр үл таних эмэгтэй нэг хөнжилд хэвтэж байсан. Б хажууд нь сууж байсан. Би Б дээр очоод та нар ингэж найзалдаг юм уу арай ч дээ гэсэн чинь яадаг юм гэж хэлсэн. Би Ба  дээр очоод түүнийг өшиглөөд хөнжлийг нь сөхөөд үзэхэд үл таних эмэгтэй нүцгэн, манай нөхөр Ба  мөн адил нүцгэн үл таних эмэгтэйг тэврээд хэвтэж байхаар нь миний уур хүрээд хэвтэж байсан үл таних эмэгтэйн цээж нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшээд түүнийг дагуулж яваад эмнэлэгт хэвтүүлж нийт 519.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нийтийн байр руу орсон. Нөхрийнхөө найзаар нийтийн байрыг заалгаад очиход гадаа манай машин байсан. ...Б-н найз нь хаалга онгойлгож өгсөн. Ортол манай нөхөр өөр эмэгтэй хүнтэй нэг оронд хэвтэж байхыг хараад уур хүрээд хоёуланг нь өшиглөсөн. Бас шилтэй архийг аваад шидсэн. Тухайн үед уураа барьж чадаагүйгээс болж ийм хэрэг хийсэн. Би өөрийн чадахаараа хохирогчийг эмнэлгээр авч явж эмчлүүлсэн. Хохиролд 500.000 гаруй төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О-гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 47-48 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 61 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 тал/, мэргэжлийн үнэмлэх /хх-ийн 63 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 65-66 тал/, “...” эмнэлгийн “...Н.О- нь тус эмнэлэгт сувилагчаар ажилладаг үнэн болно...” гэх албан тоот /хх-ийн 67 тал/, Хас банкны депозит дансны хуулга /хх-ийн 72-93 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.О гээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 13-14 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.О- нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ... дүүргийн ... хороо ... тоотнийтийн байранд хохирогч А.К- г хардалтын улмаас зодож, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд шарх, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч А.К- , гэрч Т.Ба , М.Б  нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч А.К- гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээч эмчийн 11722 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч А.К- гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Н.О гийн хохирогчийг өшиглөсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Н.О- нь хохирогч А.К- г цохиж, өшиглөхөд түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.О г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.О- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.О д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Н.О д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.К- гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11722 дугаартай тогтоогдсон ба шүүгдэгч Н.О- 519.200 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар баримтыг гарган өгсөн байна.

 

Иймд энэ тогтоолоор шүүгдэгч Н.О гээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин хохирогч А.К-  нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, 5 сая төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлж байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

 

Энэ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.О- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.О д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Н-ы О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.О-д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  А.К- д хохирол хор уршигт тооцож 519.200 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч А.К нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА