Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч М.Анхбаяр,

Шүүгдэгч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б-н овогт Г-н Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105023720143 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д мах бэлтгэгч ажилтай, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух /РД:/,

Урьд Чингэлтэй дүүргийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б-н овогт Г-н Н.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Н- нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудалд хохирогч Б.-тэй хамт байхдаа түүний эзэмшлийн Хуавэй Нова Ти-5 загварын гар утас болон Хаан банкны виза картаас нь 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Н-д 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Г.Н ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

 

          1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

          2. Хохирогч Б.Н-н Хаан банкны депозит дансны “...2021.10.27 ...350.000 төгрөг зарлага...” гэх дансны хуулга /хх-ийн 5-7 тал/,

 

          3. Хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хүчит шонхор зах дээр мах бэлтгэдэг. Тухайн үед зах дээр хамт мах бэлтгэдэг залуу Г.Н тай таарсан ба Нараа халамцуу уучихсан байсан. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамт архи уухаар болж Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ зочид буудалд би болон Н , манай танил охин З-  болон З- гийн найзтай дөрвүүлээ орсон. Тэгэхдээ Н  болон З нарын бичиг баримтыг бүртгүүлээд 203 тоот өрөөнд орцгоосон. Орохдоо нэг шил архи нэг том пиво авч орсон ба тэндээ ууж сууцгааж байгаад З-  найзтайгаа 02 цагийн орчимд харилаа гээд яваад өгсөн. Н  бид хоёр үлдээд хоёулаа өрөөндөө унтацгаасан. Өглөө 07 цагийн орчимд сэрээд Н  бид хоёр хамт гарч доод талынх нь дэлгүүр ороод нэг шил архи, ундаа тамхи аваад буцаад өрөөндөө ороод архинаасаа ууж байгаад өдөр 12 цаг хүртэл жоохон унтая гээд эргээд унтсан. 12 цагийн үед буудлын хүн нь ирээд гараарай гээд намайг сэрээсэн. Сэрэхэд би ганцаараа сэрсэн ба миний Хуавэй нова-5 маркийн цэнхэр өнгийн гар утас байхгүй. Мөн хаан банкны карт байхгүй болчихсон байсан. Ингээд Н  руу залгахад утас нь унтарсан байсан. Тэр өдрөөс хойш холбогдоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Н  нь миний утасны код болон картны нууц үгийг мэддэг учир нь нэг дор ажилладаг болохоор байнга картаа өгч дэлгүүрээс юм авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,  

 

            4. “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “...Huawei Nova 5t /128 gb хуучин/ гар утас 500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-19 тал/,

 

5. Шүүгдэгч Г.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сард би Хүчит шонхор зах дээр мах бэлтгэдэг байсан. Н-  бид хоёр найзууд тэдний ээж манай аав хоёр хуурай ах дүүс байгаа. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаа тараад Н-  бид хоёр архи ууж эхэлсэн. Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах Гэгээ зочид буудалд Нандин-Эрдэнийн таньдаг 2 охинтой хамт дөрвүүлээ буудалд орж хоносон. ...Ингээд өглөө нь босоод Н-  бид хоёр доошоо бууж хажуу талын дэлгүүр орж дахин нэг шил архи аваад буудлын өрөөнд орж хувааж уусан. Н-  тасраад унтчихсан. Би жаахан байж байгаад Нандин-Эрдэнийн Huawei nova 5t маркийн гар утсыг нь ширээн дээр байхаар нь аваад бас хаан банкны карт нь байхаар нь хамт аваад гараад явсан. Би маргааш нь Дорнод аймаг руу явсан. Гар утсыг нь Дорнод аймагт байхдаа 300.000 төгрөгөөр зарчихсан. Хаан банкны виза картыг авч явж байгаад нэг мэдсэн чинь алга болчихсон байсан. Тухайн үед би Өргөө кино театрын тэр хавьд АТМ-ээс 350.000 төгрөг гаргаж авч байсан. Мөнгөө замын зардалд ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 43 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 44-45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 49 тал/, гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н  нь зан байдлын хувьд хүний үгээр зөөлөн даруухан аавынх нь бие муу байдаг учраас ажлаа л хийнэ. Өөр тийш яваад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-58 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Н аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 9-10 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Н-н Хаан банкны депозит дансны хуулга, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Н- нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” зочид буудалд хохирогч Б.Н- тэй хамт байсан байх ба хохирогчийг унтсан хойгуур түүний эзэмшлийн Huawei Nova 5t загварын гар утас болон Хаан банкны виза картыг авч, улмаар виза картаас нь 350.000 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан, мөн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг бусдад 300.000 төгрөгөөр зарж борлуулан хувьдаа ашигласан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

 Шүүгдэгч Г.Н ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

 

Мөн хохирогч Б.Н- д нийт 850.000 төгрөгийн учирсан болох нь хэргийн баримтаар нотлогдсон.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.   

 

Шүүгдэгч Г.Н- нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Н ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н- нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Н- нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

 

Шүүхээс шүүгдэгч Г.Н т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, шүүгдэгч Г.Н т 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Г.Н- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “...Huawei Nova 5t /128 gb хуучин/ гар утас 500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Б.Н-н Хаан банкны депозит дансны “...2021.10.27 ...350.000 төгрөг зарлага...” гэх хуулга, хохирогч, шүүгдэгч нарын агуулгын зөрүүгүй мэдүүлгээр энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н- д нийт 850.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Н аас 850.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н- д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Н ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-н Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н т 600 /зургаан зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Н т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н аас 850.000 /найман зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Б овгийн Б-н Н-  /РД:/-д олгосугай.

 

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА