Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 10

 

Д.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч: *******

Шүүгдэгч Д.Э

            Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан хийж,           

 

Дундговь аймаг дахь сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Д.Э т холбогдох эрүүгийн 201712000090 тоот хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг *******,******* тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн ******* тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй гэх, /регистрийн дугаар / овгийн Д.Э

  

Шүүгдэгч Д.Э нь давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 59 дүгээр байрны 2 тоотод оршин суух  Ц.Д гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 10570000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 9 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух Д.И гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 680000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 30 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн О.Б гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 920000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихын - дүгээр гудамжны 18 тоотод оршин суух иргэн Д.А гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 2440000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн ийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 4236400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 30 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн Д.Ч гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 22490000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: 

              Шүүгдэгч Д.Э давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

               Шүүгдэгч Д.Эт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд  эдлүүлэхээр,

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 14 /арван дөрвөн/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эаас 1.270.000 /нэг сая хоёр зуун далан мянган/ төгрөг гаргуулж хохирогч  Ц.Д олгож,

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “yongyi” гэсэн бичигтэй шаргал өнгийн цоож 1 ширхэг, цэнхэр өнгийн бичиг нь арилсан цоож 1 ширхэг, хар саарал өнгийн үүргэвч, ажлын бээлий 2 ширхэг, Оюутолгой гэсэн бичигтэй саравчтай малгай, хар өнгийн маск, улаан иштэй бахь, төмөр хасуур, улаан алаг гар чийдэн, асаагуур, 10 ширхэг эм, жижиг цагаан савтай шингэн зүйл, арьсан багажны савыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт  даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Ц.Д хохирлоос 1.270.000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлж чадаагүй байсан бөгөөд  ах Эрдэнэбаатар өмгөөлөгч Г.Л данс руу мөнгийг шилжүүлэн өгснийг Ц.Д данс руу шилжүүлэн өгч хохирол төлбөр барагдуулсан болохыг хохирогч Ц.Д хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн болно. Хохирол төлсөн баримтыг хавсаргасан.

Иймд Д.Э надад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж тэнсэж өгнө үү гэжээ.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хохирогч Ц.Д хохирлыг төлж барагдуулаагүй үндэслэл тогтоогдсон. Иймээс анхан шатны шүүхээс учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй гэсэн үндэслэлээр тэнсэн харгалзах боломжгүй гэсэн дүгнэлт хийж хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогчид 1.270.000 төгрөгийг төлсөн гэж тайлбар бичүүлж ирсэн байна. Иймээс шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн 61-р зүйлд заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь тухайн гэмт хэргийг үйлдэж анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед хохирогч Ц.Д хохирол 1.270.000 төгрөгийн үлдэгдлийг төлж чадаагүй, бусад хохирогч нарын хохирлыг төлсөн байсан. Хохирогч нь Давж заалдах шатны шүүхэд хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан. Иймээс 2002 оны Эрүүгийн хуулийн 61-р зүйлд зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан ялыг өөрчилж тэнсэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн ийн гэрт хууль бусаар нэвтэрч 4.236.400 төгрөгийн эд зүйл, 2017 оны 5 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 59 дүгээр байрны 2 тоотод оршин суух Ц.Д гэрт хууль бусаар нэвтэрч, 10.570.000 төгрөгийн эд зүйл, 2017 оны 6 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Сайнцагаан сумын 5 дугаар баг, Равжихын  11 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух Д.А гэрт хууль бусаар нэвтэрч 2.440.000 төгрөгийн эд зүйл, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сайнцагаан сумын 7 дугаар баг, 30 дугаар байрны 1 тоотод оршин суух Д.Ч гэрт хууль бусаар нэвтэрч 22.490.000 төгрөгийн эд зүйл,  2017 оны 6 дугаар сарын 03-аас 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржгины 30 дугаар гудамжны 4 тоотод оршин суух О.Б гэрт хууль бусаар нэвтэрч 920.000 төгрөгийн  2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 9 дүгээр гудамжны 10 тоотод суух Д.И гэрт хууль бусаар нэвтэрч 680.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн үйл баримт болон Эрүүгийн хууль хэрэглээний асуудалтай нийцээгүй  байна.

         Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гомдолд дурдсан асуудлыг хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

         Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 1 сар 18 хоногийн хугацаанд Улаанбаатараас Дундговь аймгийн Сайнцагаан суманд ирж 6 удаагийн үйлдлээр 6 иргэний гэрт хууль бусаар нэвтэрч, 41.336.400 төгрөгийн  эд зүйл хулгайлсан байна.

        Шүүгдэгч Б.Д.Э нь давтан үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, Давж заалдах шатны шүүхэд зүйлчлэлийг өөрчлөх эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй учир шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзсэн болно. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан учир шүүгдэгчийн  гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

            Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.  

 

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1,2,3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

    ШҮҮГЧИД                               Г.ТЭГШСУУРЬ

                                                 Х.ГЭРЭЛМАА