Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/203

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Анужин,

Шүүгдэгч: Э.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э.У холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000078 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ...хотод төрсөн... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...” ХХК-д дээвэрчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт ... дүүргийн...  дугаар хороо ... гудамжны .... тоотод оршин суух /РД: / урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.У.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.У- нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн урд талд хохирогч М.Т-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Э.У-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

2. Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа буугаад машинтайгаа өглөө 10 цагийн үед найз залуу болох Т- , найз С- нартай Т эргээд харих гэж байхад У гээд таньдаг залуу замын хажуу эгнээнд машинтайгаа явж байсан. Замын хажууд бид нар машинтайгаа зогсоод Т-  машинаас буугаад У-тай очиж уулзсан. Т, У-д “манай найз охиныг битгий янхан, гичий гээд доромжлоод фэйсбүүкээр мессеж бичээд бай” гээд тэр 2 муудалцсан. У  Т- тэй дух духаа нийлүүлээд зодолдчих гээд байхаар нь би найз Солонгоотой хамт машинаас буугаад Т- ийг салгаад авч явсан. Орой 20 цагийн үед Төөмкө гэх залуу Т-  руу фэйсбүүкээр “Өргөө дээр уулзъя” гэсэн. Орой Т- тэй хамт Өргөө автобусны буудал дээр очиход Төөмкө урдаа нэг охин суулгачихсан, У  урд талд машинтайгаа зогсож байсан. Тэгээд Төөмкө араас дагаад явчих гэхээр нь ардаас нь дагаад нэг байрны дунд очиж зогссон. Т-  машинаасаа буугаад Т-тэй уулзчихаад машиндаа орж ирээд нээх юм ярьсангүй явья гээд машинтайгаа хөдөлсөн. Хорооллын Оргил худалдааны төвийн урд явж байхад араас Төөмкө машинтайгаа ирээд “У  ирж байна, наанаа зогсож бай” гээд У г хүлээсэн. У  машинтайгаа араас ирээд дотроос нь 5, 6 залуучууд машинаас нь бууж ирээд Т- ийг дуудсан. Би машины толинд юу болохыг хараад сууж байсан. Т-  тэд нар дээр очоод юу болсон талаар мэдэхгүй байна. Цагдаа нар ирэхэд бүгд тарцгаасан Т-  харин хамраа дарцан ирж байсан. Би Т- ээс юу болсон талаар асуухад У- ах нараа дуудаж ирчхээд ардуур нь явж байснаа гэнэт нүүр рүү мөргөчихлөө гэж надад хэлсэн. ...Т- ийн хамрыг У- мөргөснөөс болж хугарсан. Гэмтлийн эмнэлэг ороод зураг авхуулахад хамар нь хугарсан байна гэсэн. Тухайн үед хамараас цус гарсан, гэхдээ их хэмжээний цус гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12 тал/,

 

3. Насанд хүрээгүй гэрч С.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бодлоор Т-  миний машиныг унаад осол гаргасан. Тэгээд би мөнгөө төлөөрэй гээд жолооны үнэмлэхийг нь авсан байсан. Тэрийгээ авах гээд У аас намайг асууж маргалдсан. Над руу Т- ийн фэйсбүүк чатаар найз охин болох О  уулзъя, Т- ийн үнэмлэхийг авъя гэхээр нь би 100.000 төгрөг өгөөд аваарай гэж хариу бичсэн. Тэгээд орой хороололд Өргөө кино театрын урд ярьж байгаад уулзсан. ...Тэгээд Т- ийг дагаад яв гээд нэг байран дундуур ороод У г хүлээсэн. Удалгүй Т-  яваад өгөхөөр нь араас нь машинтайгаа очиж зогсоогоод урд нь гарсан. У  хоёр ахыгаа дагуулаад араас нь Оргил худалдааны төвийн хойд талд ирсэн. Т-  бууж ирээд У-г гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. У  Т- ийн 2 гарыг нь бариад нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

4. Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа өглөө 06 цаг өнгөрч гараад цуг ажилладаг О , түүний найз залуу Т- , найзтайгаа цуг ажлаас гарсан. Тэд нар намайг гэрт хүргэж өгнө гэсэн. Титэм плазагийн урд замаар дээшээ Цамба руу явж байсан. Тухайн үед би зүүрмэглээд нүдээ аньчихсан машины хойд талын суудлын баруун талд нь явж байсан. Т-  машинаа зогсоогоод Саппорогийн ард бууж хаалга дуугарахад нь би сэрсэн. Юу болоод байгаа юм бол гээд машинаас буухад У- гэх залуу, Т-  хоёр би бие рүүгээ пизда вэ, лалар минь гээд нэг залуугийн тухай хэрэлдээд хараагаад байсан. У-г чи одоо яах гээд байгаа юм гэтэл О  уурлаад хая хая явъя гээд Т- тэй машинтайгаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 994 дугаартай “...М.Т- ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Амь насанд аюул учруулахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

 

6. Шинжээч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Т- ийн биед үүссэн гэмтэл шинэ гэмтэл байна. Зарим тохиолдолд цус гарна, зарим тохиолдолд цус гарахгүй тохиолдол байдаг, хамар битүүрдэг. Хүний хамар руу нэг удаа мөргөхөд хамар хугарах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

7. Хохирогч М.Т- ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өглөөний 7 цагийн үед найз охин О , түүний ажлын 2 охинтой хамт машинтайгаа Цамбагаравын автобусны буудлын ойр явж байхад У- гэгчтэй таарсан. У- манай найз охиныг фэйсбүүк чатаар урьд нь доромжлоод байхаар нь би тэр үед таарчхаад У-т хандаж “битгий манай найз охиныг доромжлоод бай, уучлалт гуй” гэж хэлэхэд над руу “чи ямар хүнээр оролдсон гэдгээ мэдэж байна уу” гэхээр нь би “мэдэхгүй байна” гээд байж байтал манай найз охин чимээгүй явъя гээд намайг дагуулаад явсан. Тэгээд өдөр нь хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна, У-н найз гэх Т гэгч фэйсбүүк чатаар над руу “найз яагаад байгаа юм, одоо уулзаж учраа олъё, орой Цамбагаравын ойролцоо байрлах Титэм плазагийн гадна уулзъя” гээд байхаар нь би түүнд хандаж “Би Цамбагарав руу явж амжихгүй, чи өргөө дээр хүрээд ир” гэсэн чинь орой нь 11 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Өргөө кино театрын урд би найз охин болон 2 найзынхаа хамт машинтай очсон чинь Төөмкө, У- болон түүний нэг эрэгтэй найз гурвуулаа 3 машинтай ирчихсэн байсан. Тэгээд Төөмкө гэгч нь намайг хойшлоод байрны дунд очъё гэхээр нь би “тэгье” гээд Өргөөгийн хойно байрлах байрны голоор ороход У  байхгүй болчихсон болохоор нь би “У  яасан юм” гэсэн чинь Төөмкө “У  одоо ирж байгаа” гэхээр нь би тоохгүй тэд нарыг хаячхаад машинаа асаагаад хөдлөөд Оргил төвийн туслах замаар гарч ирээд хорооллын эцэс тал руу эргээд Оргил худалдааны төвийн урд зам дээр явж байтал миний машины урдуур Төөмкө акуа маркийн машинтайгаа шахаж орж ирээд намайг зогсоосон чинь араас нөгөө найз нь соната-6 маркийн машинтай хойноос тулж ирээд зогссон. Би машиныхаа цонхыг буулгаад Төөмкө гэгчид “Би явъя” гэсэн чинь тоохгүй машиндаа суугаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн чинь 20 минутын дараа У  араас машинтайгаа ирээд дотроос нь 5 хүн бууж ирэхээр нь би машинаасаа буугаад У д хандаж “яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь У  юм дуугаралгүй над руу ирээд намайг зүүн гараараа миний баруун шанаа руу нэг удаа цохихоор нь би салах гээд ноцолдож байтал У  миний бэлэг эрхтнээс чанга базтал тэнд хамт ирсэн ах нь бололтой нэг залуу бид хоёрыг салгаад намайг “Хоёулаа юм яръя” гээд У гаас холдуулсан чинь У  дахиж араас ирээд духаараа миний хамар хэсэг рүү мөргөсөн. Би цагдаад юу болсон талаар ярьсан чинь намайг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд гомдлоо гарга гээд явуулсан. У  намайг цохиж миний хамарт гэмтэл учруулсныг манай найз охин О  харсан. Би хамрын хагалгаанд орж хамраа тэгшлүүлэх шаардлагатай. Тухайн гарах зардлыг У аар төлүүлэх хүсэлтэй байна. ...Мөнгөн эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг, лазер мед эмнэлэгт үзүүлсэн 120.000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэхэд хэд болох талаар мөнгөн гүүр эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 27 тал/,

 

8. Хохирогч М.Т- ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирол төлбөрийн талаарх баримт, томограф зураг, чих хамар хоолойн оношилгоо эмчилгээ зөвлөгөө /хх-ийн 34-38 тал/,

 

9. Шүүгдэгч Э.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Өглөө Т-  духаараа надтай мөргөлдсөн. Тэрнээс чанга мөргөсөн юм байхгүй. Намайг өглөө нэг залуу алгадсан гэж бодоод байсан алгадаагүй юм шиг байна. Би шөнөжин нойргүй явж байсан. ..Өглөө намайг дээрэлхээд байгаа юм шиг байсан болохоор Т- ийг барьж байгаад нэг удаа мөргөчихсөн. Т-  намайг мөргөсний дараа хамраа дарсан болохоор би цус гарсан үгүйг мэдэхгүй байна. Би шууд яваад өгсөн. Т-  хамраа дараад машин руугаа явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 44, 46 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 52 тал/, иргэний оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 54 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55 тал/, Фужи Алтай ХХК-ийн “...Эрдэнэбат овогтой У- нь сарын 800.000 төгрөгийн цалин авдаг нь үнэн болно...” гэх албан тоот /хх-ийн 56 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 57-62 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 63-69 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.У ыг гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 7, 8 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн урд талд шүүгдэгч Э.У , хохирогч М.Т-  нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа духаараа мөргөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хохирогч М.Т- , гэрч Б.О , С.С, насанд хүрээгүй гэрч С.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 994 дугаартай дүгнэлт, шинжээч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан бөгөөд хохирогч М.Т- ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэсэн шинжээч эмчийн 994 дугаартай дүгнэлт үндэслэлтэй.

 

Хохирогч М.Т- ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Э.У ын хохирогчийг мөргөж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.У- нь хохирогчийг мөргөхөд түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Э.У ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.У- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

 

Шүүхээс шүүгдэгч Э.У т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Э.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Э.У т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.  

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Т- ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 994 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас хэргийн 34 дэх талд Лазер мед эмнэлэгт үзүүлсэн 120.000 төгрөгийн баримтыг гарган өгсөн байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.У аас 120.000 /нэг зуун хорин мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч М.Т- т олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин хохирогч М.Т-  нь цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай гэж мэдүүлсэн байх боловч энэ талаарх хангалттай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.У- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.У т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У ыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.У-т сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-аас 120.000 /нэг зуун хорин мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Бовгийн М-н Т-  /РД:/-т олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч М.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА