Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,

Хохирогч: ******* ,

Шүүгдэгч: ******* , түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 02-04/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт О-н Б-д холбогдох эрүүгийн 2203000440124 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр...  аймгийн ... суманд төрсөн, ...  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэрийн хамт .... тоотод оршин суух /РД: /, урьд ял шийтгэлгүй, О овогт О-н Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******  нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны 20 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “*******” рестораны зүүн талын замд “Тоуоtа Prius” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч байсан явган зорчигч ******* д зам тавьж өгөлгүй мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ******* ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэлүүд, дуудлага лавлагаа хуудас /хх-ийн 4-12 тал/,

3. Хохирогч ******* ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* рестораны урдуур баруунаас зүүн тийш чиглэлд яваад зүүн талд нь явган хүний гарцаар баруунаас зүүн чиглэлд гарч явтал зүүн талд тоёота приүс маркийн автомашин баруун гар тийш эргэх үйлдэл хийхдээ урд гупер хэсгээрээ мөргөөд газарт унасан. Миний баруун шилбэ рүү мөргөсөн. Би газарт унаад босож чадахгүй байсан бөгөөд жолооч цонхоороо толгойгоо гаргаад “маяглаад бай бос” гэхээр нь босож чадахгүй байна гэтэл машинаа зам чөлөөлчхөөд ирье гэсэн боловч буцаж ирээгүй. Өөрийн утсаараа цагдаад дуудлага өгсөн. Түргэнд хажууд байсан хүн дуудлага өгсөн. Намайг явахад мөргөсөн жолооч ирээгүй байсан. Гэмтэлд үзүүлэхэд баруун хөлний шилбэний 2 яс хугарсан байсан тул хагалгаанд орж хадуулсан. Одоо байнга хэвтэрт байгаа. Осол гарах үед би ганцаараа явж байсан. ...Би өндөгний бизнес эрхэлдэг Цээл Мөрөн ХХК-иас түрээсийн гэрээгээр агуулах түрээслэн ажиллаж байсан. Сарын 3.240.000 төгрөг төлдөг бөгөөд осол орохоос өмнө манай агуулахад 101 ширхэг өндөг байсан. ...Өндгийг 30 хоног хадгалах ёстой, илүү хоногоор хадгалах боломжгүй учир 1 дүгээр сарын сүүлээр устгалд оруулсан. Би Хас банкнаас 2021 оны 5 дугаар сард 50.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 1 сард 1.460.555 төгрөг төлж явдаг бөгөөд осолд орсноос шалтгаалан эдгээр алдагдлуудыг хүлээгээд байна. Нийт 23.413.521 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 30 минутын үед ажлаа тараад 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр буугаад алхаж явсан. Зам гараад цаад талын замын хашлага дээр гишгэхийн завдалгүй намайг машин ирээд мөргөсөн. Жолооч гарцаар гарч яваа хүнд зам тавьж өгөх ёстой. Намайг зам гараад дуусаж байхад ирээд мөргөсөн. Би газар унасан. Та намайг мөргөчихлөө гэж хэлэхэд цонхоороо толгойгоо цухуйлгаад “Юун сүртэй юм бэ? бос, битгий маяглаад бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ? Би босож чадахгүй байна гэхэд “Ах нь замаа чөлөөлөөд ирье” гэж хэлээд явчихсан. Тэр хугацаанд машиных нь дугаарыг харж чадсан тулдаа дуудлага өгсөн. Надад нэг залуу тусалж зам дээрх машинуудыг зохицуулж өгсөн. Бас нэг хүүхэд ирж эмнэлэг дуудаж өгсөн. Би 1-15 насны гурван хүүхэдтэй. Манай эхнэр ажил хийдэггүй. Гэртээ хүүхдээ хардаг. Би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 5 дугаар сард 50.000.000 төгрөгийн зээл аваад хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 30-нд гэмтэл авснаас хойш гэр бүлийн эдийн засаг зогссон. Ямар ч хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Би өндөг борлуулдаг байсан. Өндгийг байнга өргөж явдаг. Нэг хайрцаг өндөг 22-23 кг жинтэй байдаг. Би өөрөө машиндаа ачаад хөдөө явах машинд нь ачуулж өгдөг. Миний хийдэг ажил биеийн хүчний ажил байдаг. Энэ бүх ажил минь зогссон. Эмчилгээ 3.000.000 төгрөг болж байсан. Хэдэн төгрөг болсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Би сар бүр банканд 5.000.000 төгрөгийн хүү төлдөг. Хүү төлж чадахгүй 3 сар тасарсан байгаа. “НВЦ” ХХК-аас 12 дугаар сарын 14-нд 500 хайрцаг өндөг авсан. Түүнээс 100 хайрцаг өндөг үлдсэн байсан. Тухайн өндөг нь хадгалалтын горим хэтрээд устгалд орохоор болсон. Эдгээр хохирлууд нийлээд 23.000.000 төгрөг болж байгаа. Би шүүгдэгчээс ирээдүйд олох орлого, сэтгэл санааны хохирол зэрэг зүйлийг нэхэмжлээгүй. Зөвхөн бодит учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Шүүгдэгч надтай ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлье гэж хандаагүй. Хоёр хоногийн өмнө шүүх хурал болно гэдгийг сонсоод тодорхой хэмжээний хохирол барагдуулъя гэдэг байдлаар залгасан. Би хариуд нь шүүхэд очиж үнэн зөв эсэхийг шийдүүлье гэж хэлсэн. Өдийг хүртэл нэг ч удаа залгаж яриагүй байж гэнэт шүүх хурал болохын сургаар, хэрэгт нөлөөлөх гэж байгаа юм шиг байдлаар хандахаар нь дансны дугаараа өгөхөөс татгалзсан...” гэх мэдүүлэг,

4. Хохирогч *******-ы эмчилгээний зардлын талаарх баримтууд, түрээсийн гэрээ, зээлийн гэрээ, ипотекийн гэрээ /хх-ийн 20-44 тал/,

5. Гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны батлагдсан хуваарийн дагуу шөнийн эргүүлд Улз-16 постод үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байсан. Орой 18 цагт ажилд гарч Өргөөгийн уулзвар 344 постод үүрэг гүйцэтгэж байх үед 10 дугаар хороололд хүн автомашинд мөргүүлсэн автомашин нь орхиод явсан гэх дуудлага орж ирсэн. Т.Приус маркийн ******* УБА дугаарын автомашин хүн мөргөөд зугтсан гэж станцаар зарлаж байсан. Улз 12 постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч н.Б /9/ станцаар автомашиныг нь олсон хүрээд ир гээд намайг дуудсан. Би ослын газарт очиход мөргүүлсэн хүнийг нь түргэн аваад явсан, жолоочийг албаны автомашинд суулгасан байсан. Жолооч нь эрүүл байсан. Удалгүй бүрэлдэхүүн ирж хэргийн газарт үзлэг хийгээд жолоочийг аваад явсан. Тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Явган зорчигч явган хүний гарц дээр мөргүүлсэн гэж жолооч хэлж байсан. Жолооч нь тухайн үед зогсоолд машинаа тавиад ирэх гэж байсан боловч удсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,

6. Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны батлагдсан хуваарийн дагуу 2 дугаар ээлжээр Улз-12 постод үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Би 10 дугаар хороололд хоёр автомашин мөргөлдсөн гэх дуудлага аваад явж байх үед хүн машинд мөргүүлсэн, автомашин нь орхиод явсан талаар дуудлага орж ирсэн. ******* УБА автомашин хүн мөргөөд зугтсан гэж станцаар зарлаж байсан. Би ослын газарт очиход 50 орчим насны эрэгтэй хүн баруун хөл нь хугарсан байдалтай, явган хүний гарцын зүүн тал руу нь шахсан байдалтай зам дээр хэвтэж байсан. Өөрөөс нь асуухад намайг гарцаар гарч байх үед машинаар мөргөчхөөд ийшээ гараад зогсоодхоё гэж хэлээд тэр чигтээ явчихсан гэж хэлж байсан. Түргэн удалгүй ирээд тэр хүнийг аваад явсан. Би хүнийг нь түргэнд өгч явуулаад камерыг шүүх гээд ойр орчмын хяналтын камерыг харж байтал сэжиг бүхий хүн ослын газарт ирсэн. Би тэр хүнийг дуудаад бичиг баримтыг нь шалгаад тэр хүний регистрийн дугаарыг шалгах төхөөрөмжөөр шүүж үзэхэд осол гаргагдсан гэж зарлагдсан ******* УБА дугаарын автомашины эзэмшигч болох нь тогтоогдсон. Тухайн жолооч машинаа тавьчихаад эргээд ирлээ гэж хэлж байсан. Анх дуудаад уулзахад регистрийн дугаараа буруу хэлээд маш их булзах гэж байгаа мэт үйлдэл гаргаж байсан. Ослын газарт ирээд холоос хараад зогсоод байсан. Би тэр хүнийг зөндөө асууж байж осол гаргасан талаар хэлүүлсэн. Шууд хэргийн газар ирж хэргээ хүлээгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/,

7. Насанд хүрээгүй гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан ослын талаар мэдэх зүйлгүй. 10 дугаар хорооллын ******* рестораны зүүн талын байрнаас гараад урагшаа явж байтал 1 эрэгтэй хүн машинд мөргүүлсэн гээд замын голд газарт хэвтэж байсан. Би очоод асуухад машинд мөргүүлсэн, түргэн дуудаад өгөөч гэхээр нь түргэн дуудсан. Мөргөсөн машин нь ослын газраа явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84 тал/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 1153 дугаартай “...******* ы биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 94-95 тал/,

9. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 1 дүгээр сарын 09-ний 18 дугаартай “...Тоёота маркийн приүс 20 загварын ******* улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл стандартын шаардлага болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...Дээрх эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 100-104 тал/,

10. 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаартай мөрдөгчийн “....Жолооч *******  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэх болон 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 108 тал/,

11. Шүүгдэгч ******* ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны оройн 20 цаг 30 минутын үед 10 дугаар хорооллын туслах замаар зүүнээс баруун тийш явж байгаад ******* рестораны зүүн талаар хойшоо буюу баруун гар тийш эргэх үед гэнэт миний автомашины урд талд 1 эрэгтэй хүн мөргүүлээд сарвайгаад газарт унасан. Би зогсоод машины цонхоо онгойлгоод буцаад ирье гэж хэлээд цаашаа яваад зогсоолд машинаа тавих гээд зогсоол хайсан боловч олдоогүй нилээн удаад цаашаа явж Номин дэлгүүрийн урд машинаа тавиад буцаад иртэл цагдаа, түргэн ирчихсэн байсан. Би очоод юм яриагүй бөгөөд түргэн хүнийг аваад явахаар нь би цагдаа дээр очоод энэ хүнийг мөргөсөн хүн нь би байгаа юм гэж хэлээд цагдаагийн машинд намайг суулгасан. Осол гарах үед нөгөө хүн ганцаараа явсан, би ганцаараа явж байсан. ...Би хөл нь хугарчихна гэж огт бодоогүй бөгөөд тэрүүхэн үедээ шоконд ороод яваад өгсөн. Гэхдээ би өөрөө буцаж ирсэн. ...Би буруугаа ойлгож байна. Осол гарсанд маш их харамсаж байна. Санамсаргүй осол гаргасандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 130 тал/,

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх 2 ширхэг баримт, шүүгдэгчийн хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ы хувийн байдалтай холбоотойгоор гэрч У.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би сард 300.000 төгрөг авдаг бөгөөд манай хүн мөнгө олж амьдарлаа авч явдаг. Манай хүн төлөв зантай, олон үггүй, хүний үгнээс гардаггүй, архи дарс уудаггүй, тамхи татдаггүй маш дөлгөөн тайван хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 тал/, гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******  нь маш дөлгөөн тайван хүн бөгөөд дээр үед нэгдлийн даргын автомашиныг унадаг байсан. Бүх төрлийн автомашиныг унадаг. 40 орчим жил жолооч хийж байгаа хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 113 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 114 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 115 тал/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 116 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 118 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх дүгнэн үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэлээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 90 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч *******  нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны 20 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “*******” рестораны зүүн талын замд “Тоуоtа Prius” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, уулзвараар баруун гар тийш эргэхдээ явган хүний гарцаар хөндлөн гарч байсан явган зорчигч ******* д зам тавьж өгөлгүй мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар осол хэргийн газрыг орхиж явсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэлүүд, дуудлага лавлагаа хуудас, хохирогч ******* , насанд хүрээгүй гэрч Б.Сэр-Од, гэрч Т.Д, Л.Б нарын мэдүүлэг, шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 1153 дугаартай дүгнэлт, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаартай мөрдөгчийн магадлагаа зэрэг баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч ******* ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Шүүгдэгч ******* ы зам тээврийн осол гаргасан дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ******* ы биед нь “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэргийн 94-95 дахь талуудад авагдсан шинжээч эмчийн 1153 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.    

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Түүнчлэн шүүгдэгч *******  нь хохирогч буюу явган зорчигч ******* ыг мөргөж, зам тээврийн осол гаргасан атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг биелүүлэх үүргээ зөрчин хэргийн газрыг орхиж явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* ы “...Та намайг мөргөчихлөө гэж хэлэхэд цонхоороо толгойгоо цухуйлгаад “Юун сүртэй юм бэ? бос, битгий маяглаад бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ? Би босож чадахгүй байна гэхэд “Ах нь замаа чөлөөлөөд ирье” гэж хэлээд явчихсан. Тэр хугацаанд машиных нь дугаарыг харж чадсан тулдаа дуудлага өгсөн...” гэх, насанд хүрээгүй гэрч Б.С-н “...1 эрэгтэй хүн машинд мөргүүлсэн гээд замын голд газарт хэвтэж байсан. Түргэн дуудаад өгөөч гэхээр нь түргэн дуудсан. Мөргөсөн машин нь ослын газраа явчихсан байсан...” гэх,  гэрч Т.Д-н “...Орой 18 цагт ажилд гарч Өргөөгийн уулзвар 344 постод үүрэг гүйцэтгэж байх үед 10 дугаар хороололд хүн автомашинд мөргүүлсэн автомашин нь орхиод явсан гэх дуудлага орж ирсэн. Т.Приус маркийн ******* УБА дугаарын автомашин хүн мөргөөд зугтсан гэж станцаар зарлаж байсан...” гэх, гэрч Л.Б-н “...Би хүнийг нь түргэнд өгч явуулаад камерыг шүүх гээд ойр орчмын хяналтын камерыг харж байтал сэжиг бүхий хүн ослын газарт ирсэн. Би тэр хүнийг дуудаад бичиг баримтыг нь шалгаад тэр хүний регистрийн дугаарыг шалгах төхөөрөмжөөр шүүж үзэхэд осол гаргагдсан гэж зарлагдсан ******* УБА дугаарын автомашины эзэмшигч болох нь тогтоогдсон. Тухайн жолооч машинаа тавьчхаад эргээд ирлээ гэж хэлж байсан. Анх дуудаад уулзахад регистрийн дугаараа буруу хэлээд маш их булзах гэж байгаа мэт үйлдэл гаргаж байсан. Ослын газарт ирээд холоос хараад зогсоод байсан. Би тэр хүнийг зөндөө асууж байж осол гаргасан талаар хэлүүлсэн...” гэх мэдүүлгүүдээр хангалттай тогтоогджээ. 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч *******  нь осол гаргаснаа мэдсэн байх бөгөөд тэрээр осол гаргасан даруйдаа тээврийн хэрэгслээ зогсоож, холбогдох арга хэмжээг авах, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй атал энэхүү буруутай үйл ажиллагаагаа мэдсээр байж холбогдох арга хэмжээг авалгүйгээр ослын газрыг зориуд орхин явсан нь хариуцлагаас зайлсхийх санаа зорилготой идэвхтэй үйлдлээр илэрсэн байна.

Иймд шүүгдэгч *******  нь жолоочийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, харин зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн гэж үзнэ.

Дээрх дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч ******* ы гэмт үйлдэлд прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн бодит байдал тогтоогдсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******  нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ******* д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Иймээс шүүгдэгч ******* д үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын ялын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж заасан тул шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал болоод Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч *******  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг сануулж, шүүхээс оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тус тус тооцож  хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч хохирол, хор уршигт тооцож нийт 23.413.521 төгрөг нэхэмжилж оролцсон бөгөөд хэргийн 21-24 дэх талд 3.104.521 төгрөгийн баримтын жагсаалт гарган өгсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 75.000 төгрөгийн баримт гарган өгсөн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болох 3.179.521 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, 3.180.000 төгрөгийг хор уршигт тооцон нөхөн төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* ы өндөгний бизнес эрхэлж байсан, хэргийн улмаас ажлаа хийж чадаагүй 100 хайрцаг өндөгний хугацаа хэтэрч устгалд оруулсан, үүний төлбөр, түрээсийн зардал, банкны зээлийн хүү зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь энэ талаарх үйл баримтыг дүгнэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт иргэний баримт бичиг, жолооны үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт О-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг шүүгдэгч ******* д мэдэгдсүгэй.

6. Хохирогч *******  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА