Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105005760115 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 хойд эцэг, эх дүүгийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух /РД:*******/ урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо “*******” зочид буудалд хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны виза картыг авч яван завшиж бэлэн мөнгөний машинд уншуулан 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, 

2. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын дундуур би Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй зочид буудалд өөрийн найз *******ын хамт 519 тоот өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад фэйсбүүкээс санхүү өгнө авна гэх групп-с санхүү авна гэх 88-тай дугаар руу залгаж дуудсан. Үл таних охин 300.000 төгрөгөөр очно гэж хэлсэн. ...20-30 минутын дараа охин залгаж ирсэн талаараа хэлсэн. Улмаар бид хоёр өрөөнийхөө дугаарыг хэлтэл 20 орчим насны хар өмдтэй шар гуталтай цэнхэр үстэй үл таних охин орж ирсэн. Бид хоёрын архи ууж байсан учраас тухайн үл таних эмэгтэйд манай найз ******* өөрийн Хаан банкны карт болон нууц үгээ хэлж өгч архинд гаргасан. Тэр үед ******* өөрийнхөө мөнгийг бас аваарай гээд гаргасан. Удалгүй тухайн охин 1 шил виски аваад орж ирсэн. Бид нар тухайн архийг уугаад сууж байтал согтуу үедээ найзыгаа дуудчих гэж хэлсэн. Тэр үед тухайн охин 20 орчим насны нэг эмэгтэй дуудсан. Удалгүй тухайн охин орж ирээд хамт удаж чадахгүй гэдгээ хэлсэн. Бид нарын архи дуусаж байсан учраас дахиад архинд гараад ир гэж хэлсэн. Тухайн охин найзтайгаа яваад ирье гэж хэлээд гарсан. Улмаар *******ын данснаас 700.000 төгрөг гараад бид хоёр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

3. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ...19 цагийн үед зүс таних дүү ******* над руу залгаж эгчээ та Баянгол дүүргийн *** дугаар хороо ******* гээд зочид буудалд хүрээд ирээч энд би 2 залуутай байна. Архи ууж сууя гэж хэлсэн. Улмаар би гэрээсээ гараад 20 цагийн үед ******* зочид буудлын урд очоод залгахад ******* надад зочид буудлын өрөөний дугаарыг хэлж өгсөн. Улмаар өрөө рүү ороход 30 орчим насны 2 залуу, мөн ******* архи уугаад сууж байсан. *******аа эгчээ хоёулаа 00 оръе гэхээр нь хамт 00 ороход ******* надад 250.000 төгрөг бэлэн өгсөн. Би юун мөнгө болохыг асуухад би зар тавиад энэ 2 залуу над руу залгаж энд ирсэн. Энэ таны мөнгө гээд надад мөнгө өгсөн. Улмаар тухайн буудлын өрөөнд сууж байхад манай найз миний гар утас руу залгаад би явах хэрэгтэй болсон. Энэ тухайгаа би *******д хэлтэл эгчээ хоёулаа хамт дэлгүүр орчоод би буцаад ороод ирнэ та шууд явчих би энэ 2 залууд хэлчихнэ гэж хэлсэн. Улмаар би явсан, тэгээд цагдаагийн байгууллагаас намайг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 36-37 тал/,

4. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би Баянгол дүүргийн 17 дугаар хороо ******* нэртэй зочид буудалд өөрийн найз болох Ариунбаатарын хамт үйлчлүүлсэн. Улмаар бид хоёр ярьж байгаад хүүхэн дуудъя гэж тохироод бид хоёр хүүхэн дуудсан. Тухайн хүүхнийг фэйсбүүкийн зараас олоод утас руу залгахад тухайн үл таних бүсгүй 500.000 төгрөг хоёулаа очно гэж хэлсэн. Бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас тухайн эмэгтэйчүүдийг дуудсан. Бид хоёр уух юмаа дуусгачихсан байсан учраас үл таних эмэгтэйн нэгийг нь архинд гаргахаар болж бас 500.000 төгрөгөө авчих гээд би өөрийн картаа өгч гаргасан. ...Хэсэг хугацааны дараа дахин архи дуусаж дэлгүүр гаргасан. Тэгтэл үл таних эмэгтэй бид хоёр цуг гарчхаад ирье гэж хэлээд хамт гараад ирээгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний картнаас нийт 700.000 төгрөг алдагдсан. Надад 700.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, 48-50, 54-56 тал/,

5. Камерын бичлэгийг хуулбарласан дискт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* зочид буудал доторх хяналтын камерын бичлэгт үл таних шар үстэй эмэгтэй зочид буудлын өрөөнөөс гарч байгааг 00:00:18 секундэд харуулав. ...Үл таних цэнхэр үстэй эмэгтэй өрөөнөөс гарч байгаа дүрсийг харуулав 00:00:26 секундэд...” гэх тэмдэглэл /хх-ийн 66-72 тал/,

6. Камерын бичлэгийг хуулбарласан дискт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс тухайн картны данснаас мөнгө авч байгаа дүрсийг харуулав. 00:00:53 секундэд...” гэх тэмдэглэл /хх-ийн 74-80 тал/,

7. Хохирогч *******ын Хаан банкны депозит дансны “...2021.03.17 ...700.000 төгрөг...” гэх дансны хуулга /хх-ийн 81-84 тал/,

8. Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн хуурамч фэйсбүүк хаяг болох Рейми гэх хаягаас санхүү өгнө авна гэх фэйсбүүк групп дотор санхүү авна гэж зар оруулаад өөрийн хуурамч утасны дугаарыг тухайн зар дээр байршуулсан. Миний гар утас руу ***-тай дугаараас холбогдож зарын дагуу ярьж байна. Санхүү авах уу гэж асуусан. Тухайн залууг хаана байгаа талаар асуухад Баянгол дүүргийн 17 дугаар хороо ******* зочид буудлын дотор хүрч ирээд залгачих гэж хэлсэн. ...Улмаар бид дөрөв 1 цаг орчим архи согтууруулах ундаа ууж байтал миний дэлгүүр гарч авсан виски дуусаж байсан. Тэр үед картны эзэн залуу архи дуусаж байна, дахиад 1 шил виски ууя миний карт чамд байгаа гэж хэлсэн. Улмаар дэлгүүр гарахдаа эгчийг дуудаж 00 хамт оръе гэж хэлсэн. Улмаар д тухайн буудлын 00 өрөөнд 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бид хоёр тухайн буудлын өрөөнөөс гарч дэлгүүр орох гээд гарах үед за за эгч нь явлаа ярья гэж хэлээд яваад өгсөн. Улмаар Хаан банкны картны нууц үгийг нь би мэддэг байсан учраас тухайн картнаас 700.000 төгрөг аваад шууд тухайн буудлын өрөө рүү оролгүй явсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Би жирэмсний хяналтад байгаа, 2022 оны 3 дугаар сарын сүүлээр төрнө, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 64 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 100 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 101 тал/, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 102 тал/, гэрч З.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь хичээлтэй гайгүй. Бусад хүүхдүүдтэй муухай харьцаж байгаагүй, эелдэг, нийтэч зантай, хөдөлмөрч, нямбай зантай...” гэх мэдүүлэг /хх-ийн 106 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.*******аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 28-29 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.  

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тэдгээртэй агуулгын зөрүүгүй мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн Хаан банкны диспозит дансны хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан өгсөн буюу архи авчруулахаар өгсөн Хаан банкны виза картыг ашиглан, бэлэн мөнгөний машинаас 700.000 төгрөгийг авч, хувьдаа хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй байх бөгөөд хохирогч *******ад эд хөрөнгийн буюу 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 81-84 дэх талд авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдсон.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

Иймд шүүгдэгч *******ыг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо “*******” зочид буудалд байх хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны виза картыг буцааж өгөхгүйгээр авч явж, бэлэн мөнгөний машинд уншуулан 700.000 төгрөгийн өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, улсын яллагчийн ялын санал болон шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа ял шийтгүүлж байгаа, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбай 6 дугаар гудамжны 38б тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, жирэмсний хяналтад байгаа зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч ******* нь оногдуулсан “Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна. 

 Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эд хөрөнгөд 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч *******ын Хаан банкны депозит дансны хуулга болон шүүгдэгч, хохирогч нарын агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 700.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******ад олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /нэг ширхэг нь ашиглалтын шаардлага хангахгүй/ ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий учир хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 700.000 /долоон зуун мянга/-н төгрөг гаргуулж хохирогч Боржигон овогт Энхбатын ******* /РД:/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА