Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ж.Батсүх,

нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ы *******д холбогдох эрүүгийн 2107000530270 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, эрэгтэй, 30 настай, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******, *******, *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй,  

урьд Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 5 cap 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

******* овогт ы ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ийн задгайд байрлах хохирогч О.ын гэрт тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зэвсэг болох заазуураар хохирогч О.ын толгойн тус газарт цохиж, биед нь зүүн зулай ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Хохирогч О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яагаад заавал заазуур барьж толгой руу цохисон юм бэ? Миний амьдралыг сүйрүүлээд хаячихлаа. Миний хоёр хүүхэд асрамжийн газарт байна. Миний бие маш муу байна. Маш их гомдолтой байна. Хоёр хүүхдээсээ хол, эхнэр байхгүй орох оронгүй байгаа. Хүүхдүүдээ маш их санаж байна. Надад мөнгө маш их хэрэгтэй байна” гэв.

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний дүү О. анх ирэхдээ хэвтэрт ирсэн. Манай дүүгийн ярьж байгаагаар адилхан орох оронгүй байхад нь эр хүний замын хүзүү урт гэдэг үүднээс гэртээ байлгасан гэж ярьдаг. Ийм сайхан эрүүл саруул залуу байж эмчилгээний хэдэн төгрөг яагаад өгч болоогүй юм бэ. Энэ гэмт хэргийн улмаас маш их гэмтэл авсан. Улс орон хямралтай байхад яагаад хэдэн төгрөг өгч болоогүй юм бэ? Ээж маань хорт хавдартай. Өвчтэй хоёр хүн асарна гэдэг надад маш хэцүү байна. Ийм хэцүү байхад ядаж холбоо бариад асуух болов уу гэж бодож байсан. Тэгэхэд тийм зүйл байгаагүй. Тэр үед ямар ч холбоо бариагүй. Бид нарт ядаж жоохон хүн чанар гаргах болов уу гэж бодсон. Насанд хүрсэн хүмүүс архи уугаад бие биедээ гар хүрэх асуудал байлгүй яах вэ? Яагаад заавал заазуур барьж толгой руу нь цохисон юм бэ? Ядаж өөр газар руу нь цохисон бол миний дүүгийн амьдрал сүйрэхгүй байсан. Хааяа хүүхдүүдтэйгээ ярихаар уйлдаг. Дээрээс нь миний дүү мэдрэлийн эмчийн хяналтад байгаа. Цаашдаа хот орж томографийн зураг авахуулахгүй бол мэдрэлийн эмчийн хэлснээр ухаан санаанд нь нөлөөлнө гэж хэлсэн. Тухайн шөнө яагаад сэтгэл гаргахгүй эмнэлгийн тусламж үзүүлээгүй юм бэ? Цохисны дараа шууд эмнэлэг дуудаж болоогүй юм уу? Хэрвээ анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн бол өдийд ийм байдалтай байхгүй байсан. Анхан шатны тусламж үзүүлээгүйд нь гомдож байна. Хөдөө зэлүүд газар байгаа биш дээ гэрээс нь гараад ойрхон 8 нэрийн дэлгүүр, зочид буудалтай байсан. Үнэхээр ахыгаа гэж бодсон бол анхан шатны тусламж үзүүлэх байсан. Одоо миний дүү байнга уналт, таталтын эсрэг эм ууж байна. Дахин эмнэлэгт хэвтүүлэх гэсэн боловч эмнэлгийн ор хүрэлцээгүй байгаа. Цаашдаа хүүхдүүдийг нь яах юм бэ? Би ч гэсэн амьдралтай хүн маш хэцүү байна. Том эрэгтэй хүнийг нааш цааш нь болгохоос эхлээд надад маш их ачаалалтай байна. Тэгээд ийм байдалд үлдээчхээд яагаад оргон зайлсан юм бэ? маш их гайхаж байна. Сэтгэл байсан бол холбогдох байсан байх. Тухайн үед миний дүүгээс ялгаа юу байх вэ, өнчин өрөөсөн зовж явдаг байлгүй гэж бодсон боловч санаа зовохгүй орхиод явсан үйлдэлд нь маш их гомдож байна. Цаашдаа энэ хүнийг хот орж үзүүлмээр байна. Боломж нь байдаг бол гадагшаа явуулж үзүүлмээр байна. Энэ хүн чинь дөнгөж 41 нас хүрч байгаа залуу хүн. Наашаа ирэхдээ хөл нүцгэн, баас, шээстэйгээ холилдсон ирсэн. Тухайн үед нь би замын машин 200.000 төгрөгөөр хөлсөлж авчруулсан. Ирсэн даруйд нь тэргэнцэр, хөтөвч, суултуур байж болох бүх хэрэгцээгээр нь хангасан. Одоо ядаж өөрөө очоод бие засахтайгаа болчхоод байгаа. Э.******* бүтэн жилийн хугацаанд ор сураггүй алга болсон. Өөртөө бага ч гэсэн дүгнэлт хийж байгаа байх гэв.

 

   Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 11-13 дахь тал),

 

  Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны хавар ийн задгайд байрлах гэртээ Э.*******, эхнэр С., хоёр хүүхдийн хамтаар байцгааж байсан. Тухайн үед Э.*******, С. бид нар нэлээдгүй архи ууцгааж, ер нь согтоцгоосон. Ямартай ч тухайн үед Э.******* намайг заазуураар толгой руу маш хүчтэй цохиод ухаан алдсанаа мэдэж байна. Намайг яагаад цохисон болохыг мэдэхгүй байна. Би тэгээд эмнэлэгт ухаан орсон. Хэр удаж байж ухаан орсноо мэдэхгүй байна. Ухаан ороод ярьж чадахгүй зөндөө удсан. Одоогоос л гайгүй ярьдаг болоод ээрч муураад ч гэсэн өөрийгөө ойлгуулж хүнтэй хэвийн ярьж эхлээд байна. Хэдэн cap хэвтэрт, эмнэлэг эмнэлэг дамжаад л явсан. Э.******* намайг толгой руу заазуурдсан гэдгээс өөрөөр тодорхой санах зүйл байхгүй байна. Э.*******д маш их гомдолтой байна. Тухайн хэргээс хойш манай эхнэр салчихсан. Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй. Манай хоёр хүүхэд асрамжийн газарт байгаа. Үр хүүхэдтэйгээ ч уулзаж чадахгүй ажил төрөл хийх байтугай, гэрээсээ ч гарч чадахгүй маш хүнд байдалтай байна. Нэхэмжлэх зүйлээ баримтаар болон тайлбараар гаргаж өгнө” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 19 дэх тал),

 

Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын үеэр манай нөхөр О. нь Э.*******г орон гэр байхгүй, таних хүн байхгүй гээд гэртээ 4-5 хоног байлгаж байгаад явсан. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр О., Э.******* хоёр ажилдаа явчхаад 19 цаг 30 минутын үед Борис гэх залуугийн хамт ирсэн. Бид нар 3 шил “Сэржим” нэртэй архи ууцгаасан. Архи ууж дуусаад Борис гэрлүүгээ явсан. Э.******* “танай авгай чинь хуучин нөхөр Э.тайгаа ярьдаг юм байна лээ” гэтэл О. “чи худлаа ярьж авгайг зодуулах гэлээ” гээд гартаа нэг юм барьж босож ирээд Э.*******г сууж байхад нь хоёр гараараа заамдсан. ...тэгээд хэсэг ноцолдсон Э.******* О.аас нэг юм булаагаад авах шиг болсон. Харин цохисон эсэхийг нь хараагүй. Тэгтэл манай нөхөр О. Э.*******гийн урд нь газар суучихсан. Манай том охин Б. “аавын толгойноос цус гарч байна” гээд уйлахаар нь хартал манай нөхөр О.ын толгойн гол хэсэгт цохигдчихсон цус гоожиж байхаар нь би гэрээс гүйж гараад хажуу айл руу ороод “цагдаа дуудаад өгөөч О. толгойгоо хагалуулчихлаа” гэж хэлтэл “утас байхгүй” гэсэн. Тэгээд би буцаад гэрлүүгээ ортол Э.******* манай нөхөр О.ын толгойг цамцаараа дараад цусыг нь тогтоочихсон сууж байсан. Тэгээд удалгүй бид хэд уусан архинаасаа болоод унтацгаасан. Маргааш өглөө Э.******* ... “та намайг боогоод би уураа барьж чадахгүй таныг заазуурдчихсан шүү, ах уучлаарай. Толгой руу хутга шаахад гавал руу хүрдэггүй, яадаг ч үгүй юм...” гэж байсан. Тэгээд Э.******* ажилдаа явчихсан хойно манай хажуу айлын гэх залуу ирээд О.ын толгойг харчхаад “наадхаа эмнэлэг дуудаад үзүүлээчээ эвгүй болчихсон байна” гэж хэлээд эмнэлэг дуудаж өгсөн юм. Манай гэрт хар иштэй 1 ширхэг заазуур байдаг. Тэр заазуур өглөө нь харахад цус болчихсон байсан. Э.*******, О. бид гурав гурвуулаа нэлээд согтолттой байсан. Миний хувьд согтуу байсан хэдий ч болсон зүйлийг сайн санаж байна. Манай гэрт тог цахилгаан байдаггүй, тоггүй болоод 2 жилийн хугацаа өнгөрч байна. Орой 1 ширхэг лаа асаачихсан байсан учраас гэр доторх эд зүйлс ер нь маш бүдэг харагдаж байсан ... учраас Э.******* О.ыг цохисныг сайн анзаарч харж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 21-22 дахь тал),

 

  Насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр манай дүү бид хоёр унтаж байхад чимээ гараад сэрсэн чинь манай аавын толгойг заазуурдчихсан байсан. Тэгээд Э.******* ах манай ээжид “ эгчээ би засгийн хоол идээд баймаар байна шүү” гэж байсан. Дүү бид хоёр аавын толгойноос цус гарсан байхыг хараад зөндөө уйлсан. Тэгээд нэг мэдсэн унтсан байсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 24 дэх тал),

 

  Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 05-аас 06-ны шилжих шөнө би гэртээ унтаж байхад шөнийн 00 цаг өнгөрч байх үед хашааны хаалгыг маань нэг хүн цохиод нүдээд байсан. Тэгээд гэртээ унтаж байсан эхнэр бид хоёр сэрээд манай эхнэр хашааны хаалга тайлах зорилгоор гэрээс гарсан. Харин би тэр үед гэртээ үлдсэн. Манай эхнэр хашааны хаалгыг тайлтал О.ын эхнэр С. сандарчихсан манай гэрт гүйж орж ирээд надаас гар утсаа өгчих утсаар ярих хэрэгтэй байна гэж хэлээд байсан. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан болохоор би яриулж чадаагүй. Эхнэр бид хоёр дундаа нэг утас барьдаг болохоор өөр утас байгаагүй. Тэгтэл С. буцаад гараад явсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа би өөрийнхөө ээж ын гэр рүү явах шаардлага гараад явах гэтэл манай малыг харах хүнгүй би ах г О.ын гэрт байгаа байх гэж бодоод тэдний гэрт очоод О.ын мэндийг мэдэх гээд дуудахад сонин царайлчихсан гэрийнхээ баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд би юу болсон яасан гэж асуутал түүний эхнэр С. нь О. заазуурдуулсан, тэгээд тэрнээсээ болоод юм ярьж чадахгүй байгаа гэж хэлэхээр нь би С.т “чи хурдан түргэн тусламж дууд наад хүн чинь шоконд орчихсон байна” гэж хэлээд өөрийнхөө гар утсыг С.т өгсөн. Тэгээд С. түргэн тусламж дуудаад тэдний гэрээс гараад ээжийнхээ гэр рүү явсан....” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 29 дэх тал),

 

  Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 224 дугаартай:

            “1. О.ын биед зүүн зулай ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтас хэргийн 49-50 дахь тал),

  Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байсан санагдаж байна. Би Налайх дүүрэгт байх тоосгоны үйлдвэр дээр ажлаа тараад О.тай хамт гэрлүү нь яваад замаараа 3 шил “Сэржим” нэртэй архи аваад тэрийгээ хамт явсан , бас нэг залуутай хамт уугаад тэр хоёр явчихсан. О.ын эхнэр нь намайг өөртэй нь унтаж хэвтсэн гээд буруу яриад байсан. Тэгээд О. үүнийг сонсоод намайг орон дээр хэвтэж байтал шүүгээ хавиас заазуур бариад хүрч ирээд миний хоолой дээр тулгаад намайг ална гэхээр нь би сандраад О.ыг өөрөөсөө холдуулж цааш нь түлхсэн. Тэгээд тухайн үед цохиё гэж бодоогүй яагаад цохисноо мэдэхгүй байна. Тэгээд толгойноос нь цус гарахаар нь би футболкаа ураад цусыг нь тогтоох гэж оролдсон” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 11-13 дахь тал),

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй заазуур, хохирогчийн биеийн байдлыг харуулсан гэрэл зургууд, Эмчилгээний төлбөрийн бэлэн мөнгөний орлогын баримт,“Медипас” эмнэлгийн компьютерт томографи (СТ) тодосгогч бодисгүй толгойн зураг, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 0504194 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон “Очирбатын   ...хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэв” акт, хохирол төлбөртэй холбоотой баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 9 дэх тал),

Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 19 дэх тал),

 

Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О. Э.*******г “Чи зайл” гээд хөөгөөд яриа нийлэхгүй байсан, тэгтэл Э.******* “та яагаад намайг хөөгөөд байгаа юм би маргааш танайхаас зайлаад өгнө, танайд ирэхгүй” гээд маргалдсан. Тэгтэл Э.******* “Танай авгай чинь хуучин нөхөр тайгаа ярьдаг юм билээ” гэтэл О. уурлаад “Чи худлаа ярьж манай авгайг зодуулах гэлээ” гээд гартаа нэг юм бариад босож ирээд Э.*******г сууж байхад нь хоёр гараараа заамдсан. Гартаа юм барьсан гараараа ч мөн заамдсан, би тухайн үед гартаа яг юу барьсан болохыг нь харж чадаагүй. Тэгээд О. Э.*******г заамдаад хэсэг ноцолдсон, тэгээд Э.******* О.аас нэг юм буулгаад л авах шиг болсон, харин цохисон эсэхийг нь харж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 21-22 дахь тал),

 

            Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...О. ахын эхнэр гэх эмэгтэй согтуу гэртээ ирээд нөхөртэйгөө муудалцаж байхдаа намайг өөртэй нь бэлгийн харилцаанд орох гэж байсан гэж хэлсэн болохоор нь О. ах бид хоёр муудалцсан байх гэж би бодож байгаа. Тэрнээс өмнө нь бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж үзээгүй хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 36-37 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.*******г зэвсэг болох заазуураар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ийн задгайд байрлах хохирогч О.ын гэрт тухайн тохиодолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зэвсэг, зэвсэгийн чанартай зүйл болох заазуураар хохирогч О.ын толгойн тус газарт цохиж, биед нь зүүн зулай ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч О.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Яагаад заавал заазуур барьж толгой руу цохисон юм бэ? Миний амьдралыг сүйрүүлээд хаячихлаа. ...Миний бие маш муу байна. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,

 

  Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Э.*******, С. бид нар нэлээдгүй архи ууцгааж, ер нь согтоцгоосон. Ямартай ч тухайн үед Э.******* намайг заазуураар толгой руу маш хүчтэй цохиод ухаан алдсанаа мэдэж байна. Намайг яагаад цохисон болохыг мэдэхгүй байна. Би тэгээд эмнэлэгт ухаан орсон.” гэх мэдүүлэг,

 

  Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар 3 шил “Сэржим” нэртэй архи ууцгаасан. Архи ууж дуусаад Борис гэрлүүгээ явсан. Э.******* “танай авгай чинь хуучин нөхөр Э.тайгаа ярьдаг юм байна лээ” гэтэл О. “чи худлаа ярьж авгайг зодуулах гэлээ” гээд гартаа нэг юм барьж босож ирээд Э.*******г сууж байхад нь хоёр гараараа заамдсан. ...тэгээд хэсэг ноцолдсон Э.******* О.аас нэг юм булаагаад авах шиг болсон. Харин цохисон эсэхийг нь хараагүй. Тэгтэл манай нөхөр О. Э.*******гийн урд нь газар суучихсан. Манай том охин Б. “аавын толгойноос цус гарч байна” гээд уйлахаар нь хартал манай нөхөр О.ын толгойн гол хэсэгт цохигдчихсон цус гоожиж байсан. …Маргааш өглөө Э.******* ... “та намайг боогоод би уураа барьж чадахгүй таныг заазуурдчихсан шүү, ах уучлаарай. Толгой руу хутга шаахад гавал руу хүрдэггүй, яадаг ч үгүй юм...” гэж байсан” гэх мэдүүлэг,

 

  Насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр манай дүү бид хоёр унтаж байхад чимээ гараад сэрсэн чинь манай аавын толгойг заазуурдчихсан байсан. Тэгээд Э.******* ах манай ээжид “ эгчээ би засгийн хоол идээд баймаар байна шүү” гэж байсан” гэх мэдүүлэг,

 

  Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэдний гэрт очоод О.ын мэндийг мэдэх гээд дуудахад сонин царайлчихсан гэрийнхээ баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд би юу болсон яасан гэж асуутал түүний эхнэр С. нь О. заазуурдуулсан, тэгээд тэрнээсээ болоод юм ярьж чадахгүй байгаа гэж хэлэхээр нь би С.т “чи хурдан түргэн тусламж дууд наад хүн чинь шоконд орчихсон байна” гэж хэлээд өөрийнхөө гар утсыг С.т өгсөн. Тэгээд С. түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...О.ын эхнэр нь намайг өөртөө нь унтаж хэвтсэн гээд буруу яриад байсан. Тэгээд О. үүнийг сонсоод намайг орон дээр хэвтэж байтал шүүгээ хавиас заазуур бариад хүрч ирээд миний хоолой дээр тулгаад намайг ална гэхээр нь би сандраад О.ыг өөрөөсөө холдуулж цааш нь түлхсэн. Тэгээд тухайн үед цохиё гэж бодоогүй яагаад цохисноо мэдэхгүй байна. Тэгээд толгойноос нь цус гарахаар нь би футболкаа ураад цусыг нь тогтоох гэж оролдсон” гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 11-13 дахь тал), Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 224 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Э.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч О.ын эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” шинжээр тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Э.хүүгийн үйлдлийн улмаас хохирогчийн биед учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

            Уг гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн тохиолдолд хүндрүүлж үзэх бөгөөд “зэвсэг” гэдэгт их бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйлийг хамруулж ойлгох ба ахуйн зориулалттай заазуур нь зэвсэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Э.******* нь хохирогч О.ын биед хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг болох 29 см урттай заазуурыг хэрэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Э.*******гийн үйлдлийг “гэм буруутай харгис үйлдэл байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

            Иймд шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ заазуур буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас О.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүхийн шатанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эмчилгээний төлбөрт 105.000 төгрөг, тэргэнцэр, хөтөвч суултуур, алхуулагч, суга таяг худалдан авсан төлбөрт 710.000 төгрөг, компьютер томографи шинжилгээ 350.000 төгрөгийг тус тус баримтаар, ээж Т.ын нэр дээр авсан зээлийн төлбөр 1.637.252 төгрөг, нэг өдрийн 20.000 төгрөгөөр 2 сар бариа засал хийлгэсэн төлбөр 1.200.000 төгрөг буюу нийт 4.002.252 төгрөг нэхэмжилсэн болно.

 

Шүүхээс хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн 4.002.252 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 1.165.000 төгрөгийг (105.000+710.000+350.000) нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгч Э.*******гээс гаргуулан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөр 1.637.252 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол бус гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Харин бариа засал хийлгэсэн төлбөр болох 1.200.000 төгрөг нь уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой шууд холбоотой, зайлшгүй гарах зардал мөн байх боловч холбогдох баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь 1.200.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.*******г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “гэмт гарах болсон шалтгаан  нөхцөл хохирогчийн буруутай үйлдлээс болсон, хохирогч нь заазуур барьж дайраагүй бол энэ хэрэг гаргахгүй байсан. Шүүгдэгч Э.******* нь хохирол төлбөр төлөх асуудал дээр ар гэр байхгүй, хамаатан садантай нь холбогдож чадаагүй. Энэ гэмт хэрэг 2021 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө үйлдэгдсэн тул түүнд 6 жил хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг өршөөн хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт,

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “Хэлэх зүйл байхгүй” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч хөдөлмөрийн чадвар 70% буюу бүрэн алдсан, хор уршиг арилаагүй), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөөгүй) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.*******д 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.*******гийн 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоног, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоног, нийт 79 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулсан бөгөөд 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн  хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй” гэж хуульчилжээ.

 

            Шүүгдэгч Э.******* нь Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 5 cap 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн буюу өршөөлд хамааруулахгүй хүн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасах үндэслэлгүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 29 см урттай, ажлын хэсэг 17.2 см урттай, хар иштэй 1 ширхэг заазуур, хураан авсан 1 ширхэг хар бор өнгийн даавууны өөдсийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.*******г 8 (найм) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 8 (найм) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 79 (далан ес) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******гээс 1.165.000 (нэг сая нэг зуун жаран таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч О.т олгож, тэтгэврийн зээлийн төлбөр 1.637.252 (нэг сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун тавин хоёр) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 29 см урттай, ажлын хэсэг нь 17.2 см урттай, хар иштэй заазуур 1 ширхэг, хураан авсан хар бор өнгийн даавууны өөдөс 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Э.ЭНХЖАРГАЛ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.ГАНБОЛД

                                             ШҮҮГЧ                                         Д.ЧИНЗОРИГ