| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00313/И |
| Дугаар | 130/ШШ2017/00439 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2017/00439
| 2017 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2017/00439 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, А****** овогт М.Е ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багт оршин суух, С****** овогт Х.Ад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Адууны үнээс үлдсэн мөнгө болох 500000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Х.А нь 2017 оны 02 дугаар сард 2 адуу худалдан авч нэгнийх нь үнийг бэлнээр төлж, нөгөө нэгийг нь зээлээр авахаар болж тохиролцож, нийт 500000 төгрөг үлдсэн ба мөнгийг дараа нь өгнө гэж явсан. Ингээд дараа өгнө гэсээр байгаад өгөлгүй, түүнд утастаж хэзээ өгөхийг нь лавлаж асуухад маргааш өгнө, маргааш өгнө гэж сунжруулсаар өдийг хүрч намайг хохироож байна. Харин 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 500000 төгрөгт 589 тоот зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Уг гэрээнд Х.А надад өгөх ёстой мөнгөө тус оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөх тухайгаа тусгуулж, гарын үсэг зурсан. Гэрээнд тусгасан зээлийг барагдуулах хугацаа өнгөрсөн боловч өгөхгүй байсаар байгаад чирэгдүүлсээр өдий хүрч байна. Нэгэнт мөнгөө өгнө гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн тул эвийн журмаар шийдвэрлэж, хоорондоо тохиролцъё гэж миний бие бодож байсан боловч Х.А нь хугацаа хэтрүүлж намайг чирэгдүүлж өгөхгүй байгаад гомдолтой байгаа учир шүүхэд хандаж байна. Мөн уг зээлийн гэрээнд Х.А нь хэрэв намайг шүүхэд хандах бол надаас гарсан зардлыг өөрөө бүрэн хариуцаж төлж өгч, намайг хохиролгүй болгох тухай амлалтаа хүртэл биччихсэн байгаа. Иймд надаас зээлдсэн 500000 төгрөгийг хариуцагч Х.Агаас гаргуулан өгч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Е өөрийнхөө гар утсаар захиа бичиж, шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А гэдэг хүнээс 500000 төгрөгийг авсан. Одоо ямар ч гомдолгүй болсон гэжээ.
Нэхэмжлэгч М.Е ын эхнэр Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.М нь Баяннуур сумын 5 дугаар багт оршин суудаг. Миний нөхөр М.Е Өлгий сумын 3 дугаар багт оршин суух Ад холбогдуулан тус шүүхэд 500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нөхөр маань шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Завхан аймагт ажил хийхээр явсан бөгөөд одоо болтол ирээгүй болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа А бидний нэхэмжилсэн 500000 төгрөгийг М.Еын дансанд шилжүүлсэн учраас өөрөө ирэх боломжгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг нөхөр маань надад утсаар мэдэгдсэн. Иймээс Хариуцагч А нь бидний нэхэмжилсэн 500000 төгрөгийг сайн дураараа төлж өгсөн учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж тайлбараа гаргаж байна. Иймд М.Е өөрөө биечлэн ирэх боломжгүй тул эхнэр нь Ж.М надаар дамжуулан гаргасан тайлбарыг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Еын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Ад холбогдох адууны үнээс үлдсэн мөнгө болох 500000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэгч М.Еын нэхэмжилсэн адууны үнээс үлдсэн мөнгө болох 500000 /таван зуун мянган/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч М.Еын нэхэмжлэлдээ бичсэн 99414122 дугаар бүхий утаснаас шүүгчийн туслахын 99159367 дугаар утас руу ... хариуцагч Х.Агаас нэхэмжилсэн 500000 төгрөгийг авсан... гэж бичсэн мэссэж болон түүний эхнэр болох Ж.Мийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн байх тул нэхэмжлэгч М.Еын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийн тал нь болох 7825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас 7825 төгрөгийг, хариуцагч Х.Агаас 7825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Еад олгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Еын нэхэмжилсэн адууны үнээс үлдсэн мөнгө болох 500000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.А нь төлж өгч, биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Еын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийн тал нь болох 7825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас 7825 төгрөгийг, хариуцагч Х.Агаас 7825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Еад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ