Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2017/00275/И |
Дугаар | 130/ШШ2017/00440 |
Огноо | 2017-06-23 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00440
2017 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 130/ШШ2017/00440 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух, Ж**** овогт З.Мы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багт оршин суух, Ж**** овогт Б.Ж,
Хамтран хариуцагч: Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль /захирал С.Гаура/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ш, хариуцагч Б.Ж, хамтран хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Ж болон хамтран хариуцагч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас цахилгаан төгөлдөр хуур буюу үнэ 2299000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч З.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Ш 2015 оны 01 дүгээр сард сургуулиас 3600000 төгрөгийг цалингийн урьдчилгаа болгон авсан. Тухайн 2015 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод 7 хоногийн сургалтад очиж тэр үед 2299000 төгрөгөөр цахилгаан төгөлдөр хуур 1150000 төгрөгөөр Баян хуур худалдаж авсан. 4 дүгээр сард би өөрийнхөө уран бүтээлийн концертыг 2 удаа аймгийн театрт тоглуулж 1700000 төгрөгийн орлого олж сургуульд тушаасан. Энэ концертыг тоглоход 400000 төгрөгийг театрт шимтгэлд төлсөн. Урьдчилгаанаас үлдсэн 1900000 төгрөгийг өөрийнхөө цалингаасаа суутгуулж хоорондын тооцоог бүрэн барагдуулсан. Ингээд би төгөлдөр хуур хөгжмөө өөрөө тус сургуульд багшилж байхад ангидаа тавьж хичээлдээ хэрэглэж байсан. Дараа нь 2016 оны намраас хичээлгүй болж ажлаас гарсан, миний оронд багш авсан. Нэгэнт ажлаас гарсан хойно хөгжмөө өөртөө авах гэтэл сургуулийн ня-бо Б.Ж таны хөгжмийг бид захирлын тушаал гаргаж сургуулийн дансанд бүртгэлд авсан гэж өгөөгүй. Сургуулийн захиралтай хоёр удаа орж учир байдлыг хэлэхэд захирал нь би мэдэхгүй та шүүхэд өгч шийдвэрлүүл гэсэн. Ингэж сургуулийн захиргаа бид хоёрын хооронд маргаан үүссэн. Миний хувийн өмч болох төгөлдөр хуурыг миний зөвшөөрөлгүй гарын үсэг, бичиг баримтгүй орлогод авсан сургуулийн захиргаанаас мөн ня-бо Б.Ж нараас эсвэл хөгжмөө эсвэл хөгжмийн үнэ 2299000 төгрөгийг гаргуулан өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч З.Ш шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2015 оны 01 дүгээр сард Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн дуу хөгжмийн багш Сагым бид хоёр Улаанбаатар хотод Соёл урлагийн их сургуульд 7 хоногийн сургалтад явсан. Тухайн үед би сургуулиас урьдчилгаа болгож эхлээд 1,5 сая төгрөг, дараа нь 3,8 сая төгрөг, нийт 5,3 сая төгрөг авсан. Сагым багш бид хоёр Улаанбаатар хотод 7 хоногийн сургалтад суугаад Өлгийд буцаж ирэхдээ би 2299000 төгрөгөөр цахилгаан төгөлдөр хуур, 1150000 төгрөгөөр Баян хуур хөгжим авчирсан. Ирсний дараа сургуулиас урьдчилгаа болгож авсан 5,3 сая төгрөгийг төлөхийн тулд 4 дүгээр сар хүртэлх цалингаас 2178000 төгрөг суутгуулсан, мөн өөрийнхөө тайлан тоглолт хийж олсон орлогоосоо 1700000 төгрөг өгсөн. Соёл урлагийн их сургуулиас Сагым багш бид хоёр тус сургуулийн багш Оюунбилэг гэх багшаас 364000 төгрөгийн ном авсан. Харин үлдсэн мөнгийг одоо санахгүй байна. Ямар ч байсан сургуулийн нягтлан бодогчтой тооцоо хийгээд, төлбөрөө барагдуулж явсан. Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд хөгжим байхгүй учир дээрх хөгжмийг би өөрийнхөө кабинетад оруулж, хичээл заахад хэрэглэж байсан. Улмаар би хавар амралт аваад явахад хөгжмийг сургуульд үлдээсэн байсан. Сургуульд үлдээхдээ би намар ажилд орно гэж бодсон, мөн тухайн жил би амбаарт өвөлжсөн учир гэртээ тавих зайгүй байсан учир сургуульд үлдээгээд явсан байсан. 2016 оны намар ирэхэд сургалтын албанаас танд өгөх цаг байхгүй, нэгэнт өндөр насны тэтгэвэрт явах учир явжээ гэж хэлсэн. Тэгэхэд би явахдаа хөгжмөө аваад явна гэж хэлсэн. Тэгэхэд сургалтын албаны дарга Авзал дарга надад Сагым багш 10 дугаар сард жирэмсний амралт авна тэгэхэд та түүний оронд 2 сар ажиллана гэсэн учир би хөгжмөө сургуульд байлгаж байсан. Улмаар хагас жилийн дүн гаргаад хагас жилийн дараа би нэг мөсөн явахаар болсон. Тухайн үед би хөгжмөө аваад явъя гээд сургуулийн захиргаанд мэдэгдэхэд нягтлан бодогч надад таны хөгжмийг захирал Бекболат танаас сургуульд хандивласан гээд тушаал гаргаад орлогод авсан гэж хэлсэн. Тэгээд сургууль бид хоёрын хооронд маргаан гарсан. Тэгээд би сургуулийн захирал С.Гаурад 2 удаа орсон. С.Гаура захирал надад таны юмыг би мэдэхгүй юм байна, та хуулийн байгууллагад хандаарай, хуулийн байгууллагын гаргасан шийдвэрээр шийдье гэж хэлсэн. Иймд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас цахилгаан төгөлдөр хуур буюу үнэ 2299000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тухайн үед дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан иргэн З.Ш 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд Цахилгаан төгөлдөр хуурыг хандивлахаар захиралтай харилцан тохиролцож тухайн өдөр захирлын "Хандивласан барааг дансанд хүлээж авах тухай Б/18 тоот тушаал гаргаж тус тушаалд Цахилгаан төгөлдөр хуурын хүлээн авч үндсэн хөрөнгийн дансанд бүртгэж орлогод авахыг тус сургуулийн нягтлан бодогч надад үүрэг болгосон. Миний бие тус тушаалын дагуу сургуулийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэж авсан. Сургуулийн хөрөнгийн дансанд биечлэн бүртгэж авах, хасалт хийх эрх надад хуулиар олгогдоогүй учир би хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага ХИС-ын Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нягтлан бодогч надад хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Шы дээр хэлсэнчлэн маргаан үүссэн байгаа. Тухайн үед би Ховд их сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Нэхэмжлэгч З.Ш 2015 онд нийт 2 удаагийн үйлдлээр 5,3 сая төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан. Үүнээс З.Шы 2015 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх цалингаас нь 2178299 төгрөгийг суутгаж авсан. Мөн хандивын тоглолтоос 1638000 төгрөгийг авсан. Сургуулийн данс биш байсан бөгөөд тусдаа данс нээгээд орлогод авсан. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа 364000 төгрөгийн ном авсан гэж байна. Үүнийг бол тусдаа шилжүүлсэн. Энэ тооцоонд орох ёсгүй байсан. Энэ асуудал 2015 оны 01 дүгээр сард болсон. Улмаар явсаар байгаад нэг жил хүлээгээд сүүлд тухайн үеийн захирал Бекболат, З.Ш хоёр аман гэрээ хийгээд хоёр хөгжмийн нэгнийхэн үнийг гаргаж өгөх, мөн Улаанбаатар хот руу явж ирсэн 2 талын замын зардал өгөхөөр болсон. Харин цахилгаан төгөлдөр хуурыг хандивлахаар тохиролцсон байсан. Тухайн үед 17, 18 дугаартай захирлын тушаал гарсан. Өөрөөр хэлбэл Баян хуурыг 860000 төгрөгөөр үнэлж авах, мөн Улаанбаатар хот руу явж ирсэн хоёр талын замын зардлыг олгох тухай тушаал гаргасан. 18 дугаар тушаал бол З.Штай тооцоог дуусгаж, цахилгаан төгөлдөр хуурыг сургуулийн орлогод авах тухай тушаал байсан. Тэрний дагуу би орлогод авсан байгаа гэв.
Хамтран хариуцагч Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Гаура шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь тухайн эд хөрөнгийн эзэмшлийн буюу бодитоор шууд нөлөөлөх боломж олж авснаар өмчлөх эрх үүсэхээр иргэний хуульд заасан ба талууд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцож Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд Цахилгаан төгөлдөр хуурыг хандивлахаар тохиролцсон байдаг. Тухайн өдөр тус сургуулийн захирлын Хандивласан барааг дансанд хүлээж авах тухай Б/18 тоот тушаал гарч тус тушаалын дагуу Үндсэн хөрөнгө дансанд хүлээн авах тухай маягт үйлдэгдэж сургуулийн эд хөрөнгийн бүртгэлийн дансанд бүртгэгдсэн. Дээрхээс харвал Талуудын хүсэл зоригийн давхцал үүсэж тухайн эд хөрөнгийг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд шилжүүлсэн нь харагдаж байна. Иргэний хуулийн 106.1 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч тус заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлийн нэг болох тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх гэсэн шаардлага хангагдахгүй байгаа тул тухайн эд хөрөнгийг өөрт нь шилжүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна. Иймд өмчлөгч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх гэсэн шаардлага хангагдахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хамтран хариуцагч Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Нэхэмжлэгч З.Ш 364000 төгрөгөөр ном авчирж өгсөн, харин манай сургуулийн нягтлан бодогч манай данснаас шилжүүлсэн гээд хэлж байна. Энэ мөнгө бол 5,3 сая төгрөгт хамааралгүй. Нэхэмжлэгч номын үнэ болох 364000 төгрөг нь урьдчилгаа болгож авсан 5,3 сая төгрөгт холбоотой гэх талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй.
2. Нэхэмжлэгч З.Шы 2015 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх цалингаас нийт 2178299 төгрөгийг суутгаж авсан. Мөн нэхэмжлэгч З.Ш манай сургуулийн үйл ажиллагаанаас гадуур дээрх хөгжмүүдээр тайлан тоглолт явуулаад үүнээс олсон орлогыг манай сургуулийн дансанд шилжүүлж өгсөн. Үүнд манай сургуулийн багш нар дэмжлэг туслалцаа үзүүлж билет худалдаж авсан багш нарын цалингаас суутгасан 800000 төгрөг энэ мөнгөн дүнд орж байгаа. Энэ мөнгийг 5,3 сая төгрөгөөс хасахад 1,4 сая төгрөг үлдэж байгаа. Нэхэмжлэгч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн эзэмшлийн буюу бодитоор нөлөөлөлд авснаар өмчлөх эрх үүсэхээр зохицуулж өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зүйл болох цахилгаан төгөлдөр хуурыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардаж байна. Нэхэмжлэгч үүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй боловч хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл дараах урьдчилсан нөхцөлийг хангасан байх ёстой. Үүнд:
1. Нэхэмжлэгч З.Ш тухайн цахилгаан төгөлдөр хуурын өмчлөгч нь байх ёстой, 2. Тухайн цахилгаан төгөлдөр хуур бусад этгээдийн эзэмшилд орсон байх ёстой, 3. Тухайн эзэмшил нь хууль бус байх ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч З.Ш тухайн цахилгаан төгөлдөр хуурын өмчлөгч мөн болох талаар нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Харин хариуцагчийн зүгээс холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Тодруулбал Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын Б/18 дугаартай хандивласан барааг дансанд хүлээж авах тухай тушаалаар нотлох боломжтой. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлага түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Үүнээс харахад өмчлөх эрх нь шилжихийн тулд талууд хоорондоо эрх шилжүүлсэн талаар гэрээ байгуулсан байх ёстой. Үүнийг дараах байдлаар нотлох боломжтой гэж үзэж байна. Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/17, Б/18 дугаар тушаал, нэхэмжлэгч З.Шд 860000 төгрөг шилжүүлсэн талаар санхүүгийн баримтаар нотлогдож байна. Үүнээс харахад Баян хуурын үнийг шилжүүлсэн 860000 төгрөг, замын зардлыг урамшуулал болгож өгсөн 160000 төгрөгийг нийлүүлээд тооцож үзэхэд цахилгаан төгөлдөр хуурын үндсэн үнэтэй дүйцэх мөнгөн дүн гарч байгаа талаар нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн. Талууд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцсон. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгах талаар хүсэлт гаргасан. Гэрчийн мэдүүлэг болон талуудын мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч З.Ш тус сургуульд багшилж байсан. Ийнхүү багшилж байхад З.Шы нэрэмжит танхим байгуулж өгөхийг хүсэж сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан. Сургуулийн захиргаанаас түүний хүсэлтийг хүлээн авсан. З.Ш анги танхим тохижуулах асуудалд өөрийнхөө зардлаар хичээсэн. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр талууд үлдсэн 1400000 төгрөг, шилжүүлсэн 960000 төгрөгийг цахилгаан төгөлдөр хуурын үндсэн дүнд тооцоод үлдсэн мөнгийг таны нэрэмжит танхим байгуулна, тийм учраас та бид нарт хандивлаарай гээд гэснээр хандивласан байна. Ийнхүү хандивлах саналыг анх нэхэмжлэгч З.Ш гаргаж байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Дээрх тохиролцооны дагуу хандивласан барааг хүлээж авах тухай Б/18 дугаар тушаал, замын зардал олгох тухай тушаал гарч тухайн өдөр 860000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг шаардахын тулд нэхэмжлэгч З.Ш тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх ёстой. Харин нэхэмжлэгч З.Ш Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхээ шилжүүлсэн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Тийм учраас нэхэмжлэгч З.Ш цахилгаан төгөлдөр хуурыг нэхэмжлэх эрхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Ш нь хариуцагч Б.Ж, хамтран хариуцагч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас цахилгаан төгөлдөр хуур буюу үнэ 2299000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, -нэхэмжлэгч З.Ш нь Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд хөгжмийн багшаар ажиллах хугацаандаа тус сургуулиас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3800000 (гурван сая найман зуун мянган) төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж 1500000 (нэг сая таван зуун мянган) төгрөг, нийт 5300000 (таван сая гурван зуун мянган) төгрөгийн урьдчилгаа авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн төлбөрийн даалгавар, нэхэмжлэгчийн тус сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Уг урьдчилгаа авсан мөнгөнөөс нэхэмжлэгч З.Ш нь цахилгаан төгөлдөр хуурыг Улаанбаатар хотоос 2299000 төгрөгөөр худалдаж авсан болох нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зарлагын баримтаар тогтоогджээ.
-Нэхэмжлэгчийн Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас цалингийн урьдчилгаа болгож авсан 5300000 төгрөгөөс нэхэмжлэгчийн цалингаас 2178294 төгрөг суутгаж авсан болох нь ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2015 оны багш, ажиллагсдын цалингийн картаар,
-нэхэмжлэгчийн хувийн тайлан тоглолтоос орсон орлого болох 1700000 төгрөгийг тухайн сургуулийн орлогод авсан болох нь тус сургуулийн захирал байсан асан Б.Бекболатын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч болон хариуцагч Б.Ж нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар,
-нэхэмжлэгч нь тус сургуулиас авсан урьдчилгаа мөнгөнөөс Улаанбаатар хотоос 400000 төгрөгт ном авч ирж хариуцагч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбарт тушаасан болох нь зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байгаа бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон урьдчилгаа 5300000 төгрөгөөс нийт 4278294 (2178294+1700000+400000) төгрөгийг суутгаж авсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд урьдчилгаа мөнгөнөөс 1021706 (5300000-4278294) төгрөг үлдсэн байжээ.
Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн Улаанбаатар хотод очих зардлыг сургуулиас гаргаж өгч авахуулсан гэж маргадаг боловч тус сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/17 дугаартай Урамшуулал олгох тухай тушаалаар хүүхдийн алтан зул дууны наадам-д оролцож амжилт гаргасныг үндэслэж нэхэмжлэгчид Улаанбаатар хот очиж ирэх замын зардлыг газраар олгохоор шийдвэрлэсэн уг тушаалаар үгүйсгэгдэж байна.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчээр дамжуулж Улаанбаатар хотоос авахуулсан номын үнийг нэхэмжлэгчид тусдаа шилжүүлж авахуулсан гэж маргасан боловч нэхэмжлэгчид номын үнэ гэж шилжүүлсэн бичгийн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй тул хариуцагч талын уг тайлбарыг дүгнэх боломжгүй болно.
Нэхэмжлэгч З.Шд урьдчилгаа болгож олгосон 3800000 төгрөгийг төлбөрийн даалгаврын зориулалтын гэх хэсэг дээр цахилгаан төгөлдөр хуурын үнэ гэж бичсэн хэдий боловч хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид урьдчилгаа болгож олгож, үүнээс 4278294 төгрөг суутгаж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчид олгосон урьдчилгаа мөнгө болох 5300000 төгрөгөөс үлдсэн 1021706 төгрөгийн тооцоо гарч байгаа ба үүнийг хариуцагч байгууллага нь нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэгчээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Иймд нэхэмжлэгч 2299000 төгрөгөөр цахилгаан төгөлдөр хуурыг худалдаж авсан болох зарлагын паданаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч З.Ш нь уг хөгжмийн өмчлөгч нь байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч уг хөгжмөө тухайн сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байх хугацаандаа өөрөө хэрэглэж байсан болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа ба 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал Б/18 дугаартай тушаалаар тус сургуулийн хөгжмийн багш З.Шы хандивласан Цахилгаан төгөлдөр хуур-ыг үндсэн хөрөнгийн дансанд бүртгэж орлогод авахыг нягтлан бодогч Б.Жад зөвшөөрсөн тухай тушаал гаргасан байжээ.
Нэхэмжлэгч Цахилгаан төгөлдөр хуураа авахаар очиход уг хөгжмөө аль хэдийн тус сургуулийн өмчлөлд хандивласан нэртэйгээр авсан тухай тушаал гарсныг мэдэж шүүхэд зөрчигдсөн эрхийг сэргээхээр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн цахилгаан төгөлдөр хуурыг тус сургуульд хандивлахыг амаар зөвшөөрсөн гэж байгаа боловч үүнийг нотолж чадаагүй ба нэхэмжлэгч амаар зөвшөөрсөн бол өнөөдөр шүүхэд цахилгаан төгөлдөр хуур буюу үнийг нэхэмжлэхгүй байсан гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д зааснаар хариуцагч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчээс цахилгаан төгөлдөр хуурыг тус сургуульд хандивлаж өгсөн талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.
Нэхэмжлэгчийн цахилгаан төгөлдөр хуурыг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын Б/18 дугаартай тушаалаар нэхэмжлэгч хандивласан гэсэн үндэслэлээр тус сургуулийн орлогод авсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хариуцагч Б.Жад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.
Иймд хариуцагч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас цахилгаан төгөлдөр хуруу буюу үнэ 2299000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Шд олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Б.Жад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1600 төгрөгийг, хариуцагч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас 2299000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 51734 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас цахилгаан төгөлдөр хуруу буюу үнэ 2299000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Шд олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Б.Жад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1600 төгрөгийг, хариуцагч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас 51734 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.Шд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ