Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2207000000040 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, т төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч , , тоотод түр оршин суух,

урьд Багахангай, шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, оногдуулсан 6 сар баривчлах ялыг 1 жил хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоосон.

******* овогт *******ы ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг зодож биед нь зүүн гаймрын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, нүүр, хүзүү, баруун бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед архи согтууруулах ундаа 3 жил уухгүй байж байгаад уусан. Гэнэт өшиглөснөө санаж байна. Хэт их согтолттой байсан. Би 2019 оноос хойш архи уухгүй амьдралаа дээшлүүлье одоо сайн сайхан амьдаръя гэж бодоод архи уухгүй 3 жил болсон. 2021 оны 10 дугаар сард г бас архинаас татгалзахыг зөвлөж хотод наркалогийн төвд эмнэлэгт хэвтүүлж, спираль тавиулсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр намайг ажлаа тараад гэртээ ирэхэд архи уучихсан байсан. Тэвчээргүй зан гаргасанд нь гутраад хоёулаа цуг архи уусан. Би гаас гуйсан хоёулаа дахин архи уух юм бол урд өмнөх амьдрал руугаа очно, одоо хоёулаа зогсооё гэж хэлээд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой Налайхын эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгээс гарч ирээд гэртээ очоод д би шөл хийж өгсөн. Тэгээд байж байтал өдөр авчихсан байсан гэрт байх 1 шил архинаас нэг татчихъя гээд уусан. Нэг нь хоёр, гурав болоод би дургүйцээд, цуг уусан. Өглөө нь дахин 1 шил архи уусан. Би 3 жил архи уугаагүй байсан болохоор ямар ч ой санамжгүй тасарсан байсан. Нэг л мэдэхэд би г унагаад өшиглөж байхдаа ухаан орсон. Ийм асуудал болсон” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирогч М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ярих зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би спираль тавиулаад 5 сарын хугацаанд уугаагүй байж байгаад уусан. Тэгээд хурдан согтсон. Надад агсам бол тавиагүй. Намайг нүүрс хийх гээд зогсож байхад нүүрс шидэж байгаад эргэж хараад нүүр лүү нэг л цохисон. Тэгээд би гараад зугтахад хойноос ирээд өшиглөсөн. Би гараад шууд эмнэлэг орсон” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч М.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),
  2. Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),
  3. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
  4. Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч Г.*******, хохирогч М. нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед нь зүүн гаймрын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, нүүр, хүзүү, баруун бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч М.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг нүүрс хийх гээд зогсож байхад нүүрс шидэж байгаад эргэж хараад нүүр лүү нэг л цохисон. Тэгээд би гараад зугтахад хойноос ирээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

  • Хохирогч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн орчимд би өөрийн хамтран амьдрагч Г.*******ын хамт Нисэх 36-6 тоотод 0.5 литрийн Хараа архи хувааж уучхаад байж байтал Г.******* 09 цаг 40 минутын орчимд гэрээс гараад явсан. Тэгээд гэртээ ганцаараа байж байтал 11 цагийн орчимд Г.******* бүр их согтчихсон, хөл дээрээ тогтож чадахгүй орж ирээд хувинд хийгээд тавьчихсан нүүрс өшиглөж унагаагаад, газар унасан нүүрснээс нэгийг аваад нүүр лүү цохичихоор нь гэрээс гараад зугтаатал араас гарч ирээд намайг барьж аваад, араас татаж унагаагаад толгой цээж хэсэг рүү өшиглөөд байсан. Би яг хаана хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна. Тэгээд би босоод гэрээсээ гараад зугтаагаад цагдаа дээр ирсэн юм. ... Намайг ******* өмнө нь 2019 онд нэг удаа зодож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),

 

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн үед манай дүү Б. фэйсбүүк чатаар ээжийг зодчихсон байна гэхээр нь цагдаа дуудаад эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Улмаар манай дүү Улаанбаатар хотоос ирж ээжийн хамтран амьдрагч Г.*******ын гэрт очиход гэртээ байхгүй болохоор нь нэг хашаанд хамт амьдардаг эгчийнх нь гэрт орж асуухад манай дүүг загнасан гэж ярьсан. Тэгээд манай дүү тэднийхээс хөөгдөж гараад 7 дугаар хороо тоотод байх гэртээ ирэх үед ээж эмнэлэг орж үзүүлчхээд цагдаа дээр очсон чинь орой ирж мэдүүлэг өгөөрэй гэж хэлээд явуулсан гээд гэртээ сууж байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),

 

  • криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаартай “...М.гийн биед зүүн гаймрын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, нүүр, хүзүү, баруун бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10% алдагдуулна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

  • Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би 0.5 литрийн архи хамтран амьдрагч М.гийн хамт уусан. Тэгээд би гарч яваад би ганцаараа уусан, би гэртээ 11 цагийн үед очсон. Тухайн үед би 2-3 жил огт архи ууж байгаагүй байж байгаад уусан болохоор бүр тасарчихсан. Тэгээд би юунаас болж маргалдсан талаар огт мэдэхгүй байна. М.г би гэрийн гадаа хашаан дотор түлхэж унагаагаад 1 удаа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цээж хэсэг рүү нь өшиглөснөө санаж байна. ...Дээрх гэмтлийг би түлхэж унагаах болон өшиглөж учруулсан. Би хамтран амьдрагч М.г эмнэлэгт хэвтүүлэх гэсэн чинь өөрөө хэвтээгүй гэхдээ учруулсан бүх гэмтлийн эмчилгээний зардлыг би төлөх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

           

Шүүгдэгч Г.******* нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч М.гийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Г.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.*******, хохирогч М. нар нь хамтран амьдраад 7-8 жил болж байгаа, дундаасаа хүүхэдгүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх шинжгүй, харин түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч М. нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “ямар нэгэн гомдол санал байхгүй, эвлэрсэн, хамт эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж байгаа” гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гэвч хохирогчийн биед учирсан гэмтэл, хор уршиг зэргийг харгалзан хохирогч М. гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНХЖАРГАЛ