Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

     2022       02          11                                    2022/ШЦТ/81                       

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг

хохирогч Г.Ш-ы өмгөөлөгч Я.Баярсайхан

гэрч Ч.Арвинбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, програмисст мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эх, нөхөр, 02-08 насны гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС 45 байрны 6 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй,

ХХ0000000 дугаарын регистртэй, И овогт А-ын А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.А нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт хохирогч Г.Штай “байрны подваль руу дураараа хүн оруулж, ээжийг доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, үснээс нь зулгааж гараараа цохиж зодож “... тархи доргилт, баруун нүдний зовхи, цээж, баруун өвдөгт цус хуралт, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт” гэмтэл бүхий “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гараад явж байтал гадаа танихгүй хүмүүс подвал руу орж гараад байхаар нь ээж дураараа юу хийгээд байгаа юм бэ гэхэд 2 давхрын хүүхэн манайх юм хийлгэж байгаа, та дуугай бай гээд дээд давхраас бууж ирээд манай ээжтэй маргалдсан. Манай ээжид хэлэхдээ танд ямар хамааралтай юм бэ, мэдрэл муутай, балай авгай чинь гэж хэлээд дээшээ орчихсон. Чи өөрөөсөө настай хүнийг ингэж болохгүй. Манай ээжээс уучлалт гуй, энэ чиний хувийн өмч биш, яагаад ээжийг минь доромжлоод байгаа юм бэ гэхэд намайг түлхсэн. Намайг түлхэхээр нь чи яагаад намайг түлхэж байгаа юм бэ, настай хүнээс уучлалт гуй, би чамд ямар буруу юм хийсэн юм бэ гэтэл цаанаас нь 2-3 залуучууд гарч ирээд нийлж, зодож цохиж, үснээс зулгааж, хана мөргүүлсэн. Манай ээж бичлэг хийж байхад утсыг нь булаагаад аваад орсон. Тэгэхээр нь би хаалгыг нь нүдээд утсаа авъя гэж хэлсэн. Тэр бичлэгт утсаа авъя гэж хэлж байгаа маань сонсогдож байгаа. Чи хүний эд хөрөнгийг дур мэдэн авч, нотлох баримтаа устгаад яаж байгаа юм гэж хэлэхэд өөрсдөө дээгүүр, доогуур орж надаар цохиулаад, бичлэг хийж намайг зодсон болгосон. Миний хоёр гар хөхөрсөн, няцарсан, сорвитой байгаа. Шүүх шинжилгээнд үзүүлэхэд маш олон хөхрөл, няцралтай, тархи доргилттой гэж гарсан. Цагдаа ирэхэд манай ээжийн утсыг гаргаж өгсөн. Тэр утсанд хийсэн бичлэгийг устгасан байсан.

Энэ орон сууц бол 3 давхар, 12 айлын амины орон сууц. Энэ орон сууцыг би хамгаалах үүрэгтэй. Тухайн орон сууцыг манай өвөө үр хүүхдүүддээ барьж өгсөн, амины орон сууц юм. Амины орон сууц гэдэг бол нийтийн орон сууц шиг хүмүүс дур мэдэж ордог зүйл биш. Ялангуяа подвал руу орж болохгүй. Байрны эзэн буюу манай эгч, бид хоёрын хураасан эд хөгшил тэнд байдаг. Тухайн подвал руу ямар нэгэн айл дур мэдэж дангаараа орох зөвшөөрөл өгдөггүй. Манаачид түлхүүр байдаг, манаачаас түлхүүр авч цуг орж юу хийх талаараа хэлдэг. Тэгэхэд өөрсдөө биш гадны хүн буюу засварын ажилтан оруулсан. Би бүх айлын байр, сөх, ус цахилгаан, дулааны мөнгө төгрөгийг хураадаг. Би бүх айлаар явдаг, намайг бүгд таньдаг.

Би ээжийгээ доромжлуулчхаад чи ингэж болохгүй, өмнө нь бас ийм асуудал болж байсан гэж хэлсэн. Би гэр рүү нь ороогүй. Манай хаалгыг нүдээд намайг шууд цохисон гэж хэлсэн байна. Ийм зүйл болоогүй.

Тухайн үед нийт 6 хүн, Ш-с гадна 1 эмэгтэй, 4 эрэгтэй байсан. Намайг эхлээд хана руу түлхсэн. Намайг Ш-тай барьцалдахад цуг байсан хүмүүс нь цохисон. Хэрэг болсны дараа цагдаа нар ирж мэдүүлэг авахад нөгөө цагдаа нь орж ирээд Ш гомдолгүй гэж байна гэж хэлсэн. Хэрэг болсноос 2-3 хонгийн дараа утсанд мессеж ирсэн. Миний утсанд мессеж ирснээс 2-3 хоногийн дараа над руу залгасан. 7 хоногийн дараа цагдаа залгаад цагдаагийн байгууллагад очиход Шүрэнчулуун ирсэн байсан. Надаас мэдүүлэг авах ёстой байж мэдүүлэг аваагүй. Би цагдаад та надаас мэдүүлэг авна гэж дуудсан, миний бие хөхөрсөн байна, би шүүх шинжилгээний байгууллагад үзүүлж дүгнэлт гаргуулмаар байна гэж хэлтэл байж бай, би эргээд ярина гэж хэлсэн. Би ганц хүнд зодуулаад тийм гэмтэл авахгүй. 2-4 хүн нийлж бүлэглэн зодсон асуудал байгаа. Маажуулсан, сорвитой болсон, тархи, толгой доргиж, хөхөрсөн. Би Гэмтлийн эмнэлэг болон Мед травма эмнэлэгт үзүүлсэн гэв.

 

Гэрч Ч.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Энэ орон сууц бол амины орон сууц. Орон сууцны подвал руу ороход зөвшөөрөл аваад байрны харуултай цуг ордог. Түлхүүр нь харуул дээр байдаг. Тухайн үед харуул хамгаалалтаас зөвшөөрөл аваагүй. Нэг залуу машинаас буугаад подвал онгойлгоод шууд орохоор нь яагаад гадны хүн орж байна, гадны хүн орох ёсгүй, орохдоо бид нарт, эсхүл харуул хамгаалалтай орох ёстой, дураараа орж болохгүй, мэдэж байгаа хүн байна уу гэсэн чинь дээд давхраас би мэдэж байна, балай, тэнэг авгай минь гэж хэлсэн. Тэгээд Ш дотогшоо орсон. Ш, манай охин хоёр үснээсээ зууралдсан байхад олон хүмүүс байсан. Тал талаасаа дайраад би дийлэхгүй байхаар нь баримтжуулъя гээд гар утсаараа зургийг нь авсан. Наад балай, мэдрэл авгайд байгаа утсыг нь шүүрээд ав гээд утсыг минь авсан. 4-5 хүн байсан. Салгах гээд байгаа юм уу, яах гээд байгаа нь тодорхой бус байсан. Боломж олдвол цохиод байсан. Би ганц охиноо салгах гэж байхад дайраад байсан. Би баримтжуулаад утсаараа бичлэг хийж байсан. Тэр баримтыг устгасан. Тэгээд нөхөр нь гарч ирээд цагдаа дуудлаа гэсэн. Хохирогчтой өмнө нь маргалдаж байсан. Манаачийн байрладаг газар очиход подвалын түлхүүр авч явчхаад, дараа нь хувилуулаад өгье гэхээр нь тэгж болохгүй гэж байсан юм гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г-ны Ш “... 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутагт байрлах 00 дугаар байрны 00 тоотод хүмүүсээр засвар хийлгэж байж байгаад 15 цагийн манайд засвар хийж байсан сантехникийн хоёр эрэгтэй хүний нэг эрэгтэй хүн нь 45 дугаар байрны подвал руу орж ус хаах гээд орсон юм. Тэгтэл нэг эмэгтэй хүн энэ юу хүмүүс подвалоор яваад байна гээд хашхирах чимээ гарахаар нь би гэрээсээ гүйж гараад “манайх засвар хийлгэх гээд усаа түр хаах гэсэн юмаа” гэхэд настай эмэгтэй хүн чи муу хулгайч яах гээд подвалоор яваад байгаа юм бэ гэхээр нь би та одоо юундаа хүнийг хулгайч гээд байгаа юм, битгий солиор гэж хэлчхээд гэр рүүгээ орсон. Гэртээ орж ирээд байж байтал хаалга тогшихоор нь би хаалгаа онгойлгосон чинь нэг эмэгтэй хүн миний нүүр рүү зүүн гараараа шууд цохисон. Намайг цохисон эмэгтэй нэг гартаа утсаараа бичлэг хийгээд байсан. Би нүүр рүүгээ цохиулсны дараа тэр эмэгтэйг гар утсаараа бичлэг хийж байна гэж мэдсэн. Тэгтэл манайд засвар хийж байсан нэрийг нь мэдэхгүй /тухайн үед цэнхэр өнгийн цамц өмссөн байсан/ эгч гүйж ирээд чи яагаад зүгээр байгаа хүүхдийг цохиж байгаа юм гээд миний урдуур ороод тэр намайг цохисон эмэгтэй болон тэр эмэгтэйн хамт явсан ээж нь бололтой анх гадаа надтай хальт маргалдсан настайвтар эмэгтэй хоёрыг түлхсэн боловч дийлэхгүй байсан тул гэрт засвар хийж байсан хүмүүс бүгд нийлээд хамжиж түлхсэн. Тэгтэл намайг цохисон эмэгтэй дайрч байгаад манай гэрт орж ирээд миний үснээс зулгаагаад толгой руу 10-аас олон удаа цохиж миний тухайн үед өмсөж байсан хувцсыг урсан. Тэгээд тэр хүмүүсийг арай гэж түлхэж гаргаад хаалгаа хаасан чинь манай гэрийн хаалганы гадна байсан барилгын материалуудыг нураагаад хаалга руу өшиглөж жийгээд байсан. Би ч тоохгүй орхисон тэгээд хэсэг чимээгүй болохоор нь би орцны үүд рүү ганцаараа гарсан чинь нөгөө эмэгтэй дахиад гар утсаараа бичлэг хийж байгаа бололтой гартаа барьчхаад миний толгой руу үгийн зөрүүгүй 1 удаа цохисон. Энэ үед манай хамгийн том ах Бат-Өлзий манайхаас гараад машинаа асаагаад явах гэж байтал нөгөө эмэгтэй ахын машины ард очоод энэ хүн намайг дайрах гэлээ гээд юм яриад байсан. Энэ үед би цагдаад дуудлага өгсөн” /хх-н 44-49/ гэж,

гэрч Г-ны Б “... тэр өдөр би төрсөн дүү Шүрэнчулууны байранд сантехникийн ажилчдаар засвар хийлгэхээр 2 хүн авч очсон. Би нэг ажилчинтай нь 00-ийн өрөөнд юм хийгээд 1 ажилчин нь манай дүү Шүрэнчулуунтай хамт подвал рүү орж ус хаах гээд явсан. Би 00-ийн өрөөнд нөгөө хүнтэй нь хамт юм хийж байтал манай дүүгийн гэрийн хаалгыг хүн нүдээд байх шиг байсан. Удалгүй байж байтал бөөн орилоон шуугиан болохоор нь би 00-ийн өрөөнөөс гараад ирсэн чинь нэг нь настайвтар, нөгөө нь 30 гаруй насны хоёр эмэгтэй хүн ороод ирсэн манай дүү Шүрэнчулуунтай хэрэлдэж маргалдаад 30 гаруй насны эмэгтэй нь манай дүү Шүрэнчулууны үснээс зулгаасан байж байхаар нь би салгах гээд очтол нөгөө эмэгтэй манай дүүгээс салахгүй байсан. Арай гэж тэр хоёрыг салгаад нөгөө хоёр хүнийг цаашлуулаад хаалгаа хаасан. Тэгтэл манай дүү Шүрэнчулуун миний түлхүүрийг булаагаад авсан байна гэж хэлж байсан. Энэ үед хаалганы гадна байсан хоёр хүний алийг нь гэдгийг нь мэдэхгүй байна, манай дүүгийн гэрийн хаалгыг нүдээд байсан. Би энэ үед нь буцаад 00-ийн өрөө рүү юм хийх гээд орсон. 00-ийн өрөөнд байж байтал дахиад шуугиан болохоор нь гараад ирсэн чинь манай дүү Шүрэнчулууныг арай залуухан эмэгтэй нь үсдээд байсан энэ үед тэр хөгшин залуу хоёр хүн гартаа утсаа барьсан бичлэг хийгээд байх шиг байсан. Би болон манай дүүгийн гэрт засвар хийж байсан хүмүүс хэдэн талаас нь барьж байгаад салгачхаад байж байтал манай дүү Шүрэнчулуун түлхүүрээ авъя гэж охин нь бололтой эмэгтэйгээс нэхсэн чинь өгөхгүй гэсэн. Энэ үед гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд нөгөө эмэгтэйг аваад гарсан. Хөгшин эмэгтэй хүн үлдсэн байж байхаар нь манай дүү түлхүүрээ авъя гэхэд өгөхгүй гэсэн. Тэгтэл манай дүү тэр хөгшин эмэгтэйн гар утсыг булаагаад авсан. Тэгээд гэр рүүгээ ороод хаалгаа хаасан. Удалгүй охин нь бололтой манай дүүгийн гэрт орж ирээд утсаа авъя гэж хашхирсан. Дахиад манай дүү Шүрэнчулуунтай маргалдаж манай дүүг үсдэж аваад толгой руу нь 2, 3 удаа цохихоор нь би очиж барьж аваад салгасан. Тэгтэл тэр эмэгтэйн нөхөр нь бололтой залуу ирээд тэр эмэгтэйг аваад гарсан. Удалгүй засварын материал дутаад байхаар нь би гараад барилгын материалд явах гээд машиндаа суусан чинь манай дүүг зодоод байсан залуухан эмэгтэй нь миний машины ард зогсоод хүн зодчихоод зугтаах гэж байна, явуулахгүй чамайг гээд зогсоод байсан. Энэ үед цагдаа ирсэн” /хх-н 80-83/ гэж,

гэрч Д-ын Ц “... би тэр байрны 2 давхарт байдаг айлд эхнэр Чулуунцэцэг, зээ хүү Мөнхбилэг, хүү Баян-Эрдэнэ нарын хамт засварын ажил хийж байсан юм. Тухайн өдөр бид дөрөв тэр байранд 10 цагийн үед очсон. Би тэр байрны 00-д хар замаск татах ажил хийж байсан. Хүү Мөнхбилэг, Баян-Эрдэнэ хоёр жижиг өрөөнд нь цагаан замаск татаж байсан. Эхнэр бид гуравт ойр зуурын юм авч өгөөд тусалж байсан. Тэр айлд бид дөрвөөс гадна тэр байрны эзэн эмэгтэйн ах нь гээд нэг залуу сангийн юм хийнэ гээд хоёр залуу бас байсан. Бүгд тус тусын ажлаа хийж байсан. Тэгтэл өдөр, хэдэн цаг гэдгийг санахгүй байна, үд өнгөрч байхад байрны эзэн эмэгтэй шуугилдаад хэрэлдээд байхаар нь би очоод харсан чинь байрны эзэн эмэгтэй Ш-тэй нэг эмэгтэй хэрэлдэж маргалдаж байсан. Байрны эзэн Ш-г энгэрээс заамдаж байгаад хацар толгой руу нь 2, 3 удаа алгадаж байгаа харагдсан. Энэ хоёрын цаана нь настайвтар эмэгтэй хүн утсаа барьсан зогсож байсан. Ш-г тэр эмэгтэй хүнтэй зууралдаад цохиулаад байж байхад хажууд нь ах нь гэх залуу болон манай эхнэр Чулуунцэцэг хоёр байхаар нь би үргэлжлүүлээд угаалгын өрөөнд орж ажлаа хийсэн. Хэрүүл маргаан ойролцоогоор 30 гаруй минут хэрэлдэцгээгээд байсан. Тэгж байгаад чимээгүй болцгоосон” /хх-ийн 90-91/ гэж,

гэрч Ш-ын Ч “... 45 дугаар байрны 2 давхарт байдаг Ш гэж хүний гэрт нөхөр Цэдэвдорж, хүү Баян-Эрдэнэ, зээ хүү Мөнхбат нарын хамт засварын ажил хийж байсан. Өдөр хэдэн цаг гэдгийг сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь байрны эзэн эмэгтэй гэрийнхээ хаалгыг онгойлцон гэрийнхээ хаалган дээр зогсоод “ус хаалаа гуйлгачин” энэ тэр гээд нэг эмэгтэй хүнтэй маргалдаад “бид нар сангийн юм хийлгэж байна” гэж байсан. Энэ үед би хувцсаа өмсөөд гарах гэж байтал Шүрэнчулуунтай маргалдаж байсан 30 гаруй насны эмэгтэй Шүрэнчулууны толгой руу нь гараараа 2-3 удаа цохисон. Хажууд нь байсан настай эмэгтэй Шүрэнчулууныг хөлөөрөө өшиглөж байсан. Би хажуугаар нь гараад явах гэснээ болиод “яаж байгаа юм та нар чинь нэгнийгээ” гэж хэлтэл настай эмэгтэй хүн миний баруун нүд рүү цохиод баруун зүүн хоёр хөл рүү өшиглөсөн. Тэр настай эмэгтэй хүн мөн намайг хэл амаар доромжилсон. Тэгтэл тэр арай залуухан эмэгтэйгийн нөхөр нь бололтой залуу ирээд тэр эмэгтэйг татаад холдуултал настай эмэгтэй нь ирээд Шүрэнчулууны нуруу руу нь гараараа 2 удаа цохисон. Мөн 1 удаа өшиглөсөн. Дотор юм хийж байсан манай хүү Баян-Эрдэнэ гүйж гарч ирээд яагаад миний ээжийг цохиж байгаа юм гээд нөгөө залуухан эмэгтэйгийн нөхөр нь бололтой эрэгтэй рүү гараа далайгаад цохих гэж байсан. Би тэр үед нь бишээ миний хүү энэ эмгэн цохисон гэхэд манай хүү Баян-Эрдэнэ та яагаад миний ээжийг цохиж байгаа юм гэхэд нөгөө настай эмэгтэй хохино яадгийн гэсэн. Энэ үед Шүрэнчулууныг цохиж зодож байсан эмэгтэй шууд Шүрэнчулууны гэр рүү дайрж орж ирээд Шүрэнчулууныг заамдаад үснээс зулгаагаад толгой руу нь маш олон удаа цохиж, нүүр рүү нь алгадсан. Энэ үед хажуунаас нь хараад зогсож байсан миний зээ хүү Мөнхбилэгийг тэр эмэгтэй ямар ч шалтгаангүйгээр 2 удаа алгадсан. Энэ үед нь би хүү Баян-Эрдэнийг миний хүү нэг утсаар бичлэг хий гээд бичлэг хийлгэсэн. Гаднаас дайрж орж ирж Шүрэнчулууныг зодсон эмэгтэй Шүрэнчулууныг заамдаад ерөөсөө тавихгүй хэрэлдэж байгаад цохичоод дахиад хэрэлдээд салахгүй зогсоод байсан. Тэр эмэгтэйгээс Шүрэнчулуун түлхүүрээ авъя гээд байсан. Нөгөө эмэгтэй нь өгөхгүй гээд байсан. Ингээд байж байтал Шүрэнчулууны ах нь надад манай дүүг зодоод байна туслаач эгчээ гэхээр нь намайг өмнө нь шалттаангүй цохиж зодсон болохоор миний бага зэрэг дургүй хүрээд тэр дайраад байсан эмэгтэйг Шүрэнчулууны гэрээс нь гаргая гэж бодоод түлхсэн чинь тэр эмэгтэй намайг алгадаад, үснээс зулгаагаад миний үснээс тавихгүй байсан. Гэтэл манай хүү Баян-Эрдэнэ тэр эмэгтэйн гарыг татаж байж тавиулаад түлхэж гаргасан. Тэр эмэгтэйг түлхэж гаргасан боловч буцаж орж ирээд Шүрэнчулуун руу дайрч хэл амаар доромжилж дахиж цохиж зодож үснээс нь зулгаасан” /хх-ийн 94-96/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Г.Ш-ы биед тархи доргилт, баруун нүдний зовхи, цээж, баруун өвдөгт цус хуралт, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 7916 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 129-130/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч А.А-ын гэм буруутайг нотолно.

 

Түүнчлэн тухайн цаг хугацаанд болсон үйл явдал гар утасны камерын бичлэгээр бичигдсэнийг мөрдөгч Эд мөрийн баримтаар тооцож, бичлэг бүхий CD-ийг нотлох баримтаар шүүхэд хэргийн хамт ирүүлсэн, хавтас хэргийн 20-37 дугаар хуудсанд уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагджээ.

Шүүх хуралдааны явцад талуудын хүсэлтээр CD дэх бичлэгийг нотлох баримтаар шинжлэн судалсан бөгөөд болж буй үйл явдал нь дээр дурдагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдтэй нийцэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл.

Нэг талаас хохирогчид учирсан гэмтэл /хохирол/, нөгөө талаас гэм буруутай этгээдийн субьектив санаа зорилго энэ гэмт хэргийн шалтгаант холбоо болно.

 

Энэ гэмт хэргийн объект нь хүний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж байгаа нийгмийн харилцаа юм.

 

Шүүгдэгч А.А-д холбогдох энэ гэмт хэргээс үзвэл шүүгдэгч тал тухайн орон сууцыг үндсэндээ өөрсдийн өмчлөл, эд хөрөнгө гэсэн байдлаар ханддаг байжээ. Гэвч тухайн орон сууцны зоорины давхар /подвал/, байрны гадна орчин, барилгын доторх өрөө хоорондын сул зай /коридор/ зэрэг нь нийтийн эзэмшилд хамаарна.

Хохирогч Г.Ш нь өөрийн амьдрах гэртээ засвар хийх явцдаа уг орон сууцны зоорийн давхар руу орж төвлөрсөн ус хаах гэснээс болж шүүгдэгч А.А-ын эх Ч.Арвинбаяртай маргалдсан, улмаар эхтэйгээ маргалдлаа гэх шалтгаанаар шүүгдэгч А.А нь хохирогч Г.Ш-ы үснээс зулгаах, биеэс нь татаж чангаах, цохих зэргээр гэмт хэргийн шинжтэй үйл явдал өрнөсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг хэн нэгэн зөрчих ёсгүй.

Өөрөөр хэлбэл хүн өөрийн амьдрах орчиндоо хэнээс ч халдашгүй байхын зэрэгцээ амьдрах орчин нөхцөлөө сайжруулах /байрандаа засвар хийх/ гэсний төлөөд “... манай өвөө үр хүүхдүүддээ барьж өгсөн амины орон сууц. Амины орон сууц гэдэг бол нийтийн орон сууц шиг хүмүүс дур мэдэж ордог зүйл биш” гэдэг байдлаар өрөөсгөл хандаж бусдын эрхийг хөндөж болохгүй.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч И овогт А-ын А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.А-ыг “... бусдад зодуулсан” гэдэг байдлаар “А.Аын биед тархи доргилт, зүүн сарвууны цус хуралт, баруун сарвуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8489 тоот дүгнэлт гарсан. /хх-н 100-101/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бүрэлдэхүүнтэй 784 тоот дүгнэлтээр “... шинжээчийн дээрх 8489 тоот дүгнэлтийг үндэслэлгүй байна” гэжээ. /хх-н 106-109/

 

Хяналтын прокуророос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 784 тоот дүгнэлтийг үндэслэн А.А-ыг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг шүүх үндэслэлтэй гэж үзэв. /хх-н 170-171/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 784 тоот дүгнэлтээс гадна камерын /CD/ бичлэг дэх гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн үйл явц, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр А.А хохирогч мөн гэдэг нь, тэрээр хохирсон гэдэг нь үгүйсгэгдэж байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.А-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч А.А-ын хувийн байдал буюу 02-08 насны гурван хүүхэдтэй гэх байдал, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан “... торгох ялыг хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх харгалзав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Ш-д учруулсан 260.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Ааас гаргуулж түүнд олгох нь зүйтэй.

Шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. И овогт А-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.А торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-аас 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Ш-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ