Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 276

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын 1 дүгээр баг, Рашаантад оршин суух, Төгрөг овогтой Намжилсүрэнгийн Дариймаагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Дариймаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Намжилсүрэнгийн Дариймаа нь 1987 оны 01 дүгээр сараас Говь-Алтай аймгийн 60 жил хоршоололд буурын голд давсчнаар 1990 оны 07 дугаар сарыг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байна. Шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гээд байна. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1987 оны 01 дүгээр сараас 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Намжилсүрэнгийн Дариймаа нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн 60 жил хоршоололд давсчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Намжилсүрэнгийн Дариймаа нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн 60 жил хоршоололд давсчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлээс 1986 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Намжилсүрэнгийн Дариймаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд “Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын 60 жил хоршоололын даргын 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай тушаалаар 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Буурын давсны хэсэгт давсчнаар томилон ажиллуулав” гэсэн бичилт хийгдэж нэгдлийн тамга дарагдсан, хөдөлмөрийн дэвтрийн 12-15 дугаар хуудсанд 1987 оны 01 дүгээр сараас 1990 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, авсан хөлс бичигдэж хуудас тус бүрт Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын 60 жил хоршооллын тамга дарагдсан байх бөгөөд уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Төгрөг овогтой Намжилсүрэнгийн Дариймааг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн 60 жил хоршоололд давсчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Төгрөг овогтой Намжилсүрэнгийн Дариймааг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн 60 жил хоршоололд давсчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН