Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

 2022          02         14                                     2022/ШЦТ/85                                     

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар

шүүгдэгч Б.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн  хамт ХХХХХХХХХ дүүргийн 00 дүгээр хороо, 000 тоотод оршин суух, ял шийтгэл:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хассан,

ХХ000000 регистрийн дугаартай Б овгийн Б-ны Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цагийн үед ХХХ дүүргийн 000 дугаар хороо, Цамбагаравын автобусны буудлын  харалдаа Алтантариа-Мах импекс чиглэлийн автобусанд зорчиж явсан хохирогч Э.А-ийн эзэмшлийн “айфоне эксмакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж бусдад 1.102.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн гар утсыг хулгайлж авчихаад гэртээ байж байтал 2 цагдаа ороод ирсэн. Гар утасны Location-оор намайг илрүүлсэн гэсэн. Тэгээд гар утсыг нь хохирогчид буцааж өгсөн. Би гэрлэлтээ батлуулаагүй боловч эхнэр, 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э-ийн А“... 2021 оны 12 дугаар сарын 17-нд өглөө 1 дүгээр хорооллоос 10 дугаар хороолол орох автобуснаас буух гээд хүмүүс дунд явж байгаад гарч иртэл миний гар утас алга болсон. Тухайн үедээ миний гар утас алга болж байгааг харсан бөгөөд нөгөө хүн нь 180 орчим өндөртэй, шардуу царайтай, ногоон өнгийн куртик өмссөн залуу байсан. Би тэр үедээ айгаад ч юм уу нэг сонин байдалд ороод байж байхад нөгөө эрэгтэй гүйгээд алга болсон. Би тэгээд цагдаад дуудлага өгчхөөд өөрийн дугаар руу залгахад нэг эрэгтэй хүн аваад “би Хархорины цагдаа байна, одоо ээлж буух гээд байна. Чиний гар утсыг хоёр эмэгтэй хүн авч ирсэн байна. Шил нь нэлээд хагарсан байна мөн үү?” гэж асуусан. Тэгээд надаас дэлгэцийн кодоо хэл дээ, би мөн биш эсэхийг нь нягталмаар байна гээд хэлэхээр нь би нууц дугаараа хэлсэн. Дахин надаас “mail код асуугаад байхаар нь би очиж байгаад хэлж өгнө одоо хэлэхгүй гэж хэлсэн. Тэгээд намайг Хархорин захын замын ард байдаг 14 дүгээр байрны 4 дүгээр орцны нэг давхарт цагдаагийн тасаг байгаа, тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би ээж 1 дүгээр хороололд байдаг болохоор ээжийг дуудаад хамт яваад очсон чинь тухайн орцонд ямар нэг цагдаа байхгүй айл байсан. Тэгээд 102 дугаарт дуудлага өгсөн бөгөөд дуудлагаар ирсэн цагдаа нартай уулзаад утсаа өөрийн дугаараар “зинли” гэх программ ашиглаад хайж үзсэн чинь Баян хошууны Хөтөл гэх газрын зүүн талд заагаад байсан. Тэгээд би дуудлагаар ирсэн цагдаа, өөрийн аавын хамт тухайн хаяг дээр нь явж очсон. Тухайн хаяг дээр нь очсон чинь тэр хашаанд хоёр айл байсан бөгөөд зүүн гар талд байсан айлд нь ахмад Отгонбаатар гээд ах ороод нэг хүн дагуулаад миний гар утсыг аваад гарч ирсэн. Тэгээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд нөгөө хүнээс утсаа хүлээж аваад дараа дуудахаар нь ирж мэдүүлэг өгнө гэж хэлээд явсан /хх-н 23-25/ гэж,

яллагдагч Б-ны Г “... Цамбагаравын автобусны буудал дээрээс нэг эмэгтэй хүн суусан бөгөөд намайг харахад зүүн талын куртикнийхээ зүүн талын халаасанд гар утсаа хийсэн байхаар нь 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буухдаа чихэвчийг нь салгаад авсан” /хх-н 19/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ганцогийн “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 14/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 50/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-н 51/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 54/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-74/, Б.Г-ийн А, Б.Г-ийн Б нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 79-80/ зэрэг баримт хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Э.А “... алдсан утсаа олсон тул санал, гомдол байхгүй” /хх-н 75/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Г бусдад төлөх төлбөргүй.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Б овогт Б-ны Г-гийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч Э.А “... хэрэгтнийг хууль ёсоор нь шийдвэрлэж өгч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 75/ гэх,

шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Б.Дагиймаа “... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураар хүлээн зөвшөөрч, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 81/ гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь хэргийн оролцогчдоос гаргасан дээрх хүсэлтүүд болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Б.Г-т оногдуулах ялын төрөл /нийтэд тустай ажил хийлгэх ял/, уг нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Харин шүүгдэгч Б.Г цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ны Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ