Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 11

 

Ж.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор *******

Хохирогч *******

            Шүүгдэгч  Ж.Б

            Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн  хохирогч Р.Б давж заалдах гомдлоор Ж.Б холбогдох эрүүгийн 1722000900053 тоот хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, Дундговь аймгийн засаг даргын тамгын газрын харъяа******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, /РД:*******/ овогт Ж.Б

Шүүгдэгч Ж.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

          Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ж.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцүү хэмжээгээр  буюу 450.000 төгрөгөөр  торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.Б нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 1 сарын дотор  төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүйг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Р.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оноос нөхөр Ж.Б танилцаж дотносон 2010 онд сургуулиа төгсөж Дундговь аймагт амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан ба 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зодуулж тархиндаа оёдол тавиулж шүүхэд хандсан. Нөхрөө хийсэн хэрэгтээ гэмшиж, уучлалт гуйх байх гэж одоог хүртэл харсан боловч гуйх нь битгий хэл чамтай амьдарвал чи намайг шоронд хийхээр хүн, чиний хүслээр авах ялыг чинь авлаа гэж хэл амаар доромжилсон. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байгаа тул тогтоолыг  өөрчилж өгнө үү гэв.

 

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 2-7 тоот хашаанд байх гэртээ эхнэр Р.Б толгойгоор нь хана мөргүүлж , гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-8/, аюулын зэргийн үнэлгээ /хх-18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

              Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдалд дүгнэлт өгч  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  торгох ялын доод хэмжээний ялыг  оногдуулсан  байна.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогч Р.Б эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо :”нөхрийгөө хийсэн хэрэгтээ гэмшиж уучлалт гуйх байх гэсэн чинь гуйх нь битгий хэл хэл амаар доромжилж байна”  гэжээ. Хохирогч Р.Б нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “...би зодуулсан өдрөө уурандаа нөхрөө хашраах санаатай цагдаад дуудлага өгсөн, одоо гэр бүлийн харилцаа хэвээр байгаа”,  “...Манай нөхөр надаас уучлалт гуйгаад дахиад гар хүрэхгүй гэсэн” гэж мэдүүлж байсан нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг,  шүүх хуралдаан дээр мэдүүлж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд / хх-60/ тусгагдсан байна. Иймд хохирогчийн “Ж.Б надаас одоог хүртэл уучлалт гуйхгүй байна” гэсэн гомдол үндэслэлгүй байх тул давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хохирогч Р.Б шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                             ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                                                                ШҮҮГЧИД                               Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                                                 Х.ГЭРЭЛМАА