Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: О.Жавхлан,

улсын яллагч: Р.Мягмардорж,

шүүгдэгч: Т.З /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/,

хохирогч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т.З-д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Р овгийн Т-гийн З /РД:00000000/,

Монгол улсын иргэн, ****оны *** дугаар сарын ****ны өдөр *********** хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, авто механик мэргэжилтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо ******** 00-0 тоотод оршин суудаг, урьд

2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн.

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 Шүүгдэгч Т.З нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Зүүнбаян-Уулын 000 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн Д.Н-гийн биед “зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, хүзүүний хажуугийн шарх, хүзүүний ар, 2 гарын сарвууны өнгөц шарх, зүүн бөөрний түвшинд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00дугаар хороо Зүүнбаян-Уулын 000 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн Н.М-гийн биед “баруун зовхи, шанаа, бугалга, далны доод хэсгийг хамарсан 5-6%-н IIIА зэргийн түлэгдэл, баруун зовхинд язарсан шарх, цус хуралт, зүүн зовхи, шанаанд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Т.З нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00 тоотод буюу хохирогч нарын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Н-тай шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн Д.Н-гийн биед халдаж “зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, хүзүүний хажуугийн шарх, хүзүүний ар, 2 гарын сарвууны өнгөц шарх, зүүн бөөрний түвшинд цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн дээрх цаг хугацаа, хаягт хохирогч Н.М-ийн биед “баруун зовхи, шанаа, бугалга, далны доод хэсгийг хамарсан 5-6%-н IIIА зэргийн түлэгдэл, баруун зовхинд язарсан шарх, цус хуралт, зүүн зовхи, шанаанд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.З бид хоёр манай гэрт хоол унд идчихээд авсан 1 шил архиа хувааж уутал Т.З согтчихоод утсаар ярьж байснаа гэнэт уурлаад ширээн дээрээс аяга авч шидэж газар хагалахаар нь миний дүү яаж байна аа гэж хэлтэл босож ирээд тогооны шилэн таг аваад баруун гараараа миний зүүн чихний ойролцоо нэг удаа хүчтэй цохиж намайг ухаан алдуулсан, удалгүй би сэрээд хартал манай эхнэр М-ийг бариад авчихсан нүүр хэсэгт нь цохиж байгаад зуух руу өргөөд шидтэл манай эхнэрийн биеийн баруун хэсэг түлэгдэж манай эхнэр орилж гэрээс гараад гүйтэл Т.З миний нурууны баруун хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөхөөр нь би юм хэлж, дуугараагүй, арай хийгээд босоод иртэл баруун гараараа миний зүүн чих хэсэгт нэг удаа алгадаж газар унагачхаад гэрээс гараад явтал манай хөрш айлын Б гэх залуу цагдаа дуудаж Т.З-г барьж өгтөл цагдаа харчихаад Т.З юу ч болоогүй юм шиг би яагаачгүй гээд байсан миний биед ямар нэгэн зовиур гэмтэл шарх байхгүй бүрэн эдгэрсэн...Т.З нь манай эхнэр Н.М бид хоёрт 1.000.000 төгрөгийг эмчилгээний зардалд гаргаж өгсөн болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 26-р хуудас/,

-Хохирогч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...З согтчихоод гэнэт ширээн дээрээс аяга авч шидэж хагалаад орилж агсам тавьтал манай нөхөр Н яаж байна гэж хэлтэл тогооны шилэн тагаар З манай нөхөр Н-гийн зүүн чих орчимд 1 удаа цохиж газар унагаад надруу дайрч зүүн гараараа миний баруун нүдний хөмсөг орчимд 1 удаа цохиж мөн баруун гараараа миний уруул, эрүү орчимд 1 удаа цохиж үснээс зулгааж чирээд зуух руу түлхэж унагаад дээрээс дарж унасан юм. Тухайн үед би биеийнхээ баруун гар, тохой, булчин, нурууны баруун ар хэсгийг түлж орилоод арай хийж бостол Т.З манай нөхөр Н-гийн нуруу хэсэгт өшиглөхөөр нь гэрээс гарч зугтаад хөрш айлын дүү Ц-гийн гэрт орж болсон асуудлын талаар хэлтэл Ц цагдаад дуудлага өгсөн юм...Т.З нь манай нөхөр Д.Н бид хоёрт эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн гэхдээ би гомдолтой байгаа. Яагаад гэвэл миний биед учирсан шарх бүрэн эдгэрээгүй, цаашид 1.000.000 төгрөгийн эмчилгээ орохоор байгаа тул тухайн мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35-р хуудас/,

-Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хөрш айлын Н ахын гэрт орох гээд явж байтал гэрээс нь махлаг биетэй эрэгтэй согтуу хүн найгаад гараад явахаар нь Н ахын гэрт нь яваад ортол газраар энд тэнд шил хагарчихсан цус болчихсон байдалтай байсан юм. Харин Н ах гэрийнхээ гал тогооны өрөөнд нүүр хэсгээс нь цус гарчихсан газар сууж байхаар нь юу болсон талаар нь асууж гайгүй юу гэж хэлээд сандал дээр суулгахад дөнгөж саяхан манай гэрээс гараад явсан залуу зодчихлоо гэж хэлэхээр нь гэрээс нь гарч яваад тухайн согтуу эрэгтэй хүнийг ойр орчмоор хайж явахад урд талын нарийн гудамжинд ганцаараа явж байхаар нь очиж уулзаад буцаж Н ахын хашаанд дагуулж ирэхэд тухайн эрэгтэй хүний хувцас нь цус болчихсон би яагаачгүй шүү гээд зугтах гээд байхаар нь эвийг олж байтал гаднаас цагдаа орж иртэл Н ахын эхнэр М эгч гэнэт гарч ирээд наад залуу чинь манай нөхөр бид хоёрыг зодож намайг зуухан дээр унагасан гээд Мг эгчийн нүүр хэсэг нь хавдаж нуруу хэсэг нь түлэгдсэн харагдаж байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

“1. Д.Н-гийн биед зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, хүзүүний хажуугийн шарх, хүзүүний ар, 2 гарын сарвууны өнгөц шарх, зүүн бөөрний түвшинд дэх цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь 2022.01.07-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 93-94-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

“...1. Н.М-ийн биед баруун зовхи, шанаа, бугалга, далны доод хэсгийг хамарсан 5-6%-н IIIА зэргийн түлэгдэл, баруун зовхинд язарсан шарх, цус хуралт, зүүн зовхи, шанаанд цус хуралт гэмтэл учирчээ.

 2. Дээрх гэмтэл нь хэсэг газрын өндөр хэм болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 100-101-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Т.З-ын яллагдагчаар өгсөн: “...Н ах бид хоёр хоол унд идчихээд 1 шил архиа хувааж уугаад сууж байгаад би нилээн согтож ухаан орж гарч байгаад сэргэтэл эхнэртэйгээ утсаар ярьж хэрүүл хийж байсан. Тэрнээс хойш юу ч санахгүй тасарчихсан байж байгаад сэргэтэл Н ах цус болчихсон байж байхаар нь би юу болов ахаа гэж асуутал надтай юу ч дуугараагүй...” гэж /хавтаст хэргийн 77р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд

шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нөхөртэй хамт манай гэрт ирж нэлээн хэд хоног архи уусан. Тухайн үед Т.З намайг учиргүй зодож гал руу шидэж миний бие түлэгдсэн. Одоо түлэгдсэн хэсэг хүйтэнд сэдэрч маш их хэцүү байна...” дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл шинжээч нарын дүгнэлт эргэлзээгүй, мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч, гэрч нарын мэдүүлэг үйл баримт цаг хугацааны зөрүүгүй байх тул үнэн зөвд тооцов.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.З нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Н-гийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.М-ийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4.Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.З нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буюу нэг цаг хугацаа нэг газарт хохирогч Д.Н-гийн биед хөнгөн хохирол, хохирогч Н.М-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан нь нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд хамаарна.

Шүүгдэгч Т.З нь согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр /агсан согтуу тавьсан/ хохирогч Д.Н, Н.М нарын эрүүл мэндэд халдаж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр үйлдсэн гэж үзэх үндэстэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” тус тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Н.М гэмт хэргийн улмаас учирсан 2.000.000 төгрөгийг хүлээж авсан одоо плитканы үнэ 245.000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Гэвч Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан тул төлбөр гаргуулахаар тооцох бичгийн баримт буюу плитка засварласан баримтаа хохирогч хэрэгт болон шүүх хуралдаанд гаргаагүй, хэрэгт байгаа хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 225.000 төгрөг, эмчилгээний зардлын баримт 243 120 төгрөг байгаа нь дээрх хохиролд төлөгдсөн 2.000.000 төгрөгт тооцогдсон дүн байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Т.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх яд, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлт гаргасан,

 Харин шүүгдэгч Т.З нь ам бүл хувийн байдал, ажилд орсон байгаа зэргийг харгалзан торгох ял шийтгэж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн авч үзсэн, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн байдлыг /эхнэр хүүхдийн хамт амьдардаг / дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга барил, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал дахь шийтгэлийг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар, 

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Т.З нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тогооны төмөр таг, 1 ширхэг тогооны тагны бариулыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Р овгийн Т-гийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

          2. Шүүгдэгч Р овгийн Т-гийн З-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял,  

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.З-тын эдлэх торгох ялын хэмжээг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгөөр тогтоосугай. 

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Т.З-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 8 (найм) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тогооны төмөр таг, 1 ширхэг тогооны тагны бариулыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

          6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.М гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА