Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

     2022         02         11                                     2022/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч Н.Ө, П.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000  дугаартай  хэргийг  2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 07-нд Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт ХХХ сум, 00 дугаар баг, ХХХ хаягт оршин суух бүртгэлтэй, ХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод түр оршин суух,

ял шийтгэл: 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

ХХ000000 дугаарын регистртэй, Н овогт Н-ын Ө

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 02-нд Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2; эхнэрийн хамт ХХХ сум, 00 дугаар баг, ХХХ хаягт оршин суух бүртгэлтэй, ХХХ дүүргийн 0 дүгээр хороо, 00 тоотод түр оршин суух,

ял шийтгэл: 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

ХХ00000 дугаарын регистртэй И овогт П-ын Г

 

/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Г, Н.Ө нар бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх зам дагуух үерийн далангийн орчим хохирогч Б.Б-ийн эзэмшлийн Самсунг Ми А2 загварын гар утсыг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан “дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч П.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийнхээ талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул одоо дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөн адил бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул дахин ярихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-гийн Б “... 2019 оны 8 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны автобусны буудал дээрээс 4 залуу суугаад ХХХ дүүргийн нутаг дэвсгэр ххх замын хойд талд нийтийн байранд ирсэн. Уг хүн нь ороод хувцас аваад гарч ирээд ххх зам өгсөөд Зурагтын эцсийн орчим зогссон чинь машинд суусан хүмүүс бүгд буусан. Харин нийтийн байр руу орж хувцас авч гарч ирсэн залуу таксинаас буухдаа хамт явж байсан хүмүүсээ та нар бууж бай гэж хэлээд хамгийн сүүлд буусан бөгөөд буухдаа баярлалаа, баяртай гэж хэлээд таксины мөнгийг өгөлгүй эхэлж буусан 3 хүний араас яваад өгөхөөр нь би машинаасаа бууж “мөнгөө өгөөч” гээд араас нь очоод нэг хүнийх нь гараас бариад, чирээд машин дээрээ авчраад цагдаа дуудах гээд 102 дугаар руу залгаад байж байтал хамгийн сүүлд “баярлалаа, баяртай” гэж хэлдэг залуу намайг цохих гэхээр нь холдтол тухайн залуу араас боож газар унасан. Энэ үедээ гарыг нь тавиулах гэсэн боловч гар утсаа барьсан байсан учир гар утсаа гулгуулж өөрөөсөө баруун чигт шидсэн. Тэгэхэд нэг өндөр нуруутай залуу нь миний гар утсыг авсан. Тэгээд би “энийгээ болиулаач ээ, боогоод байна” гэхэд гар утас авдаг залуу нь боль гэсэн. Удалгүй намайг боосон залуу боохоо болиод гүйгээд явсан, араас нь гар утас авсан залуу явсан. Надаас ямар нэгэн зүйл шаардсан зүйл огт байхгүй. Намайг боосон хүнээс өөр хүн миний биед халдсан зүйл байхгүй. Гар утас авсан хүн намайг цохиж, зодоогүй. Миний биед гэмтэл, шарх учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” /хх-ийн 17-18/ гэж,

гэрч Р-ын А “... Г жолооч залуугийн араас боочихсон байсан. Тэгэхээр нь Ө бид хоёр болиоч гэж хэлсэн. Би Ж ахын хамт Ө-ын гэрт ороод байж байхад араас Ө, Г хоёр орж ирсэн. Өлзийбаяр гартаа нэг гар утас барьчихсан байсан. Машины хажууд гар утас байхаар нь авсан талаар ярьж байсан” /хх-ийн 29-30/ гэж,

гэрч Н-ийн Ж “... Г, Ө, А нарын хамт такси бариад Ө-ын гэрийн харалдаа далан дагуу буусан. Би А-ын хамт Өлзийбаярын гэр рүү явсан. Г, Ө хоёр таксины мөнгө өгөхөөр үлдсэн. Дараа нь таксины жолоочийн эд зүйлийг авсан талаараа Ө надад хэлсэн” /хх-ийн 33/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “... бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байхыг, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг, заналхийлж довтолсоноор уг гэмт хэрэг төгссөн гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан.

“Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж довтолдгоороо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдох бөгөөд довтолгооныг хохирогчид мэдэгдэх буюу мэдэгдэхгүй хэлбэрээр үйлдэгддэг. Обьектын хувьд хохирогчийн өмчлөх эрх байхаас гадна хохирогчийн амь нас, эрүүл мэндэд довтолгоо хийж халдсан халдлага байдаг.

 

Шүүгдэгч П.Г, Н.Ө нарт холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэдгээр нь гэрч Р.А, Н.Ж нарын хамтаар согтуурсан үедээ Б.Б жолоочтой таксигаар үйлчлүүлэх явцад шүүгдэгч П.Г-гийн сэдэл, санаа зорилго таксины үйлчилгээний хөлсийг өгөхгүй байх, улмаар хохирогч Б.Б-тэй маргалдах үедээ тэрээр хохирогчийн хоолойг араас нь боосон үйлдлээр илэрч байна.

Хүч хэрэглэсэн шинжтэй дээрх үйлдэл хийгдэж байхыг шүүгдэгч Н.Ө харсан, мэдсээр байж хохирогч Б.Б-ийн гар утсыг авч явж байгаа нь “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Н овогт Н-ын Ө, И овогт П-ын Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Түүнчлэн тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолоор энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгч П.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Н.Ө-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчилсэнд прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 998 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ө, П.Г нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Г, Н.Ө нарын үйлдсэн “дээрэмдэх” гэмт хэрэг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө буюу 2019 оны 8 дугаар сарын 02-ны шөнө үйлдэгдсэн байна.

Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “ ... , Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заажээ.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн “дээрэмдэх” гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн “... шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан” гэсэн зохицуулалтад хамаарч байх тул оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солив.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “чөлөөлж болно” гэснийг “чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэсэн өөрчлөлт оруулж, энэ хуулийг Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсныг дурдах нь зүйтэй.

 

Ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгч П.Гд оногдуулсан 2 жилийн хорих ялыг дүйцүүлэн сольсон нийт хугацааг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоов.

Учир нь, шүүгдэгч П.Г энэ гэмт хэргийн улмаас 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 90 хоног буюу 3 сар цагдан хоригджээ. /1-р хх-н 199-200, 217-218, 219-220, 222-223/

 

Шүүгдэгч Н.Ө урьд өмнө буюу 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан /2-р хх-н 10-13/,

 

Шүүгдэгч П.Г урьд өмнө буюу 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан /2-р хх-н 14-23/ шүүхийн шийдвэрүүд энэ хавтаст хэрэгт авагджээ.

 

Хэдийгээр шүүгдэгч П.Г, Н.Ө нар урьд өмнө шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн боловч тэдгээр нь тус бүрийн хорих ялыг биечлэн эдлээгүй нь /тэнсэж хянан харгалзсан, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан/ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэл болно.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо тэдгээрийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

 

 

Хохирол төлбөрийн хувьд;

Хохирогч Б.Б-д 600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Б нь “... миний бие Н.Ө, П.Г нарт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /1-р хх-ийн 235/

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Н овогт Н-ын Ө, И овогт П-ын Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Гг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч П.Г-гийн цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

хорих ял эдлэх хугацааг нь 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Н.Ө-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч П.Г-д оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Шүүгдэгч Н.Ө, П.Г нарт дүйцүүлэн сольсон тус бүрийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Н.Ө, П.Г нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Н.Ө цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Ө, П.Г нар бусдад төлбөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Ө, П.Г нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

                 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ