Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

    2022       02           18                                     2022/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч М.Энхбаатар

шүүгдэгч Б.Б

шүүгдэгч П.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000 тоот, 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 02-нд Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, 07 сартай хүүхдийн хамт ХХХХ дүүргийн 000 дугаар хороо, 00 байрны 00 тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ХХ000000 дугаарын регистртэй, Ш овогт Б-ын Б

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 1 дүгээр сарын 27-нд Увс аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4 дүгээр гудамж, 157 Б тоотод хаягийн бүртгэлтэй боловч ам бүл 5; эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Ялгуусан” ХХКомпаний хашаанд түр хугацаагаар оршин сууж байгаа гэх, ял эдэлж байгаагүй, ХХ00000 дугаарын регистртэй, З овогт П-гийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сард ХХХ аймгийн ХХХ сумын 000 дугаар багийн нутагт орших ххх гэх хорооллын захын жалганаас “өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай нийт 562.035 гр хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 9 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 23а байрны 00 тоотод байх гэртээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 23а байрны 00 тоотод байх гэртээ хадгалж байсан “өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол’’-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай нийт 562.035 гр хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн гэртээ шатаах, шүүх зэргээр хувирган өөрчилж “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгон бэлтгэсэн,

улмаар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн гэртээ хадгалж байсан “өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай нийт 562.035 гр хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос 5.9698 гр хэмжээтэй бодисыг ХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 00 байрны 00 тоотод гэртээ байхдаа худалдаалах зорилгогүйгээр П.Г-д өгсөн,

 

Шүүгдэгч П.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай 5.9698 гр хэмжээтэй бодисыг ххх  дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 00 байрны 00 тоотод оршин суух өөрийн найз Б.Б-аас өөрөө хэрэглэхээр авч, худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Болсон явдал нь үнэн зөв тул дахин ярихгүй.

Мансуурахыг кино үзэж байгаад дагаж хийж үзье гэж бодсон. Кино, дуу бичлэг дээр гоё байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Мансуураад дуу дуулж байгаа, дуу зохиол нь таалагдаад энийг татахаар ингэж сэтгэдэг болох юм байна гэж бодсон. Өвсийг хориотой гэдгийг мэдэж байсан. Өвснөөс Гүнсэн “би авч болох уу” гэхээр нь болно гээд өгсөн. Өвсийг “шавар” болгож хийдэг аргыг бичлэг үзээд дуурайж хийсэн. Би өвсийг Дархан-Уул аймгаас түүсэн. Ямар хор уршигтай гэдгийг ойлгож, ухаарч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч П.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хэргээ хүлээсэн, үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.

Би гар утасны сим картаа авахаар Баярсайханы гэрт очоод өвс байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд Баярсайханыг хэрэглэж байгааг хараад мэдрэмж төрсөн юм шиг санагдсан. Хэрэглэхэд яах ч үгүй гэж Баярсайхан хэлэхээр нь хэрэглэсэн. Тэгээд бас гуйж авсан. Би өмнө нь 10 жилд сурч байхдаа нэг удаа хэрэглэж үзсэн, тэр үед яагаа ч үгүй. Маш их гэмшиж байна, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б.Б, П.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарт хянан хэлэлцэв.

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч Ба-ийн Э “... би Баярсайханы гэрт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр очихдоо хүрэн өнгийн савтай 2,5 литрийн пиво авч очоод хамт уугаад хамт хоносон. Б-ны эхнэр хүүхэд нь ххх аймаг руу гэр рүүгээ явсан гээд Б гэртээ ганцаараа байсан. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б-ны гэрт байж байхад Тамир гэх залуу ирэхдээ 2 том хүрэн өнгийн савтай пивотой ирээд хамт ууж суусан. Тэр залуу сууж байхдаа Б-ны “шавар” гэх зүйлээс бага зэргийг авч гараад удалгүй буцаж орж ирэхдээ 0.75 литрийн “Хараа” архи барьж орж ирсэн. Тэрийг нь бид гурав хувааж уугаад тасраад унтсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өглөө сэрэхэд Баярсайхан бид хоёр сэрсэн. Тамир нь яваад өгчихсөн байсан, бас Баярсайханы гар утсыг Тамир аваад явчихсан бололтой гар утас нь байхгүй байсан. Баярсайхан бид хоёр хоол хийж идчихээд байж байтал Гүнсэн надаас сим картаа авах гээд утсаар холбогдож байгаад Бат-Эрдэнийн хамт Баярсайханд ирсэн. Бид дөрөв Баярсайханы өвс гэх зүйлээс сонирхож усны савыг цоолоод ус хийгээд цоолсон хэсэгт нь мөнгө хийгээд мөнгөн дээрээ тугалган цаас тавиад дотор нь өвснөөсөө хийгээд доороос нь асаагуураар нь шатаагаад цэвэр усны савны амсар хэсгээс гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Удалгүй Г, Б хоёр явахаар болоод Г Б-ны өвснөөс бага зэргийг өгчих гээд гялгар уутанд хийгээд аваад гарсан. Гэтэл гаднаас цагдаа орж ирээд бид нарыг шалгасан” / хх-н 70-71/ гэж,

гэрч О-гийн Б “... би өнөөдөр найз Г-гийн хамт байж байтал Г Э гэх найзаасаа сим картаа авна гээд миний гар утсаар Энхтөртэй яриад 10 дугаар хороололд очихоор болоод Г бид хоёр өдөр 14 цагийн үед Баярсайханы гэрт очсон. Б-ны гэрт очиход Б, Э хоёр кино үзээд байж байсан. Г бид хоёрыг очсоны дараа Б-ны гэрт өвс байгааг мэдээд Б, Э, Г бид дөрөв цэвэр усны савыг цоолоод ус хийгээд цоолсон хэсэгт нь мөнгө хийгээд мөнгөн дээрээ тугалган цаас тавиад дотор нь өвснөөсөө хийгээд доороос нь асаагуураар нь шатаагаад цэвэр усны савны амсар хэсгээс гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Гүнсэн бид хоёр тэнд кино үзэж байгаад явахаар болоод Г Б-наас бага зэрэг өвс өгчих гээд гялгар уутанд бага зэрэг өвс хийгээд авсан. Тэгээд Гүнсэн бид хоёрыг гартал урдаас цагдаа нар орж ирсэн” /хх-н 75-76/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-21/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-25, 29-31, 37/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 26-29, 32-36/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 50-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5622 дугаартай: “1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай “Хужирт” гэсэн шошготой хуванцар саванд хийсэн өвс мэт зүйл, №2 дугаартай “Сэнгүр” гэсэн шошготой хүрэн өнгийн нойтон өвс мэт зүйл, №3 дугаартай “Coca Cola гэсэн бичиглэлтэй ёроол хэсгийг нь тайрсан хуванцар саванд хийсэн өвс мэт зүйл, №5 дугаартай 0.8х0.4 хэмжээтэй хатсан шавар мэт зүйл, №5 дугаартай 1.0х0.3 хэмжээтэй хатсан шавар мэт зүйл, №6 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, №7 дугаартай 3х1.5см хэмжээтэй шавар мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн автобусны карт, №8 дугаартай хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг притка, №9 дугаартай хар хөх тортог болж бохирлогдсон Монгол улсын AL3929789 серийн дугаартай 10 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт болон Монгол улсын AV7803709 серийн дугаартай 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт, №10 дугаартай хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон 3 хэсэг мөнгөлөг цааснууд, №11 дугаартай зах ирмэг нь бохирлогдсон 80172747 дугаартай ногоон өнгийн сим картын үүр, №12 дугаартай бараан өнгийн ноосон оймсонд хийсэн нойтон өвс мэт зүйл, №14 дугаарласан цагаан өнгийн паалантай тодроо өвс мэт зүйлээр бохирлогдсон сав тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаартай 5 литрийн хуванцар саванд хийсэн цэнхэр өнгийн шингэн, №5 дугаартай шар өнгийн эвдэрхий асаагуур, №13 дугаартай ахуйн хэрэглээний 3 ширхэг газ тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 4.5. №2 дугаартай “Сэнгүр” гэсэн бичиглэлтэй, хүрэн өнгийн хуванцар савтай, нойтон өвс мэт зүйлийн цэвэр жин нь 446.6 грамм, №3 дугаартай “Coca Cola гэсэн бичиглэлтэй ёроол хэсгийг нь тайрсан хуванцар савтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 3.1003 грамм, №5 дугаартай 0.8х0.4 хэмжээтэй шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.1022 грамм, 1.0х0.3 хэмжээтэй шавар мэт зүйлийн цэвэржин нь 0.1162 грамм, №6 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 17.5347 грамм, №7 дугаартай ногоон өнгийн автобусны картад наалдсан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.2290 грамм, №12 дугаартай бараан өнгийн ноосон оймсонд хийсэн нойтон өвс мэт зүйлийн цэвэр жин 94.8 грамм байна” гэсэн дүгнэлт /хх-н 87-91/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5625 дугаартай: “ 1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан дөрвөлжин шугамтай шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хуйлсан цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- Tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенц, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцод багтсан бодис илрэхгүй байна. 3.4 “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 10,0192 грамм, цэвэр жин 5,9698 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин 5,6656 грамм болов” гэсэн дүгнэлт /хх-н 102-105/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5620 дугаартай “1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.Б ХХ00000 2021.11.29” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна. илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 110-111/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5618 дугаартай “1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “П.Г 2021.11.29” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 134-135/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5626 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “AN76233093” серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь шинжилгээнд тэнцэж байна. 2.3. Шинжилгээнд ирүүлсэн “AN7623309” серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенц, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцуудад багтсан бодис илрэхгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 141-142/ зэрэг энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, шүүгдэгч П.Г нар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн болох нь нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “... би өөрийн холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй” /хх-н 165-166/ гэж,

шүүгдэгч П.Г өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “... би өөрийн холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй” /хх-ийн 169-170/ гэж тус тус мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг яллахдаа:

шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “бэлтгэсэн”, “хадгалсан”, “бусдад өгсөн” гэсэн шинжүүдээр,

шүүгдэгч П.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хадгалсан” гэсэн шинжээр тус тус яллаж, тэдгээрийн аль алины үйлдлийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлажээ.

 

Гэвч шүүгдэгч Б.Б, шүүгдэгч П.Г нарын үйлдлээс үзвэл “өвс”-ийг “бэлтгэх”, “хадгалах”, “бусдад өгөх” гэсэн шинж бүхий гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэсэн гэх, хамтран үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл мансууруулах бодис хэрэглэсэн этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн үйл баримт нь тэрээр “өвс” нэршилтэй, Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг “бэлтгэх”, “хадгалах”, “бусдад өгөх” үйлдлийг ганцаараа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Б.Б нь “өвс” нэршилтэй, Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг анх Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс түүж “бэлтгэсэн”, дараа нь уг “өвс”-ийг хадгалж байх явцдаа “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож боловсруулан “бэлтгэсэн” нь “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн хуулийн дээрх агуулгад нийцэж байна.

Иймд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлав.

 

Шүүгдэгч Б.Бы хувийн байдалтай холбоотой:

гэрч П.Отгон-Өлзийн мэдүүлэг /хх-н 79-80/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 172/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 173/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 174/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 175/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 178/

Шүүх сэтгэц эмгэг судлалын “1. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Б.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. Б.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн 978 тоот дүгнэлт /хх-н 148-149/,

 

Шүүгдэгч П.Ггийн хувийн байдалтай холбоотой:

гэрч Д.Мэндбаярын мэдүүлэг /хх-ийн 83-84/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 180/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 181/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 182/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 190/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “1. П.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. П.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. П.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. П.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. П.Г нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн 977 тоот дүгнэлт /хх-ийн 154-155/ зэрэг баримтууд авагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Б, П.Г нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах бөгөөд хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт нийгмийн хор аюул, уршиг оршино. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавар ихтэй учир уг төрлийн бодисын хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенцоор зохицуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон.

 

Шүүх ял, хариуцлага оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг, ялангуяа мансууруулах бодистой хамаарал бүхий гэмт хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг анхаарах, гэмт хэргээс үүдэн гарах үр дагаврыг тооцох учиртай.

Өөрөөр хэлбэл мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шүүгдэгчийг нэг талаас цээрлүүлэх, мансуурагч этгээдтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамж өгөх, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх, нөгөөтэй талаас түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.

Учир нь, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож байгаа боловч тухайн зүйл хэсгийн хэд хэдэн шинжийг агуулж, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

 

Шүүгдэгч Б.Бы хувийн байдал буюу үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд нийцүүлж 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдууллаа.

 

Шүүгдэгч П.Ггийн хувьд хэдийгээр санаатай гэмт хэрэг үйлдсэн боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнээд түүнд 3 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахын зэрэгцээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Г нь үүрэг хүлээлгэсэн, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаатай адил хугацаанд биелүүлэх болно.

 

Шүүгдэгч Б.Б, П.Г нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Б, П.Г нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар:

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан

-№1 дугаартай “Хужирт” хуванцар савтай өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав,

-№2 дугаартай “Сэнгүр” бичиглэлтэй хүрэн өнгийн өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар савны хамт 480.2 грамм,

-№3 дугаартай “Coca Cola гэсэн бичиглэлтэй ёроол хэсгийг нь тайрсан өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав,

-№4 дугаартай цэнхэр өнгийн шингэнтэй хуванцар сав,

-№5 дугаартай шар өнгийн эвдэрхий асаагуур 0.7х0.2, 0.5х0.2 хэмжээтэй хатсан шавар мэт зүйл наалдсан,

-№6 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай 19.2 грамм өвс мэт зүйл,

-№7 дугаартай ногоон өнгийн автобусны карт 3х1.5 см хэмжээтэй шавар мэт зүйлээр бохирлогдсон,

-№8 дугаартай хар ногоон зүйлээр бохирлогдсон 2 ширхэг притка,

-№10 дугаартай хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон 3 хэсэг мөнгөлөг цаас,

-№11 дугаартай зах ирмэг нь бохирлогдсон 80172747 дугаартай ногоон өнгийн сим картын үүр,

-№12 дугаартай бараан өнгийн ноосон оймстой нойтон өвс мэт зүйл 133.4 грамм,

-№13 дугаартай гэж дугаарласан ахуйн хэрэглэсэн газ 3 ширхэг,

-№14 дугаарласан дотор хэсэг нь өвс мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн паалантай төмөр сав,

-№1 дугаартай цэнхэр гялгар ууттай өвс мэт зүйл,

-№2 гэж дугаарласан бохирлогдсон хуйлсан цаас зэрэг эд зүйлүүдийг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн хэлтэст даалгаж, устгасан талаарх хариуг шүүхэд мэдэгдэхийг үүрэг болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар:

№9 дугаартай хар хөх тортог болж бохирлогдсон Монгол Улсын AL3929789 серийн дугаартай, 10 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт болон Монгол Улсын AV7803709 серийн дугаартай, 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд хүргүүлэхийг даалгаж,

хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Б-ын Б-ныг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд,

 

З овогт П-гийн Г-г мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-г 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Б, шүүгдэгч П.Г нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч П.Г-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч П.Г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч П.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх,

мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

8. Шүүгдэгч П.Г-д авагдсан албадлагын арга хэмжээний хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

9. Шүүгдэгч П.Г үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 3 жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан дээрх хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус түүнд анхааруулсугай.

 

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б, П.Г нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эд мөрийн баримтаар хураагдаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх Газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

-№1 дугаартай “Хужирт” хуванцар савтай өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав,

-№2 дугаартай “Сэнгүр” бичиглэлтэй хүрэн өнгийн өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар савны хамт 480.2 грамм,

-№3 дугаартай “Coca Cola гэсэн бичиглэлтэй ёроол хэсгийг нь тайрсан өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав,

-№4 дугаартай цэнхэр өнгийн шингэнтэй хуванцар сав,

-№5 дугаартай шар өнгийн эвдэрхий асаагуур 0.7х0.2, 0.5х0.2 хэмжээтэй хатсан шавар мэт зүйл наалдсан,

-№6 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай 19.2 грамм өвс мэт зүйл,

-№7 дугаартай ногоон өнгийн автобусны карт 3х1.5 см хэмжээтэй шавар мэт зүйлээр бохирлогдсон,

-№8 дугаартай хар ногоон зүйлээр бохирлогдсон 2 ширхэг притка,

-№10 дугаартай хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон 3 хэсэг мөнгөлөг цаас,

-№11 дугаартай зах ирмэг нь бохирлогдсон 80172747 дугаартай ногоон өнгийн сим картын үүр,

-№12 дугаартай бараан өнгийн ноосон оймстой нойтон өвс мэт зүйл 133.4 грамм,

-№13 дугаартай гэж дугаарласан ахуйн хэрэглэсэн газ 3 ширхэг,

-№14 дугаарласан дотор хэсэг нь өвс мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн паалантай төмөр сав,

        -№1 дугаартай цэнхэр гялгар ууттай өвс мэт зүйл,

-№2 гэж дугаарласан бохирлогдсон хуйлсан цаас зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг,

№9 дугаартай хар хөх тортог болж бохирлогдсон Монгол улсын AL3929789 серийн дугаартай 10 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт болон Монгол улсын AV7803709 серийн дугаартай 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Монгол банкинд хүргүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан болон хүрүүлсэн талаарх хариуг шүүхэд мэдэгдэхийг тухайн байгууллагад үүрэг болгосугай.

 

12. Шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган хадгалсугай.

 

13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.Б-ыг “цагдан хорьсон”-г хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.ЖАНЧИВНЯМБУУ