Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

   2022          3            09                                     2022/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч С.Энхтуул

шүүгдэгч Б.А, Б.Т, тэдгээрийн өмгөөлөгч О.Оюунчимэг

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Д.Чинзориг

иргэдийн төлөөлөгч С.Мөнхөө

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ээрмэлийн үйлдвэрийн технологч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; өвөг эцэг, эх, 2 дүүгийн хамт хххх дүүргийн 00 дугаар хороо 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух,

ял шийтгэл: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

ХХ000000 дугаарын регистртэй, Б овогт А-ийн М

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарь призерчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, ахын хамт ххх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух,

ял шийтгэл: 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

ХХ00000 дугаарын регистртэй, Д овогт Б-ын А

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос ноолуурын төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт ххх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй,

ХХ00000 дугаарын регистртэй, Х овогт Б-ын Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.М, Б.А, Б.Т нар бүлэглэж, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хххх дүүргийн 00 дугаар хороо, 0 байрны 0 тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн танил О.Гийн эзэмшлийн 375.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне-7” загварын, Н.Дын эзэмшлийн 2.375.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне-11 про макс” загварын гар утаснуудыг зэвсэг хэрэглэж буюу хутга тулган “утсаа өг, ална шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж авсан “дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь үнэн зөв мэдүүлсэн, гэм буруу дээр маргахгүй гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, өмнөх мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад маргах зүйл байхгүй, мэдүүлэг өгөхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н-ийн Д ... дүү О.Г, найз Г бид гурав өчигдөр гэртээ хамт хоол идээд хөзөр тоглож байгаад пиво ууцгаая гэж ярилцаад дэлгүүр хаахаас өмнө 2,5 литрийн “Нийслэл” нэртэй пиво гурвыг аваад ууцгаасан. 2 дахь пивоо ууж дуусгаад би маргааш ажилтай учраас эртхэн амарлаа гээд 23 цаг өнгөрч байхад унтсан. Г, Г нар үлдсэн. Тэгээд унтаж байтал Г манай өрөөнд орж ирээд намайг сэрээгээд ахаа хүмүүс ирчихлээ, та бид нартай хамт жаахан суух уу гэнэ гэхээр нь босоод том өрөөнд ороход 5 эрэгтэй хүн ирчихсэн байсан. Уг эрэгтэйчүүдээс 3 эрэгтэйг нь өмнө нь харж байгаагүй, гурвуулаа халзан, бие нь битүү шивээстэй байсан, нөгөө хоёр эрэгтэйг нь Т, Б гэдэг. Т-тэй волейбол тоглож байгаад 1 жилийн өмнөөс таньдаг, Б нь Т-ийн найз учраас таньдаг болсон. Намайг гарахад том өрөөнд ширээ тойроод сууцгаачихсан архи ууж байсан. Би архинаас нь 1 хундагыг уугаад өглөө ажилтай учраас нэг их удаан суулгүй 20-30 минут орчим болоод өрөөндөө ороод унтахаар явсан. Тэгээд унтаж байтал гэрт хүмүүс маргалдаад орилолдох чимээгээр нь би сэрэхэд утсаа өг, ална шүү гэх мэтээр хараалын үг хэлээд маргалдаад байсан учраас би цагдаа дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 3 халзан эрэгтэй орж ирээд, адилхан халзан шивээстэй учраас хэнийг нь гэж ялгахгүй байгаа учраас 1 эрэгтэй нь орон дээр гарч ирээд хутгаа далайгаад гар утас чинь хаана байна, пизда минь гэхэд нөгөө эрэгтэй нь миний хүзүүг гараараа дарсан. Тэгэхээр нь би хутгалчих байх гэж айгаад өөрийн эзэмшлийн “ай фоне 11 про макс” маркийн гар утсаа өгсөн. Нэг эрэгтэй нь авсан. Би утсаа түгжээгүй байсан. Миний гар утсыг авсан эрэгтэй нь цагдаа дуудчихсан байна, явцгаая гээд өрөөнөөс гараад явсан” /хх-н 08-09/ гэж,

хохирогч Оргилбаярын Ганхүлэг “... 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байр түрээслүүлэгч хуурай ах Г болон Д нарын хамт гэртээ хоолоо идчихээд, хоолныхоо дараа пиво уухаар болоод дэлгүүр хаахаас өмнө 2,5 литрийн “Нийслэл” нэртэй 3 пиво, 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архийг би гэрийнхээ урд талын дэлгүүрээс авсан. Бид гурав кино үзээд пиво уугаад сууж байгаад Д ах, Г нар Т-ийг таньдаг учраас би Тийг дуудаад хамт сууцгаая гэж бодоод Г ахын утас болох 80004143 дугаарын утсаар Тийн 88174595 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь би Т-ийн найз Б-гийн утасны дугаар руу залгахад Т утсыг нь аваад, бид хэд хамт Саппоро дээр ууж байна гэхэд Т уух юм чинь бэлэн юм уу гэхээр нь би уух юм дуудлагаар захиалаад авчихъя хүрээд ир гэсэн. Тэгтэл удалгүй Д ах өглөө ажилтай гээд унтахаар өрөө рүүгээ явсан. Би дуудлагаар хүргэлтийн пивоны үйлчилгээ дуудаад А ах бид хоёр 2,5 литрийн “Нийслэл” нэртэй 3 пиво захиалаад 00 цагийн үед авсан. Г ах бид хоёр пиво уугаад сууж байтал удалгүй Т, Б нар халзан толгойтой, нүүр, гаран дээрээ шивээстэй 3 эрэгтэйн хамт гаднаас орж ирсэн. Тэр хэдийг ороод ирэхээр нь би Д ахыг сэрээгээд хүмүүс ирчихлээ, хамт сууя гээд босгож ирсэн. Д ах удалгүй буцаад өрөөндөө орсон. Тэгээд бид нар пиво уугаад ярилцаад суух гэсэн боловч манай гэрт ирсэн 5 эрэгтэй өмнөх болсон үйл явдлаа яриад бид хоёртой ярианы сэдэв нийлэхгүй байсан. Г ах утсаа оролдоод бид хоёр ярилцаад сууж байхад тэр халзан 3 эрэгтэй ариун цэврийн өрөө рүү хамтдаа ороод эд нар цагдаа дуудах гээд байгаа юм биш үү, аргалахгүй юм уу гэх мэтээр яриад байсан нь надад сонсогдсон. Г ахыг утас оролдоод суугаад байхаар нь буруу ойлгосон юм шиг байсан. Тэр яриаг нь би сонсоод Г-г утсаа өгчих, өгчих гэж аваад гал тогооны өрөөнд шүүгээнд хийчихсэн. Т намайг ханиндаа полкон гараад тамхи татчихаад ирье гэхээр нь би Ттэй хамт полкон дээр хань болохоор гараад удалгүй буцаад том өрөөнд ортол Гг буйдан дээр суулгачихсан 4 эрэгтэй тал талаас нь бүх биеийн хэсэг рүү нь өшиглөөд цохиод байсан. Тэгээд би салгах гээд очих гэтэл Т би найзуудыгаа аргалаад аваад явчихъя чи битгий цагдаа дуудаарай гэсэн. Тэгсэн 1 халзан эрэгтэй гал тогооны шүүгээнээс хар өнгийн иштэй, жижиг хутга аваад миний баруун гар талд гэдэс орчимд хутга тулгаад утсаа гаргаад ир, кодоо тайл “id кодоо гарга гэж хэлсэн. Тэр үед нөгөө 4 эрэгтэй нь хараад зогсож байсан. Тэгээд би айсандаа өөрийн эзэмшлийн “ай фоне 7” маркийн гар утасныхаа id-г гаргатал хутга тулгадаг эрэгтэй утас авсан. Тэгээд миний утсыг авчхаад хутга тулгадаг эрэгтэй нь түрүүлээд Д ахын унтаж байгаа жижиг өрөөний хаалгыг онгойлгоод орсон. Араас нь нөгөө 4 эрэгтэй дагаж ороод Т бид хоёр араас нь өрөөнд ороход Д ах орон дээрээ хэвтчихсэн над руу хутга тулгадаг эрэгтэй Д ахын эгц дээрээс хутга тулгачихсан утсаа гаргаад ир пизда минь гэж орилоод, нөгөө 2 халзан эрэгтэйгийн нэг нь Д ахын 2 гарыг ард нь барьчихсан байхаар нь би Дөлгөөн ахаа утас чинь хаана байгаа юм, утсаа гаргаж өг л дөө гэхэд Д ах утсаа гаргаад тэр халзан толгойтой эрэгтэйчүүдийн нэгэнд нь өгсөн. Тэгээд шууд утсыг нь аваад гараад явчихсан” /хх-н 11-12/ гэж,

гэрч Д-гийн Г “... тухайн өдөр манай дүү Ганхүлэг, найз Д бид гурав нэг юм уугаад сууж байгаад Д, Ганхүлэг хоёр нэг хүнтэй яриад ирэх юм уу, яах юм гээд асуугаад байсан. Нөгөө ирэх хүн нь тавуулаа ирнэ гэж байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй гаднаас гурав нь халзан толгойтой, хоёр нь халимаг үстэй, шивээс болсон залуучууд орж ирсэн. Нэг шил архи хувааж уугаад, дахиад нэг шил архи гаргаж ирээд уугаад байж байхад Д жаахан унтаадахъя гээд унтлагын өрөө рүү явсан. Ганхүлэг халимаг үстэй залуутай полкон руу тамхи татна гээд гарсан. Тэр хойгуур үлдсэн 4 залуу нэг л сэжигтэй шивэх авир гээд байхаар нь одоо та нар явцгаа гэж хэлсэн. Тэгтэл арай махлаг халзан толгойтой нь “чи одоо юу гээд байгаа юм” гэж над руу дайраад миний нүүр рүү цохиод авсан, би барьцалдаж аваад “би энд гэрийн эзэн, хэнийг оруулахаа би мэдэж байна” гэхэд дахиад хоёр халзан залуу давхар над руу дайраад тэгээд би Ганхүлэгийг дуудсан. Ганхүлэг нөгөө залуутайгаа орж ирээд бид хэдийг салгасан. Тэр үед би уурлаад өрөө рүүгээ ороод хаалгаа түгжээд хэвтээд өгсөн. Үүрээр хоёр цагдаа хаалга эвдээд ороод ирсэн. Д, Ганхүлэг хоёр бид хоёрт хутга тулгаад дээрэмдчихлээ гэж хэлсэн” /хх-н 26-27/ гэж,

гэрч Г-ийн Т “... би Саппоро дээр 03 цагийн үед найз А-тай уулзаад байж байхад А-гийн утас дугараад аваад ярихад Г Гранд хилл хотхоны хажуу талын байранд хүрээд ир гээд дуудсан. А хэдэн найзууд руугаа залгаад дуудаад байсан. Тэгээд Батзаяа, Т бас нэг танихгүй найз нь ирсэн. Бид нар тавуулаа Гранд хиллийн хажууд 5 давхар улаан тоосгон байшингийн 3 давхарт 24 тоотод ороход Ганбаа хоёр найзтайгаа байсан. Тэгээд нэг архи 2 пиво уугаад байж байхад Ганбаа өрөөндөө ороод унтсан. Би Ганбаагийн найзтай хамт полкон дээр гараад тамхи татаад байж байхад зодоон болоод байсан. Орж ирээд салгаад нөгөө өрөөнд оруулаад байж байхад Агийн найз халзаа гэх залуу орж ирээд цохиод авсан. Батзаяа бид хоёр салгах гэж оролдсон гэтэл Т, Халзаа хоёр нэмээд зодсон. Тэгээд бид нар том өрөөнд үлдсэн. А хутга аваад энэ утасныхаа кодыг тайл, ална шүү гээд кодыг нь тайлуулсан. Тэгээд Ганбаагийн унтаж байсан өрөө рүү ороод хутга тулгаад гар утсыг нь аваад шууд зугтаасан” /хх-н 57-5/ гэж,

гэрч Б-ийн Б “... би тэр өдөр найз Ттэй хамт Саппорогийн автобусны буудал дээр байж байхад Т рүү нэг хүн залгаад хүрээд ир, цуг ууя гээд байсан. Тэгээд Т гурван найзыгаа дуудсан. Удаагүй байж байхад Ариука, Мөнгөөнөө, Төөтөө 3 ирээд бид нар цуг байж байсан. Тэгээд бөөндөө хороололд Модны 2-ын голын замд улаан тоосгон байрны 3 давхарт нэг айлд очиход тухайн айлд 3 залуу байсан. Бөөндөө тойрч суугаад персингтэй нэг ах нь хөргөгчөөсөө нэг архи гаргаж ирээд юм яриад уугаад байж байсан. Т нэг ахтай полкон дээр юм ярьж байсан. Би нойл ороод гараад ирсэн чинь Төөтөө, Ариука, Мөнгөөнөө 3 Шагай гэдэг ахыг зодож байсан. Тэгээд би салгах гээд тэр гурвыг хойш нь татаад дийлэхгүй байсан учир би гараад яваад өгсөн” /хх-н 66-67/ гэж,

иргэний нэхэмжлэгч Д-гийн И “... тухайн өдөр би Тэди төвийн гаднах төв хаалган дээр байж байхад утас зарна гээд 3 залуу ирсэн. Тэгээд би хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхэд, хэдээр авах юм, ямар үнэ ханштай байгаа вэ гэхэд би тухайн үеийн ханшийг хэлсэн. Тэгээд үнэ тохироод худалдаж авахаар болсон. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй болохоор Тэди төвийн 2 давхрын лангуун дээр суудаг Гэрэлээ гэдэг найзаасаа 2.200.000 төгрөг өөрийн данс руу шилжүүлж авсан. Тэгээд тухайн 3 залууд 1.700.000 төгрөг бэлнээр өгсөн” /хх-н 47-48/ гэж,

гэрч Б-гийн М “... тухайн гар утсыг тэр үед Тэди төвийн гадаа гар утас гар дээрээс худалдан борлуулдаг Идэрээ гэдэг залуу 94026662 гэх дугаараас над руу залгаад “i phone 11 pro max” гоулд өнгөтэй утас байна, хэдэн төгрөгөөр авах вэ гэж асуусан. Би гарал үүсэл тодорхой, иргэний лавлагаа, хайрцаг савтай юм бол 2.200.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Идэрээ мөнгөө шилжүүлчих, лавлагаатай аваад очъё гэсэн. Удалгүй гар утсаа рестарт хийгээд ID-ийг нь устгаад аваад ирсэн” /хх-н 39-40/ гэж тус тус мэдүүлжээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн нөхцлийг “... бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байхыг, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”-оор уг гэмт хэрэг төгссөн гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан бол онцлон хүндрүүлэх шинжийн нөхцлийг “... байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байх, ... зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн байх, ... зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн байх...”-аар хуульчилсан.

“Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж довтолдгоороо, хүч хэрэглэдгээрээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдох бөгөөд довтолгооныг хохирогчид мэдэгдэх буюу мэдэгдэхгүй хэлбэрээр үйлдэгддэг, обьектын хувьд хохирогчийн өмчлөх эрх байхаас гадна хохирогчийн амь нас, эрүүл мэндэд довтолгоо хийж халдсан халдлага байдаг.

 

Шүүгдэгч Б.А, Б.М, Б.Т нарт холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэдгээр нь гэрч Г.Т, Б.Батзаяа нарын хамтаар архидан согтуурах гэж 2021 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 18 А байрны 24 тоотод буюу хохирогч О.Г, Н.Д нарын түрээслэн амьдарч байсан байранд очсон байна.

 

Эдгээр хүмүүс нийлж архидан согтуурах явцад уг “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэгдсэн ба шүүгдэгч А.М санаачилсан, гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Б.А хутга хэрэглэсэн, нэр бүхий шүүгдэгч нар хохирогч Н.Д, О.Г нарыг айлган сүрдүүлж заналхийлсэн, зодож, цохих гэх мэтээр гэмт хэрэг үйлдэгдсэн арга, сэдэлийн хувьд идэвхитэй үйлдлээр санаатай нэгдэж хамтран оролцжээ.

Өөрөөр хэлбэл нэг орон байр, нэг цаг хугацаанд бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу хоёр хохирогчийн эрх чөлөө, эд хөрөнгөд халдаж “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж буй шүүгдэгч Б.Агийн үйлдлийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, бусад шүүгдэгч нарыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглээгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 

Харин прокуророос хэргийг зүйлчлэхдээ “бүлэглэж” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан дээр нэмж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг журамлах нь хууль хэрэглээний хувьд зөв, хуулийг ингэж хэрэглэснээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.М “... А Саппоро дээр байна хүрээд ир гэхээр нь би яваад очиход Саппорогийн замын хойно байрлах байранд байсан. Намайг очиход А, Т, Т нар байсан. Т танил ах руугаа явлаа гээд явсан. Тэгэхэд Батзаяа ирсэн. Орой нь Т буцаж ирээд бид нар ярилцаж байхад Т манай ах залгаад байна, бөөнөөрөө очъё гэхээр нь би явахгүй та нар яв гэхэд явчих аа, бөөндөө цуг явъя гэхээр нь би А, Т, Т, Батзаяа нартай хамт Модны 2-т байрлах Тийн танил ахын улаан өнгийн байранд очсон. Байрных нь хаяг дугаарыг нь мэдэхгүй байна. Тийн ахынх нь гэрт яваад ороход гурван эрэгтэй том өрөөндөө ширээгээ тойроод архи, пиво уугаад сууж байсан ба бид нар ширээг нь тойрч суугаад хамт архи пивоноос нь уусан. Би бага зэрэг уусан. А, Т, Т, Батзаяа нар мөн архи пивоноос нь уусан. Полкон дээр гарч тамхи татаад буцаж орж ирээд сууж байхад А нэг ахтай маргасан. Т ах нар руу нь очиж байхад манай ах нар гомо шүү, очоод аятайхан байна шүү гэж байсан. Уг асуудлаас болж А тэр ахтай муудалцаж маргалдаад хоорондоо зодолдсон. Хэн хэнийхээ хаашаа цохисныг нь анзаарч хараагүй. Тэгээд А шүүгээнээс нь хутга авсан, ямар хутга авсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед гар утас авсныг нь мэдээгүй, тэр үед бүх зүйл хурдан болоод өнгөрсөн. Гэнэт бөөндөө гараарай, гараад зугтаарай гээд орилохоор нь би сандарсандаа гараад зугтаасан.

Би Ттэй хамт очиж гар утсыг нь 1.600.000 төгрөгөөр зарсандаа гэмшиж байна. Тухайн үед Т надтай хамт Тэди төв дээр очоод нэг хүнд гар утас зарах гэхэд, иргэний үнэмлэхгүй бол худалдан авахгүй гэсэн тэгээд утас авах гэж байсан ах намайг дагуулаад лавлагаа авдаг машин руу хамт яваад миний иргэний үнэмлэхийн лавлагааны зураг дараад авсан” /хх-н 128-131/ гэж,

шүүгдэгч Б.А “... Саппород амьдардаг гэртээ М, Батзаяа, Т бид нар архи уусан. Тэгээд Ттэй яриад хүрээд ир гээд дуудсан. Т ирчихлээ гэхээр нь Саппорогийн автобусны буудал дээр уулзаад Т хамт танил хүний гэрт очъё, архи ууя гэхээр нь би М, Батзаяа, Т гурвыг дуудаад бид тав Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Хилл зочид буудлын хажуугийн улаан тоосгон 18а байрны 24 тоотод очиход Д гэх залуу танихгүй залуутай хамт байсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байхад уг гурван залуу эмэгтэй юм шиг байгаад байсан. Гэтэл Т надад наад гурав чинь гомо ижил хүйстэн гэхээр нь бид нар дургүйцээд үргэлжлүүлээд архи уугаад сууж байхад уг залуучууд цагдаа дуудсан гэхээр нь Т, М бид гурав ариун цэврийн өрөө рүү ороод яагаад зүгээр байхад цагдаа дуудаж байгаа юм бэ? болиулаач ээ гээд Тт хэлсэн. М энэ гурвыг зодъё, гар утсыг нь дээрэмдье гэхээр нь юм яриагүй гараад дахин архи уугаад сууж байгаад, гарч тамхи татаад байж байтал М ороод зодъё гар утсыг нь дээрэмдье гэхээр нь би бас за тэгье гэхэд М түрүүлээд орсон тэгээд би тамхи татаж дуусаад ороход М залуухныг нь зодоод байж байсан.

Тэгэхээр нь би гал тогооноос нь хар өнгийн бариултай жижиг хутга байхаар нь аваад залуухан, Мтай зодолдож байсан залуугийн бие рүү нь тулгаж айлгаад гар утсаа гаргаад ир гэхэд уг залуу I phone 7 маркийн загвартай хар өнгийн гар утас халааснаасаа гаргаж надад өгсөн. Би цагдаа дуудсан гэдгийг мэдэж байсан болохоор хутгаа гэр дотор нь шидээд гараад явсан. Гараад зугтаах гэж байхад араас М, Батзаяа, Т 3 гарч ирээд бид нар зугтааж байхад Т надад Дын I phone 11 pro max маркийн гap утсыг нь дээрэмдээд авчихсан гэж хэлсэн. Такси бариад Саппоро руу очоод машиндаа унтаад маргааш нь буюу 2021 оны 6 дугаар сарын 04-нд Урт цагааны хажууд байдаг Тэди төв дээр очиж М танихгүй гар утас авна гэж байсан хүн рүү очоод зарчихлаа гээд 1.600.000 гаргаж ирж үзүүлсэн. Тэгээд бид нар хувцас авч өмсөөд, Тэрэлж рүү явж амарсан. Миний дээрэмдэж авсан I phone 7 маркийн гар утсыг М аваад халаасандаа хийсэн боловч архи уусан байсан болохоор гээчихсэн байсан. Бид нар Тэрэлжид 2 хоноод хотод орж ирээд салаад явцгаасан” /хх-н 163-165/ гэж,

шүүгдэгч Б.Т “... М, Батзаяа, А бид нар архи уугаад сууж байхад А Ттэй яриад хүрээд ир гээд дуудсан. Т ирчихлээ гээд А Ттэй уулзахаар гарчихаад А бид нар руу яриад гараад ир гэсэн. Бид нар гараад очиход Т манай ах байдаг юм, хамт ууж сууя гэж байна, хамт явъя гэхээр нь бид 5 бөөнөөрөө Баянгол дүүргийн “Гранд Хилл” зочид буудлын хажуугийн улаан тоосгон 18 а байрны 24 тоотод очиход өмнө нэг удаа харж байсан Д гэх залуу хоёр танихгүй залуутай хамт байсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байхад М нэг залуутай маргалдаж дууссаны дараа нэг залуу нь гар утсаараа оролдоод суугаад байсан. Тэгэхэд М ариун цэврийн өрөө оръё гэхээр нь бид нар ариун цэврийн өрөө рүү ороод цагдаа дуудсан гэж яриа гарсан. Тэгээд бид нар яагаад цагдаа дуудаж байгаа юм бэ? болиулаач ээ гээд ярилцаж байхад М энэ гурвыг зодчихоод гараад явъя гэсэн. Ариун цэврийн өрөөнөөс гараад дахин ууцгааж байгаад полкон дээр А, М бид гурав гарч тамхи татсан. Тэгэхэд М энэ гурвыг зодоод гар утсыг нь дээрэмдье гэхээр нь юм яриагүй. Тэгээд дотогш ороод дахин архи уугаад сууж байгаад би ариун цэврийн өрөө орчихоод полкон дээр гарч тамхи татчихаад ороход М буйдан дээр сууж байсан арай туранхай залууг нь зодоод “гар утсаа өг пизда минь” гээд нэгжээд уг залуугаас гар утсыг олж чадаагүй. Д нь цаана өрөөндөө орсон байсан. А гал тогооноос хутга аваад тулгаад айлгаад I phone 7 маркийн гар утсыг нь аваад гараад гүйсэн. Араас нь гарах гэж байхад М цаана өрөөнд нэг нь унтаж байгаа ш дээ цагдаа дуудчихсан гэсэн гээд М бид нар Дын унтаж байсан өрөө рүү ороод би Дт гар утсаа гаргаад ир, утас чинь хаана байна гэхэд М хажуугаас гар утсаа өг өгөхгүй бол ална шүү гэсэн. Тэгээд хөнжлийг нь сөхөхөд хажууд нь байхаар нь М бид хоёр Дын I phone 11 pro маркийн гap утсыг нь аваад гараад зугтаасан. Гадаа гараад буцаад Саппоро ороод би Мд “чиний хэлснээр энэ гар утаснуудыг нь авчихлаа одоо яах юм бэ?” гэхэд иргэний үнэмлэхийн лавлагаа аваад ломбардад барьцаалъя гэсэн. Тэгээд ломбард хайгаад явж байхад М нэг шил архи авчих гэхээр нь нэг шил архи аваад хувааж ууж байхад ломбард авахгүй юм байна, Тэди орж заръя гэсэн. Тэгээд өглөө Тэди дээр очоод М I phone 11 pro маркийн rap утас хэдээр авдаг юм гээд асуучих гэсэн. Би Тэди-гийн гадаа байсан утас авна гэсэн хүмүүсээс I phone 11 pro маркийн гap утас хэдээр авах юм гэхэд нэг сая гаран төгрөгөөр авна гэсэн. Тухайн үед би согтолттой байсан болохоор яг хэд гэснийг нь одоо санахгүй байна. Тэгээд М бид хоёр уг гар утас авна гэх хүн дээр очоод I phone 11 pro маркийн гap утсаа зарах гэхэд “ямар ч утас юм билээ мэдэхгүй байна” нэг нь иргэний үнэмлэхийн лавлагаагаа өгчих гэхэд М иргэний үнэмлэхийнхээ лавлагааг өгөөд 1.600.000 төгрөгөөр зарахаар болоод М уг гар утас авах хүнтэй цаашаа явсан” /хх-н 184-185/ гэж тус тус яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэггүй ч, тэдгээрийн үйлдэл хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлгүүд, үйл баримттай тохирч байгаа, нөгөө талаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаагийн илэрхийлэл гэж үзнэ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д овогт Б-ын А, Б овогт А-ийн М, Х овогт Б-ын Т нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын эд хөрөнгийг “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.А, А.М, Б.Т нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Б.А-гийн хохирогч О.Г-ээс дээрэмдсэн I phone 7 загварын гар утсыг шүүгдэгч А.М архидаж яваад хаячихсан гэх, шүүгдэгч Б.Тийн хохирогч Н.Даас дээрэмдсэн I phone 11 pro загварын гар утсыг шүүгдэгч А.Мын иргэний үнэмлэхийн лавлагаагаар Теди төв дэх гар утасны ченж Д.И гэгчид 1.6 сая төгрөгөөр зарсан, улмаар нэр бүхий гурван шүүгдэгч нь бусдын гар утсыг дээрэмдэж олсон мөнгийг хамт үрэлцсэн үйл баримт тогтоогддог.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.А, Б.Т, А.М нар хохирогч О.Г, Н.Д нарт учруулсан хохирлыг, мөн иргэн Д.Игийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой төлбөрийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нар бусдад төлөх хохирол, төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нар хэдийгээр бусдад төлөх хохирол төлбөргүй боловч зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн ангиллаараа хүнд гэмт хэрэгт тооцогддог ба шүүгдэгч А.М, Б.А нар урьд өмнө шүүхээс ял шийтгэл хүлээж байсан нь тэдгээрийн хувийн байдлыг харуулах баримт тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй.

 

Харин шүүгдэгч Б.Т бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулав.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.А, шүүгдэгч Б.Т нар нэг айлын хүүхдүүд буюу төрсөн ах дүүс гэх байдлыг нь хорих ял оногдуулахад шүүх харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.М, Б.А, Б.Т нар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч А.М урьд өмнө шүүхээс оногдуулсан “хорих” ялыг биечлэн эдэлж байгаагүй[1], шүүгдэгч Б.А урьд өмнө хорихоос өөр төрлийн буюу “нийтэд тустай ажил хийлгэх” ялаар шийтгүүлж байсан[2], шүүгдэгч Б.Т анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан тэдгээрт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч А.М, Б.А, Б.Т нарын үйлдсэн “зэвсэг хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэрэг” нь 2021 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө үйлдэгджээ. Гэвч тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих зүйл, заалтад хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А, Б.Т, А.М нарын 2022 оны 2 дугаар сары 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 12 хоногийг тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн, хар иштэй, 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Д овогт Б-ын А, Б овогт А-ийн М, Х овогт Б-ын Т нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын эд хөрөнгийг “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар

шүүгдэгч Б.Аг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч А.Мыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар

шүүгдэгч Б.Т-ийг 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.А, А.М нарт оногдуулсан тус бүрийн 5 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Тт оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.А, А.М, Б.Т нарын тус бүрийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.А, А.М, Б.Т нар бусдад төлөх хохирол, төлбөргүй, хохирогч О.Г, Н.Д, иргэний нэхэмжлэгч Д.И нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн хар иштэй, 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.А, А.М, Б.Т нарт авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                                ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                ШҮҮГЧ                                       Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

[1] Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоол

[2] Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол