Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 285

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 5 дугаар баг, Сайн-Устад оршин суух, Боржигон овогтой Оросын Балдангийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргаанд холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Балдан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Балдан миний бие нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар Монгол элсний тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажилд орсон бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд ажлаас буруу халсан гэж үзэж байгаа учир урьд эрхэлж байсан байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Балдан нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол элсний тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагчаар ажилд орсон. 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн байгаа учраас ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. О.Балдан нь төрийн үйлчилгээний албан хаагч, байгаль хамгаалагчид төрийн албаны шалгалт өгөх шалгуур байхгүй. О.Балдангийн оронд хүн оруулахдаа зүгээр малчин хийж байсан боловсролгүй хүн авч  ирээд томилсон байгаа. Тэгэхээр байгаль хамгаалагчид ямар ч шалгуур байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Лувсан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.Балдангийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Учир нь нэгдүгээрт: О.Балдан нь мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт шаардлага хангахгүй байгаль орчны чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаагүй төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн. Иймд энэ хүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугласан зохигчдын шаардлага, татгалзал, тэдгээрийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч О.Балдангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч О.Балдангийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоход Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч О.Балдан нь Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргаанд байгаль хамгаалагчаар ажиллаж байсан болох нь Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргааны 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/3 дугаартай “түр ажилд томилох”  тухай тушаал, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай “О.Балданг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч О.Балдан нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргасан байна.

О.Балданг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 05 сарын 15-ны өдрийн Б-1 тушаалын үндэслэлд болон хариуцагч шүүхэд ирүүлсэн татгалзал тайлбартаа: “Байгаль хамгаалагч О.Балдан нь мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилт шаардлагыг хангаагүй, байгаль орчны чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй байх тул...” гэжээ.

Дээрх тушаалын болон тайлбарын хууль зүйн үндэслэлийг тодруулан авч үзвэл байгаль хамгаалагч нь буюу О.Балдан нь төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-3-4 шатлалд ажилладаг болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан цалингийн сүлжээний баримтаар тогтоогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “төрийн албан тушаалыг ...төрийн үйлчилгээний”  гэж ангилж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн иргэнийг байгаль хамгаалагчаар ажиллуулна” гэж тус тус зааснаар тодорхойлогдон зохицуулагджээ.

Дээрх хуулийн шаардлагыг хангаж тухайн ажлын байранд ажиллаж байсан талаар нэхэмжлэгч талаас шүүхэд нотлоогүй байх тул байгаль хамгаалагчаар ажиллаж байсан О.Балданг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно. Тушаалын удирдлага хэсэгт хуулийн нэр, зарим зүйл заалтыг буруу бичсэн байгаа нь тушаалын хууль зүйн үндэслэлийг шүүх тогтооход саад болохооргүй техникийн шинжтэй алдаа гэж үзлээ.

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргаанд холбогдох байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Боржигон овогтой Оросын Балдангийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН