Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

    2022         3            09                                    2022/ШЦТ/182

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “Рич” бааранд техникчээр ажилладаг гэх, ам бүл 2; эхийн хамт хххх дүүргийн 0 дугаар хороо, ххх, 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ХХ00000000 дугаарын регистртэй,

С овогт Б-ийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Б 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Х.Х-гийн данс андуурч хийсэн 18.500.000 төгрөгийн гүйлгээнээс 16.500.000 төгрөгийг буцаан шилжүүлж, алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж 2.000.000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ер нь бол хохирогч Хулангийн яриад байгаа данс бол миний ээжтэй амьдарч байсан, хойт эцэг Д-ын нэр дээрх данс юм. Энэ дансаар хойт эцэг Д-ыг амьд байхад бид нарын гэр бүлээрээ эрхэлж байсан жижиг үйлдвэрлэлийн мөнгө орж гардаг байсан. Эхэндээ би ямар нэгэн юмны мөнгө орж ирж байна гэж бодсон. Би 2 сая төгрөгийг уг мөнгөнөөс авсан гэдэг үнэн. 500.000 төгрөг буцааж төлсөн байгаа, үлдэгдэл 1.5 сая төгрөгийг нь даруй төлөх болно. Өмнө нь төлнө гэж байсан боловч манай ээж осолд ороод мөнгө, төгрөгийн зардал их учир чадаагүй юм.

Прокурорын санал болгож байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг би зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр би найзуудтайгаа нийлээд орон нутгаар явж мод тарьдаг гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х-ын Х “... 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө би ххх дүүргийн 1 дүгээр хороо, 00 дүгээр байр 00 тоотод байж байхад нөхөр Д.Ц миний дугаар руу залгаад “чи миний данс руу 18.500.000 төгрөг шилжүүлээрэй” гэж хэлсэн. Их хэмжээний мөнгө мобайл банкаар шилжихгүй байсан учир гэрээсээ гараад Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Киоск машин дээр очоод нөхрийн данс ирэхийг хүлээсэн чинь данс ирэхгүй байсан. Тэгээд гар утасныхаа түгжээг тайлаад нөхрийн явуулж байсан зурвас хэсэг рүү орсон чинь нөхөр өмнө над руу 00000 дугаартай данс явуулж байсан байхаар нь тус дансыг Киоск машинд хийж үзсэн чинь Д гэсэн нэр гарч ирээд урд талд од гарч ирсэн байхаар нь би нөхрийн данс мөн байна гэж бодоод тус данс руу 18.500.000 төгрөг шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа нөхөр өөрийн дугаараас над руу залгаад мөнгө орж ирээгүй байна, чи шалгаадах гэсэн. Би гүйлгээний баримтаа харсан чинь хадам аав Нанзад овогтой Д-ын данс руу хийсэн гэдгээ мэдсэн. Тус дансыг эзэмшигч Н.Д нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нас барж түүний 000000 гэх дансыг 2021 оны 6 дугаар сарын 04-нд хаалгасан. Тус өдрөө түүний хамтран амьдарч байсан Энхжаргалд болсон хэргийн талаар яриад Н.Д-ын мобайл банктай утас байгаа эсэх талаар асуухад би хэрэглээгүй удаж байна гэж хэлээд утсыг надад өгсөн. Би тухайн гар утсыг асаагаад харсан чинь Н.Д-ын данс руу 18.500.000 төгрөг орсон байсан бөгөөд тус мөнгөнөөс 2.000.000 төгрөг дутсан байсан. Би 16.500.000 төгрөгөө буцааж өөрийн данс руу шилжүүлж аваад 2 сая төгрөг яасан талаар Энхжаргалаас асуутал мэдэхгүй байна гэж хэлсэн.

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э надад хандаж “чиний 2.000.000 төгрөгийг манай хүү Булгантамир ашигласан гэж хэлсэн” /хх-н 21-23/ гэж,

шүүгдэгч Б.Б яллагдагчаар “... 2021 оны 9 дүгээр сарын эхээр байх хойт эцэг Н.Д-ын 0000 дугаартай данс холбоотой байдаг 0000 дугаартай утсыг би барьж байсан чинь тухайн дансанд 18.500.000 төгрөг орсон талаар зурвас ирсэн байсан. ХААН банк андуурч хийсэн мөнгө байх гэж бодоод мөнгийг 3 хоног харж байгаад 4 дэх хоног дээр тус мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг Д.Б-гийн данс руу шилжүүлээд Б-гийн данснаас буцаагаад өөрийн 00000 гэсэн данс руу 2.000.000 төгрөг авсан” /хх-н 38-39/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох энэ хэргийг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаарт шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч С овогт Б-ийн Б-нийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 47/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 48/, гэрлэсний лавлагаа /хх-н 49/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Х.Х-тай шүүхээс утсаар холбогдоход 2021 оны 11 дүгээр сард 500.000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн байх тул шүүгдэгч Б.Б-эс 1.500.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг Эрүүгийн хуулийн Шударга ёсны зарчимд тусгаснаас гадна Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог тул шүүх шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. С овогт Б-ийн Б-нийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х.Хд олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Бд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ