Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

     2022         3           14                                    2022/ШЦТ/201

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч Д.С

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 тоот хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “ХХХХ” ХХК-д захирал ажилтай гэх, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт ххх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ХХ00000 дугаарын регистртэй,

Т овогт Д-гийн С

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.С 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ххх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотын гадна, лифтний үүдэнд хохирогч Д.О-ын гэдэс рүү нь нэг удаа өшиглөн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун зовхины цус хуралт, баруун хацрын төвгөрт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би өөрийн төрсөн дүүгээ нэг удаа алгадсаныхаа төлөө шүүхийн өмнө зогсож байна. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Харин О-ыг яах ёстой юм бэ гэдгийг асуумаар байна. Прокурор таны саяны уншсан тогтоолоос болж дүү бид хоёр маргалдсан. Намайг гэмтэл учруулсан гэсэн дүгнэлт гарсан юм байна. Би 4 хоногийн дараа очоод дүүдээ намайг уучлаарай гэж хэлсэн. Бусдаар бол би зөвшөөрч уучлахгүй. Тэгвэл О-т ямар хариуцлага тооцох ёстой юм бэ. Хохиролд гэж 162.500 төгрөг нэхэж байгааг нь одоо л мэдлээ. Энэ мөнгийг нь би төлье. Би компанийн захирал хүн учир хуулийг их судалж уншдаг. Намайг яагаад заавал 1 сая төгрөгөөр торгоно гээд байгаа юм бэ. Өөр ямар ял байна хуульд?

Цагаан сарын үеэр бид нар ах дүүсээрээ нутаг явж уулзсан. Тэгэхэд О надад юу ч хэлээгүй, зүгээр байсан. Бид хоёр энэ хэргийн талаар юм яриагүй гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч Т-ийн Г “... 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүргэн ах С намайг болон манай эхнэр О, дүү Л, О нарыг бүгдийг нь гэртээ урьсан. Орой 19 цагийн үед гэрт нь очиход С ах эхнэрийн хамт гэртээ мах чанах гээд байж байсан. Мах болох хооронд бүгдээрээ хөзөр /муушиг/ тоглосон. Орой 23 цагийн үед сүүлийн тоглолт болж байхад манай эхнэр О ах С-тэйгээ мөнгөнөөс болж муудалцсан. С ах манай эхнэрийг хараалын үгээр доромжлоод ална шүү, зайл гэж гэрээсээ хөөсөн. Тэгээд гэрээс нь гараад лифт хүлээгээд зогсож байх хооронд хүргэн ах гэрээсээ гүйж гарч ирснээ эхнэр О-ын гэдэс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд, гараа атгаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон” /хх-н 7/ гэж,

гэрч Д-ийн Л “... 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр том ах С намайг болон бага дүү О, Г бид нарыг гэртээ урьсан. Бид нар 18 цаг өнгөрч байхад том ах С-ийн гэрт очсон. Хоол болж байх хооронд хөзөр /муушиг/ тоглосон. Манай эмэгтэй дүү О хөзөр тоглоод 3 удаа хожсон. Тэгээд мөнгөө шилжүүлэх болсон чинь С ах дансаар шилжүүлнэ гэсэн. Өмнө нь бас О, С 2 хөзөр тоглоод ах хожигдоод мөнгөө өгөөгүй гэсэн. Тэрнээс болж хоорондоо маргалдсан. Тэгээд бид нарыг зайл, зайлцгаа гэхээр нь гэрээс нь гараад лифт хүлээж байх хооронд С ах гэрээсээ гарч ирээд О руу ойртож ирээд гэдэс хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд, нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон” /хх-н 13/ гэж,

хохирогч Д-гийн О “... 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай төрсөн ах С намайг болон нөхөр Г, ах Л, дүү О-ын хамт гэртээ урьсан. Бид нар С ахын гэрт 19 цагийн үед очсон. Хоол болох хооронд тавуулаа хөзөр тоглосон. 14 хоногийн өмнө ахтай хөзөр тоглоод 40.000 төгрөгийн авлагатай байсан юм. 40.000 төгрөгөө болон тухайн үед тоглоход хожсон 30.000 төгрөгийг авах байсан. Цаасан дээр бичсэн чинь ах чи үхлээ юу, 40.000 төгрөг дээр үхлээ, цаасан дээр бичдэг нь яаж байгаа юм, одоо манайхаас зайл, гар гээд гэрээсээ бид дөрвийг хөөж гаргасан. Тэгээд харих гээд лифт хүлээгээд зогсож байтал ах гэрээсээ гарч ирээд миний нүүр хэсэг рүү бөгжтэй гараараа нэг удаа цохиж, гэдэс рүү нэг удаа өшиглөсөн” /хх-н 17/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Д.О-ын биед баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун зовхины цус хуралт, баруун хацрын төвгөрт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэсэн 881 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 22-23/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Д.С-ийн гэм буруутайг нотолно.

Түүнчлэн шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад “... 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед төрсөн дүү О, хүргэн Ганцогт, төрсөн дүү Лхагва-Очир, Оюунбаатар нарыг гэртээ урьсан. Тэгээд бид нар хоол идчихээд тавуулаа хөзөр тоглосон. Бага дүү О сарын өмнө надтай хөзөр тоглож 40.000 төгрөг хожсон. Надаас өмнө хожсон байсан мөнгөө авъя гэхээр нь тоглож дуусаад тооцоогоо бүгдийг нь хийе гэж хэлсэн. Гэтэл О босоод намайг мөнгөө өгсөнгүй гэж уурласан. Хэрүүл маргаан хийхээр нь уурандаа зайлцгаа гэж бүгдийг нь гэрээсээ хөөсөн. О гэрээс гарахдаа намайг 20.000 төгрөг ч өгч чаддаггүй, чамайг би ахаа гэж боддоггүй, хөгийн амьтан гээд орилоод байхаар нь би гэрээс гараад О дээр очоод баруун гараараа Оын нүүр хэсэг рүү нэг удаа цохисон” /хх-н 32/ гэж мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Д.С-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 36/, цагдаагийн хайлтын системийн бүртгэл /хх-н 37-42/, оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл төрсөн ах дүүсийн хооронд хөзөр мөрийтэй тоглож, хожлын мөнгөнөөс болж муудалцан улмаар төрсөн ах нь болох шүүгдэгч Д.С хохирогч болох төрсөн дүү Д.О-ыгаа зодож түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл /хохирол/ учруулсан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй үйлдэл гэж хөнгөрүүлэн үзэх үндэслэл мөн боловч бусдын эрүүл мэндэд хохирол учруулж байгаа нь шүүгдэгчийн санаатай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл төрсөн ах дүүс гэдэг байдлаар бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдах, гэмтэл учруулах нь гэм буруутай этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Т овогт Д-ийн С-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Д.О-тай шүүхээс утсаар холбогдоход “... шүүх хуралдаанд оролцохгүй, баримтаар авагдсан хохирлоо гаргуулж авах хүсэлттэй байна” гэснээс гадна хавтаст хэрэгт хохирлын 162.500 төгрөгийн баримт авагдсан байх тул /хх-н 20/ энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг Эрүүгийн хуулийн Шударга ёсны зарчимд тусгасан, нөгөөтэйгүүр Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгч Д.С-д торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Д.С баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Т овогт Д-гийн С-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.С торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ээс 162.500 /нэг зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Д.О-т олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ