Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0022/Э |
Дугаар | 2022/ШЦТ/25 |
Огноо | 2022-01-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Батбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/25
2022 01 03 2022/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Г.Батбаяр,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21100 1905 1093 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................. ажилладаг, ам бүл-*, эх, дүү, хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Т С
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Яллагдагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хүрэл хөшөөний орчим хохирогч Л.Л /мөнгө нэхлээ гэх/ шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний биед “2 шүдний сулрал, завжны дотор салстын язарсан шарх, зүүн шууны зулгаралт” бүхий гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:
1.Шүүгдэгч *******-ээс: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
2.Хохирогч Г.Л мэдүүлэхдээ: Би өшиглүүлээд босоод харахад цагаан цамцтай залуу зогсож байсан. Цагаан цамцтай залууд “намайг яагаад зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд шууд цохиод унагаасан. Би өдөр нь архи уугаад орой нь ээжийнхээсээ гараад сандал дээр сууж байхад ийм асуудал болсон. Би хиймэл шүдтэй. Юм идэж чадахгүй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлээд тархиндаа харваж байсан талаараа хэлэхэд толгойн зураг авхуулах шаардлагатай гэхээр нь 130.000 төгрөгөөр толгойны зураг авхуулсан. ******* надад 200.000 төгрөг төлсөн. Намайг цохисон залуу шүүх хуралдааны танхимд байхгүй байна. Би тэр залуугаас шүдний мөнгөө нэхэмжилмээр байна.” гэв.
Хоёр. Эрүүгийн 21100 1905 1093 дугаартай хэргээс оролцогчдын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),
2. Хохирогч Г.Л мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн болон 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 22-23, 26 дахь тал),
3. Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
4. Гэрч Р.Д мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
5. Гэрч И.З мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 9007 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
7. Шинжээч эмч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),
8. Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),
9.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 79-83 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 56-61 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
I. Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэл хөшөө”- нэртэй газрын орчим хохирогч Г.Л-тэй мөнгө нэхлээ гэх шалтгаанаар маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь “2 шүдний сулрал, завжны дотор салстын язарсан шарх, зүүн шууны зулгаралт бүхий” гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),
-Хохирогч Г.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2-р хорооны Хүрэл хөшөөтэй автобусны буудал дээр ...тамхи татаад сууж байтал гэнэт үл таних 2 залуу намайг барьж аваад цагдаа байна, та нарыг цэвэрлэж өгнө гээд намайг заамдаад газар авч шидсэн, толгой дээр гишгэж, дараа нь намайг өшиглөөд зодсон. ...Д намайг тэднээс салгаж цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд нөгөө 2 залуугийн нэг нь алга болсон, нэгийг нь цагдаа барьж авсан байсан. ...Цагаан цамцтай 24-25 орчим насны залуу нь миний нүүрэн тус газар цохиж зодсон. Нөгөө хар эрээн хувцастай нь анх намайг багалзуурдсан. ...Миний зүүн шанааны дээд доод 2 шүд суларсан, үүнийг цагаан цамцтай залуу нь АМТ-ийн үүдэнд цохиж унагаахдаа учруулсан. Гарын шуунд учирсан гэмтэл нь бараан хувцастай залуу анх шалан дээр унагаахад зулгарсан байх. Би тухайн үед бага зэргийн халамцуу байсан. ...Би тухайн үед 130.000 төгрөгөөр толгойгоо компьютерт үзүүлснийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
-Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...Би тухайн өдөр ...Б гэж дууддаг С гэх залуутай хамт хотын төвд бааранд орж ...пиво уугаад, орой 22-23 цагийн орчим байрныхаа гадаа такситай ирсэн. Таксинаас буугаад би ТҮЦ-нээс тамхи авахаар явж, ...Б хойшоо байр луугаа түрүүлээд алхаж байсан, тэнд хүнтэй муудалцаад эхэлсэн. Би араас нь ...яаран очиход С нэг удаа тэр хүний цээж рүү нь түлхсэн. Би ч С цамцнаас нь татаад цааш аваад байрандаа орсон. Араас нөгөө цээж рүүгээ түлхүүлсэн 40-50 орчим насны бололтой согтуу ах дагаад хэрүүл гуйгаад яваад байхаар нь бараг зугтах шахам авч явсан. ...согтуу ах намайг заагаад намайг зодсон хүнтэй хамт явсан залуу энэ байна гээд хэлж бариулсан. ...Би хохирогч Л-г ...багалзуурдсан зүйл огт болоогүй. ...С-с сонсоход тэр согтуу ах нар 1000 төгрөг байна уу гэсэн юм шиг байна лээ. Тэгэхээр нь С та нарын архи уудаг газар энэ биш шүү гэснээс болж л маргалдсан юм байна гэж ойлгосон. ...Миний нүдэн дээр бол С тэр ахыг нэг удаа цээж рүү нь түлхэхийг л харсан. ...Би тэр хүмүүсийн хэнд ч гар хүрээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
-Гэрч Р.Д мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ...надтай хамт нэг дор өссөн, ...үе үе тааралдаж гэртээ хүргүүлдэг Л тааралдсан. ...түгжрэл багасахаар явна, чи цаагуураа байж бай гэж хэлчхээд сууж байсан. ...Л хөшөөний сандал дээр 2 залуу унагаачихсан байж байсан. Энэ үед өндөр нь буюу бараан хувцастай нь заамдаад авчихсан байсан. Нөгөөх намхан нь тухайн үед цагаан цамцтай байсан. ...цагаан цамцтай намхан нь Л нэг удаа шанаанд нь цохиод унагасан. Ч нэлээн согтуу байсан. ...тэр 2 залуу хүүхдээ салхилуулах гэхээр энэ заваан архичдаас болоод гаргаж чадахгүй юм, та нарыг цэвэрлэнэ гэсэн утгатай зүйлийг хэлээд Ч-г цохиж, хог түү энэ тэр гээд байсан. ...Цагдаа ирэхэд тухайн хоёр залуугийн өндөр нь буюу бараан хувцастай нь ганцаараа байсан. ...Миний харснаар Л шанаанд нь цохисон нь цагдаа ирэхэд байдаг нь биш нөгөөх нь байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
-Гэрч И.З мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ...үүрэг гүйцэтгэж байхад ...дуудлага ирж ...очиход Л гэх хүн согтуу, согтолтын зэрэг нь 1 бүхэл гарантай , үл таних хүнд зодуулчихлаа гэсэн. ...машиндаа суулгаад хөдлөх гэж байтал нэг залуу хажуугаар өнгөрөхөөр нь барьж аваад энэ хүнийг зодсон уу гэхэд манай найз нэг удаа цохисон, би салгаад аваад явсан гэж хэлсэн. ...зодуулсан гэх хүнтэй ...Э гэх залууг аваад хэлтэс дээр ирсэн. Хоёуланг нь эрүүлжүүлэх гэтэл Э гэх залуу би цохисон залуугийн гэрийг нь мэднэ, заагаад өгье гэсэн учир дагуулаад Хан-Уул дүүргийн 2-р хороо, ...... давхарт очиж найз С гэх залууг нь дагуулж буцаж ирсэн. С эрүүлжүүлэх гэтэл халуунтай, ковид тусаад 3 хонож байна гэсэн ...гэр лүү нь явуулсан. ...Хохирогч нь их согтуу байсан болохоор би та маргааш өглөө эрүүл болоод хүрээд ирээрэй, зодсон хүн чинь тодорхой боллоо гээд Д гэх хамт явсан найзад нь хүлээлгэж өгөөд явуулсан. ...С бага зэрэг согтуу байсан. ...С гэх залуу нь цайвар өнгийн срочкин цамцтай, цагаан пүүзтэй байсан. Нөгөө Э нь хар өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар улаан, цагаантай алаг өнгийн пүүзтэй байсан санагдаж байна. Хохирогч анх намайг очоод Э-г өөртэй хамт авчрахад энэ залуу намайг цохиогүй энэнтэй хамт байсан залуу намайг цохисон гэж хэлж байсан. Тэр нь болохоор С гэх залуу нь юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 9007 дугаартай “Г.Л-н биед 2 шүдний сулрал, завжны дотор салстын язарсан шарх, зүүн шууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
-Шинжээч эмч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “...Зүүн шууны зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт дангаараа хамаарахгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),
-Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг, би хохирогч Л-г зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад найз Э хамтаар ...таксинаас буугаад гэртээ орохоор хүрэл хөшөөтэй буудлын хажуугаар явтал настай байрын 2 согтуу ах 1000 төгрөг өгөөч гэсэн. ...байхгүй, зайл гэчхээд явах гэтэл араас нэг нь намайг түлхсэн. ...Тэгтэл нэг нь намайг цохих гээд далайсан. Би тэр үед нь хойшоо бултаад цээж рүү нь нэг удаа цохитол Э намайг явъя гээд татаад бид хоёр цааш явж гэр гэртээ орсон. ...Э тэр хүнд огт гар хүрээгүй. ...Би тэр өдөр шар өнгийн хантаазтай, дотуураа хар өнгийн футболк, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн кет өмссөн байсан. Э болохоор хар ногоон өнгийн малгайтай цамцтай, хар бараан өнгийн жинсэн өмдтэй, хар пүүзтэй явсан санагдаж байна. ...Л ...200.000 төгрөг өгчих гэхээр нь би түүний дансаар нь шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хохирогч Г.Л-с “намайг хоёр хүн зодсон” гэж мэдүүлэх ба түүний эрүүл мэндэд хоёр хүн бүлэглэж хөнгөн зэргийн буюу хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал дараах үндэслэлээр тогтоогдоогүй гэж шүүх үзэв. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд, энэхүү хуулийн заалтыг баримтлан явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх ажиллагааг явуулж, шалгаж тогтоосон үйл баримтаар хэргийн газар хохирогч Г.Л, шүүгдэгч ******* нар нь маргалдсан, тэдний хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч ******* нь хохирогч Г.Л-н биед халдсан, гэрч Ц.Э тэднийг салгасан, мөн хохирогч, шүүгдэгчийг маргалдах үед гэрч Р.Д тэдэн дээр ирсэн үйл баримт тогтоогджээ. Тодруулбал хэргийн газар хохирогчоос гадна шүүгдэгч *******, гэрч Ц.Э, Р.Днар байсан үйл баримт байна.
Хохирогч Г.Л-с “...хар эрээн хувцастай нь анх намайг багалзуурдсан...” (хх-ийн 22-23) гэж, гэрч Р.Д-с “...Энэ үед өндөр нь буюу бараан хувцастай нь заамдаад авчихсан байсан....” (хх-ийн 41-42) гэж тус тус мэдүүлсэн, эдгээр хүмүүсийг хувцсаар нь ялгах зорилгоор тодруулахад дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч буюу гэрч И.З-с “... ...С гэх залуу нь цайвар өнгийн срочкин цамцтай, цагаан пүүзтэй байсан. Э нь хар өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар улаан, цагаантай алаг өнгийн пүүзтэй байсан санагдаж байна. ...” гэж (хавтаст хэргийн 37-38 дахь тал) мэдүүлжээ.
Хэргийн оролцогчдын дээрх мэдүүлгүүдээс үндэслэн дүгнэхэд хохирогчийн мэдүүлэгт дурдсан цагаан цамцтай залуу гэдэг нь шүүгдэгч *******, хар эрээн хувцастай залуу гэдэг нь гэрч Ц.Э нар байсан байна.
Хохирогч Г.Л-с “...хар эрээн хувцастай нь багалзуурдсан” гэж мэдүүлсэн ба харин шинжээчийн 9007 тоот дүгнэлтээр “...хохирогч Г.Л-н биед 2 шүдний сулрал, завжны дотор салстын язарсан шарх, зүүн шууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон (хх-ийн 45-46), хохирогчийн хоолойд багалзуурдуулсан гэх гэмтлийн ул мөр илрээгүй, тогтоогдоогүй тул гэрч Ц.Э нь багалзуурдсан, хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мөн хохирогч Г.Л-с “Гарын шуунд учирсан гэмтэл нь бараан хувцастай залуу анх шалан дээр унагаахад зулгарсан байх” гэж мэдүүлэх бөгөөд шинжээч мэдүүлэхдээ “хохирогчийн биед учирсан зүүн зууны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт дангаараа хамаарахгүй (хх-ийн 51) гэж мэдүүлсэн зэргээр хохирогч Г.Л-т “хоёр хүн буюу шүүгдэгч *******, Ц.Э нар бүлэглэж хохирол учруулсан” гэх мэдүүлгийн эх сурвалж нотлогдоогүй.
Харин хохирогч Г.Л-с “...Миний зүүн шанааны дээд доод 2 шүд суларсан, үүнийг цагаан цамцтай залуу нь АТМ-ийн үүдэнд цохиж унагахдаа учруулсан. Цагаан цамтай залуу нь нүүрэнд цохисон” гэж, гэрч Р.Д-с“...цагаан цамцтай намхан нь Л-г нэг удаа шанаанд нь цохиод унагасан. Миний харснаар Л-н шанаанд нь цохисон нь цагдаа ирэхэд байдаг нь биш нөгөөх нь байсан ...” гэж, гэрч И.З-н “...зодуулсан гэх хүнтэй ...Э гэх залууг аваад хэлтэс дээр ирсэн. ...гэтэл Э гэх залуу би цохисон залуугийн гэрийг нь мэднэ, заагаад өгье гэсэн, ...найз С гэх залууг нь дагуулж буцаж ирсэн. ...Хохирогч анх Э өөртэй нь хамт авч ирэхэд энэ залуу намайг цохиогүй хамт байсан залуу нь цохисон гэж хэлж байсан. Тэр нь С гэх залуу нь юм. ...” гэх зэрэг мэдүүлгүүд, нөгөө талаас гэмт хэрэг гарсан үед цагдаагийн ажилтан ирэхэд шүүгдэгч ******* байгаагүй, гэрч Ц.Э байсан болох нь гэрч, хохирогч, яллагдагчийн бичгийн мэдүүлгээр нотлогдсон үйл баримтуудаар хохирогч Г.Л-н биед учирсан хөнгөн зэргийг гэмтлийг шүүгдэгч ******* нүүр хэсэгт нь цохиж учруулсан нь хангалттай тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг хангалттай хийсэн гэж дүгнэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
II. Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” шинжээр тодорхойлсон.
Хүний эрүүл мэндийн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн субъектив талын шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэхийг ойлгох ба, обьектив талын шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хоорондох шалтгаант холбоог ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан.
Иймд хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч Г.Л-тэй маргалдан улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой гэж үзэх үндэслэлтэй, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон.
Тиймээс прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тухайн үед хувийн таарамжгүй харилцаа, хэрүүл маргаан үүсэх нөхцөл болж, гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
III. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Л-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол бөгөөд, үүнээс үүссэн үр дагавар буюу эмчилгээ бусад зардал нь хор уршигт тооцогдоно.
Хохирогч Г.Л нь өөрт учирсан хохирлоос үүссэн хор уршгийн зардалд оношилгоо хийлгэсэн 132.000 төгрөгийн баримтыг /хх-ийн 97/ хэрэгт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид 200.000 төгрөгийг төлсөн, энэ талаарх баримт хэргийн 98 дугаар талд авагдсан байна. Иймд шүүгдэгчийг хохирогч Г.Л-т төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Г.Л нь “...Миний дээд доод 2 араа шүд сулраад унах гээд байна, үүнийгээ бүтэн болгуулмаар байна, эмчид үзүүлээгүй болохоор баримт байхгүй, хэчнээн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна. ...” гэж мэдүүлсэн (хх-ийн 26) байх тул гэмт хэргийн улмаас гарсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Шүүгдэгч *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага“-д даалгасугай.
5. Шүүгдэгч *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогч Г.Л-т төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Л нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардлыг болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН