Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 962

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.А-холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн дүгнэлтээр Ж.А-холбогдох эрүүгийн 17060079700012 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ж А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............................................. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эцэг, эх, дүү нарын хамт .............. дүүргийн .. дугаар хороо, Сэлбийн ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/;

 

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 /зургаан/ сарын баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар /таван жил нэг сар/ хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ жил хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сарын /дөрвөн жил нэг сар/ хорих ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын /таван жил нэг сар/ хорих ялаар нийт 6 удаа ял шийтгэгдэж байсан.

 

Ж.А-нь 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20-600 тоотод оршин суух, иргэн Д.Оюунпүрэвийн өвлийн сууцны цонхны хамгаалалтын төмрийг эвдэн дотогш нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэсэн дуран, цахилгаан дрилл, мужааны сүх зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 15 дугаар гудамжны 659/Б тоотод оршин суух Б.Б Монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.А-холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.А-2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.А-оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-цагдан хоригдсон нийт 82 /наян хоёр/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Анхбаатараас хохирлын 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Оюунпүрэвд олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Жамбалсүрэн тус шүүхэд бичсэн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтдээ: “...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнө 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, төвийн орон сууцны 1-3 тоотод оршин суух С.Р-ийн гэрт нь нэвтэрч “Тошиба” загварын зөөврийн компьютер, эмэгтэй хүний мөнгөн бүсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн 1812000360040 дугаартай хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Уг хэрэгт одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ж.А-ял оногдуулсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 17060079700012, 1812000360040 дугаартай хэргүүдийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэсэн үндэслэл шинээр илэрсэн байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив. ...” гэжээ.

 

Прокурор Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.А-нь 2004 оноос 2018 оны хооронд нийт 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Ж.А-нь 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20-600 тоотод оршин суух, иргэн Д.Оюунпүрэвийн гэрээс мөнгөн аяга 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэсэн дуран, цахилгаан дрилль, мужааны сүх зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 15 дугаар гудамжны 659/Б тоотод оршин суух Б.Б-ийн Монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурван/ жилийн хорих ял оногдуулсан.

Уг хэрэгт шалгагдаж байхдаа 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд .......................................................................................... тоотод оршин суух С.Р гэрт нэвтэрч, “Тошиба” загварын зөөврийн компьютер, эмэгтэй хүний мөнгөн бүсийг хулгайлж, 1,050,000 төгрөгийн хохирол учруулж, Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн 1812000360040 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн 1812000360040 дугаартай хэрэг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17060079700012 дугаартай хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтэд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Ж.А-нь 2017 оны 8 дугаар сарын 1, 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр  тус тус бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгтээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заалтад зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

 

Дээрх 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө Ж.А-үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, төвийн орон сууцны 1-3 тоотод оршин суух С.Рэгзэдмаагийн гэрт нэвтэрч, “Тошиба” загварын зөөврийн компьютер, эмэгтэй хүний мөнгөн бүсийг хулгайлж, 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Ж.А-яллагдагчаар татаж, 812000360040 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн болох нь 812000360040 дугаартай хэргийн материалаар нотлогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Ж.А-оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг журмыг хэрэглэх боломжгүй юм.

 

Тухайлбал, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор Ж.А-гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 04/А дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ялтан Ж.А-холбогдох 17060079700012 дугаартай эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар Архангай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                                Д.ОЧМАНДАХ