Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр        Дугаар 128/ШШ2019/0174              Улаанбаатар хот

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “П” ХХК

Хариуцагч: ТӨБЗГ

Хариуцагч: БСШУСЯ

Гуравдагч этгээд: “ГМ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “ ТӨБЗГын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургууль төсөл  арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны  ГМ  ХХК-ийг шалгаруулсан  дүгнэлтийг хүчингүй болгох,

ТӨБЗГ-ын 2018 оны 11 дүгээр сарын  12-ны өдрийн “ГМ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А-1/432 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,

ТӨБЗГаас БСШУСЯанд хүргүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А-2/4531 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах,

БСШУСЯны төрийн нарийн бичгийн дарга, ГМ ХХК-ийн захирал нарын хооронд 2018 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр байгуулсан Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 24 дүгээр сургуулийн 450 хүүхдийн суудалтай өргөтгөл барилга угсралтын ажил гүйцэтгэх БСШУСЯ/20181249 дугаартай гэрээг хүчингүй болгуулах,

ТӨБЗГ-ын даргын  2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн  А/231  дугаар  тушаалаар  байгуулагдсан  үнэлгээний  хороог дахин үнэлгээ хийхийг даалгуулах,

 “хамгийн бага үнийн санал өгч, тендер шалгаруулалтын  шаардлагыг хамгийн сайн хангасан  П ХХК-ийг  тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. Ц, түүний өмгөөлөгч Д.Т, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохцуулалтын  газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, БСШУСЯны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гуравдагч этгээд “ГМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “П” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТӨБЗГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар “ГМ” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт шийдвэрийг буруу гэж үзэж байна. “ГМ” ХХК нь сургуулийн барилга барьж байсан туршлага байхгүй. 2015-2017 онуудад ижил төстэй ажил гүйцэтгэж байгаагүй. Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 5.3.б-д заасан “...нэг удаагийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэлээр ажилласан туршлага нь нэрлэсэн ажлын доод үнийн 70%-ийг гүйцэтгэсэн байх” гэсэн байгаа. “ГМ” ХХК нь сургуулийн барилга нэг ч удаа барьж байгаагүй. ТӨБЗГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “ГМ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохдоо буруу шийдвэр, буруу үндэслэлээр олгогдсон. “ГМ” ХХК нь жилийн борлуулалтын нийт төсөвт өртгийнхөө 30 хувьд хүрэхгүй байна. Түншлэлийн гэрээ байгуулаад орсон “ГМ” ХХК, “Г” ХХК нь нэг захиралтай. Өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, хууль зөрчсөн. “ГМ” ХХК-г 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдсан. 2015 онд ажил үйлчилгээ хийгээгүй. 2016 онд 49 000 000, 2017 онд 1 283 000 000 төгрөгийн ажил хийсэн. “Г” ХХК нь 2013 онд байгуулагдсан ч борлуулалтын ажил төдийлөн сайн байгаагүй бөгөөд сургуулийн барилга барьж байгаагүй. “Г” ХХК 2 байгууллага дээр түншлэлийн гэрээ байгуулж орсон. “ГМ” ХХК нь хариуцан бариулагчийн тушаалгүй. Ийм тушаалгүйгээр барилга барьдаггүй. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх нарийвчилсан график байхгүй. Гэрээндээ графикаа хавсаргаж өгөх ёстой байсан ч өгөөгүй. График гээд барилга угсралтын ажил гээд ганц зураас л байна. Хаана хэзээ зоорийн давхар барих нь тодорхойгүй. Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 14.1.4 дэх хэсэгт заасан заалт бүрэн хангагдаагүй. Ажиллах хүчний график, ажиллах хүч болон талбайн зохион байгуулалтын зураг байхгүй. Холбооны техникч, галын техникч, мэргэжлийн ажилчид ч байхгүй. Надад 70 гаран ажилчид байна. “ГМ” ХХК нь ажил эхлэх зөвшөөрөл өгөөгүй байхад ажлаа хийж эхэлсэн. 11 дүгээр сарын 27-ны өдөр экскаватор авч очиж тавиад 28-30, 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд ажлаа эхэлсэн. Төсөвт суусан мөнгийг авах гэж зорьсон. Мөн улаан шугамны акт байгаагүй. Компанийн дотоодын давуу эрхийг тооцуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Халамж үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж, ажилгүй иргэдийг авч ажиллуулахаар болсон байхад үүнийг үл ойшоосон. Дотоодод үйлдвэрлэсэн бараа материал авна гэсээр байхад манайхыг ойшоож үзээгүй. Хамгийн бага үнийн саналтай байсаар байтал төсөв ирүүлээгүй гэсэн шалтгаанаар татгалзсан. Наад компаниа дар гэсэн яриа үүссэн байсныг албан тушаалтнаас сонссон. Энэ яриа үндэслэлтэй. “ГМ” ХХК, “Г” ХХК нь угаасаа манайх ялах нь дамжиггүй гээд газар шорооны ажлыг зөвшөөрөлгүй эхэлсэн. ТӨБЗГ-ын Үнэлгээний хорооны гаргасан шийдвэр буруу байсан гэдэг байр суурьтай байна. Манай компани ялах байсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь манайх илүү их туршлагатай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.М д гэдэг хүн гарыг үсэг зурсан тухай ярьж байна. Манай компани н.Сг, н.Цэ, н.А гэсэн 3 гишүүнтэй. Би 42%, н.А 38%, н. нь 20%-г эзэмшдэг. Өөрөөр хэлбэл бид 3 хэн нь ч энэ компанийг төлөөлөх бүрэн эрхтэй. Манай компани байгуулагдсанаас хойш 2 сургууль, 1 цэцэрлэг барьсан. Эм зүйн барилга болон сургалтын төвийн барилга барьж ашиглалтад өгсөн. “ГМ” ХХК нь барилгын хэмжин шалгах багажгүй бөгөөд ашиглаж болно гэсэн паспорт байхгүй. Нэг гэрчилгээ үзүүлсэн боловч 2018 оны 03 дугаар сард ашиглалтын хугацаа дууссан байсан. Тендерийн хуулийг зөрчиж, урьдаас тохиролцсон компанийг шалгаруулсан. Манай төсвийг ирүүлээгүй гэж дарсан ч Авилгатай тэмцэх газарт хандсаны дараа файл нээгдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрсөн. Төсөвт өртөгтөө зураг төслийн 70 500 000 төгрөгийг тусгаагүй гэсэн. Манай төсөв байгаагүй байсан бол 70 500 000 төгрөгийг тусгасан үгүйг мэдэх боломжгүй байсан. Эрх бүхий төсөвчнөөр хийлгэж баталгаажуулаагүй гэсэн. Миний төсөвчин гэж Монгол Улсын мэргэшсэн төсөвчин А.Э гэж хүн байгаа. Манайд 10 гаран жил ажиллаж байна. Тэр хүн өөрөө судалгаагаа хийж байгаад төсөв хийсэн. Үүнтэй маргах юу ч байхгүй. Сүүлийн шүүх хуралдаан дээр Д.Т үүнийг хүлээн зөвшөөрсөн.

Манайх шаардлагатай гэсэн бүх баримтыг явуулсан. 3 450 000 000 төгрөгөөр тендерийн бүх баримт бичгийн дагуу бүрэн хийж гүйцэтгэнэ гэсэн үнийн санал, батламжаа явуулсан. Миний ард 70 гаран ажилчид, тэдгээрийн гэр бүл байна. Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг зөвшөөрсөн мэдүүлэг явуулсан гэж бодож байна гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТӨБЗГ нь “П” ХХК-ийг гурван үндэслэлээр эхний шалгаруулалтаас хассан. Энэ нь үндэслэлгүй. Файл нээгдээгүй байхад төсөв ирээгүй, 70 500 000 төгрөгийг тусгаагүй зэргийг мэдэх боломжгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Авилгатай тэмцэх газарт хүсэлт өгсний дагуу ТӨБЗГ-ын мэргэжилтэн энэ файлыг нээсэн. Үнэхээр нээгдэхгүй байсан бол тэр чигтээ нээгдэхгүй л байх байсан. Файл нээгдсэн гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл ирүүлээгүй гэж байна. Цаанаасаа ийм утгатай загвар байна гэсэн маягт байхгүй. Манай компани батламж, үнийн санал гэдэг бичгээр зөвшөөрсөн гэдгээ илэрхийлсэн. Түншлэгч 2 компани орж байхад Тендерийн үнэлгээний хороо үүнийг нарийвчилж, авч үзээгүй. Түншлэлийн гэрээ дээр хэн нь хэдэн хувийн ямар ажил хийж гүйцэтгэх тухай тодорхой тусгаагүй. Барилгыг хэн хариуцаж ажиллах тухай хариуцан бариулагчийн тушаал байхгүй. Барилгын ажлын явцад ямар нэгэн алдаа гарвал, 3 жилийн баталгаат хугацааны асуудал үүсвэл аль компани нь хариуцах нь тодорхойгүй. Түншлэлийн 2 компанитай гэрээ байгуулах ёстой байсан. Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчсөн. Хариуцагчийн зүгээс тайлбар мэдүүлэг авч тодруулах бүрэн боломжтой байсан. Дээрх хуулийн заалтуудыг зөрчиж, “П” ХХК-ийг хассан. Нэхэмжлэгч хамгийн бага санал ирүүлж шалгарсан компаниас 500 000 000 төгрөгийн бага үнийн санал өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Гурав. Хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ТӨБЗГаас сургуулийн барилгын өргөтгөл 450 суудал, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургуулийн тендерийг зохион байгуулаад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүх оролцогч компаниуд руу мэдэгдэл хүргүүлсэн. “П” ХХК-иас “ТОӨЗ”-ийн 14.1.ж, 14.1.ж-1, 2, 6  дахь хэсэгт заасан мэдэгдлийг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Үүний дараа нэхэмжлэгч компанийн зүгээс Авилгатай тэмцэх газарт хандсаны дагуу Үнэлгээний хороо шалгагдсан. Авилгатай тэмцэх газраас 8 файл ирүүлсэн нь үнэн гэсэн боловч ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэхийг тогтоосон дүгнэлт гаргаж ирүүлээгүй. Өнгөрсөн шүүх хуралдаан дээр Д.Т энэ тухай тайлбар хийж, хүлээн зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг зөвшөөрч байгаа талаараа мэдэгдэл ирүүлээгүй байсан. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч компаниас татгалзсан. Тендерт оролцогчдод олгох давуу эрх олгох аргачлалын дагуу давуу эрх олгоогүй гэсэн тайлбар хэлж байна. Сангийн сайдын 2018 оны 58 дугаар тушаал дээр “... шаардлагад нийцсэн тендерт дотоодын давуу эрх тооцно” гэсэн байдаг. Шаардлагад нийцсэн тендер гэж Төрийн болон  орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Мэдэгдэл болон төсөв ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хасагдсан оролцогчийн тендерт давуу эрх тооцох үндэслэлгүй болсон. Үнэлгээний хорооны 7 гишүүн хуралдаад “ижил төстэй ажлыг доод тал нь 1 удаа гүйцэтгэсэн байвал...” гэж үзсэн. Сүүлийн 3 жилд хийсэн ажлын төсөв нь тендерийн төсөвт өртгийн 30%-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг 1 удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байх гэж заасан. Тендерийн төсөвт өртөг нь 4 364 500 000 төгрөг.  Төрийн болон  орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай ерөнхий нөхцөлийн магадлах хэсэгт техник болон туршлагыг үнэлэхдээ сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн тухай тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт гэсэн байгаа. Хуульд нийцүүлж тендерийн хороо сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн ижил төстэй ажлыг үнэлье гэж шалгуур үзүүлэлт оруулсан гэв.

Дөрөв. Хариуцагч БСШУСЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТӨБЗГаас гэрээ байгуулах мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А1/4320 албан бичгээр “ГМ” ХХК-д өгсөн. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А2/4531 гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичгийн дагуу БСШУСЯнаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг “ГМ” ХХК-тай байгуулсан. Бичгээр гаргасан болон өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.

Тав. “ГМ” ХХК-ийн захирал Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТӨБЗГаас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зарласан Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн цахим тендерт оролцсон. ТӨБЗГаас гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А1/4320 тоот албан бичгээр манай компанид ирүүлж, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ болон тендерийн маягтад гарын үсэг зурж баталгаажуулан, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХБХ/0293 дугаартай гүйцэтгэлийн баталгааг гаргуулан захиалагч байгууллагатай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр БСШУСЯ/180049 дугаартай гэрээ байгуулж, ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар барилгын ажил 7%-тай байна. Тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ТӨБЗГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургууль төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны ГМ ХХК-ийг шалгаруулсан  дүгнэлтийг, ТӨБЗГ-ын 2018 оны 11дүгээр сарын  12-ны өдрийн ГМ ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай А-1/4320 дугаар шийдвэрийг, ТӨБЗГаас БСШУСЯанд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А-2/4531 дүгээр зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулж, ТӨБЗГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/231 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороог дахин хуралдуулж, хамгийн бага үнийн санал өгч, тендер шалгаруулалтын  шаардлагыг хамгийн сайн хангасан  П ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгууулах эрх олгохыг хариуцагчид даалгуулах” гэж өөрчилж, “БСШУСЯны төрийн нарийн бичгийн дарга, ГМ ХХК-ийн захирал нарын хооронд 2018 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр байгуулсан Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 24 дүгээр сургуулийн 450 хүүхдийн суудалтай өргөтгөл барилга угсралтын ажил гүйцэтгэх БСШУСЯ/20181249 дугаартай гэрээг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

1. “ТӨБЗГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургууль төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны ГМ ХХК-ийг шалгаруулсан  дүгнэлт, ТӨБЗГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГМ ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай А-1/432 дугаар шийдвэр, ТӨБЗГаас БСШУСЯанд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А-2/4531 дүгээр зөвлөмж, БСШУСЯны төрийн нарийн бичгийн дарга, ГМ ХХК-ийн захирал нарын хооронд 2018 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр байгуулсан Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 24 дүгээр сургуулийн 450 хүүхдийн суудалтай өргөтгөл барилга угсралтын ажил гүйцэтгэх БСШУСЯ/20181249 дугаартай гэрээг ту тус хүчингүй болгуулж, ТӨБЗГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/231 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороог дахин үнэлгээ хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

            ТӨБЗГаас 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас тусгагдсан “Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургууль” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороог ТӨБЗГ-ын даргын 2018 оны 8 дугаар арын 16-ны өдрийн А/231 дүгээр тушаалаар байгуулж, Үнэлгээний хороо 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нээлттэй цахим тендер зарлаж,  нээхэд уг тендерт 14 компани оролцож үнэлгээ хийгджээ.

          Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ  оролцогч “П” ХХК-ийг тендер шалгаруулах өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 14.1/ж/-ийн 1, 2, 6-д заасан  “...төсөв ирүүлээгүй, зураг төсвийн үнэ болох 70.500,000 /далан сая таван зуун мянган/ төгрөгийг төсөвт тусгаагүй, тендерийн баримт бичгийн 5, 6 дугаар бүлэгт заасан гэрээний ерөнхий, тусгай нөхцөл, маягт зэргийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл ирүүлээгүй гэсэн үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзэж татгалзжээ.

         Үүнийг нэхэмжлэгч “П” ХХК эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18/409 дүгээр албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан боловч шийдвэрлүүлэлгүйгээр Авилгатай тэмцэх газарт  хандаж, тус газрын мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06/10685 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Үүний дараа нэхэмжлэгч дахин 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яаманд  гомдол гаргаж, Сангийн яам 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6-1/7658 дугаартай албан бичгээр гомдлын хариуг хүргүүлж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хэргийн оролцогч нар тендер шалгаруулах өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 14.1/ж/-ийн 1, 2, 6-д заасан  “...төсөв ирүүлээгүй, зураг төсвийн үнэ болох 70.500,000 /далан сая таван зуун мянган/ төгрөгийг төсөвт тусгаагүй, тендерийн     баримт бичгийн 5, 6 дугаар бүлэгт заасан гэрээний ерөнхий, тусгай нөхцөл, маягт зэргийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзэж “П” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсанд маргаж байгаа болно.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл “П” ХХК-ийн ирүүлсэн тендер “...зураг, ажлын тоо хэмжээтэй уялдуулан тооцсон төсөвтэй, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан.Төсвийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм дүрэм, зааврын дагуу бодож, зураг төсвийн үнэ 70.500,000 төгрөгийг төсөвт тооцож ирүүлсэн” болох нь Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын “...танай компани нь 8 файл илгээсэн болох нь тогтоогдсон...” гэсэн утга бүхий 06/10685 албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын “...П ХХК- нь 8 файл илгээсэн бөгөөд 1 файлын формат нь танигдахгүй  байсан нь төсөв байсан. Авилгатай тэмцэх газар очсоны дараа мэдээлэл технологийн инженерээрээ нээлгэхэд тухайн файл нээгдсэн...” гэсэн тайлбар, хариуцагчаас ирүүлж, шүүх хуралдаанд судлагдсан “CD” дээрх файл зэргээр нотлогдож байна.

            Хариуцагчийн  “...Сангийн сайдын 2013 оны 07дугаар тушаалаар батлагдсан  цахим тендер худалдан авах журмын  1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тендер оролцогчийн баримт бичиг нээгдэхгүй буюу уншигдахгүй тохиолдолд  үнэлгээнд харгалзан үзэхгүй” гэж заасан...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь дээрх “Цахим тендер шалгаруулалтын журам”-ын 4.2-д “...нууц үгтэйн улмаас нээгдэхгүй буюу уншигдахгүй тохиолдолд үнэлгээнд авч үзэхгүй”, 8.3-д “... тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах...” гэж зааснаас үзэхэд “П” ХХК-ийн цахим тендер ирүүлсэн файлуудаас нэг файл тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас болж нээгдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Харин “тендерийн баримт бичгийн 5, 6 дугаар бүлэгт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай  нөхцөл, маягт зэргийг зөвшөөрч байгаа талаар мэдэгдэл ирүүлээгүй” гэсэн үндэслэлийн тухайд: Энэ нь тендерт оролцогчийн тендерт ирүүлэх нэмэлт материал байх бөгөөд цахим тендерийн материалд тусгайлсан маягт байхгүй, нэхэмжлэгч “...тендерийн комиссын дарга танаа” гэж албан бичгийн 3 дахь заалтаар “... гэрээ түүний  тусгай  нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаагаа баталсан”, хариуцагч тал “...нэхэмжлэгч талаас гаргасан баталгааг  гэрээний ерөнхий болон тусгай  нөхцөл маягт зэргийг зөвшөөрч байгаа талаар мэдэгдэл ирүүлсэнд тооцож, үнэлгээнд харгалзан үзэхгүй” гэж маргаж байгаа болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Үнэлгээний хороо тендерийг хянахдаа энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан оролцогчийн чадавх, техникийн тодорхойлолт зэрэг зайлшгүй шаардлагатай шалгууруудыг голчлон үзэх ба тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хянаж үзэхдээ тендерт оролцогчоос ирүүлсэн санал нь нийлүүлэх барааны ... хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө байгаа эсэх, захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэхийг удирдлага болгох ба энэ нь шаардлагад нийцсэн бусад оролцогчдод тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх үгүйг тодорхойлох, хянах үүргийг Үнэлгээний хороо хүлээдэг бөгөөд энэ хуулийн 27.3-т заасан нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байхад 27.4-д заасны дагуу захиалагч нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзах хууль зүйн үр дагавар үүсээгүй байна.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах “өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмын дагуу захиалагчаас шударга өрсөлдөөнийг бий болгож, сонирхогч этгээдүүдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах, бага үнийн саналыг дэмжих, тендер сонгон шалгаруулалтыг хуулийн хугацаанд чанартай зохион байгуулж, хэмнэлттэй, үр ашигтай худалдан авалтыг хийх явдал юм.

Хуульд заасан нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны  байгууллагаас зохион байгуулахдаа аль болох дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хуульд тодорхой заасан өгөгдөл, баримт бичгүүдийг дахин давтан бүрдүүлэх ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Сангийн сайд 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ыг 07 дугаар тушаалаараа баталсан нь цахим хуудсыг ашиглан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдох харилцааг зохицуулахаар заасан.

Энэ нь тус журмын 8 дугаар зүйлийн 8.3-д “Тендерт оролцогч цахим тендерийн шаардлагад нийцүүлэн тендерийн баримт бичгийг бэлтгэн ирүүлнэ...”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “захиалагч байгууллага нь цахим тендер шалгаруулалтыг энэхүү журамд заасны дагуу зохион байгуулна” гэж захиалагч болон тендерт оролцогчийн үүргийг тодорхойлсноос үзэхэд нэгэнт захиалагч цахим тендер сонгон шалгаруулалтыг нийтэд зарласнаар тендерт оролцогчоос ирүүлсэн баримт бичгийг хянан үзэхээс гадна цахим системд оруулсан мэдээллийг хянан үзэх эрх нь нээлттэй байжээ.

Иймд ТӨБЗГ Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургуулийн барилгын өргөтгөл 450 суудал төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны  дүгнэлт тайланд гуравдагч этгээд “ГМ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, ТӨБЗГ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А-1/4320 дугаартай албан бичгийг “ГМ” ХХК-д, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” А-2/4531 дугаартай албан бичгийг БСШУСЯанд хүргүүлж,  БСШУСЯны төрийн нарийн бичгийн дарга, “ГМ” ХХК-ийн захирал Г.Б нар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 24 дүгээр сургуулийн 450 хүүхдийн суудалтай өргөтгөл барилга угсралтын ажил гүйцэтгэх” БСШУСЯ/201801249 дугаартай гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх” бөгөөд 27.3-д тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн 28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх” үе шат эхлэхээр байна. Харин “П” ХХК-ийн хувьд  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар тендер хянан үзэх үе шатнаас хасагдсан байх бөгөөд энэ талаар маргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй болох нь дээрх нөхцөл байдлаар тогтоогдож байх тул түүний хувьд “тендерээ үнэлүүлэх” дараагийн үе шатанд оролцох эрх хамгаалагдах үндэслэл болно гэж үзлээ. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд хаяглагдсан актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдана.

Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт "Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж заажээ. Иймд  үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг захиргааны акт гэж дүгнэлээ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар захиалагч үнэлгээний хороо байгуулах эрхтэй гэж зааснаар ТӨБЗГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/231 дүгээр тушаалаар  XIII.1.1.59 “Сургуулийн барилгын өргөтгөл, 450 суудал /Улаанбаатар Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургууль/” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулдаг, нөгөөтэйгөөр нэхэмжлэгч  үнэлгээний хороог хариуцагчаар заагаагүй энэ талаар хэргийн оролцогчид саналгүй гэсэн тул шүүхээс үнэлгээний хороог хамтран хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзлээ.

2. “Хамгийн бага үнийн санал өгч, тендер шалгаруулалтын  шаардлагыг хамгийн сайн хангасан  П ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд “тендер”, “тендер шалгаруулалт”, “тендерийн баримт бичиг”-ийг тусгайлан заасан, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт “...захиалагч шаардлага хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгож”, “...гэрээ байгуулах”-аар зохицуулсан байх тул шүүхэд захиалагчид хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж, нэхэмжлэгчийн  ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох эрх хуулиар олгогдоогүй болно.

Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар “П” ХХК “хамгийн бага үнийн санал” өгсөн болох нь тогтоогдсон боловч хариуцагч нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд зааснаар тендерийн материалыг хүлээн авч татгалзах, шалгаруулах, гэрээ байгуулах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч “П” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

1. “ТӨБЗГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургууль төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны ГМ ХХК-ийг шалгаруулсан  дүгнэлт”-ийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож,

2. “ТӨБЗГ-ын 2018 оны 11дүгээр сарын  12-ны өдрийн ГМ ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай А-1/432 дугаар шийдвэр”-ийг  хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож,

3. “ТӨБЗГаас БСШУСЯанд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А-2/4531 дүгээр зөвлөмж”-ийг хууль бус болохыг тогтоон,  хүчингүй болгож,

4. “БСШУСЯны төрийн нарийн бичгийн дарга, ГМ ХХК-ийн захирал нарын хооронд 2018 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр байгуулсан Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 24 дүгээр сургуулийн 450 хүүхдийн суудалтай өргөтгөл барилга угсралтын ажил гүйцэтгэх БСШУСЯ/20181249 дугаартай гэрээ”-г хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож,

5. Нэхэмжлэгч “П” ХХК-ийн ирүүлсэн тендерийг  хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж,

6. “Хамгийн бага үнийн санал өгч, тендер шалгаруулалтын  шаардлагыг хамгийн сайн хангасан  П ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 27дугаар зүйлд заасныг баримтлан, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТӨБЗГ, БСШУСЯанд холбогдуулан гаргаснаар ТӨБЗГ-ын Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “ГМ” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт, ТӨБЗГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “ГМ” ХХК-тай гэрээ байгуулах тухай 1/4320 дугаар албан бичиг, ТӨБЗГ-ын  газраас БСШУСЯанд хүргүүлсэн  2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” А-2/4531 дүгээр албан бичиг зэргийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг баримтлан “хамгийн бага үнийн санал өгч, тендер шалгаруулалтын шаардлагын хамгийн сайн хангасан П ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ