Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

     2022        01         14                                      2022/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х,

улсын яллагч А.Оюунгэрэл /онлайн/,  

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21030 0398 0033 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “_” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн _ дугаар хороо _ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

 

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Яллагдагч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 23 цаг 00 минутын орчим, Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт “_” худалдааны төвийн урд замд “Wrangler Jeep” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөнөөс “Toyota aqua” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Б.Х-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-с: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 21030 0398 0033 дугаартай хэргээс оролцогчдын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийх албан бичиг, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-11 дэх тал),

 

3.Хохирогч Б.Х-н 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),  

 

4. Гэрч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

5. Гэрч Б.Т-н 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

 

6. Иргэний нэхэмжлэгч Р.А-ны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал ),

 

7. Иргэний хариуцагч Д.Ө-н 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал),

 

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11366 дугаартай дүгнэлтэд (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

9. Иргэний нэхэмжлэгч Р.А-ны _ улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг гаргасан “Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 27952 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

10. Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 344 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

 

11. Шүүгдэгч *******-н 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал),

 

12. Яллагдагч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын, тогтоол ялын санал (хавтаст хэргийн 87, 92, 94-95, 101 дэх тал),

 

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 51-57 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч ******* нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 23 цаг 00 минутын орчим Хан-Уул дүүргийн _ дугаар хороо “_” худалдааны төвийн урд замд “Wrangler Jeep” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөнөөс “Toyota aqua” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Б.Х-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

I. Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой 23 цаг 00 минутын орчим Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” худалдааны төвийн урд замд “Wrangler Jeep” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Б.А-н жолоодон явсан “Toyota aqua” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тус машинд зорчин явсан зорчигч Б.Х-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

 

-2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

-2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-11 дэх тал), 

 

-Хохирогч Б.Х-н 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой ...А Т.Акуа маркийн _ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн хажуу талын урд талын суудалд суугаад Хан-Уулын _  дэлгүүрийн уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргээд зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байтал араас гэнэт нэг машин ирээд хүчтэй мөргөсөн. Миний сууж явсан машины зүүн тал нь замаас гараад замын голын боржур даваад буцаж буугаад зогссон. Араас мөргөсөн машины жолооч манай машины урд талд машинаа зогсоогоод бууж ирээд бид хоёртой уулзъя гэсэн. А ах намайг “чи байж бай, би зохицуулчихъя” гээд намайг машинд үлдээгээд өөрөө буугаад явсан. ...Мөргөсөн машины хүмүүс ирээд бие чинь зүгээр үү, цагдаа битгий дуудаарай, тохиролцчихъё гэсэн. Тухайн хүмүүсээс архи үнэртэж байсан, цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад байсан. Би А ахад хандаж цагдаа дуудаж болохгүй юм уу эмнэлэг явмаар байна, миний нуруу толгой өвдөөд байна гэтэл ...ах нь чамайг маргааш хангалттай эмнэлгээр дагуулж явуулна, санаа зоволтгүй зүгээр сууж бай ах нь өөрөө учрыг нь олчихъё гэж хэлээд намайг машинд суулгасан. ...А ах гэх хүн ирээд машиныг тойрч үзээд намайг А ахтай нийлээд гэртээ эртхэн хариад байж, бай ах нь энүүгээр зохицуулчхаад маргааш эмнэлгээр явуулаад өгье гэсэн.  ...би өвдөөд гэр лүүгээ явсан. Маргааш нь би жолооч А ах руу залгаад утсаа авахгүй байж байгаад утас нь унтарчихсан. ...би хүлээгээд болохгүй болохоор нь дахиж залгатал надад “байж бай” гээд байхаар нь би уурлаад нөгөө мөргөсөн машины жолооч зорчигч нарын дугаарыг нь өг гээд дугаарыг нь авсан. Wrangler Jeep маркийн дугаартай машины жолоочтой утсаар яриад “Акуа дотор зорчиж явсан зорчигч байна, миний бие өвдөөд байна, эмнэлэг явмаар байна гэсэн. ...Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү явж эмнэлэгт үзүүлээд ...Мед Травма эмнэлэгт очиж томограффийн зураг авхуулсан. ...томограффын зургийн тайлбарыг сонстол ахар сүүл цууралттай тэр хавийн зөөлөн эд гэмтэлтэй толгой хавантай байна гэсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Миний биед ослын улмаас ахар сүүлний яснуудад хугаралтай, тархи хавантай, зөөлөн эдийн гэмтэлтэй гэж эмч хэлсэн. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл 30 орчим км цагийн хурдтай явж байсан. ...Өөрийн эрүүл мэндэд болон сэтгэл санаанд учирсан хохирлыг төлүүлмээр байна. Би Нийгэм эдийн засгийн судалгааны байгууллагат ажилд ороод удаагүй байсан. Одоо ажилдаа явж чадахгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалингаа авч бас эмнэлэгт хэвтмээр байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), 

 

-Иргэний нэхэмжлэгч Р.А 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22:00 цагийн орчимд ...өөрийн эзэмшлийн Тоёота Акуа маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ...Саруул хотхонд очиж Хулантай уулзаад ...Хуланг хамт явах уу гээд асуутал тэгье гэхээр нь юм ярингаа явсан юм. ...Хан-Уулын _ уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргээд зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр 20 орчим км цагийн хурдтай явж байтал машины араас нэг машин гэнэт мөргөчихсөн. ...миний машин боржур даваад зорчих хэсгийн голын мод мөргөх гээд байхаар нь би машиныхаа рулийг баруун тал руугаа дараад боржураас буулгаж, машинаа зогсоосон. Мөргөсөн машины жолооч 2 согтуу найзтайгаа бууж ирээд...ахаа цагдаа битгий дуудаарай, гомдол саналгүй болгоод өгье гээд гуйж, би тухайн үед зөвшөөрсөн. ...ахыгаа дуудаад Х-г гэрт нь хүргүүлж өгсөн. ...тухайн залуучуудтай тохиролцоод ачилтын машин дуудаж машинаа ачуулаад зурагтын хуучин эцэст байрлах засварын газар аваачиж үүдэнд нь байрлуулаад ...ярилцаад тухайн үедээ 1 сая төгрөг дансаар аваад салсан. ...машиныг мөргөсөн залуучууд засварчидтай уулзаад үнэ мөнгөө ярилцаад надад 1.500.000 төгрөгийг нэмж өгсөн. ...Тэгтэл цагдаагийн байгууллагаас дуудсан. Ослын улмаас миний эрүүл мэндэд гэмтэл бэртэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн осол болох үед Хулан нуруу өвдөөд байна, ...нурууны хагалгаанд орж байсан шүү гэж байсан. ...Тоёота Акуа маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. ...үнэлгээ хийлгэхэд 2.950.000 төгрөг болсон. Тиймээс үлдсэн мөнгө болох 630.000 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны 5 өдрийн цалин 500.000 төгрөг, нийт 1.130.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

-Гэрч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...найз Б Wrangler Jeep маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би урд талын суудалд суугаад, арын суудалд Т, Б нар суугаад бид дөрөв “Маршалын гүүр” даваад Хан-Уул дүүргийн _ уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргээд баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал 1 дүгээр эгнээнд машин зогсчихсон байхаар нь эгнээгээ солиод зорчих хэсгийн 2 дугаар эгнээ рүү шилжтэл миний сууж явсан машины урд талд шар өнгийн Тоёота Акуа маркийн машин явж таарсан. Тухайн машины араас Б мөргөчихсөн. Б машинаа урд талд нь зогсоогоод Б, Б бид гурав машинаас буусан. Мөргүүлсэн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзаж ярилцаад 2.500.000 төгрөг өгөхөөр болсон. Акуаг зурагтад байрлах засварын газар  луу аваачиж, бэлэн 1.000.000 төгрөгийг Б дансаар шилжүүлсэн. Маргааш өглөө нь үлдсэн 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Акуа маркийн машины урд талд сууж явж байсан зорчигч эмэгтэйг жолооч нь эмнэлэгт үзүүлье эвгүй болчихсон юм шиг байна гэж хэлсэн. ... гэмтсэн гэх эмэгтэйг ...манай найз Ж аваад ГССҮТ-рүү очиж, ...үзүүлээд томограффийн зураг 270.000 төгрөгөөр авхуулсан. Б эмчийн бичиж өгсөн эм тариаг авч өгсөн. ...Осол болох үед цаг агаар тогтуун замын ачаалал байхгүй сийрэг, харагдах орчин чөлөөтэй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  25 дахь тал),

 

-Гэрч Б.Т-н 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз Төрсүлд, Б нарын хамт ...Б-н Вранглер маркийн машинтай ...Хан-Уул дүүргийн _ урд талын замаар зүүнээсээ баруун тийшээ явж байгаад урдаа явж байсан Акуа маркийн машиныг мөргөөд зогссон. Би тухайн үед арын суудал дээр сууж явсан юм. ...жолооч Б, Т нар хүмүүстэй уулзсан. ...Б жолоочтой нь тохиролцохоор боллоо гэж хэлээд машиндаа орж ирээд бид нар хөдлөөд явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

 

-Иргэний хариуцагч Д.Ө-н 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Wrangler Jeep маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 08 дугаар сард худалдан аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Уг машиныг миний төрсөн хүү Б бид хоёр ээлжлээд унадаг. ...Ослын улмаас миний машинд ямар нэгэн эвдрэл гараагүй. Хүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй. Ослын улмаас бусдад учирсан хохирлыг би хүүтэйгээ нийлээд төлсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал),

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11366 дугаартай “...Б.Х-н биед ахар сүүлний 3, 4-р нугалмын их биеийн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч Р.А _ улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг гаргасан “Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 27952 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 344 дугаартай “....Wrangler Jeep маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. “Toyota Aqua” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Р.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна. ...” гэсэн  дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

-Шүүгдэгч ******* 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...аавын эзэмшлийн Wrangler Jeep маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад ...21 цаг өнгөрч байхад би машиндаа Төрсүлд, Түмэннасан нарыг суулгаад ...Хан-Уул дүүргийн нутаг, _ урд талын замаар зүүнээсээ баруун чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр явж байтал миний урд явж байсан нэг жижиг тэрэг гэнэт баруун гар тийш эргээд зогсоол руу орсон. Би тухайн үед хурдаа сааруулаад зүүн гар тийш дараад уг замын хоёрдугаар эгнээгээр явж байсан шар өнгийн Тоёота Акуа маркийн машины араас нь мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад миний өөрийн буруу учир Тоёота Акуа маркийн _ улсын дугаартай машины жолооч А уулзаад ...хохирлыг барагдуулна гэж хэлээд хоорондоо тохиролцсон, ...цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Машин дотор сууж явсан нэг эмэгтэй бууж ирээд ...маргааш би зургаа авхуулна гэж хэлээд явсан. ...А хамт засварын газарт очоод машиныг нь засварт оруулсан. Маргааш нь үлдсэн мөнгийг нь Ариунбуянд өгөөд гомдолгүй болгосон. Гэтэл 2  хоногийн дараа би Х авч яваад зургийг нь авхуултал ахар сүүл нь хугарсан байна гэсэн.Хулан эмнэлэгт хэвтэнэ гэж хэлээд маргааш нь цагдаад өргөдөл өгсөн. А нийт 3.600.000 төгрөгийг өгсөн. Х нийт 2.200.000 төгрөгийг өгсөн. Осол гаргах үед 30-40 орчим км цагийн хурдтай явж байсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулснаар хурдан шийдэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

II. Хууль хүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүн нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэж тодорхойлсон.

Дээрх гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ба, обьектив тал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүн нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх, гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.

Шүүгдэгч ******* нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаагаар, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Х-д хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон бөгөөд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч чадалгүй зам тээврийн осол хэрэг гаргасан байх бөгөөд энэхүү байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг тодорхойлж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг хуульчилсан ба, тус зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй,  хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн шүүгдэгчийн үйлдэл, улмаар иргэн Б.А жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж, уг машинд зорчин явсан Б.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь Wrangler Jeep” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж зам тээврийн осол хэрэг үйлдэх үедээ согтуу байсан талаар хэргийн оролцогчдоос мэдүүлэх боловч тухайн хэрэг үйл явдал болсны дараа шүүгдэгч *******, Р.А нар нь хоорондоо ярилцаж, мөн хохирогч Б.Х-г эмнэлэгт үзүүлж, холбогдох арга хэмжээг авахаар тохиролцож гэмт хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй үйл баримт тогтоогдсон, энэ талаар хэн аль нь маргаагүй байна. Тиймээс хэрэг үйл явдал гарсан тухайн агшинд шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тусгай багаж болон цусаар тогтоох ажиллагаа хийгдээгүй тул, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж дүгнэж, хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

III. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.”гэж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч *******-н жолоодон явсан Wrangler Jeep” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн Д.Ө болох нь бичиг баримтаар тогтоогдсон тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан байна. Иргэний хариуцагч Д.Ө нь “өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийг хүү *******-д шилжүүлсэн талаар, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хор уршгийн зардал, нэхэмжлэлийг төлөхөө, төлсөн талаар илэрхийлж” мэдүүлжээ. Иймд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн зардлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч Д.Ө нар нь хариуцах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Үүнээс:  

1. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х өөрт учирсан хор уршгийн зардлыг нэхэмжилсэн ба, хэргийн 86 дугаар талд “эмчилгээний болон бусад зардал болох 1.725.000 төгрөгийг авбал гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх бөгөөд хэргийн 88 дугаар талд шүүгдэгч *******-с “хохирогч Б.Х-д 1.725.000 төгрөгийг” шилжүүлсэн банкны хуулга авагдсан байна.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” заасан.

Шүүгдэгч ******* нь Wrangler Jeep” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчиж “Toyota aqua” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж эвдрэл хохирол учруулсан буюу эд хөрөнгийн хохирол  учруулсан байна.

Иргэний нэхэмжлэгч Р.А _ улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг гаргасан “Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 27952 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 42 дахь тал)-р тогтоосон,

-мөн нэхэмжлэгч нь”... Тоёота Акуа маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхэд 2.950.000 төгрөг болсон, үүнээс төлөгдөөгүй 630.000 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны 5 өдрийн цалин 500.000 төгрөг, нийт 1.130.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж гэж мэдүүлсэн (хх-ийн 21 дэх тал) байх бөгөөд  хэргийн 81 дүгээр талд иргэний нэхэмжлэгч Р.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар хүсэлтийг гаргаж өгсөн байна.

Иймд шүүгдэгч *******, иргэний хариуцагч Д.Ө нар нь  хохирогч Б.Х, иргэний нэхэмжлэгч Р.А нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3/ Шүүгдэгч *******-н жолоодон явсан Wrangler Jeep” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний нэхэмжлэгчээр мөн тогтоогдсон Д.Ө нь автомашины эвдрэл хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байгааг дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, зөвшөөрч байгааг илэрхийлсэн болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч *******-н хувийн байдлыг судалсан баримтуудад эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.  

 

Иймд шүүгдэгч *******-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хууль заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 

   3. Бусад асуудлаар: Хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч *******, иргэний хариуцагч Д.Ө нар нь энэ тогтоолоор хохирогч Б.Х, иргэний нэхэмжлэгч Р.А нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Д.Ө нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                       

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ДОРЖСҮРЭН